“Квантын Физик ба Мадхьямака (хоосон чанар) Гүн Ухаан” сэдэвт бага хурал. II дахь өдөр

25-11-2015, 18:44  |  Хэвлэх

2015 оны 11 дүгээр сарын 13

Энэтхэг, Дели, Жавахарлал Неругийн нэрэмжит их сургууль. 2015.11.13 – Квантын физик ба Мадхьямака гүн ухааны сэдэвт бага хурлын хоёр дахь өдрийн хуралдаанд оролцохоор Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өнөө өглөө Жавахарлал Неругийн нэрэмжит их сургуульд морилон ирэхэд 2 шинэ номыг хурсан олонд танилцуулахыг түүнээс хүслээ. Нэг дэх нь өнгөрсөн жил таалал төгссөн, Гадаад хэргийн сайд асан А.П Венкатесвараны хэлсэн үг болон түүний тухай дурсамжаас бүтсэн ном байв. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

“Квантын Физик ба Мадхьямака (хоосон чанар) Гүн Ухаан” сэдэвт бага хурал. II дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам А.П Венкатесвараны тухай номыг
танилцуулж байгаа нь. Энэтхэг, Дели, Жавахарлал Неругийн
нэрэмжит их сургууль, 2015.11.13. Фотог Тэнзин Чоежор/ДЛО
“Хэдийгээр түүний нэрийг хэлэхэд хүндрэлтэй байдаг байсан ч, Венкатесваран сайн анд нөхөр маань байсан. Түүнтэй би илэн далангүй байж чаддаг, тэр ямагт урам зориг өгсөн үгээр намайг мялаадаг байсан. Тэрээр гайхалтай хурц ухаантай нэгэн байсан юм. Сүүлийн жилүүдэд би түүний амьдарч байсан Бангалор хотод очих бүртээ түүнтэй уулзахыг хичээдэг байлаа. Ерөнхийлөгч асан АПЖ Абдул Каламын тухай миний хэлж байсанчлан, эдгээр гайхамшигтай хүмүүс одоо эсэн мэнд бус ч, тэдний үйл хэрэг, үзэл санааг мөнхжүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийх ёстой. Энэхүү номноос уншигчид түүний тухай, түүний амьдралдаа олсон ололт амжилтын талаар мэднэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Номыг танилцуулсанд хатагтай Венкатесваран болон түүний охид талархалтай буйгаа илэрхийллээ. Дээрхийн Гэгээнтэнтэй анх уулзаж байснаа түүний талийгаач нөхөр хэрхэн ярьж байсан тухай хатагтай дурсан ярив. Тэд анхнаасаа бие биеэ ойлголцсон бөгөөд Дээрхийн Гэгээнтэн гэнэт

“Би таньтай урьд нь уулзаж байсан” хэмээн хэлэхэд гайхан цочирдсон хэмээн нөхөр нь ярьдаг байжээ.

Дээрхийн Гэгээнтнээс танилцуулахыг хүссэн хоёр дахь ном нь Жавахарлал Неругийн их сургуулийн докторууд, Төвөд судлаачдын судалгааны түүвэр ‘Дэлхийн дээвэр дээрх өөрчлөлт – Төвөдийн тухай эргэцүүлэл’ хэмээх ном байв. Төвөдүүдийн зовлон зүдгүүрийн талаар, өнөөдөр ч энэ зовлон нимгэрээгүй байгаа талаар дэлхий дахин энэ номноос илүү их мэдэх болно хэмээн Гадаад хэргийн сайд асан Лалит Мансингх уг номын удиртгалд бичсэн байна. Хятадын засаг захиргаа Төвөдөд хүний эрхийг зөрчиж байгааг энэ номд тод өгүүлнэ. Энэтхэг улс Төвөдийн үйл хэргийг илүү идэвхтэй дэмжих ёстойг тэрээр илэрхийлээд, асуудлын хангалттай зөв шийдлийг олох хүртэл шинэ үеийнхэн тэмцлийн тугаа өргөсөөр байх болно гэдгийг энэ номд өгүүлсэн хэмээн бичжээ.

“Квантын Физик ба Мадхьямака (хоосон чанар) Гүн Ухаан” сэдэвт бага хурал. II дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ‘Дэлхийн дээвэр дээрх өөрчлөлт,
Төвөдийн тухай эргэцүүлэл’ номын зохиогчдын хамт. Энэтхэг,
Дели, Жавахарлал Неругийн нэрэмжит их сургууль, 2015.11.13.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Үүнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, Төвөд бол өнө эртний орон, Төвөд оршихуйн гүн утга бүхий мөн чанарыг хэн ч үгүйсгэж чадахгүй гэв.

“Бидний соёл бол хүчирхийллийн бус, энх тайванч, нигүүлсэл дээр тулгуурласан соёл бөгөөд эдгээр үнэт зүйлс өнөөгийн дэлхийд нэн дутагдаж байна. Сүүлийн үед Төвөдийн буддизмыг дэлхий нийтээрээ сонирхох боллоо. Наландагийн уламжлал Төвөдөд чин үнэнээрээ цэцэглэн хөгжсөн юм. Тэр ч бүү хэл манай төрөлх төвөд хэлээр уламжлагдан ирсэн. Өнөөдөр төвөд хэл л Наландагийн буддизмыг хамгийн зөв илэрхийлэх хэл болоод байна. Хэдэн зууны турш Төвөдөд хэрэгжүүлж байсан уйгагүй сургалттай энэ холбоотой. Энэ сургалтын зорилго нь ёс суртахууныг төлөвшүүлэх, сэтгэлийг өөрчлөн засахад чиглэгддэг. “

“1960-аад онд бид Төвөдөд өрнөж байгаа үйл явцыг эсэргүүцсэн байр суурьтай байхыг НҮБ-д уриалсан. Неру бидэнд сануулж байсан лугаа бидний уриалга үр дүнг дагуулаагүй. Төвөдийн үйл хэргийг амжилттай шийдэхийн тулд үр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарахыг тэр бидэнд зөвлөсөн юм. Энэ бол туйлын ухаалаг зөвөлгөө байлаа.”

“9 дүгээр зуунд Төвөд орон тусгаар тогтносон улс байж, Монголын болон Хятадын эзэнт улсуудтай мөр зэрэгцэн оршин тогтнож байсан. Өнөөдөр бидний тэмцлийг дэлхий нийтээрээ дэмжиж байна. Би одоо 80 настай, залуу үе маань бидний үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэйгээр явахыг би хүсч байна.”

“Квантын Физик ба Мадхьямака (хоосон чанар) Гүн Ухаан” сэдэвт бага хурал. II дахь өдөр
Гэвш Жанчив Сэнгээ болон профессор Сундар Саруккай нар
асуултад хариулж байгаа нь. Энэтхэг, Дели, Жавахарлал
Неругийн нэрэмжит их сургууль, 2015.11.13.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Бага хурлын үйл ажиллагаа профессор Сундар Саруккайн бөөмлөг-долгионлог хоёрдмол чанарын тухай илтгэлээр эхэлсэн ба тэрээр дээрх онолыг Нагаржуна гэгээний ‘Төв үзлийн үндсэн сургаальтай’ холбон тайлбарласан билээ. Квантын физик болон Нагаржуна гэгээний сэтгэлгээний ижил төстэй байдлын тухай Дээрхийн Гэгээнтэнд ярьж байсан Ража Раманна мөн түүний багш байсан хэмээн профессор тэмдэглэн хэлэв. Тэрээр уламжлалт дөрвөн шалгуур буюу “Энэ эгэл бөөм мөн үү? , Энэ эгэл бөөм биш үү? Энэ эгэл бөөм мөн, бас биш үү? Эсвэл энэ эгэл бөөм, эгэл бөөм бусын аль нь ч биш үү?” –г хэрэглэхийг санууллаа. Бөөм-долгионы сэдэв нь хоёр хэсгээс бүрдэх ба нэг нь танин мэдэхүйн шинж чанартай буюу хэмжилзүйтэй холбоотой бол нөгөө нь онтолог шинж чанартай буюу Нагаржуна гэгээний хэлсэнтэй дүйнэ хэмээн үзэж байгаа ажээ.

Гандан хийдийн гэвш Жанчив Сэнгэ шүтэн барилдлагын талаар илтгэл тавихдаа шүтэн барилдлага бол юмс үзэгдлийн бодит үндэс хэмээн дүгнэсэн байна. Тэрээр шүтэн барилдлагыг үзэгдлийн шалтгаан, түүний хэсгүүд хийгээд зориулалтын дагуу оршдогтой нь холбон тайлбарлав. Прасангика Мадхьямака буюу Консеквенциалист Төв Үзлээр юмс огтхон ч бодитоор оршдоггүй, харин зоиулалт дээр үндэслэн тэдгээрийн үйл хөдлөл болон хүчин зүйлс тогтвортой байдаг хэмээн үзэж болно хэмээн тэрээр дүгнэсэн юм.

“Квантын Физик ба Мадхьямака (хоосон чанар) Гүн Ухаан” сэдэвт бага хурал. II дахь өдөр
Махаан Махарж алгебр-геометрийн хоёрдмол чанарын талаар
тайлбарлаж байгаа нь. Энэтхэг, Дели, Жавахарлал Неругийн
нэрэмжит их сургууль, 2015.11.13. Фотог Тэнзин Чоежор/ДЛО
Үдийн завсарлаганы өмнө математикч, свами Махан Махараж алгебр-геометрийн хоёрдмол чанарын тухай сонирхолтой хэлбэрээр тайлбарлан ярив. Орон зай илэрхийлдэг геометр хийгээд орон зай дахь чиг үүрэг, үйлдлийг илэрхийлдэг алгебр хоёрын хооронд үндсэн хоёрдмол чанар оршиж байдаг хэмээн тэр батлан ярилаа. Тэрээр цааш нь энэ нь цаг хугацааны асуудалтай хэрхэн холбогдох талаар тайлбарлав. Улмаар энэ нь биологийн асуудалтай болон хүмүүс бидний харааны түвшинд буй болох нэгдсэн төсөөллийн асуудалтай холбогдоно. Жишээ нь компьютер өгөгдлийг цаг хугацааны дарааллаар тооцоолдог бол хүний нүд орон зайн дарааллаар боловсруулдаг хэмээн тэр үзэв.

Үдийн завсарлаганы дараа профессор Артур Зайонц Квантын Физикийн экспериментал үндсийн талаар илтгэл тавилаа. ‘Сайтар судалсан юмс бүгд бидэнд шинэ эрхтнийг нээж байдаг’ гэсэн Гётегийн үгийг тэрээр эш татав. Сонгодог физикт ажиглагч бол зүгээр нэг үзэгч, түүнийг хэзээд ч үгүйсгэх боломжтой хэмээн цохон тэмдэглэлээ. Харин EPR гэх мэт квантын физикийн үндсэн туршилтууд, квантын физикийн нөхцөлт болзол болон статистик нь сонгодог физикийг үгүйсгэх, дэлхий ертөнцийг үндсээр нь тэс өөр түвшинд ухаж ойлгоход хүргэж байна. Хойшлогдох сонголт, квантын арилгагчийн туршилтын талаар, тэдгээр нь ‘хэмжилтийн асуудалтай’ хэрхэн холбогдох талаар, квантын физик дэх ажиглагчийн үүргийн өөрчлөлтийн талаар эрдэмтэн нарийн тодорхой тайлбарлав.

“Квантын Физик ба Мадхьямака (хоосон чанар) Гүн Ухаан” сэдэвт бага хурал. II дахь өдөр
Профессор Артур Зайонц илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Дели,
Жавахарлал Неругийн нэрэмжит их сургууль, 2015.11.13.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Шинжлэх ухааны чиглэлээр илтгэл тавьсан Мишель Битболь, Сундар Саруккай, Махан Махараж, Артур Зайонц нарын илтгэлийг бага хурлын төгсгөлд доктор Брижиш Кумар нэгтгэн дүгнэлээ. Харин гэвш Лхакдор буддын эрдэмтдийн илтгэлийг дүгнэсэн байна. Шинжлэх ухаан хийгээд буддын гүн ухааны нийтлэг мэдлэг нь мэдэж байгаа зүйлээ улам сайжруулах замаар өнөөдөр тулгарч байгаа асуудлыг шийдэх боломжийг бидэнд олгож байна хэмээн гэвш Лхакдор тэмдэглэн хэллээ.

Бага хурлыг хааж хэлсэн үгэндээ өөрийн сургаалийг сохроор дагах бус, сайтар нягтлан шинжлэхийг зөвлөсөн Бурхан Багшийн сургаалийг Дээрхийн Гэгээнтэн давтав. Бурханы сургаальд ухаалгаар эргэлзэж, шүүмжлэлтэй хандсанаар асуулт тавих нөхцөл бүрдэх бөгөөд асуулт үгүй бол хариулт үгүй билээ. Дээрхийн Гэгээнтэн,

“21 дүгээр зууны техник технологийн дэвшил нь бидний тав тухыг улам сайжруулж болох ч, сэтгэлийн амар амгаланг олгоно гэдэг юу л бол. Бидний уур хилэн, айдас хүйдсийг нэмэгдүүлэх, сэтгэлийн сөрөг хандлагыг өөгшүүлэх хэрэгсэл болгохгүйн тулд аливаа шинэ мэдлэгт бид маш болгоомжтой хандах ёстой. Бидний ирээдүй хүн төрөлхтний бусад ахан дүүсээс маань хамаарна гэдгийг бид санаж байх учиртай.

Бусдын хайр энэрлийн хүчинд бид эсэн мэнд байдаг. Энэхүү хайр энэрлийн хүчээр бид бусдад хайр түгээж чаддаг. Уур хилэн, айдас хүйдэс бидний эрүүл мэндийг хөнөөж байдаг бол амар амгалан сэтгэл бидний сайн сайхан явахын баталгаа болдгийг шинжлэх ухаан нотолсон. Гэр бүлд сайхан сэтгэл, итгэлцэл байхгүй бол тэр гэр бүл аз жаргалгүй байдгийг эрүүл ухаантай хэн бүхэн мэднэ. Хүмүүн бидний үндсэн мөн чанар бол эерэг гэдгийг ухамсарлах нь итгэл найдварын эх ундарга мөн.

“Квантын Физик ба Мадхьямака (хоосон чанар) Гүн Ухаан” сэдэвт бага хурал. II дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бага хурлын илтгэгчид болон
хурлыг даргалагч нарын хамт. Энэтхэг, Дели, Жавхарлал
Неругийн нэрэмжит их сургууль, 2015.11.13.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Хэрвээ бид чин сэтгэлээсээ хичээх аваас дэлхий ертөнцийг сайн сайхан болгож чадна. Үүнийг боловсролоор дамжуулан хэрэгжүүлэх нь хамгийн зохистой арга мөн. Бидэнд гадаад ахуйн тав тух хэрэгтэйгээс гадна бид иргэний ёс зүй, хүний үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд үүнийг би сэтгэлийн эрүүл ахуй гэж нэрлээд байгаа юм.

Ирэх жил нейробиолог болон тархи судлалын эрдэмтдийг оролцуулан сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн чиглэлээр бага хурал зохион байгуулахыг би санал болгож болох уу?

Яг одоо дэлхий дахинд өрнөж байгаа аймшигт үйл явдалд уйлан гашуудах, эргэл мөргөл нэмэр болж чадахгүй байгааг бид харж байна. Ихэнх хүндрэлтэй асуудлыг хүмүүс бид өөрсдөө бий болгосон учраас зөв шийдлийг нь ч бас бид олох ёстой. Үүнийг би хэлэхийг хүслээ. Хурал зохион байгуулах том боломж олгосон их сургууль, түүний багш ажилчид, бага хурлыг зохион байгуулагчид, сайн дурын ажилтнуудад талархлаа илэрхийлье. Баярлалаа” хэмээн айлдлаа.

Профессор Ренука Сингх албан ёсны талархлын үгээр бага хурлын ажиллагааг хаав. Дээрхийн Гэгээнтэн бага хуралд оролцсон Төвөд эрдэмтдэд хандан төвөд хэлээр урам зориг хайрласан үг хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн маргааш Пунжаб мужийг зорьж, Пхагварагийн их сургуулийн арга хэмжээнд оролцоно.

Үзсэн: 2 241
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц