Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполис хотын Төвөд хүмүүст ном айлдав

10-03-2016, 19:29  |  Хэвлэх

2016 оны 2 дугаар сарын 22

АНУ, Миннемота муж, Миннеаполис хот. 2016.02.21. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Рочестерын шашны сургуулиас хөдлөн өглөө эрт Миннеаполис руу машинаар 150 км-ын хурдтай гарав. Тэнд оршин суудаг Төвөд хүмүүс түүнийг ном айлдуулахаар урисан ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполис хотын Төвөд хүмүүст ном айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Миннеаполисын хурлын танхимд
ирэхэд Төвөд хүмүүс уламжлал ёсоор угтан авч байгаа нь. АНУ,
Миннесота муж, Миннеаполис. 2016.02.21. Зургийг Тэнзэн Пунцаг
Миннеаполисын хурлын танхимд түүнийг хүрэлцэн ирэхэд Төвөд хүмүүсийн төлөөлөл түүнийг угтсан бөгөөд дотогш ороход үндэсний замбаа гурилаа барин уламжлал ёсоор угтан авсан юм. Түүнийг тайзан дээр гарч ирэхэд Төвөд хүүхдүүд түүнийг магтан дуулж бүжиглэв. Түүний царай эрүүл саруул гэрэлтэн цугларсан лам хуврагуудтай мэндчилж, мөн цугларсан олонтой гар даллан мэндэллээ. Миннеаполис хотын дарга Беци Хожес болон мужийн төлөөлөгч Каролин Лейне нар түүнийг төрөлхи хотод нь тавтай морилохыг хүслээ.

Миннесота мужийн Төвөд-Америкийн холбооны ерөнхийлөгч доктор Цэвээн Ойдүв Дээрхийн Гэгээнтний эрүүл мэнд сайн байгаад баярлаж байгаагаа дурьдаад холбооны урилгыг хүлээн авсанд талархаж байгаагаа товчхон илэрхийлэв. Тэрээр лосар буюу Төвөдийн цагаан сар гарчихсан бас дараагийн өдрүүдэд цагаан сарын их дүйчэн өдрүүд үргэлжлэх, мөн ловон Бадамсамбава багштай нягт холбоотой мичин жил эхэлж байгааг онцлон хэлэв. Тэрээр Миннесотын Төвөд хүмүүс Төвөдийн цагаачлагчдын идэвхитэй гишүүн хэвээрээ байж орон нутгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулан дэлхийн хэмжээний иргэн байхыг зорих хэрэгтэй гэдгийг хэлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтний эмчилгээ үр дүнтэй байхыг хүсэн ерөөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Манал, Жанрайсиг, Гүрү ринбочийн шүтээн дүрийн өмнө суугаад яриагаа эхэлсэн юм.

“Би олон нийтэд яриа хийхдээ үргэлж ах, эгч дүүс минь хэмээн мэндэлж яриагаа эхэлдэг. Дэлхийн 7 тэрбум хүн бүхэнд би ингэж ханддаг тул хэзээ ч ганцаарддаггүй. Олон Төвөд хүмүүс энд цагаачлан ирсэн боловч ихэнхи нь нас эцэслэжээ. Одоо энд төрж өссөн шинэ үе гарсан байна. Би Маёо эмнэлэгт эмчлүүлэх гэж ирснээс хойш сүүлийн 10-аад жилийн хугацаанд та бүхэнтэй уулзаж байна. Хоёр жилийн өмнө лосарыг хамтдаа тэмдэглэж байсан ба одоо та нартай дахин уулзаж байгаадаа баяртай байна.”

“Та нар үндэснийхээ уламжлалын үнэ цэнийг хадгалж үлдэхийг хичээж байгаад би их баяртай байдаг. Төвөд оронд 60 жилийн өмнө эхэлсэн гай зовлонгоос болж бид дүрвэн гарсан бөгөөд тэр цагаас хойш 57 жил өнгөрчээ. Гэхдээ та нар сэтгэл санаа өөдрөг байгаа нь сайшаалтай хэрэг. Төвөдүүд бид сэтгэл санаа хатуу хүчтэй байж шашин соёлоо хадгалсаар ирсэн нь чухал амжилт бөгөөд энэ нь дэлхийг нэгдмэл болгоход хувь нэмрээ оруулж байгаа билээ. Энэ бол бидний бахархах зүйл мөн. Наландагийн уламжлал логик болон учир шалтгаан дээр үндэслэдэг бөгөөд орчин үеийн эрдэмтэд үүнд их анхаарлаа хандуулж байна. Төвөдүүд бид энд тэндээс эрж хайхгүй энэхүү үнэт уламжлалыг төрөлхи хэл дээрээ судлах боломжтой билээ. Иймээс энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн хадгалж үр хүүхдүүдээ хайр энхрийллээр өсгөх нь бидний үүрэг хариуцлага юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполис хотын Төвөд хүмүүст ном айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполисын хурлын танхимд
үг хэлж байгаа нь. АНУ, Миннесота муж, Миннеаполис. 2016.02.21.
Зургийг Жереми Рассел (ДЛО)
“Өнөөдөр би бурханы шашинтан гэдэг утгаар биш, бас Далай Лам гэдгээрээ ч биш, гагцхүү хүн гэдэг талаасаа өөрийн бодол туршлагаасаа хуваалцахыг хүсч байна.”

Тэрээр хүн төрөлхтөн хэрхэн илүү их аз жаргалтай амар амгалан амьдрахад хэрхэн туслах тал дээр үүрэг хариуцлага хүлээдгээ хэлэв. Бусдын сайн сайхны төлөө гэсэн сэтгэлийг хөгжүүлэх гол түлхүүр нь энэрэнгүй сэтгэл юм. Тэрээр бидэнтэй тулгарч байгаа олон асуудлын ихэнхийг бид өөрсдөө бий болгодог бөгөөд эдгээрээс хамгийн муу нь бусдыг хөнөөх явдал болохыг онцлов. Тэр хэн нэг нь бар юм уу заанд алуулсан гэхэд бид санаа зовдог атал хүн нэг нэгнийгээ алан хядахад жирийн л юм шиг хүлээн авдаг болсоныг онцлон хэлэв. Түүний яриаг сонсч байгаа хүмүүс энд ая тухтай сууж байх яг энэ мөчид дэлхийн бусад хэсэгт хүмүүс хүчирхийлэлд өртөн үхэж, зарим нь бүр шашны нэрийн өмнөөс ийм зүйл хийгдэж байгаааг сануулан хэлэв.

Тэр бидний биеэр үйлдэх болон амаар ярих, бас бидний сэтгэл хөдлөлийн хооронд хэлхээ холбоо байдаг гэдгийг санаж явах хэрэгтэйг сануулан хэлэв. Хэрэв уур хилэн, үзэн ядалт болон хардаж сэрдэхийн оронд аливаад хайрын сайхан сэтгэлээр ханддаг байсан бол бид төрөлх зөнгөөрөө бусдыг илүү их хүндэлж, бидний хийж буй үйлдэл хүчирхийлэлгүй байх байсан гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн хүний үнэ цэнийг хангалттай анхаарч үздэггүй материаллаг ертөнцөд амьдарч байгааг ажиглажээ. “Бид өгөөмөр сайхан сэтгэлийн оронд материаллаг зүйлээр дүүрэн байхыг чухалчилж байна. Хүн гэдэг утгаараа бид нийгмийн амьтад юм. Бидэнд нөхөрлөл хэрэгтэй, харин нөхөрлөл бол итгэл дээр тулгуурладаг. Итгэлийг үүсгэн бий болгох нь бусдын төлөө санаа тавих, тэдний эрхийг хамгаалан, тэдэнд хор хөнөөл учруулахгүй байх явдлаас хамаардаг. Нөхөрлөл нь сайхан сэтгэлтэй шууд холбоотой бөгөөд бидний бие махбодид ч ач тустай байдаг” хэмээн ярьсан бөгөөд зарим эрдэмтдийн нээж олсноор уур, айдас болон хардан сэрдэх нь бидний дархлааны системийг буруулдаг болохыг нэмж хэлэв.

“Бидэнд амар тайван сэтгэл хэрэгтэй байна, тэгвэл сайхан сэтгэл түүний үндэс суурь болдгийг би өөрийн туршлагаараа мэдэрсэн. Сайхан сэтгэлтэй байж л бид өөрсдийгөө гэр бүл, нутаг орон болон улс орондоо аз жаргалтай хувь хүн болгох болно. Би залуу хүмүүсийг энэ чанарт сургаж чадах юм бол дэлхий маань энэ зууны төгсгөл гэхэд илүү амар амгалан байх болно гэдэгт итгэдэг. Би хүний үнэ цэнийг идэвхижүүлэхийн төлөө хичээн чармайдаг, Яагаад гэвэл бид бусадтай адил хүн гэдгээ мартах хандлагатай байна. Та нар намайг найз нөхрөө гэж үзэж байгаа бол тийм байхыг хичээ. Найз нөхдийн холбоог засгийн газар юм уу, эсвэл НҮБ хийнэ гэж найдах биш жинхэнэ өөрчлөлтийг хувь хүн бүрээс эхлэх хэрэгтэй. Бид тус бүрдээ хувь нэмрээ оруулах ёстой билээ. Би та бүхнийг үүнийг хийгээсэй гэж хүсч байна.”

Танхимд байгаа 3000 гаруй хүмүүс алга ташин хүлээн авав.

“Нэг зүйл нэмж хэлэхийг зөвшөөрнө үү” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлээд “Би эрдэмтэдтэй 30-аад жил ярилцаж байна. Тэдний ихэнхи нь оюун ухаантай холбоотой шинжлэх ухааны талаар мэдэх сонирхолтой байдаг. Эртний Энэтхэг орон хөгжлийнхөө эхэн үед явж байсан мэт санагдах боловч орчин үеийн сэтгэл зүйтэй жишихэд оюун ухааны талаар гүн гүнзгий мэдлэг боловсрол тэдэнд байсан юм.” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполис хотын Төвөд хүмүүст ном айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполисын хурлын танхимд үг
хэлж байх үеэр танхимд байгаа хүмүүс түүнийг сонсч байгаа нь.
АНУ. Миннесота муж. Миннеаполис. 2016.02.21.
Гэрэл зургийг Тензин Пунцаг
“Эрдэмтэд ярьж эхлээгүй нялх хүүхдүүд хүртэл сайн, мууг ялган сайн зүйлд эерэгээр, муу зүйлд сөргөөр хандаж байгааг тогтоосон байна. Хүн төрөлхийн энэрэнгүй сэтгэлтэй байдаг гэдгийг олж тогтоожээ. Энэ нь бидэнд итгэл найдвар өгч байна.”

Дээрхийн Гэгээнтэн түүний хоёрдахь үүрэг бол шашин хоорондын эв зохицлыг дэмжих явдал гэв. Тэр хэлэхдээ, бүх шашин гол философын ялгаанаас үл хамааран бүгд хайр, уучилж өршөөх болон тэвчээр хүлээцтэй байх энгийн санааг агуулдаг гэдгийг мэдэгдэв. Тэдний энгийн зорилго бол хүний энэрэнгүй нинжин сэтгэлийг бий болгох явдал ажээ. Дээрхийн Гэгээнтэн хүн төрөлхтний тусын тулд өөрсдийгөө зориулсан шүтлэг бишрэлтэй олон хүмүүсийн жишээнээс эш татсан юм. Тэрээр мөн Бурхан багш олон өөр сургааль номоо янз бүрийн газарт хүн бүрт тохируулан айлдаж байсныг тэмдэглэн хэллээ. Энэ нь тэр өөрөө будилж эргэлзсэндээ бус, бусдыг эргэлзүүлэхийн тулд ч байгаагүй. Энэ нь нэг төрлийн өвчнийг олон янзын эмээр тохируулж эмчилдэгтэй адил өөр өөр үзэл бодолтой хүмүүст тохируулан янз бүрээр тайлбарлавал илүү үр дүнтэй болохыг олж мэдсэнтэй холбоотой юм.

Олон шашинд Эзэн бүхнийг бүтээгч гэж үздэг байхад самьхяа уламжлалын зарим урсгал, жейн болон буддын шашинд бидний хийж буй үйлдэл, тохиолдож байгаа бүхэн биднээс өөрсдөөс шалтгаалдаг тул бид л өөрсдөө хариуцлагаа үүрэх ёстой талаар сургадаг гэв.

“Шашин шүтэж номыг нь дагадаг хүмүүс шашин хоорондын эв нэгдлийг хангах тал дээр үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй.”

Ярианы дундуур Дээрхийн Гэгээнтэн зарим үед төвөд хэлээр ярин орчуулагчаасаа түүний хэлсэн үгийн гол санааг асууж, зарим үед өөрөө шууд англи хэл дээр ярьж байв.

“Би бас Төвөд хүн” гэж тэрээр хэлээд Төвөдтэй холбоотой асуудлыг би хэзээ ч орхихгүй гэдгээ ярьсан юм. “Би 2001 онд улс төрийн хариуцлагаас хагас түдгэлзсэн бөгөөд 2011 онд энэ үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон юм. Үүнийг би ардчилалыг бэхжүүлэхийн тулд хийсэн. Одоог хүртэл Төвөд болон гадаадад байгаа төвөд хүмүүс надад итгэл найдвараа үзүүлсээр байна, гэхдээ одоо миний үүрэг хариуцлага бол цаг агаарын хуурайшилтай байдлаас болж хүнд хэцүү байгаа Төвөдийн байгал орчныг хамгаалах явдал билээ. Төвөдийн байгал нь хойд болон өмнөд туйлийн өөрчлөлт шиг чухал байгаа бөгөөд зарим байгаль орчныг хамгаалагчид Төвөдийн эх газрыг гуравдахь туйл гэж үздэг юм. Үүнд маш их онцгой анхаарах хэрэгтэй байна.”

Төвөдийн соёлыг энх тайвны болон үл хүчирхийлэх соёл хэмээн тодорхойлоод Дээрхийн Гэгээнтэн үүнийг эх дэлхийг илүү амар амгалан, энэрэнгүй газар болгоход хувь нэмрээ оруулаж болох талаар саналаа хэлсэн юм. Төвөдийн Буддын шашны уламжлал нь логик, сэтгэл судлал болон философын үзэл бодлын чиглэлүүдээрээ алдартай Энэтхэгийн Наландагийн их сургуулийн уламжлалыг бүрэн дамжуулагч хамгийн бүрэн цогц уламжлал мөн гэж хэллээ. Эдгээр уламжлалуудын ихэнхи нь санскрит хэлнээс төвөд хэл рүү орчуулагдсан 300 гаруй буддын утга зохиолын ном судруудад хадгалагдан үлдсэн байдаг билээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполис хотын Төвөд хүмүүст ном айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполисын хурлын танхимд
ном айлдаж байх үеэр бяцхан охин тайзны өмнө зогсоод түүнийг
харж байгаа нь. АНУ. Миннесота муж. Миннеаполис. 2016.02.21.
Гэрэл зургийг Рассел Жереми (ДЛО)
Энэ мөчид улаан хувцастай бяцхан охин тайзны өмнө ирж зогсоод Дээрхийн Гэгээнтнийг харав. Тэрээр инээмсэглээд түүн рүү гараараа даллан түүнийг хэдэн настайг асуухад охин 4-тэй хэмэн хариуллаа. Охин хэсэг хугацаанд түүн рүү удаан харж байснаа эргэж харан гэр бүлийнхэн рүүгээ буцаад гүйн ирэхэд Дээрхийн Гэгээнтэн дараахь үгийг хэлэв:

“Хүүхдүүд яг л ийм хиргүй тунгалаг сэтгэлтэй, нээлттэй байдаг. Тэд аливааг ялгаварлан үзэх болон урьдчилж таамагладаггүй. Тэд насанд хүрэгчид бүрэн автагдсан байдаг хоёрдахь ялгаа болсон өнгө зүс, сүсэг бишрэл, яс үндэс, баян ядуу болон боловсролд санаа зовдоггүй. Бид тэдэн шиг л байвал зүгээрсэн, үүний нэг арга нь бид бүгдээрээ адилхан хүмүүс гэдгийг байнга санаж байх хэрэгтэй” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Наландагийн уламжлалын талаархи яриандаа эргэн орж агуу их эрдэмтэн Шантаракшита Төвөдөд анх Наландагийн талаар танилцуулсан болохыг тайлбарлалаа. “Шантаракшита гэгээн Төвөдийн эзэн хаан Тисрон Дэзаны урилгаар ирсэн юм. Тэр агуу их эрдэмтэн байсан нь түүний бичсэн ном зохиолоос харагддаг. Өмнөд Энэтхэгт байдаг Намдролин хийд болон Дашлхүнбо хийдүүд сургалтын хөтөлбөртөө түүний зохиол бүтээлийг оруулсан байгаа. Шантаракшита гэгээн Төвөдөд анхны сүм хийд болох Самьяа хийдийг байгуулсан бөгөөд буддын шашны шастирыг Төвөд хэл рүү орчуулах ажлыг зохион байгуулж, тусалж дэмжиж гол сургаал шастируудыг тайлбарлан айлдсан юм. Энэтхэгийн нэрт аялагч, Рахул Санкритяаяан 20-р зууны эхэн үед Төвөдөд хэд хэдэн аялал хийсэн бөгөөд тухайн үед Бадмасамбава гэгээнтний дүр зургууд Төвдөд давамгайлж байсан ба Шантаракшита гэгээний нэг ч сэрэг дүрийг олж хараагүйгээ гайхан тэмдэглэсэн байдаг.”

Дээрхийн Гэгээнтэн номоо эхлүүлээд “Би цаг үргэлж хамаг амьтдыг хайрлаж байгаасай” гэсэн сайхан сэтгэлийг үүсгэж дадуулах эхний эшлэлийг тайлбарлав. Дээрхийн Гэгээнтэн " Би " гэдэг нь юу гэсэн үг болохыг асуув. Эртний Энэтхэгийн гүн ухааны сургуулиуд бие даасан өөрийн “би” хэмээгчийг байдаг гэж баталж байхад, сэтгэлгээний дөрвөн түвшин бүхий буддын гүн ухааны сургуульд байнгын, бусдаас хамааралгүй, бие даасан “Би” гэгч байхгүй гэдгийг нотлосон байдгийг тайлбарлалаа.

Дээрхийн Гэгээнтэн “Би үгүй” гэх онолыг тайлбарлан яриад энэхүү онолыг ойлгоход хялбар биш гэдгийг онцолсон юм. Тэрээр 60 жилийн турш үүнийг судалж байна гэв. Үүнийг ойлгохын ач тус нь юу вэ гэсэн асуултанд тэрээр энэ нь сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэхтэй холбоотой байдаг хэмээн хариулсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполис хотын Төвөд хүмүүст ном айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполисын хурлын танхимд
үг хэлж байгаа нь. АНУ. Миннесота муж. Миннеаполис.
2016.02.21. Зургийг Тэнзэн Пунцаг
Тэрээр "Оюун судлахуйн найман бадаг" номын айлдварт эгэн орсон бөгөөд эхний бадаг нь та бусдын төлөө энэрэл, хайрыг үзүүлэх ёстойг үзүүлж байна хэмээн тайлбарлалаа. Хоёр дахь бадаг нь даруу төлөв байх, гурав дахь нь өдөр тутмын амьдралдаа анхааралтай хандаж байх, жишээлбэл, үүссэн уур хилэнг мэдэрч түүний эсрэг хайрын ерөндөг хэрэглэх хэрэгтэй гэв. Дөрөв дэх бадаг нь биеэ барих чадваргүй болон бүдүүлэг хүмүүстэй учрахдаа уурлах биш тэднийг өрөвдөн хайрлах, тав дахь нь ялагдлаа хүлээн зөвшөөрч бусдад ялалт өгч байх, зургаа дахь бадаг нь тусалж байсан хүмүүс чамайг буцаан доромжилвол тэвчин өнгөрөөж тэвчээрийг хөгжүүлэх зэргийг номлосон болохыг тайлбарлалаа. Долоо дахь бадаг нь өгөх, авахыг хэвшүүлж, бусдад сайн сайхан бүхнийг өгч, дараа нь тэдний зовлонг өөртөө авч байгаагаар төсөөлөх, найм дахь бадгийн хамгийн сүүлд ертөнцийн найман сөрөг сэдэлд автахгүй байж бүхнийг бие даасан оршихуй бүрэн байхгүй, хуурамч үзэгдэл хэмээн харж байх тухай номлосон болохыг тайлбарлав.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн 3000 гаруй хүмүүс, түүний дотор 2000 гаруй Төвөд хүмүүс бүхий цугларсан олонд хандаж бодь сэтгэлийг үүсгэх үндэс болсон номыг айлдлаа. Бурхан багш, Ном, Хуврагт аврал одуулахтай холбоотой эхний мөрийг тайлбарлахдаа, өөр бусад шашин шүтдэг хүмүүс өөрийнхөө сүсэглэдэг зүйлээ дүрслэн төсөөлж болно гэж хэлэв. Хоёр дахь мөрийн бодь сэтгэлийн хэвшүүлэх болон гурав дахь мөрөнд гарч буй энэхүү дадлыг хийх зоригтой байх талаар тайлбарлан айлдсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполис хотын Төвөд хүмүүст ном айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполисын хурлын танхимд
ном айлдаж дууссаны дараа цугларсан 3000 гаруй хүмүүст
талархаж байгаа нь. АНУ, Миннесота муж, Миннеаполис.
2016.02.21. Зургийг Рассел Жереми (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн "Билгүүний зүрхэн' сударт байдаг Датяата ум гади гади бара гади барасам гади боди суха гэх тарнитай холбоотой таван замаар одохуйг товч тайлбарлаад түүний яриа өндөрлөсөн юм. Эхний гади буюу "одохуй" нь чуулганы зам мөрийг, хоёр дахь "одохуй" нь барилдлагын зам мөрийг, гурав дахь "одохуй" нь үзэхүйн мөрийг, дөрөв дэхь "одохуй" нь бясалгалын мөрийг, тавь дахь "боди суха" нь гэгээрлийг номлодог хэмээн тайлбарлалаа.

Зохион байгуулагчдын төлөөлөл цагаан торгон хадаг түүнд өргөн барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн инээмсэглэн, аз жаргалтайгаар цугласан олон руу даллаж, тайзнаас буусан юм.
Үзсэн: 2 080
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц