Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Дийр парк”-д үг хэлэв

5-04-2016, 00:47  |  Хэвлэх

2016 оны 3 дугаар сарын 7

АНУ, Висконсин, Орегон, Деер парк. 2016.03.06 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Дийр парк дахь буддын төвд 3000 гаруй хүмүүст айлдвар айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Дийр парк”-д үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гэвш Сойпа гуайн шүтээний өмнө
залбирч байгаа нь. АНУ, Висконсин, Орегон, Дийр парк.
2016.03.06 Гэрэл зургийг Шэйрав Лхацан
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хамгийн сүүлд 2013 онд уг төвд айлчилснаас хойш төвийг үүсгэн байгуулагч гэвш Лхүндүв Сойпа гуай таалал төгсчээ. Тийм учраас Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сүмийн зүг явах зуураа Лхүндүв Сойпа агсаны амьдарч байсан гэрт морилж хүндэтгэл үзүүлсэн юм. Дараа нь тэрээр 1981 онд Дүйнхорын авшиг айлдах үедээ нээж байсан Дүйнхорын сүмээр зочлов. Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн дүрийн өмнө залбирал үйлдэж, мөн Лхүндүв Сойпа агсаны шүтээний өмнө уншлага уншсаны дараа суудалдаа суулаа.

Төвийн багшаар ажиллаж буй гэвш Тэнзин Дорже Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тавтай морилохыг хүсээд 10 дахь удаагаа айлчилж байгаа Деер парк төвийг Америк улс дахь өөрийн гэр шигээ үзэхийг хүслээ. Тэрээр уг төвийн гишүүд багшийн дэг жаягийн дагуу сүмийн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын заавар зөвөлгөөг ч дагаж буйгаа илэрхийлэв. Эцэст нь тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөгөөд Лхүндүв Сойпа багшийн шавь нар түүний хойд дүртэй хурдан учран золгоно гэж найдаж буй хэллээ.

“Оюун санааны ахан дүүс нар минь ээ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхлээд, “Би ахин энд ирсэндээ баяртай байна. Гэвш Лхүндүв Сойпа гуай бидний дунд алга. Сойпа гуайн шавь нар түүний хүсэл зорилгыг үргэлжлүүлж байгааг хараад би баяртай байна. Бурхан Багш, хутагт Нагаржуна нар хэдийнээ нирваан дүрийг үзүүлсэн ч сургаал номлол нь өнөөдрийг хүртэл 2000 гаруй жилийн турш оршсоор байна.” хэмээн айлдав.

“Би Бурхан Багшийн зам мөрийг дагадаг хүнийхээ хувьд буддын эгэл нэгэн хувраг хүн гэдэгтээ сэтгэл хангалуун байдаг. Мөн хутагт Нагаржунайн шавь гэдэгтээ ч сэтгэл хангалуун байна. Хутагт Нагаржуна тэргүүтэй их багш нар, агуу сэтгэгчид, агуу философичид Бурхан Багшийн айлдварыг шууд хүлээн авалгүй түүний сургаалыг нягталж судалсан юм. Өөрийг нь дагаж буй шавь нар түүний сургаалыг нягталж, судалж байж дагах ёстойг Бурхан Багш өөрөө айлдсан. Тийм учраас Бурхан Багшаас хойш мэндэлсэн их эрдэмтэд болох хутагт Нагаржуна, Чандракирти, Буддапалита, Бхававивека нар бурханы сургаалыг нарийн сайн судалсан билээ. Түүнчлэн би сүүлийн гуч гаруй жилийн турш орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй харилцан ярилцлаа. Тэдний нэг болох Ричи Дэвидсон эхнэрийн хамт энд сууж байна. Ричи Давидсон нь Наландагийн оюутан адил нягтлан судалдаг нэгэн бөгөөд түүнээс олон зүйлийг би сурсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Дийр парк”-д үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлж байгаа нь. АНУ, Висконсин,
Орегон, Дийр парк. 2016.03.06 Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь Бурхан Багшийн сургаал болон Наландагийн уламжлал нь бүхэлдээ учир шалтгаан дээр суурилдаг болохыг тайлбарлав. Мөн олон зууны турш сургалт судалгааны төв болж хөгжин цэцэглэж байсан Наланда хийд нь өдгөө туурь төдий байгааг дурьдлаа. Хятадын бурханы шашин нь мөн адил Энэтхэгээс дэлгэрсэн хэдий ч Төвөдүүд илүүтэй ловон Дигнага, Дармакирти, Шантаракшита, Камалашила нарын учир шалтгааны ухаанд гүнзгий суралцаж, тэрхүү нандин өв соёлыг хадгалан үлдээх тал дээр нөр их хөдөлмөр гаргасан бөгөөд өнөөдөр төвөдүүд буддын гүн ухааны ном сургаалыг өөрийн хэл дээр орчуулах шаардлага байхгүй гэдгийг онцолсон юм.

“Гэвш Сойпа нь Төвөдөөс дүрвэн гарсан эрдэмтэн лам нарын нэг байлаа. Тэрээр Энэтхэгт томоохон хийдүүдээ сэргээхэд гар бие идэвхтэй оролцож байсан юм. Өдгөө тэдгээр хийдүүдэд 10,000 гаруй лам хуврагууд гүн гүнзгий ном сургаалд суралцаж байна. Үүгээр зогсохгүй өнөө цагт асар олон хүмүүс буддын гүн ухаан болон оюун санааны шинжлэх ухааныг академик түвшинд сонирхон судалж байна. 1959 оныг хүртэл олон хүмүүс төвөдийн буддизм нь “ламаизм” бөгөөд Бурханы Багшийн сургаал биш гэж үздэг байсан бол тэр цагаас хойш энэ байдал өөрчлөгдсөн. Өнөөдөр Нагаржуна болон Дигнага нарын үзэл онолыг судлахын тулд бурханы шашны Төвөд уламжлалыг судалдаг болж байна. Би төвөдийн буддизм нь санскрит уламжлал дээр суурилсан гэдгийг олон нийтэд таниулахыг хичээдэг.”

“Хэдийгээр Америк орон нь бурханы шашинтай орон биш боловч буддын гүн ухаан хийгээд сэтгэл судлалын шинжлэх ухаанд сонирхолтой хүмүүс өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Жижиг төвүүд энд тэндгүй бий болжээ. Олон хүмүүс зөвхөн гүрэм засал хийлгэх гэж сүм хийдэд очих бус, буддын гүн ухаанд сурлацахын төлөө зорьж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Сүм хийдэд ирсэн хүмүүст бурханы сургаал номлолын талаар хангалттай тайлбар хийдэг байх хэрэгтэй гэж Энэтхэгийн Хималайн үндэстнүүд болон Ладакчуудаас би хүсдэг. Жижиг сүм хийдүүд ч сургалтын төвийг зохион байгуулах боломжтой шүү дээ.”

“Гэвш Сойпа насан эцэслэх хүртлээ хичээл зүтгэл гаргасны үр дүнд энд сургалтын сайхан төв бий болсон. Та бүхэн энд дадлага хийж, шашны зан үйл хийж болно, гэхдээ энэ төвийг үргэлж хичээлийн анги танхим гэж боддог байх хэрэгтэй. Сургалтаа сайтар явуулж чадвал сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүн бүхний анхаарлыг татах болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Дийр парк”-д үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг цугласан олон
сонсож байгаа нь. АНУ, Висконсин, Орегон, Дийр парк.
2016.03.06 Гэрэл зургийг Шэйрав Лхацан
Дээрхийн Гэгээнтэн урьд өмнө зөвхөн лам хуврагууд л буддын гүн ухааны сургаалд суралцдаг байсан, харин энэ цаг үед энгийн хүмүүс ба эмэгтэй хуврагууд буддын гүн ухаанд суралцах боломжтой болсон гэдгийг онцлов. Мөн тэрээр эмэгтэй гэвшма нарын цол хамгаалах ёслолд оролцох тухайгаа ярьсан юм. Удахгүй эмэгтэй хуврагууд болон буддын гүн ухаанд суралцсан энгийн эрдэмтэд төрөн гарах боломж бүрэн бүрджээ.

“Гадаад улс орнуудад оюун санаа болон сэтгэл хөдлөлийн тал дээр илүү их анхаарч, сонирхон судалдаг болсон” хэмээгээд “Цаашид оюун санааны үйл ажиллагаа нь уураг тархинаас тусдаа байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй эрдэмтэдтэй илүү их ярилцлага өрнүүлэх хэрэгтэй. Тийм учраас энэ төв нь сургалтын төв байх ёстой.” гэсэн юм.

“Үүн дээр нэмээд шашин хоорондын харилцан яриаг өрнүүлэх тал дээр ч анхаарах хэрэгтэй. Бүтээгч “Эзэн”-ийг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн бүх шашин хайр энэрлийг номлодог. Бид илүү аз жаргалтай, илүү утга учиртай амьдралыг хүсэж байгаа бол бусдад илүү их хайр, энэрлийг өгдөг байх хэрэгтэй. Энэ сайхан сэтгэлийг амьдралын мөрдлөг болгосон христ, жүүд, хиндү, муслимийн шашны олон хүмүүсийг бид харж байна шүү дээ. Хүн бүхэн өөр өөрөөр сэтгэж, өөрөөр боддог тул адил бус шашныг сонгох нь мэдээжийн хэрэг юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Дийр парк”-д үг хэлэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлж байгаа нь. АНУ, Висконсин,
Орегон, Дийр парк. 2016.03.06 Гэрэл зургийг Шэйрав Лхацан
“Шашны нэрээр бусдыг айлган сүрдүүлэх нь үнэхээр буруу явдал билээ. Бурхан Багш зовлонгийн үнэн мөн чанарыг номлосон боловч үүний дараа зовлонгийн учир шалтгаан, түүнээс хэрхэн гэтлэх арга замыг мөн номлосон. Би Хам мужид болсон явдлыг байнга сануулдаг. Хүмүүс нэгэн хийдийн хамба ламыг сураглан ирэх үед хийдийн лам тэдэнд “Хамба лам хөдөөний хүмүүсийг айлгахаар явсан” гэж хариулсан гэдэг. Энэ бол яахын аргагүй Наландагийн уламжлалыг доройтуулж буй хэрэг юм. Бурханы шашны сургаалд бусдыг айлган сүрдүүлэх номлол нэгээхэн ч байхгүй билээ.”

Үдийн цайны цаг хүртэл Дээрхийн Гэгээнтэн яриагаа үргэлжлүүлсэн юм. Тэрээр удахгүй Мадисонд "Оюун судлахуйн найман шүлэг" номыг тайлбарлан айлдах болно.
Үзсэн: 2 507
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц