Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Америкийн их сургууль” болон “Энх тайвны институт”-д үг хэллээ

18-06-2016, 20:03  |  Хэвлэх

2016 оны 6 дугаар сар 14

АНУ, Вашингтон хот. 2016.06.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр Энэтхэгээс ая тухтай аялан ирэв. Тэрээр “Америкийн энх тайвны институт” (АЭТИ)-ын урилгаар хүрэлцэн ирж байгаа аж. Дээрхийн Гэгээнтнийг тус институтын ерөнхийлөгч Нанси Линдборг болон Цөөнхийн бүлгийн дарга Нанси Пелоси нар түүнийг угтан авч өглөөний цайнд урьсан юм. Хатагтай Пелоси:

“Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлчлал үргэлж утга учир дүүрэн байдаг. Орландод аймшигт хэрэг гарсан энэ үед та бүр ч илүү бидэнд хэрэгтэй байна.” хэмээн үгээ эхэллээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Америкийн их сургууль” болон “Энх тайвны институт”-д үг хэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай лам АЭТИ-ийн гишүүдтэй өглөөний цай
ууж байгаа нь. АНУ, Вашингтон хот. 2016.06.13.
“Жинхэнэ энх тайван бидний дотоод сэтгэлээс ундарч бий болдог. Бид цөхрөл зүхэл, хардлага сэрдлэг, үл итгэлцлээр дүүрэн байвал энх тайвныг хэзээ ч олж чадахгүй. “Америкийн энх тайвны институт” нь дан ганц залбирлаас илүүтэй мэдлэг боловсрол дээр суурилсан дотоод сэтгэлийн өөрчлөлт хичнээн чухал болохыг ойлгуулах тал дээр илүү их анхаарах хэрэгтэй. Бидний аз жаргалтай байх эсэх нь бидний өөрсдийн хийсэн үйлдлээс хамаарах болно. АЭТИ нь энх тайвныг бий болгохын төлөө байгуулагдсан болох нь тодорхой юм. Гэвч боловсролоор дамжуулан үүнд хүрнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Өнөөгийн боловсролын тогтолцоо нь гадаад материаллаг талыг хөгжүүлэх дээр хэт их анхаарч дотоод сэтгэлийн үнэ цэнийн хөгжлийг орхигдуулж байна. Хэрэв бид боловсролын тогтолцоог өөрчилж чадвал энэ зууны дунд үед илүү энх тайван бүрдсэн дэлхийг бий болгож чадах юм.” хэмээн айлдав.

Саяхан АЭТИ-ын удирдлага зөрчилдөөн өрнөж буй улс орны залуучуудын төлөөллийг Дээрхийн Гэгээнтэнтэй уулзуулах ажлыг Дарамсала хотод зохион байгуулсан талаар Ерөнхийлөгч Нанси Линдборг танилцууллаа. Тэр үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Эдгээр зориг шийдэмгий, хичээл зүтгэлтэй залуучуудыг хараад ирээдүйд өөрчлөлт зайлшгүй гарна гэдэгт улам бүр итгэх болсон.” хэмээн онцолжээ. Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн орчин үеийн боловсролын тогтолцоонд хүний үнэ цэнийг тусгасан сургалтын хөтөлбөр боловсруулах ажил явагдаж байгаа тухай ярьлаа. Уг хөтөлбөрийг сурагчдад зааж сургах багш нарыг бэлтгэх ажил ч давхар явагдах шаардлагатай байгаа ажээ.

Өнөөгийн дүрвэгсэдийн их давалгааг хэрхэн шийдэх талаар асуухад:

“Дүрвэгсэдэд тусалж байгаа олон улс орноор би бахархаж байна. Гэхдээ түр зуурын асуудлыг шийдэх нь хангалттай биш ээ. Асуудлыг бүрэн дүүрэн шийдэхийн тулд тэдний эх оронд энх тайвныг авчрах хэрэгтэй. Тэдний хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудад ирээдүйд өөрсдийн нутаг орноо сэргээн босгох ажлыг ойлгуулах хэрэгтэй.” гэж хариуллаа.

“Амьдрал бол хэцүү, гэхдээ сэтгэл санаа амар амгалан байж чадвал хэцүү биш болно. Олон талын мэдлэг боловсрол олох замаар шинжлэх ухааны ололт дээр суурилсан сайхан сэтгэлийг бий болгохыг анхаарах хэрэгтэй.”

Хатагтай Нанси Линдборг хурлыг хааж үг хэлэхдээ Калдэн Т Лодой, Төвөдийн төлөөлөгч Кяадор Аукацан, мөн АЭТИ-ын дэд ерөнхийлөгч Жорж Муус нарт Дарамсала хот дахь үйл ажиллагаанд тус дэмжлэг үзүүлсэнд нь талархал илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Америкийн их сургууль” болон “Энх тайвны институт”-д үг хэллээ
Дээрхийн Гэгээнтэн саяхан болсон Орландогийн аймшигт халдлагад
нэрвэгдсэн олны төлөө чимээгүй залбирал үйлдэв. АНУ,
Вашингтон хот. 2016.06.13. Гэрэл зургийг АЭТИ
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Франк Карлучигийн нэрэмжит хурлын танхимд илүү олон хүмүүстэй уулзалт хийлээ. Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэхийн өмнө саяхан болсон Орландогийн аймшигт халдлагад нэрвэгдсэн гэм зэмгүй олон хүний төлөө чимээгүй залбирал үйлдэв. АЭТИ-ын ерөнхийлөгч Нанси Линдсборг өөрийгөө танилцуулаад: “Энх тайвныг бий болгох боломжтой. Энх тайван нь дэлхийн аюулгүй байдлын бодит бөгөөд үндсэн чухал зүйл билээ.” хэмээн яриагаа эхлэв. Тэрээр мөн 28 залуу удирдагч нарыг Дарамсала хотод Дээрхийн Гэгээнтэнтэй уулзуулсан тухайгаа тайлбарлаад уг уулзалтын талаарх богино хэмжээний кино бичлэг үзүүлсэн юм.

Уг богино хэмжээний бичлэгт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам: “Уур хилэн хийгээд айдас хүйдсийн дор бидэнд маш их асуудал үүсч байна. Гэвч та сэтгэлийн тэнхээтэй байж чадвал асуудал бэрхшээлийг амар хялбар давах боломжтой болно. Миний хувьд, би 16 насандаа эрх чөлөөгөө алдаж, 24 насандаа эх орноо алдсан юм. Тэр цагаас хойш олон олон бэрхшээлтэй нүүр тулсан боловч миний сэтгэл цаг үргэлж амгалан тайван байж чадсан билээ.”

“Өнөөдөр манай гариг дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүмүүс бүгд бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөл зэрэг аль ч талаараа адил. Бидэнд сэтгэлийн амар амгаланг олох хүчин чадал адилхан заяагдсан. Зарим хүмүүс энэрэн нигүүлсэхүйг хөгжүүлэх нь зөвхөн бусдад л ашигтай хэмээн дүгнэдэг боловч үнэн хэрэгтээ энэ нь өөрт ашигтай билээ. Энэрэн нигүүлсэх нь бидэнд оюун санааны амгалан тайван байдлыг авчирдаг. Энэ нь бидэнд олон найз нөхдийг бий болгоно. Нөхөрлөл нь илтгэлцэл дээр тогтдог бөгөөд илтгэлцэл нь бусдад анхаарал хандуулснаас үүсдэг юм. Эдгээр залуучууд надтай уулзахаар энд хүрэлцэн ирсэнд би маш баяртай байна. Би та бүгдийн зөвхөн энд хүрэлцэн ирсэн явдалд талархсангүй, та бүгдийн эх орныхоо төлөө хийж байгаа үйл хэрэгт тань талархаж байна.” гэжээ.

Моррокогийн Касабланка дахь асар том ядуусын хороололд үйл ажиллагаа явуулж буй соёлын төвийн залуу удирдагч Соукаина Хамиа ярихдаа аль болох шудрага байхын төлөө суралцсан бөгөөд үүний улмаас нээлттэй байхаас айх шаардлагагүй гэдгийг ойлгожээ.
“Бид хүн төрөлхтөн гэх нэгэн гэр бүлийн гишүүд мөн. Бидэнд энх тайван хийгээд хайр энэрэл хэрэгтэй. Мэдлэг боловсролыг бусадтай хуваалцсан тохиолдолд жинхэнэ мэдлэг боловсрол болж ирдэг. Бид өдөр тутам, ахин дахин өөрдсийн мэдсэн мэдлэг боловсролоо энх тайвны төлөө зориулж чаддаг шинэ үеийг бэлдэх хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Америкийн их сургууль” болон “Энх тайвны институт”-д үг хэллээ
Уг хурлын үеэр Нигери улсаас ирсэн Викторияа Ибиоуи өөрийн
туршлагаасаа хуваалцлаа. Америк, Вашингтон.
2016.06.13. Гэрэл зургийг АЭТИ
Нигерт нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд залуучуудад туслах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог Викторияа Ибиоуи хэлэхдээ: “Бидэнд энх тайвны төлөө ажиллах сонголт байна. Нийгмийн амин гол газарт энх тайвныг бүрдүүлэх боломж бидэнд бий. Бид зөвхөн ярьдгийг өөрчлөх хэрэгтэй.” гэсэн юм.

Асуулт, хариултын үеэр танхимаас асуудлыг шийдэх тал дээр эмэгтэйчүүдийг хэрхэн үнэлж байгаа талаар асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа урьд өмнө хүн төрөлхтөн удирдагчгүй байсан. Дараа нь хөдөө аж ахуй болон эд хөрөнгийн талаар ойлголттой болоод ирэхийн хэрээр удирдагч хэрэгтэй болж эхэлсэн байна. Энэ үед бие махбодийн чадлаар нь удирдагчаа сонгодог байсан тул эрэгтэй хүмүүс илүү ихээр удирдагч болж байжээ. Ямартаа ч мэдлэг боловсрол эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг адил тэгш хэмжээнд авчирсан тухай ярьсан юм.

Тэрээр: “Сайхан сэтгэлийг улам хөгжүүлэх тал дээр бусдын зовлонг илүү их ойлгодог эмэгтэйчүүд илүү идэвхтэй байж чадна. Дэлхий дээрх улс орнуудаас 200 гаруй нь эмэгтэй удирдагчтай болвол энэ дэлхийд энх тайван илүү ихээр цогцлох болно.” гэлээ.

Дээрхийн Гэгээнтнийг яриагаа хийж дуусгаад хурлын заалнаас гарахад “USA Today” сонины сэтгүүлч Орен Дорелл саяны уулзалтын талаар түүний сэтгэгдлийг асуулаа. Дээрхийн Гэгээнтэн сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэх хичнээн чухал болохыг онцолсон юм. Олон хүн түүнд өдгөө 81 насыг зооглож байгаа ч маш залуу харагддаг гэж хэлдгийг дурьдлаа. Сэтгэл амгалан байсны ач тус хязгааргүй ажээ.

Үдийн хоолны дараа Ротерс агентлагийн сэтгүүлч Давид Бронстромтой ярилцахдаа дотоод сэтгэлд энх тайван байх аваас гадаад дэлхийд энх тайван цогцолно хэмээн айлдсан юм. Тэрээр мөн муслимын ахан дүүс нарыг өөрсдөөс тусгаарлахгүй байх нь чухал гэдгийг онцоллоо. Мөн өнөөгийн дүрвэгсэдийн талаар ахин мэдэгдэхдээ тэдний нутагт дайны галыг зогсоож, энх тайвныг эргүүлэн авчрах хэрэгтэй гэсэн юм.

Бронстром цааш асуухдаа эмэгтэй удирдагчийн талаар мэдэгдсэн Дээрхийн Гэгээнтний байр суурийг дурьдаад Америк улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болох нь дээр гэж үзэж байна уу хэмээн асуулаа. Дээрхийн Гэгээнтэн: “Би Америкийн ард иргэд үнэн зөв сонголт хийнэ гэдэгт л бүрэн итгэлтэй байна” гэж хариулав. Тэрээр төгсгөлд нь:

“Би Обама ерөнхийлөгчийн цөмийн зэвсгийг бууруулах санаачлагыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд энэхүү үйл хэрэг бүтэхийн төлөө би залбирах болно” хэмээн айлдсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Америкийн их сургууль” болон “Энх тайвны институт”-д үг хэллээ
Америкийн улс төрч Нанси Пелоси, жүжигчин Ричард Гир, Дээрхийн
Гэгээнтэн Далай Лам нар "Америкийн их сургууль"-д болох
ярилцлагын өмнө. Америк, Вашингтон. 2016.06.13.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Америкийн их сургууль”-д айлчилсан бөгөөд түүнийг “Төвөдийн Андууд” олон улсын байгуулгын тэргүүн Ричард Гир, Цөөнхийн бүлгийн дарга хатагтай Нанси Пелоси, Төвөдийн холбооны ерөнхийлөгч Жигмэ Горап нар угтан авсан юм.

“Хүндэт ахан дүүс нар аа, та бүхэнтэй уулзаж байгаадаа би туйлын баяртай байна. Бидэнд саруул ухаан бий. Аз жаргалтай амьдрах, зовлонгоос гэтлэхийн тулд тэрхүү саруул ухааныг бид ашиглах хэрэгтэй. Шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар хүн энэрэнгүй чанартай болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь бидэнд итгэл найдвар өгч байна.”

“Бид бишгүй олон асуудал бэрхшээлтэй тулгарч байгаагийн ихэнхийг бид өөрсдөө бий болгосон. Бидэнд тулгарч буй асуудлууд уур хилэн хийгээд амин хувиа хичээхээс үүдэлтэй. Үүнийг бид өөрчилж чадна. Бид өөрсдийн оюун ухааныг бусдад анхаарал хандуулах, мөн хүн төрөлхтөн бие махбодийн хувьд ч, оюун санааны хувьд ч адил гэдгийг ойлгож ухаарах талруу чиглүүлэх хэрэгтэй. Бидний үндсэн мөн чанарт энэрэн нигүүлсэхүйн уг үндэс бий. Хийтровийн онгоцны буудал дээр өчигдөр нэгэн хүн таны аз жаргалын нууц юу вэ гэж асуусан. Би түүнд энэ бол маш нууц гэж тоглон хэлсэн боловч дараа нь түүнд миний аз жаргалын нууц бол сэтгэлийн амар амгалан юм гэж хариулсан билээ.”

“Мэдлэг боловсрол бидний бодлыг өөрчилж чадна. XX зууны хүмүүс маш их асуудлыг бий болгосон бөгөөд XXI зууны иргэдэд тэдгээр бэрхшээлийг арилгах үүрэг ногдож байна. Хэрэв бид тайван амгалан хийгээд энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж чадвал амгалан тайван гариг дэлхийг бий болгож чадна. Харин үргэлжлүүлэн бие биеэнтэйгээ муудалцаж, нэг нэгнээ хуурч, хохироосоор байвал зөвхөн зовлон зүдгүүр л амсах болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Америкийн их сургууль” болон “Энх тайвны институт”-д үг хэллээ
"Америкийн их сургууль"-ийн Бендер Арена зааланд болсон
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын үеэр.
Америк, Вашингтон. 2016.06.13. Гэрэл зургийг Сонам Зогсан
Тэрээр цааш нь төвөд хэлээр үг хэлсэн юм. “Төвөдүүд бид зөвхөн ахуйн хэрэгцээг чухалчилж болохгүй. Бид Төвөдийн төлөөлөл гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Мөн өөрсдийн соёл уламжлалдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Бидний шүтдэг бурханы шашин нь Энэтхэгийн Наланда хийдээс шууд уламжлагдсан бөгөөд учир шалтгааны арга зарчмыг баримталдаг. Бидний энэхүү нандин соёл маань орчин үеийн шинжлэх ухаантай хөл зэрэгцэн оршиж чадна гэдгийг би сүүлийн гуч гаруй жил шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзсан туршлагаасаа мэдэж авсан юм.”

Тэрээр цааш нь ярихдаа сэтгэл судлал, сэтгэл хөдлөлийн талаар гүн нарийн арга ухааныг төвөдүүд дэлхий дахинд таниулах боломж байгааг дурьдлаа. Маш энгийн жишээгээр сайхан сэтгэл хичнээн тустай болохыг мэдэхэд хялбар ба уур хилэн зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах арга замын талаар нарийн судалгаа байдгийг онцолсон юм. Уур хилэн нь зарим тохиолдолд ашигтай мэт санагдах боловч угтаа энэ нь хүний саруул ухааныг сохолдог ажээ. Эцэст нь тэрээр мэдлэг боловсрол чухал болохыг ахин онцолсон билээ.


Дээрхийн Гэгээнтэн тайзнаас буусны дараа олон хүмүүсийн хажуугаар явж заримтай нь гар барьж, зарим хуучин андуудтай үг сольж, мөн зарим нэг шинээр төрсөн хүүхдэд нэр хайрласан юм. Эцэст нь тэрээр эргэн харж олон нийтийн зүг гар даллан салах ёс хийхэд цугласан олон түүнд “Далай Лам урт наслаарай” хэмээн давтан давтан ерөөж байлаа.
Үзсэн: 1 954
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц