Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Ардчилалын төлөөх үндэсний сангийн хөтөлбөрт оролцов

23-06-2016, 08:01  |  Хэвлэх

2016 оны 6 дугаар сар 16

АНУ, Вашингтон хот. 2016.06.14 – Тэнгэр бүрхэг энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брууклин институтыг үүсгэн байгуулахад гар бие оролцсон хятад эрдэмтэдтэй уулзаж энэ өдрийн ажлаа эхэллээ. Түүнийг Брууклин институтын ерөнхийлөгч Строб Талботт болон ахмад гишүүн Давид Доллар нар угтан авсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Ардчилалын төлөөх үндэсний сангийн хөтөлбөрт оролцов
Ерөнхийлөгч Обама Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Цагаан
Ордонд хүлээн авч уулзлаа. АНУ, Вашингтон хот. 2016.06.15.
Гэрэл зургийг Цагаан Ордны зурагчин Пете Соуза
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөнхийлөгч Обаматай уулзахын тулд Цагаан Ордны зүг хөдлөв. Хоёр удирдагчид хүний эрхийн талаар болон байгал цаг уурын өөрчлөлтийн талаар ярилцлаа. Тэд 45 минут ярилцсаны дараа ерөнхийлөгч Обама Дээрхийн Гэгээнтэнд сарнайн цэцэрлэг үзүүлсэн ба удахгүй дуудлага худалдаанд оруулах гэж буй өөрийн машинаа сонирхуулсан юм.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн “Ардчилалын төлөөх үндэсний сан”-д зочилж үдийн зоог барьлаа. Уг сангийн ерөнхийлөгч Карл Гершман болон бусад гуч гаруй гишүүд уг зоогонд хүрэлцэн ирсэн байв. “Ардчилалын төлөөх үндэсний сан” нь 1984 онд байгуулагдсан байна. Өнөөдрийн хөтөлбөр “Ардчилал ба найдвар” сэдвийн дор явагдах аж. Ерөнхийлөгч Карл Гершман нэгэнтээ “Хүний сайн сайхны төлөө тэмцэхэд итгэл найдвар үргэлж байх болно” хэмээн мэдэгдэж байжээ. Тэрээр хуульч Чэн Гуанчэн болон ерөнхий зохион байгуулагч Хан Донфан нарыг танилцуулсны дараа конгрессийн гишүүн Петер Роскамыг үг хэлнэ үү хэмээн урьсан юм. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ардчилалын үнэнийг илэрхийлж байгаад талархал илэрхийлэв.

Ричард Гир саяхан Сицилд кино зураг авалтын үеэр Лампадуса дахь цагаачлалын лагерт зочилсон тухайгаа ярьлаа. Түүнтэй уулзсан африк дүрвэгсэд муу засаг төр болон догшин хэрцгий хүмүүсээс зугатаж ирсэн ажээ.

Ардчилалын төлөөх үндэсний сангаас “Ардчилалын төлөөх хүчин зүтгэл” хэмээх шагналаар төвөдийн хувилгаан Тэнзин Дэлэк ринбочийн амьд сэрүүндээ хийж байсан хүмүүнлэг үйл хэргийг өндрөөр үнэлж нөхөн шагнав. Тэрээр улс төрийн хэргээр 13 жил хоригдсоны эцэст 2015 онд Сичуаны шоронд насан эцэслжээ. Түүнийг насан эцэслэсэн хойно цагдаа нар нууцаар бие лагшинг нь шатааж чандрыг нь үгүй хийсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Ардчилалын төлөөх үндэсний сангийн хөтөлбөрт оролцов
Гэвш Жамьян Няма Тэнзин Дэлэк ринбочэд нөхөн олгосон
шагналыг хүлээн авав. АНУ, Вашингтон хот. 2016.06.15.
Гэрэл зургийг Скот Хенриксен
Шагналыг түүний нагац, гэвш Жамьян Няма хүлээн авсан юм. Гэвш Жамьян Няма талийгаачийн үйл хэрэг болон үзэл санаа бүрийг Дээрхийн Гэгээнтэнд айлтгадаг байжээ. Ялангуяа Тэнзин Дэлэк ринбочэ Төвөдөд сургууль, цэцэрлэг барих зэрэг төвөд ард иргэдийн сайн сайхны төлөө тууштай тэмцэж байсан байна. Шагнал гардах үеэр тэрээр Тэнзин Дэлэк ринбочийн тэмцлийг дурсаж, төвөдүүд бид итгэл найдвараа алдахгүй байх хэрэгтэй гэж хэлсэн юм.

Олон жилийн турш төвөдүүдийн дотны анд болсон сенатор Диане Фанштайн энд хүрэлцэн ирсэн тухайгаа товч ярьлаа. Түүний нөхөр 1978 онд анх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай Дарамсала хотод уулзаж байжээ. Дараа нь тэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас “Бид тусгаар тогтнолыг чухалчлахгүй байна, гэвч бид өөрдсийн асуудлаа өөрсдөө шийддэг байх хэрэгтэй.” хэмээн хятадын удирдагч Жиан Зэминд хандаж хэлсэн захидал хүлээн авчээ.

Цөөнхийн бүлгийн дарга Нанси Пелоси: “Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бидний сөрөг хандлагыг өөрчилж энэрэнгүй хандлагыг бий болгодог.” хэмээн тэмдэглэн хэлэв.

Дараа нь Карл Гершман “Ардчилалын төлөөх үндэсний сан”-ын дэд тэргүүн, конгрессийн гишүүн асан Мартин Фростийг урьлаа. Ноён Мартин Фрост Төвөдийн Төв Захиргааны ардчилалынтөлөөх үйл хэргийг онцлов. Тэрээр АНУ болон цагаач Төвөдийн засгийн үндсэн хуулийн өмнөх үг бүхий дурсгалын жаазыг Төвөдийн Төв Захиргааны тэргүүн, сижон Лувсан Сэнгэд бэлэглэв. Сижон Лувсан Сэнгэ хэлэхдээ 1960 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хойд Энэтхэгт зам тавих ажил хийж байсан төвөд иргэдтэй уулзах үедээ “Би та бүхэнд итгэл найдвар өгөхөөр ирээд байна. Бид цагаачлан буй энэ үед ардчилалыг өрнүүлэх ёстой” гэж хэлсийг дурсан ярив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Ардчилалын төлөөх үндэсний сангийн хөтөлбөрт оролцов
Сижон Лувсан Сэнгэ Төвөдийн төв захиргааны өмнөөс АТҮС-ын
батламж хүлээн авав. АНУ, Вашингтон хот. 2016.06.15.
Гэрэл зургийг Скот Хенриксен
1960 оны сүүлээр анхны парламентийн сонгууль цагаач төвөд иргэдийн дунд болсон бөгөөд 1963 онд анхны эмэгтэй гишүүн сонгогдож байжээ. Өдгөө цагаач төвөдийн парламентийн 45 гишүүдийн 10 нь эмэгтэй гишүүн болохыг сижон тэмдэглэн хэллээ. Мөн 1963 онд цагаач төвөдийн төр анхны үндсэн хуулиа баталсан бөгөөд тухайн үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Хуулиас дээр хэн ч байхгүй” гэх заалтыг оруулж байжээ. 2001 онд Дээрхийн Гэгээнтэн өөрийн хагас албан тушаалаа хүлээлгэн өгсөн бөгөөд 2011 онд улс төрийн бүх эрх мэдлийг шинээр сонгогдсон сижонд бүрэн гүйцэд хүлээлгэн өгсөн байна. Сижон Лувсан Сэнгэ уг шагналыг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө гардан авч байгаа нь нэр төрийн хэрэг гэж үзэв.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг “Ардчилал ба Найдвар” сэдэвт ярилцлаганд урив. Уг ярилцлаганд Азербайжаны сэтгүүлч Арзу Гебүллаева, Кубээс ирсэн Роза Мариа Паяа, Суданы цахим идэвхтэн Азаз Елшами, Иорданы идэвхтэн Рами Сауд нар оролцсон юм. Ярилцлагыг “Ардичлалын төлөөх үндэсний сан”-гийн Азийн хэлтсийн дэд дарга Брайн Жосеф удирдав.

Азаз Елшами Дээрхийн Гэгээнтнээс гэгээлэг байхын учрыг асуусан нь эхний асуулт байлаа. Дээрхийн Гэгээнтэн гэгээлэг байхын үндэс суурь нь сайхан сэтгэл мөн гэж хариулав. Тэрээр голлох бүх шашнууд хайр энэрлийг номлодог гэдгийг дурьдлаа. Гэгээлэг чанар хүн бүхэнд байдаг ба тэрхүү энэрлийн сайхан сэтгэл нь бидний амьдралын үндэс суурь мөн хэмээн айлдсан юм.

Арзу Гебүллаевагийн үзэн ядалтын тухай асуултанд хариулахдаа:

“Үзэн ядах, уурлан хилэгнэх нь бидний сэтгэл санааны нэгэн илрэл юм. Бидний сэтгэл хөдлөлд байдаг зүйл мөн. Гэвч хүний сэтгэл хөдлөлийн дийлэнх нь хайр энэрлийн чанартай байдаг тул үзэн ядах, уурлан хилэгнэх зэрэг нь түр зуурынх билээ. Эдгээр нь сэтгэл хөдлөлийн баттай хэлбэр биш, өөрчилж болдог зүйл юм.” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Ардчилалын төлөөх үндэсний сангийн хөтөлбөрт оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам АТҮС-ын залуу идэвхтэн
гишүүдтэй уулзлаа. АНУ, Вашингтон хот. 2016.06.15.
Гэрэл зургийг Сонам Зогсан
Роса Мариа Паяа шүүх хийгээд уучлалын талаар асуусанд Дээрхийн Гэгээнтэн: “Шүүх гэдэг бол угтаа хүний аз жаргал, баяр цэнгэлийг хамгаалахын тулд ажилдаг. Харин уучлал гэдэг нь түүний урьд хийсэн буруу үйл хэргийг зогсоох нэгэн арга билээ.” хэмээн хариулав.

Рами Сауд шашны нэрийн дор зөрчилдөөн үүсэж байгаа талаар асуулаа. Дээрхийн Гэгээнтэн: “Ямар нэгэн шашин шүтэх нь хувь хүний хэрэг. Гэвч нэгэнт аль нэгэн шашин шүтэхээр шийдсэн бол түүнийгээ чанартайгаар шүтэх хэрэгтэй. Христийн шашин хайр энэрлийг номлодог. Муслимын шашин Аллах тэнгэрийн бүтээсэн болгоныг хайрладаг. Үүнд чиний дайсан ч багтах болно. Олон шашин үзэл онолын түвшинд ялгаатай болохоос бүгд хайр энэрлийг номлодогоороо адил юм.” хэмээн хариуллаа.

Тэрээр мөн өнөөгийн залуучуудад хүний үнэ цэнийг ухааруулах удаан хугацааны сургалт явуулах хэрэгтэйг онцлов. Мэдлэг боловсролыг улам өргөжүүлсний үр дүнд XXI зууныг өнгөрсөн зууны адил цуст дайны эрин үе болгохоос сэргийлж чадна гэдгийг тэмдэглэн хэллээ.

“Би шудрага үнэний хүч чадалд итгэдэг. Нэгэнт хүний үндсэн чанар энэрэнгүй болох нь батлагдсан тул итгэл найдвар төрж байна.”

Цагаач амьдралын талаар асуусанд тэрээр: “Би Вьетнамын цагаачидтай уулзаж байлаа. Тэд хаана ч байсан өөрсдийн онцлог чанар, шашин соёлоо хадгалан үлдэж байгаа нь намайг гайхшруулсан юм.” хэмээн хариуллаа. Уйгаруудын талаар асуухад тэд тэмцлийн хэлбэрээ өөрчилж хүч үл хэрэглэх зарчмаар явах хэрэгтэй гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Ардчилалын төлөөх үндэсний сангийн хөтөлбөрт оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Fox News”-ийн Брет Баертэй
ярилцлаа. АНУ, Вашингтон хот. 2016.06.15.
Гэрэл зургийг Сонам Зогсан
Уулзалтын дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Fox News”-ийн Брет Баертэй ярилцлаа. Тэрээр ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үед ерөнхийлөгч Дээрхийн Гэгээнтний нэгэн үүрэг болох хүний үнэ цэнийг хөгжүүлэх нь хүн төрөлхтөний аз жаргалын эх үндэс мэт болохыг ярьсан талаар дурьдав. Ерөнхийлөгч албан тушаалаасаа буусны дараа хүний дотоод амар амгаланг боловсролоор дамжуулан хөгжүүлэх тал дээр ажиллах бодолтой байгаа гэж хэлснийг Дээрхийн Гэгээнтэн ярьсан юм.

Ерөнхийлөгчтэй уулзсан түүний уулзалтанд Хятадын тал хэрхэн хандсан талаар ярихад:

“Бид тусгаар тогтнолыг чухалчлахгүй бөгөөд Төвөдийг Хятадаас салан тусгаарлах хүсэлгүй болно. Гэвч бид өөрсдийн буддын агуу их соёлыг хадгалан авч үлдэх, энэ нь зөвхөн төвөдийн ард түмэнд хэрэгтэй бус олон сая Хятад хүмүүст ч хэрэгтэй билээ. Төвөдөд ажилахаар ирсэн хятад ажилчид төвөдийн шашин соёлыг хүндэтгэх ёстой.” гэлээ.


Эцэст нь “Та өөдрөг үзэлтэй юу” хэмээн асуухад: “Мэдээжийн хэрэг, яагаад гэвэл хүмүүн төрөлхтний үндсэн чанар нь эерэг билээ. Бид олон ах, дүүс нартайгаа хамтран амьдрах болно. Тиймээс би өөдрөг үзэлтэй” хэмээн хариулсан юм.

Түүнийг гадагш гарахад цугласан олон урт наслахуйн ерөөлийг уншин уншин түүнийг үдлээ. Маргааш тэрээр Лос Анжелесийн зүг хөдөлнө.
Үзсэн: 1 632
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц