Сабу болон Сток тосгонд зочлов

15-08-2016, 17:42  |  Хэвлэх

2016 оны 8 дугаар сар 9

Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.08 – Ааригийн буддын гүн ухааны диалектикийн институтын нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тус институтын захирал, гэвш Цэван Доржэ, Гандан Ширээт Ризон ринбочэ, мөн зочид, Сабу тосгоны ард иргэд хүндэтгэлтэйгээр угтан авлаа.

Сабу болон Сток тосгонд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг ард олон сонсож
байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Гэвш Цэван Доржэ нээлтийн үг хэлэхдээ анх энэ сургууль нь 11 жилийн өмнө хүнд хэцүү амьдралтай 25 оюутныг сонгон авч суралцуулж байсан тухай Дээрхийн Гэгээнтэнд уламжлав. Өнөөдөр Жантан, Занскар зэрэг Ладакийн олон нутгаас цугласан 49 оюутан оюун ухаанаа уралдуулан суралцаж байгаа ажээ. Тэрээр цааш нь хэлэхдээ уг институт нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үнэтэй зөвөлгөөний дагуу оюутнуудын сурч мэдэх боломж улам нэмэгдүүлэх болно гэлээ.

Тав дахь төгсөлтийн оюутнууд “Оюун судахуйн найман бадаг” номыг уншив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутнуудад сурч мэдэх боломжийг хангаж буй тус институтын захирал болон бусад албаны хүмүүст талархал илэрхийлэв. Тэрээр 21 зууны мэдлэг боловсрол чухал байгааг онцолсон юм.

“Бурханы шашинт хүнийхээ хувьд бид буддизмыг судлах хэрэгтэй. Бид өөрсдийн саруул ухаанаа ашиглан Бурхан Багш яг юу айлдсаныг ойлгох хэрэгтэй байна. Шашны зан үйл болон цээжилсэн амны уншлагандаа найдах нь учир дутагдалтай. Хүн төрөлхтөнд гайхамшигтай оюун ухаан заяасан бөгөөд бид түүнийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй билээ. Ямар ч тохиолдолд саруул ухааныг бусдад тустай, сайн үйл хэрэгт зарцуулахаас биш хэн нэгнийг хорлох, хохироох үйл хэрэгт ашиглаж болохгүй.”

Сабу болон Сток тосгонд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам буддын гүн ухааны институтын
нээлтэнд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех.
2016.07.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Америк, Европ, Энэтхэг зэрэг олон улс орны мэдлэг боловсрол бүхий хүмүүс орчин үеийн боловсролын тогтолцоо нь зөвхөн материаллаг зүйлд чиглэсэн байх тул хангалтгүй гэж үзэж байна. Бидэнд дотоод сэтгэлийн амар амгалан чухал байдаг. Тийм учраас бид оюун ухааныг сайтар судалсан дотоод сэтгэлийн боловсролыг хослуулах хэрэгтэй.”

“Шашин шүтсэн ч, эс шүтсэн энэрэл хайрыг үгүйсгэж болохгүй. Бидний амьдрал эхийн хайр энэрлийн дор эхэлдэг. Энэ цаг үед шинжлэх ухааны эрдэмтэд хүний төрөлх мөн чанарыг энэрэнгүй гэж хэмээн тодорхойлж байна.”

“Дэлхий дээрх голлох томоохон шашин бүгд гүн ухааны адил бус байр суурьтай байдаг ч энэрэл хайр, уучлал, тэвчээрийн тухай номлодгоороо адил. Энэ нь шашин шүтэж буй хүн бүхэн бусдыг хүндлэх, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн үг юм.”

Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эрдэм мэдлэгийн чухлыг дахин тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр уг сургуулийн ерөнхий ивээн тэтгэгч Франц иргэнд Бурхан Багшийн шуумал дүрийг бэлэглэж, мөн сурагч оюутнуудын хамт зураг татууллаа.

Сабу болон Сток тосгонд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сурагч хүүхдүүд буддын гүн ухааны
мэтгэлцээн өрнүүлж байгааг сонирхов. Энэтхэг, ЖК, Ладак, Лех.
2016.07.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сток тосгоны зүг хөдөлсөн юм. Тэрээр эхлээд Сиддхарта дээд сургуульд зочлов. Түүнийг тус сургуулийг үүсгэн байгуулагч, Даши Лхүнбо хийдийн хамба лам Лувсан Цэдан угтсан юм. Дээрхийн Гэгээнтэн индрийн зүг явах зуураа буддын гүн ухааны мэтгэлцээн өрнүүлж буй гурван бүлэг хүүхдүүдийг ажилгаж байлаа.

Сургуулийн сурагч, багш, ажилчдыг төлөөлж захирал, гэвш Цэван Доржэ үг хэлсэн бөгөөд гурав дахь удаагаа Дээрхийн Гэгээнтнийг урин залж байгаадаа туйлын баяртай байгаагаа дурьдлаа. Тэрээр байнга заавар зөвөлгөө өгч байгаа Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус сургуульд сэтгэлээ ажиллаж байгаа хүмүүст талархал илэрхийлийн зэрэгцээ санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа хүмүүст ч талархъя гэсэн юм.
Тэрээр:

“Бид илүү энэрэнгүй хүмүүсийг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Энэ нь шашны тэмүүлэл биш, долоон тэрбум хүн энэ гариг дэлхий дээр амар тайван амьдрах тухай асуудал юм. Бид өчүүхэн бодолд баригдаж, түр зуурын ашиг хонжооны хойноос хөөцөлдөж болохгүй. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдралыг хүсч, зовлонгоос зугатдаг боловч тун харамсалтай нь бид өөрсдөө зовлонг бий болгосоор байна.”

Сабу болон Сток тосгонд зочлов
Далай Лам Сиддхарта сургуулийн сурагч, багш, ажилчидтай
уулзлаа. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.08.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Өнөөгийн дэлхий дээр өрнөж байгаа олон хүчирхийллийн гол үндэс нь “бид”, “тэд” гэж хуваагдах явдал билээ. Бид үүнийг таслан зогсоохгүй бол 21 зуун маань өнгөрсөн зууны адил хүчирхийллийн эрин үе болох магадлалтай. Үүнийг таслан зогсоох цаг үед бид амьдарч байна. Чин үнэндээ илүү амар амгалантай хүн төрөлхтөнийг бий болгох нь ерөөл залбиралаар бус, мэдлэг боловсролоос шалтгаална. Бид уур хилэн, стрессийн сөрөг үг дагаварыг танихын тулд нийтийн эрх ашгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь ердөө хүн, амьтанд анхаарал халамж хандуулах гэсэн үг юм.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь сурагч хүүхдүүдийг маш сайн суралцахыг уриалав. Тэрээр хүүхдүүдэд логик сэтгэлгээ болон мэтгэлцээний арга барилд сайн суралцахын зөвөллөө. Сурагч хүүхдүүдийн академик түвшнийг нэмэгдүүлэхэд эдгээр арга барил маш их тустай ажээ. Эцэст тэрээр сурагч нарт хандан амар амгалан дэлхий ертөнцийг бий болгохын төлөө эрдэм мэдлэгт бүрэн гүйцэд суралцах хэрэгтэйг зөвлөв.

Далай Лам Сток хийдэд морилон ирэхэд Бакула ринбочийн хойд дүрийн бага хувилгаан угтан авлаа. Бакула ринбочэ 1959 оноос өмнө Лхаст гэвш лхарамбын цол хамгаалсан бөгөөд дараа нь цагаачлал дахь төвөдүүдэд асар их тус дэмжлэг болжээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бага хувилгаанд эрдэм номоо сайн үзэхийг зөвлөв.

Сабу болон Сток тосгонд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сток хийдэд үг хэлж байгаа нь.
Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.08. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Хийдийн дуганд морилсон хойноо Дээрхийн Гэгээнтэн шүтээнд залбираад суудалдаа суулаа. Тэрээр уг хийд хэрхэн бий болсон, лам хуврагууд ямар ном үзэж судалдагийг асуусанд хийдийн удирдлагууд Хайдүв гэгээний шавь нар анх хийдийг байгуулсан бөгөөд өдгөө лам хуврагууд бодь мөрийн зэрэг болон буддын гүн ухааны билиг барамидын сургаалд суралдцаг гэх зэргийг тайлбарлан айлтгав. Мөн хоёр сар тутамд хийдийн арван таван лам эх хийд болох Спүтик хийдэд дадлага хийдэг ажээ.

Дээрхийн Гэгээнтэн:

"Та нар Богд Зонховын “Их бодь мөрийн зэрэг”-т дөрвөн үнэний тухай хэрхэн айлдсаныг судалж, нягталж, мэтгэлцэж утга учрыг нь ойлгох хэрэгтэй. Бакула ринбочийн хувилгаан ч мөн адил хувилгаан гэх хоосон нэр төдийд хоцролгүй буддын гүн ухаанд сайтар суралцаарай.” хэмээн айлдсан юм.

Сабу болон Сток тосгонд зочлов
Бурхан Багшийн шинэ сэрэг дүрийн өмнө олон нийтээрээ цуглаж
Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсов. Энэтхэг, ЖК, Ладак, Лех.
2016.07.08. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)

Сток тосгоны ихэнх хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг харахаар саяхан шинээр бүтээсэн Бурхан Багшийн сэрэг дүрийн өмнө цугласан байлаа. Тэрээр Бурхан Багшийн дүрийн өмнө саатаад олон нийтэд: “Зүрх сэтгэлдээ бусдыг хайрлах их нигүүлсэнгүй сэтгэлтэй байж, оюун ухаандаа юмс бүгдийн шүтэлцэн орших шүтэн барилдлагын тухай бодож бясалгах хэрэгтэй. Эхнийх нь бүх шашинд байдаг зүйл бол хоёр дахь шүтэн барилдлагын онол нь гагцхүү бурханы шашны онцлог юм” хэмээн тайлбарласан юм.

Эцэст нь Далай Лам буддын шашны номлол дахь шүтэн барилдахуйн онолыг ойлгохын хэрээр сөрөг сэтгэл хөдлөлүүд арилах бөгөөд энэ арга замаар гэгээрэлд хүрэх болно гэдгийг айлдсан юм.
Үзсэн: 1 637
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц