Буддын эмэгтэйчүүдийн хийд болон Тиксей дэх муслимын сүм, Шей дэх Ламдон сургуульд зочлов

23-08-2016, 12:27  |  Хэвлэх

2016 оны 8 дугаар сар 14

Энэтхэг, ЖК, Ладак, Тиксей. 2016.08.12 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тиксей хийдэд морилохын өмнө эмэгтэйчүүдийн Гандан Чаднянлин хийдээр зочлов. Энэ хийд Тиксей хийдээс өмнө зүгт нэг километрийн зайд орших ажээ. Тэрээр замдаа 11 зууны үед төвөдийн их хэлмэрч лозова Ринчэнсанбугийн байгуулсан хийдийн туурийг үзэв. Бирузанагийн сүмд морилох үеэр эрт үед энэ хийдэд мөргөл залбирал үйлдэхийн зэрэгцээ буддын гүн ухаанд суралцдаг байсныг дурьдсан юм. Их ерөөл тавьж байгуулсан хэлмэрч лозова Ринчэнсанбугийн үйл хэргийг үргэлжлүүлж өдгөө ч гэсэн энд номын хэлэлцүүлэг өрнүүлж, мөн буддын гүн ухааны билиг барамамидын 16 боть номыг жилд нэгээс доошгүй уншиж байх хэрэгтэй гэж зөвлөв. Энэ үйл хэрэг нь нутаг оронд таатай цаг уур бүрдэхэд чухал нөлөөтэй гэлээ.

Тэрээр уг сүмээс морилон гарахын өмнө ахин:

"Өдгөө би 81 нас хүрч байгаа ч хэзээ боломж гарна тэр болгонд судар ном үзэж судалдаг. Та бүхэнд ч гэсэн тэгэхийг зөвлөе” гэсэн юм.

Буддын эмэгтэйчүүдийн хийд болон Тиксей дэх муслимын сүм, Шей дэх Ламдон сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмэгтэйчүүдийн Гандан Чаднянлин
хийдэд морилох үеэр. Энэтхэг, ЖК, Ладак, Тиксей.
2016.08.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тиксей ринбочэ удирддаг эмэгтэйчүүдийн Гандан Чаднянлин хийдэд морилон ирэхэд тус хийдийн удирдах албаны хүмүүс түүнийг угтан авч дугандаа хүндэтгэлтэйгээр урин залав. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам суудалдаа суусан хойно нутаг орны иргэдэд мэдлэг боловсрол олгох их үйл хэргийг хийж байгаа Тиксей ринбочийг магтан сайшаасан юм. Тэрээр:

"Хэдэн мянган жилийн өмнөөс өвлөгдөж ирсэн буддын гүн ухаан нь ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, билиг оюун гэх гурван чиглэлийн сэдвийг агуулсан бөгөөд энэ нутагт хөгжин дэлгэрсэн юм. Тийм учраас энэхүү боломжийг эмэгтэй хуврагууд та бүхэн бүрэн дүүрэн ашиглаж буддын гүн ухаанд сайтар суралцах хэрэгтэй.” гэж айлдлаа.

Төвөд болон Хималайн бүс нутгийн эмэгтэй хуврагууд буддын гүн ухаанд гүйцэд суралцан гэвшмаа цол хамгаалж эхэлсэн тухай тэрээр тэмдэглэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн:

"Олон жилийн өмнөөс би эмэгтэй хуврагуудыг буддын гүн ухаанд суралцах хэрэгтэй гэж зөвлөсөн. Эдүгээ гэвшмаа цол хамгаалж байгаа эмэгтэй хуврагууд гарч эхэллээ. Та бүхнийг ч гэсэн буддын гүн ухааны сонгодог ном сургаалд суралцах хэрэгтэй гэж зөвлөе” хэмээн айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Манзушри бурханы зүрхэн тарнийн аман эш хайрлаад яриагаа өндөрлөв. Тэрээр Манзушри бурханы зүрхэн тарнийг унших нь бидний оюун ухааныг хөгжүүлэх онцгой ач тустай боловч буддын гүн ухаанд суралцах нь оюун ухааныг хөгжүүлэх үндсэн хүчин зүйл болохыг тайлбарлав.

Буддын эмэгтэйчүүдийн хийд болон Тиксей дэх муслимын сүм, Шей дэх Ламдон сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн муслимын шиа урсгалын сүмд айлчлах үеэр.
Энэтхэг, ЖК, Ладак, Тиксей. 2016.08.12. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Тиксей тосгонд байрлах муслимын шиа урсгалын сүмд зочлоход муслимын шашин, соёлын нийгэмлэгийн удирдлагууд угтан авлаа. Хүн бүгдийг суудлаа эзэлсний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхлэв.

Тэрээр шашин хоорондын эв найрамдлын талаар ярьсан бөгөөд энэ тал дээр Энэтхэг улс, ялангуяа Ладак дахь буддын болон муслимын шашинтан нар үлгэр жишээ болж байгааг магтан ярьсан юм. Энэхүү найрсаг байдал нь зөвхөн Ладакт бус дэлхий дахинд, ялангуяа Арабын ертөнцөд нэн чухал байгааг онцоллоо. Дээрхийн Гэгээнтэн 9 сарын 11-ний үйл явдлаас хойш муслимын шашинтан нарыг хамгаалж эхэлсэн бөгөөд “муслим хийгээд барууны зөрчил” гэх гаж буруу ойлголтыг арилгахын төлөө хичээж байгаа гэдгээ тэмдэглэн хэлэв. Тэрээр Ладак дахь муслим нөхдөд шашин хоорондын эв нэгдлийн төлөөх хөдөлгөөн өрнүүлэхийг уриалсан юм.

"Хэрэв та бүхэн энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж чадвал би муслимын малгай өмсөөд оролцоход хэзээд бэлэн байна. Бид бүхэн бусдын зүрх сэтгэлийг нээж, улмаар олон шашинтан эв найрамдалтайгаар энэ дэлхий дээр зэрэгцэн амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.”

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтийн зүгээс ирсэн хэд хэдэн асуултанд хариулсан юм.

Үдийн зоогийн дараа тэрээр Ламдон сургуульд зочлов. Энэхүү сургуулийг Ладакийн уулийн зөвлөлийн дэд даргын санаачлагаар байгуулжээ. Тус сургуульд хүрэлцэн ирэхэд сургуулийн сурагч нар уламжлалт заншлын дагуу хүндэтгэлийн дуу дуулан түүнийг угтлаа. Сурагчид Манзушри бурханы магтаал, зүрхэн тарнийг уншсаны дараа Энэтхэгийн төрийн дууллыг дуулсан юм.

Буддын эмэгтэйчүүдийн хийд болон Тиксей дэх муслимын сүм, Шей дэх Ламдон сургуульд зочлов
Ламдон сургуулийн сурагчид Дээрхийн Гэгээнтний айлдварыг
сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Шей. 2016.08.12.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Ладакийн уулийн зөвлөлийн дэд дарга үг хэлэхдээ тус сургуульд Дээрхийн Гэгээнтнийг урин залах эртний хүсэлтэй байснаа илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Манзушри бурханы магтаалаас тайлбарлан айлдсан юм. Тэрээр мунхагийн харанхуйг мэдлэг боловсрол, билиг оюунаар даван туулна гэлээ. Тэрээр орчин үеийн боловсролын тогтолцоонд буддын гүн ухааны сэдэвт хичээл оруулах хэрэгтэй гэж хэлдгээ энд дурьдсан юм.

“Билиг оюун гэдэг нь дан ганц залбирал, тарни уншсанаар ирдэг зүйл биш ээ. Хэдий чинээ сайн суралцана төдий хэмжээнд саруул оюун ухаан хөгжинө.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үйл ажиллагааг зохион байгуулсан хүн бүгдэд талархаад Шивацал ордны зүг хөдөлсөн юм.
Үзсэн: 1 537
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц