Оюун ухаан ба Амьдрал - “Эрх мэдэл хийгээд Халамж” – Хоёр дахь өдөр.

9-10-2016, 09:28  |  Хэвлэх

2016 оны 9 дүгээр сарын 10

Бельги, Брюссел. 2016.09.10 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Оюун ухаан ба Амьдрал” хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр хүрэлцэн ирэхэд Брюсселийн Дүрслэх урлагийн Бозар төвийн хонгил дагуу түүнтэй мэндчилэхээр олон хүмүүс цугларсан байлаа. Эхний өдрийн илтгэгчид гол төлөв эрдэмтэд байсан бол энэ өдөр төрөл бүрийн салбарын хүмүүс цугларсан байв. Анри ле Бафа ордонд Дээрхийн Гэгээнтний оролцсон хэлэлцүүлэгт оюун санааны болон шашны үүднээс эрх мэдэл болон халамжийн талаар хэлэлцсэн юм. Хурал удирдагч Роши Жоан Халифакс түүнээс хэлэлцүүлгийг нээж үг хэлэхийг хүслээ.

Оюун ухаан ба Амьдрал - “Эрх мэдэл хийгээд Халамж” – Хоёр дахь өдөр.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Оюун ухаан ба Амьдрал” хурлын
хоёр дахь өдрийн өглөөний хурлыг нээн үг хэлж байгаа нь. Бельги,
Брюссель. 2016.09.10. Зургийг Оливер Адам
“Энэхүү хэлэлцүүлэгт оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг болж байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлээд “Миний гурван үүргийн нэг нь шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх явдал билээ. Энэхүү эв нэгдлийн үндэс суурь нь маш тодорхой. Бүх шашин нэгдмэл байх, хүлээцтэй байх, бусдыг уучилж өршөөх болон хувийн сахилга баттай байх талаар, мөн хайрын тухай сургадаг. Шашны философи үзэл санаа харилцан адилгүй, жишээлбэл бүтээгч – Эзэн байдаг, эсэх дээр өөр өөр үзлийн ялгаа байдаг ч бүгд хайрыг уриалан дууддаг билээ. Энэ үзлийн ялгаа нь өөр өөр улс оронд янз бүрийн цаг хугацаанд амьдардаг өөр өөр хандлагатай хүмүүст тохирдог юм.

“9 сарын 11- ны үйл явдлаас хойш би муслимын шашныг өмөөрдөг болсон. Бусдын цусыг урсгаж байгаа лалынхан жинхэнэ лалын шашинтан байхаа больж байгаа нь ойлгомжтой. Лалын юмуу буддын алан хядагчид гэж үзэх нь буруу юм. Учир нь алан хядах үйл ажиллагаанд оролцогчид жинхэнэ сүсэгтэн биш гэсэн үг. Би үүнийг өөрийн муслимын шашинт найз нөхдөөсөө сонссон бөгөөд хожим нь муслимын эрдэмтэдтэй ярилцаж байхад тэд бас түүнийг батлан хэлж байсан юм.”

“Түүнчлэн шашны уламжлалт ёсонд тодорхой газар орон болон цаг хугацаатай холбоотой соёлын нөлөө байдаг. Энэтхэг нөхөд маань надад хэлэхдээ Жейн шашныг үндэслэгч Махавираг амьдарч байх үед амьтны амь хөнөөх нь маш түгээмэл байсан ба энэ нь эдийн засгийн сөрөг үр дагавартай байсан. Үүний хариуд Махавира бусдын амьдралыг хүндэлж, хүчирхийлэл үйлдэхгүй байх талаар хатуу хориглосон сургааль ном айлддаг байжээ. Лалын сургаалиуд хамгийн анх Арабын хууль дүрмээ мэддэггүй нүүдэлчин хүмүүсийн дунд гарсан ба коранд шариатын хатуу заалтуудаас орсон байдаг юм. Зарим ёс заншлууд, жишээлбэл Далай Ламын улс төрийн үүрэг, түүний феодалтай холбосон утга агуулга нь өөрчлөгдөх ёстой. Энэтхэгт мөн хүмүүсийг анги давхаргаар ялгадаг кастын систем маш хуучирсан бөгөөд энэ нь ялгаварлан гадуурах хор хөнөөл дагуулж байна. Түүний шалтгааныг үйлийн үр болон бүтээгч – Эзэний хүсэл хэмээн тайлбарладаг нь зохимжгүй юм.

“Оюун санааны болон шашны уламжлалыг дагагчид хоорондоо холбогдож нэг нэгэнтэйгээ уялдаатай байх хэрэгтэй. Энэ нь фундаменталистууд гэж нэрлэгдэх тэдэнд ч хамаарах бөгөөд эцсийн дүндээ бид бүгдээрээ адилхан хүн билээ.”

Оюун ухаан ба Амьдрал - “Эрх мэдэл хийгээд Халамж” – Хоёр дахь өдөр.
Эрхэм хүндэт Матью Рикард “Оюун ухаан ба амьдрал” хэлэлцүүлэгт
үг хэлж байгаа нь. Бельги, Брюссель. 2016.09.10.
Зургийг Оливер Адам
Роши Жоан Халифакс Шинэ Зеландаас ирсэн Маори омгийн ахлагч Паулина Тангиориа-г үг хэлэхийг хүсэхэд тэрээр сайн болон муу зүйл хийх хүч чадал бүгдэд нь өгөгдсөн байдаг гэв. Тэрээр үндэстэн дамнасан корпорацуудын эсрэг хоол хүнсийг ашиг хонжоо болгож, том далангууд барин талбайн усалгааг хааж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Хэрэв бид газраа хайрлан хамгаалахгүй юм бол цаашид улам хэцүү болно гэдэг нь ойлгомжтой гэлээ.

Буддын лам бөгөөд гэрэл зурагчин, хүмүүнлэгийн ажилтан эрхэм хүндэт Матью Рикард бид билиг оюун, энэрэнгүй сэтгэлтэй болсон цагт л хүч чадлыг зүй ёсоор ашиглаж чадна гэв. Тэрээр бусдыг зовлонгоос ангижруулахын тулд гэгээрэлд хүрэх энэрэнгүй эрмэлзлэлийн талаар ярив. Зөвхөн энэхүү зорилгоор л бид оюун ухааныг гүйцэд ашиглах ёстойг онцолсон юм. Тэрээр үнэнч, хүч үл хэрэглэх байдал нь хүмүүсийн ойлгодог шиг сул дорой байдлын илрэл биш харин ч маш их эр зориг дотоод хүчийг шаарддаг хэмээн нэмж хэллээ. Төгсгөлд нь бид өөрийн хүч чадлыг зовлонгоос ангижирч аз жаргалд хүрэхийн тулд ашиглах хэрэгтэй гэсэн билээ.

Якоб Сутэндорпын нэрэмжит Хүний үнэ цэнийн институтыг үндэслэгч Рабби Авраам Сутэндорп бид дангаараа зорилгодоо хэзээ ч хүрч чадахгүй гэдгийг онцлон хэлэв. Тэр Дээрхийн Гэгээнтэн хүн төрөлхтөн эвлэлдэн нэгдэх хэрэгтэй гэж хэлснийг маш зөв гэлээ. Тэрээр дотоод сэтгэлийн зөвлөл байгуулж Дээрхийн Гэгээнтнийг үүсгэн байгуулагч гишүүдийн нэг болох санал тавьсан ажээ. Эцэст нь тэр, жүүд болон лалын шашинт хүмүүс, Израйл болон Палестин хүмүүс, Төвөд Хятад хүмүүс хоорондоо эв найртай амьдрах цаг ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Оюун ухаан ба Амьдрал - “Эрх мэдэл хийгээд Халамж” – Хоёр дахь өдөр.
Ах Тьерр-Мари Куро “Оюун ухаан ба амьдрал” хэлэлцүүлэгт үг хэлж
байгаа Алаа Мурабитыг харж байгаа нь. Бельги, Брюссель.
2016.09.10. Гэрэл зургийг Оливер Адам
Ах Тьер Мари –Куро “Оюун ухаан ба Амьдрал” хэлэлцүүлгийн урианд тусгалаа олсон бусдыг сонсож, бусдын төлөө үйлчилж байгаа халамж анхаарлыг сайшаан магтлаа. Тэрээр, хайрыг сонгосноороо бид эрх чөлөөг сонгож байна, чухамхүү энэ л дэлхийг өөрчлөх болно хэмээн нэмж хэллээ.

“Ливийн эмэгтэйчүүдийн дуу хоолой” байгууллагыг үндэслэгч Алаа Мурабит эрх мэдэл ба тусламж нь гол төлөв өөр хоорондоо зөрчилтэй асуудал гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Тэрээр өөрийн сүсэг бишрэлийг сүмээс биш 11 хүүхэд өсгөж бойжуулсан ээжээсээ анх удаа сурч мэдсэн байна. Тэрээр шашны салан тусгаарлагчид гэдэг үгэнд нэг их таатай ханддаггүй ба учир нь тэдгээр хүмүүс шүтлэг бишрэлээ даган мөрддөг мэт харагдавч, үнэн хэрэгтээ тэдний олонхи нь энэ бүгдийг мушгин гуйвуулдаг гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, сүсэг бишрэлийг улс төрийн зорилгоор ашиглах явдалд онцгой анхаарах ёстой гэлээ.

Дээрхийн Гэгээнтнийг үг хэлнэ үү хэмээн урихад тэрээр 1975 оноос хойш янз бүрийн шашны ариун дагшин газар, сүм хийдээр мөргөл үйлдэн явж байгаа талаар ярив. Саяхан Энэтхэгийн Ладакт Буддын хийд, Сунни болон Шиа сүмд нөхөрлөлийг бэлэгдэж айлчлан очсон тухайгаа ярьлаа. Тэрээр Энэтхэг, Малайз болон Индонези зэрэг орнуудад хүүхэд өсч томрох явцдаа өөр шашин шүтлэг оршин байдгийг мэдэж өсдөг тул зөвхөн өөрийн шашныг сохроор даган шүтдэггүй гэдгийг тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн сайн сайхны төлөө уйгагүй хичээн зүтгэвэл сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлсэн юм.

Оюун ухаан ба Амьдрал - “Эрх мэдэл хийгээд Халамж” – Хоёр дахь өдөр.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” хуралд
үг хэлсэн Маури омгийн ахлагч Паулина Тангиориа-д талархалаа
илэрхийлж байгаа нь. Бельги, Брюссель. 2016.09.10.
Гэрэл зургийг Оливер Адам
Дээрхийн Гэгээнтэн Паулина Тангория –д үндэсний уламжлал болон бие даасан байдлаа хадгалан үлдэх Маори омгийнхны хандлагаар бахархаж байгаагаа хэлээд түүнчлэн орчин үеийн боловсролыг эзэмших нь цөөхөн хүнтэй уугуул нутгийн хүмүүст шаардлагатай чухал зүйл гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Тэрээр эмэгтэйчүүд илүү их удирдах үүрэг рольтой байх хэрэгтэй гээд хэрэв өнөөгийн 200 гаруй улс үндэстэн эмэгтэйчүүдээр удирдуулсан бол хорвоо дэлхий илүү амар амгалан байхсан гэж бодож явдгаа хэлэв. Халуун алга ташилтын доор тэрээр “Эрчүүдийн давуу эрх одоо хангалттай” гэлээ. Алаа Мурабит энэхүү санааг үргэлжлүүлэн эр эм хүйсийн асуудлыг дахин хянах үзэх хэрэгтэй юм гэв. Тэрээр хүн бүр ижил тэгш боломжоор хангагдах, цаашилбал шүтлэг бишрэлийн үндсэн дээр ч эрх тэгш бус байдлыг арилгах уриалга гаргахыг санал болгосноор өглөөний энэхүү хэлэлцүүлэг халуун алга ташилтын доор өндөрлөлөө.

Эдийн засагч Увэ Хоусер үдээс хойших хэлэлцүүлгийг нээж, эдийн засгийн болон нийгмийн үүднээс эрх мэдэл ба халамжийн талаар хэлэлцэх тухай танилцууллаа. Тэрээр эдийн засаг бол анхандаа аз жаргалыг судлах шинжлэх ухаан болон үүссэн гэдгийг цохон тэмдэглэв. Тэр дэлхийг хэрхэн өөрчлөгдөх талаар хоёр эдийн засагч, үүнийг практикт хэрэгжүүлдэг хоёр нийгмийн зүтгэлтэн нар өнөөдөр илтгэл тавина хэмээн танилцууллаа.

Оюун ухаан ба Амьдрал - “Эрх мэдэл хийгээд Халамж” – Хоёр дахь өдөр.
Дэнис Сноуер “Оюун ухаан ба амьдрал” хэлэлцүүлэгт үг хэлэв.
Бельги, Брюссель. 2016.09.10. Зургийг Оливер Адам
Дэлхийн эдийн засгийн Кил институтын ерөнхийлөгч Денис Сноуэр хүмүүс бид хоорондоо адилгүй боловч бүгд ижил тэгш юм хэмээн илтгэлээ эхлэв. Тэрээр бид яагаад илүү их хамтарч болдоггүй юм бэ хэмээн асуугаад яагаад гэвэл бид - хувийн ашиг сонирхол, халамж, эрх мэдэл болох гурван зүйл биднийг удирддаг хэмээн хариулав. Тэрээр 1990 оноос хойш эд бараа болон үйлчилгээний төрлүүд асар ихээр өсөн нэмэгдсэнийг цохон тэмдэглээд нэг тэрбум хүн элбэг хангалуун амьдарч байна гэв. Халамжийн хувьд гэвэл бусдад туслах нь бидэнд ашигтай. Тэрээр дотоод болон гадаад өөрчлөлтөд хүрэх төрөл бүрийн арга замуудыг дурдаад, түүний дотор бусдын санаа бодлыг тусгах, нийтийг хамарсан барилга байгууламж барих нь чухал байна гэв.

Дээрхийн Гэгээнтэн нэмж эдийн засгийн талаар – энэ бол чухал зүйл гэж талархаж явдгаас өөр ямар нэг мэдлэггүй гэдгээ хэлэв. Ерөнхийдөө тэрээр социалист үзэл санааг дэмждэг ба Марксын баялгийг тэгш хуваарилах зарчимд таатай ханддаг гэсэн юм. Тэр өнөөгийн капиталист нийгэмд баян нь улам баяжиж байхад ядуус нь ядуугаараа үлдэх эсвэл бүр үгүйрэн хоосордогт харамсаж явдгаа илэрхийлэв.

Удирдлагын Блаватник сургуулийн профессор ноён Пол Коллье хэлэхдээ эдийн засагчид бүхэлдээ хуучирсан консерватив үзэлтэй бөгөөд 19-р зууны хэв загварт баригдан шинжлэх ухааны сонгодог механикаас квантын физик хүртэл урагшлан хөгжсөнийг ч анзаарахгүй байна гэв. Дээрхийн Гэгээнтэн бид бүгд харилцан уялдаатай байдаг учраас одоо ч дэлхийн эдийн засаг нэгдмэл нэг байна хэмээн өөрийн үзлээ нэмж илэрхийлэв. Үүнтэй уялдан бидэнд найз нөхөд хэрэгтэй байна. Хаана итгэл байна тэнд нөхөрлөл байдаг, харин итгэл нь бусдын сайн сайхны төлөө санаа тавихаас эхэлдэг гэлээ.

Оюун ухаан ба Амьдрал - “Эрх мэдэл хийгээд Халамж” – Хоёр дахь өдөр.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тео Соваг “Оюун ухаан ба амьдрал”
хэлэлцүүлэгт үг хэлсний дараа хамтдаа байгаа нь. Бельги,
Брюссель. 2016.09.10. Зургийг Оливер Адам
Африкийн эмэгтэйчүүдийн Хөгжлийн сангийн захирал Тео Сова нийгэмд байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үүрэг роль, тэдний бусдад санаа тавих чадварын тухай маш тодорхой ярьсан юм. Тэрээр хүүхэд болон эмэгтэйчүүдтэй байнга ажилладагын хувьд орчин үед хүлээн зөвшөөрөгдөж байгаа үнэ цэнийн систем буруу явагдаж байна хэмээн тодорхойлов. Түүнийг өөрчлөхийн тулд эдийн засгийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэрээр хэлэхдээ, эмэгтэй хүн үүрэг хариуцлага хүлээвэл үр дүн нь сайн байдаг гэдэгт хатуу итгэдэг байна. Тэрээр эмэгтэйчүүд хэрхэн өглөө эртлэн босч хүүхдүүдийнхээ хоол ундыг бэлтгээд сургуульдаа явахад нь бэлдэж, нөхрөө ажилд явахад нь бүх зүйлийг нь бэлдэн өгч, гэр орны ажлаа хийн орой нөхөр хүүхдүүд нь гэртээ ирэхэд оройн хоол унд хийдэг талаар маш тодорхой ярив. Нөхрийнх нь найзууд “ Танай эхнэр чинь юу хийдэг вэ?” гэхэд нөхөр нь омог бардам “юу ч хийдэггүй” гэж хэлдэг ажээ.

Сова үнэ цэнийн ойлголт гажсан энэ нөхцөлд эмэгтэйчүүд юу ч хийсэн ямар ч үнэлэмж байдаггүй талаар итгэлтэй батлан хэлэв. Олон улсын байгууллагууд ямар нэг хөрөнгө оруулалалт хийхдээ ч эмэгтэйчүүдийн оролцоог огт тоодоггүй нь бүр тогтсон заншил болсон байна. Үүнтэй уялдан тэрээр бид дэлхий дээр ижил тэгш эрхтэй байхын төлөө тэмцэх хэрэгтэй. Энэ үгийн дараа танхим дүүрэн алга ташиж оролцогчид суудлаасаа босч зогсов. Дээрхийн Гэгээнтэн түүнийг тэврэн түүний яриаг маш их талархан хүлээн авснаа хэлэв.

Оюун ухаан ба Амьдрал - “Эрх мэдэл хийгээд Халамж” – Хоёр дахь өдөр.
Нобелийн шагналт Жоди Уильямс “Оюун ухаан ба амьдрал” хуралд
үг хэлж байгаа нь. Бельги, Брюссель. 2016.09.10.
Гэрэл зургийг Оливер Адам
Хүний эрхийг хамгаалагч Нобелийн шагналт Жоди Уильямс сэдвийг үргэлжлүүлэн Дээрхийн Гэгээнтэн ба Хамба лам Десмонд Туту нарын хэлсэн үгнээс иш татан: Эрчүүд эмх замбараагүй байдал бий болгосон, одоо эмэгтэйчүүдийн оролцох цаг болсон гэв. Тэрээр залуу хүмүүсийг ирээдүйгээ гартаа авахыг уриалдаг «Peace Jam» хөдөлгөөний талаар ярив. Түүнчлэн хүмүүс хүний эрхээ эдлэхээс гадна бас үүрэг хариуцлага байдаг гэдгээ мэдэх хэрэгтэй гэлээ.

“Бидэнд хүч чадал, эрх мэдэл байна, харин бид түүнийгээ ашиглаж чадах уу, үгүй юу гэдгээ сонгодог” гэж хүний эрхийг хамгаалагч маань хэллээ.
Төгсгөлд нь, Дээрхийн Гэгээнтэн хүний аз жаргал, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх болон Төвөдийн байгаль орчин, энх тайванч соёлыг хадгалан үлдэх талаар ажиллах ёстой өөрийн гурван үүрэг даалгавраа дахин цохон хэлэв. Тэрээр хэлэхдээ, боломж гарах бүрд хэвлэл мэдээлэлийнхэнд үүнийг хэлдэг нь тэд хүнийг цочролд оруулсан болон сөрөг мэдээллээс илүүтэйгээр хүний эерэг үнэ цэнийг хөхүүлэн дэмжих үүрэг хариуцлагаа санаж байхыг уриалж байгаа юм. Тэрээр бидэнд боловсролын системийг сайжруулах чадвар байгаа бөгөөд чухамхүү боловсролд л сайн сайхан ирээдүйн итгэл найдварын үндэс оршдог гэдэгт итгэлтэй байгаагаа дахин давтан хэллээ. Зөвхөн боловсролоор дамжуулан хүн төрөлхтөн илүү их аз жаргалтай дэлхийг бий болгоход хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулах ёстойгоо ойлгох ёстой.

Тэрээр төгсгөлд нь “Хүн бүр өөрчлөлтийг хийх үүрэг хариуцлагатай. Ямар хувь нэмэр оруулж чадах талаараа бодоорой” хэмээн айлдав.
Үзсэн: 1 853
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц