“Эрдэнийн эрхи”, “Бясалгалын зэргэмж” болон “Бодьсатвын 37 гарын авлага” номын айлдвар

4-11-2016, 03:53  |  Хэвлэх

2016 оны 10 дугаар сар 14

Швейцарь, Цюрих. 2016.10.14 - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Цюрихийн Халленштадионыг чиглэн явахад хүйтний эрч орсон хотын гудамж эл хуль байсан ч, цэнгэлдэх хүрээлэнгийн гадна төвөд хүүхдүүд гартаа цэцэг барин эгнэн зогссон байлаа.

“Эрдэнийн эрхи”, “Бясалгалын зэргэмж” болон “Бодьсатвын 37 гарын авлага” номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Халленштадионы өмнө хүүхдүүдтэй мэндчилж
байгаа нь. Швейцарь, Цюрих, 2016.10. 14. Фотог Мануэль Бауэр
Дээрхийн Гэгээнтэн индэрт гарч ирээд 9000 хүн цугласан танхим руу танил нүүр царай хайн ширтэв. Тэрээр индрийн хойморт залсан Бурхан Багш, Нагаржуна гэгээн, Цагаан Дарь Эхийн шүтээнийг харан залбираад, тусгайлан зассан сэнтийд залармагц түүнд зориулсан насны ерөөл эхэлсэн юм. Арга хэмжээний төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа,

“Швейцарь дахь төвөдүүд өнөөдөр энэхүү насан уртасгах даншүг өргөх ёслолыг итгэл сэтгэл гарган зохион байгууллаа. Та бүгдэд гүн талархлаа илэрхийлье. Лам хүн урт наслах эсэх нь зан үйлээс бус, харин Лам багш хийгээд шавь нарын сэтгэлийн чин ариун холбоо учгаас хамаардаг."

"Судлах, тунгаан бодох, бясалгахыг чухалчилдаг, Наландагийн уламжлалаас эхтэй агуу соёл төвөдүүд бидэнд буй. Энэ уламжлалыг бид 1000 гаруй жил тээж ирсэн. Төвөд оронд төвөд хүмүүс энэ шашныг хадгалж хамгаалж байгаа. Гадаадад байгаа бид тэдний бодит төлөөлөл мөн."

"Өнөөдөр би Нагаржуна гэгээний ‘Эрдэнийн эрхи’ зохиолын эхний бүлгийг хөтлөн тайлбарлахаар шийдсэн бөгөөд уг зохиолд сайн төрлийг хэрхэн олох тухай өгүүлдэг. Дараа нь би Камалашила гэгээний ‘Бясалгалын зэргэмж’ бүтээлийн хоёр дахь ботийг тайлбарлана. Шантаракшита гэгээний зарлигаар байгуулагдсан, ёс зүй, тарнийн ёс, бясалгалын салбаруудтай Самие сүмд Хятадын хушан лам нар сурч байжээ. Тэдгээр хятад лам нарын зарим нь Дээдийн номыг үзэх шаардлага байхгүй, юу ч бодохгүйгээр бясалгал хийхэд гэгээрч болно хэмээн үзсэн байна."

“Шантаракшита гэгээний зөвлөснөөр уригдан ирсэн Камалашила гэгээн тэдгээр хятад лам нартай ном хаялцан дийлжээ. Төвөдийн хаан Трисон Дэцэн Камалашила гэгээнд хандан, төвөдүүдэд зориулж ном бичихийг хүсэхэд тэрээр ‘Бясалгалын зэргэмж’ гурван боть номыг зохиосон бөгөөд энэ номонд би их ач холбогдол өгдөг. Хожим нь, Төвөд орон улс төрийн хувьд таран бутрах үед хааны гэр бүлийн удам угсааныхан Атиша гэгээнд хандан төвөдүүдэд зориулан ном зохиохыг хүссэний дагуу тэрээр ‘Бодь мөрийн зул’ бүтээлийг туурвисан юм."

“Эрдэнийн эрхи”, “Бясалгалын зэргэмж” болон “Бодьсатвын 37 гарын авлага” номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдаж байгаа нь.
Швейцарь, Цюрих, Халленштадион, 2016.10. 14.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
"Төгсгөлд нь би жинхэнэ бодьсатва хэмээн нэрлэгдэж байсан Бүдон Ринчен Дүвтэй нэгэн эрин үед амьдарч байсан Үлчү Тогмэд Санбуугийн зохиосон ‘Бодьсатвын 37 гарын авлага’ номноос унших болно. Зохиолыг бүхлээр нь унших боломжгүй тул би дундаас нь сонгож уншина. Та бүхэнд номын хувь тараагдсан байгаа тул гэртээ авч очоод, аль болох тогтмол уншиж байгаарай. Би ‘Эрдэнийн эрхи’ номын дамжлагыг Сэргон Цаншав ринбочэгээс, ‘37 гарын авлагыг’ Хүннү Лама Тэнзин ринбочэгээс авсан” хэмээв.

Буддизм бол дэлхийн томоохон шашны нэг бөгөөд тэр дундаа Төвөдийн буддизм бол Дигнага болон Дармакирти гэгэний учир шалтгааны хийгээд танин мэдэхүйн бүтээлүүдийг өөртөө агуулсан цогц мэдлэг ажээ. Эдгээрийг өнөөдөр өөр хаанаас ч олох боломжгүй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ. Төвөд бичгийн болон ярианы хэл нь буддын үзэл санааг төгс илэрхийлэхэд зоиулагдсан хэл мөн. Бурхан Багшийн сургаал хийгээд тэдгээрийн тайлбарыг төвөд хэлнээ орчуулахдаа билиг билгүүнийг бүрэн ухааруулахыг зорилго болгосон ажээ. Түүний зэрэгцээ Бурхан Багш шавь нартаа алтны дархан алтыг хэрхэн шинждэг лугаа түүний сургаалийг сохроор дагах бус, сайтар шинжихийг сургасан байдаг. Тиймээс шинжиж судлах нь туйлын чухал зүйл юм.

“Нагаржуна гэгээний ‘Билгүүний үндэс’ бүтээл нь билиг барамидын сургааль дээр голлон анхаарал хандуулсан байдаг. Энэ бүтээлийг зааж, судалж үзсэний үндсэн дээр үнэхээр тустай гэдгийг ойлгосон. ‘Эрдэнийн эрхи’ зохиолыг Нагаржуна гэгээн өөрийн ивээн тэтгэгч байсан хаадын нэгэнд нь зориулж бичсэн юм.”

Цааш нь Дээрхийн Гэгээнтэн эхний бүлгийг уншаад хурсан олонд зорилуж бодийн сэтгэл үүсгэх ёслолыг удирдлаа.

Бурхан, ном, хувраг гуравт
Бодийн хутаг хүртэл би аврал одуулмой
Өөрийн үйлдсэн өглөг тэргүүтний чуулганаар
Хамаг амьтны тусын тулд би бурхан болох болтугай


“Эрдэнийн эрхи”, “Бясалгалын зэргэмж” болон “Бодьсатвын 37 гарын авлага” номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа нь.
Швейцарь, Цюрих, 2016.10. 14. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Швейцарийн парламент дахь Төвөдийн бүлгийн гишүүд, Цюрихийн кантоны ерөнхийлөгч, Швейцарь-Төвөдийн найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, мөн Төвөдийн сонгогдсон төлөөлөгчидтэй үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн айлдвар айлдлаа.

Бурхан Багш гэгээрсэн даруйдаа, “Би юмсын гүн утга учрыг ойлголоо. Гэхдээ энэ бүхнээ номловол хэн ч ойлгож чадахгүй” хэмээн айлдсаныг Дээрхийн Гэгээнтэн сануулан хэлэв, Бурхан Багш 49 хоног дуугаа хураасны дараа хуучин хамтрагч нартаа зовлонгийн тухай, үр дагварын тухай, түүний шалтгааны тухай сургаалиа айлдсан ажээ. Дараа нь зовлонгоос ангижрах, түүний шалтгаан, зам мөрийн талаар сургасан байна. Энэхүү Хутагтын Дөрвөн Үнэнийг 16 шинж чанараар нь тодорхойлсон байдаг.

Дээдийн номны хоёр дахь хүрдний үед Бурхан Багш хоосон чанарын талаар тайлбарлаж, гурав дахь хүрдний үед сэтгэлийн цэвэр, гэрэлт мөн чанарын тухай айлдсан байна.

Дээрхийн Гэгээнтэн дараа нь ‘Бясалгалын зэргэмж’ номыг уншиж эхэлсэн бөгөөд уг номонд сэтгэл гэж юу болох, тэнцвэртэй байдлыг хэрхэн хадгалах, бодийн сэтгэлийн 2 төрөл хийгээд бусад зүйлийн талаар тайлбарлав. Тэрээр айлдвараа түр зогсоогоод, индрийн өмнө тоглож байгаа хүүхдүүдийг ажиглан, “Энэ хүүхдүүд бидний ирэйдүйн итгэл найдвар” хэмээн хэлэв.

"Нэг ба Хоёрдугаар Далай Лам хоёулаа Гэндүн, тухайлбал Гэндүндүв ба Гэндүнжамц нэртэй байсан бөгөөд дараа дараагийн Далай Лам нар Гэндүн нэртэй байж болохоор байв. Гэвч III Далай Лам Банчэн Соднамдагваас сахил хүртэж Соднамжамц нэртэй болсон юм. III Далай Ламыг Монголд морилох үед Монголын Алтан хаан "Далай Лам" хэмээх алдрыг өргөсөн бөгөөд түүнээс хойш "Далай Лам" хэмээх алдар түгсэн билээ."

“Эрдэнийн эрхи”, “Бясалгалын зэргэмж” болон “Бодьсатвын 37 гарын авлага” номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдаж байгаа нь.
Швейцарь, Цюрих, Халленштадион, 2016.10. 14.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Шүгдэнгийн тухайд гэвэл, хэдийгээр Брайбун хийдийн зарим том лам нар болгоомжилж байсан ч, би нэг хэсэг шүтдэг байсан. Эцэст нь мэргэ төлөг тавьсны үр дүнд шүтлэгээ зогсоохоор шийдсэн. Хувилгаан Дагважалцан арга хэрэглэж Гэлэгбалсангийн хойд дүрээр тодорсон тухай тавдугаар Далай Лам бичсэн байдгийг хожим нь олж мэдсэн. Шүгдэн нь буруу ерөөл тавьсны улмаас бий болж, хамаг амьтан хийгээд Дээдийн номонд гэм хор хийдэг хэмээн тэр мөн бичиж үлдээсэн юм."

"Элдэв таагүй зүйл тохиолдох болсны улмаас Жанзэ хийд Тижан ринбочэд хандахад тэрээр Балдан Лхам сахиус хилэгнэсэн байна хэмээн хэлжээ. Тэд надаас яагаад хилэгнэсэн учрыг асуусан. Миний тавьсан мэргээр Шүгдэнг шүтсэний учраас хилэгнэсэн байсан. Би тэдэнд энэ шүтлэгээ зогсоохыг болгоомжтой анхааруулсан боловч, энэ тухай мэдээ бүгдэд тарсан. Эцэст нь Шүгдэнг шүтэгсэд сахиусаа хамгаалах байгууллага байгуулсан юм. Тэд намайг шүүмжилж, эсэргүүцлийн жагсаал хийн, намайг хэрхэн элэглэж байгааг та бүхэн харж байгаа байх. Гэвч энэ байдал нь бус, тэдний мунхгийн харанхуй миний сэтгэлийг зовоож байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Дилго Чэнзэ ринбочэгийн хүсэлтээр бичсэн богино хэмжээний залбирлын дамжлагаа хүртээлээ.

‘Бясалгалын зэргэмж’ номны мэдлэгийг сэргээх хэсэгт очоод, Богд Зонховын ‘Мөрийн гурван эрхэм’ номон дахь шүлгээс эш татан уншив.

“Эрдэнийн эрхи”, “Бясалгалын зэргэмж” болон “Бодьсатвын 37 гарын авлага” номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг орчуулж байгаа нь.
Швейцарь, Цюрих, Халленштадион, 2016.10. 14.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Дараа нь “Бясалгалын зэргэмж” номын тайлбарт орлоо.

“Энэ номыг Трисон Дэцэн хааны хүсэлтээр Камалашила гэгээн зохиосон бөгөөд бидний үйл хэрэгт чухал хэрэгтэй ном гэж би боддог.”

Дээрхийн Гэгээнтэн ‘Бодьсатвын 37 гарын авлага’ номыг уншив.

Энэтхэгийн дараа төвөд хүмүүсийг суурьшуулсан хоёр дахь орон болох Швейцарь оронтой төвөдүүд нягт холбоотой гэдгийг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ. Швейцарийн Улаан загалмайн нийгэмлгээс төвөдүүдэд томоохон тусламж үзүүлснийг мөн дурсан хэлэв. Тэрээр хуран цугласан олонд хандаж, 21 дүгээр зууны буддист байж, Бурхан Багшийн сургаалийн гүн утга агуулгыг сохроор бус, ухаарч ойлгохыг зөвлөв.

Хэдий гадаа хүйтэн байсан ч, энэхүү арга хэмжээг зохион байгуулсан сайн дурынхан болон бусад албаны хүмүүстэй тэр хамт зургаа татууллаа.
Үзсэн: 2 877
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц