Улаанбаатар хот дахь номын айлдвар

22-11-2016, 07:59  |  Хэвлэх

2016 оны 11 дүгээр сар 20

Монгол улс, Улаанбаатар хот. 2016.11.20 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энэ өглөөний эхний уулзалт нь Монгол улс дахь Энэтхэгийн элчин сайдтай уулзах байлаа. Түүнийг байрлаж буй байрнаасаа гарахад Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахыг хүссэн олон монголчууд цугласан байв. Улаанбаатарт ойрд тохиолдоогүйгээр их хүйтэрч Дээрхийн Гэгээнтнийг гарахад гадаа 40 хэмийн хүйтэн байв.

Улаанбаатар хот дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буянт Ухаа цогцолборт ном
айлдахаар хүрэлцэн ирж байгаа нь. Монгол улс, Улаанбаатар хот.
2016.11.20. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)
Түүнийг Буянт Ухаа цогцолборт хүрэлцэн ирэхэд лам хуврагууд бүрээ бишгүүр үлээн шашны ёс уламжлалын дагуу угтав. Танхимд орж ирэхэд цугласан олон хүмүүс хадгаараа даллан утлаа. 10,000 суудалтай спорт цогцолбор хүнээр дүүрч зарим нь суудалгүй зогсож байв. Нийтдээ 12,000 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонссон бөгөөд олон зуун хүн дотогш нэвтэрч чадалгүй гадаа үлдсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын даган соёрхол хайрлахын өмнө бэлтгэл уншлага үйлдэж байх зуур цугласан лам хуврагууд болон энгийн сүсэгтнүүд “Билгүүний Зүрхэн” судрын тарнийг уншиж байлаа.

Ингээд номын айлдвар эхлэх үер Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлал ёсоор шашны ямар нэгэн зан үйлд анхаарлаа хандуулахаас илүүтэй номын тайлбар явуулахыг чухалчилдаг бөгөөд боломж гарах бүрт аль болох илүү их номын тайлбар хийдэг тухайгаа ярьсан юм. Тэрээр Бурхан Багшийн айлдсан миний сургаалыг сайн судалж үзээд дагах ёстой гэсэн сургаалыг эш татлаа.

Улаанбаатар хот дахь номын айлдвар
Номын айлдвар явагдаж буй цогцолборын дүр байдал. Монгол улс,
Улаанбаатар хот. 2016.11.20. Гэрэл зургийг Игорь Янчиглов
“Тийм учраас Бурхан Багш зовлонгоос гэтлэх арга замыг зааж харьцангуй болон үнэмлэхүй үнэнийг номлосон юм. Энэ нь дан ганц сүсэг бишрэл, залбирал үйлдсэнээр гэгээрэлд хүрэх боломжгүй гэдгийг харуулж байна. Билиг оюун, сайхан сэтгэлийг хөгжүүлсний үндсэн дээр гэгээрэлд хүрэх болно. Тиймийн тул өдгөө бидэнд хадгалагдаж буй Ганжуур, Данжуурын 300 боть номыг үзэж судлах хэрэгтэй байна.”

“Орчин үеийн квантын физик нь Бурхан Багшийн айлдсан хоосон чанарын сургаал буюу юмс өөрийн талаас бие даан орших боломжгүй хэмээх номлолтой тун төстэй байна. Бид зөвхөн сүсэг бишрэлээ хөгжүүлэх гэж яаралгүй Бурхан Багшийн айлдсан сургаалыг нягталж, судалж тэрээр яг юуг номлосон болохын учрыг ойлгох нь хамгаас чухал юм.”

Дээрхийн Гэгээнтэн эрэгтэй, эмэгтэй лам хуврагуудад хандан монголын хийдүүд Өмнөд Энэтхэг дэх төвөдийн шашны их дээд сургуулиудын хэрэгжүүлж буй сургалтын төлөвлөгөөтэй ижил төстэй хөтөлбөр боловсруулахыг зөвлөлөө. Тэд үүнийг хийж чадна гэдэгт туйлын итгэлтэй байна, Төвөдөд буй төвөдүүдээс ялгаатай нь, монголчууд хүссэнээ хийх эрх чөлөөтэй байна гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдээс өмнөх номын айлдварыг Богд Зонховын бясалгалтай уялдуулсан язгуурын гурван бурханы даган соёрхолыг хайрласан бөгөөд энэхүү увидсын дамжлагыг тэрээр Дагдаг ринбочэгээс хүртсэн байна. Энэхүү увидсыг ховор нандин увидас гэж тэрээр тайлбарлан ярив. Мөн үдээс өмнөх номын айлдварын үеэр цугласан олон хүмүүст сайхан сэтгэлийг хөгжүүлж бодийн санваар хайрласан юм.

Улаанбаатар хот дахь номын айлдвар
Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг
сонсож байгаа нь. Монгол улс, Улаанбаатар хот.
2016.11.20. Гэрэл зургийг Игорь Янчиглов
Үдийн зоог барьсаны дараа буддын гүн ухааны номын айлдвараа эхлэхээр эргэн ирэхдээ бүгд түүнийг хүлээж байхыг хараад тэрээр ихэд баярлаж байлаа. Учир нь Азийн орны ихэнх хүмүүс лүн, авшиг өгөх үед олноороо цугларч, харин номын тайлбар айлдах үед төдийлөн анхаардаггүй ажээ. Дээрхийн Гэгээнтэн буддын гүн ухааны тайлбар болгож “Шүтэн барилдахуйн магтаал”-ыг тайлбарласан бөгөөд тэрхүү олж авсан мэдлэгийг хэрхэн дадлага болгохтой уялдуулж “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарласан юм.

“Шүтэн барилдахуйн магтаал”-ын гол утга агуулга нь Бурхан Багшийн айлдсан сургаалын тулгуур онол мөн. Энэ номонд шашны ямар нэгэн сургаал байхгүй, гагцхүү танин мэдэхүйн чиглэл бүхий сургаал юм. Бие лагшины талаас нь Бурхан Багшийг магтдаг боловч энэ нь түүний бусдаас онцгой магтаал болж чаддаггүй. Шүтэн барилдахуйн онолыг айлдсанаар нь хутагт Нагаржуна, Богд Зонхов нар Бурхан Багшийг ханьцашгүй хэмээн магтсан юм.”
Үзсэн: 2 572
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц