Дээрхийн Гэгээнтэн Амбедкарын их сургууль, Төвөдийн соёлын төв, Төвөдийн эм, зурхай судлалын институтын ойн арга хэмжээнд уригдан оролцлоо

18-12-2016, 17:56  |  Хэвлэх

2016 оны 12 дугаар сар 9

Энэтхэг Улс, Шинэ Дэли хот. 2016.12.9 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр үдээс хойш Дарамсала хотоос Дели рүү нислээ. Энэ өглөө түүний олон нийттэй хийх уулзалтууд СиБиЭс телевизэд зориулсан ярилцлага болон 2014 оны Нобелийн Энхтайвны шагналт, “Хүүхдийн Сан”-г үүсгэн байгуулагч Кайлаш Сатьяртхитэй facebook-ээр шууд дамжуулан хийсэн яриагаар эхэллээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах Сатьяртхийн ажлын талаар танилцуулахад Дээрхийн Гэгээнтэн түүний хийж буй ажлыг өндрөөр үнэлээд, “Хүүхдүүд бол сайн сайхан ирээдүйн итгэл найдварын үндэс мөн” гэсэн юм.

“Өнөөдөр дэлхий даяар хүчирхийлэл, хээл хахууль, ядуурлын улмаас, мөн өлсгөлөнгөөр гэм зэмгүй балчир хүүхдүүд амиа алдахыг бид харж байна. 20-р зуунд аливаа асуудлыг хүч хэрэглэх замаар шийдэхийг илүүд үзсэний улмаас дотоод сэтгэлийн үнэ цэнэ дээр дэндүү бага анхаарал тавьжээ. 21-р зууныг илүү амар тайван, нигүүлсэнгүй болгохын төлөө өнөөгийн хүүхдүүд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сатьяртхид хандан: ”Таны хийж буй ажилд, хичээл зүтгэлд тань туйлын их талархаж байна.” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Амбедкарын их сургууль, Төвөдийн соёлын төв, Төвөдийн эм, зурхай судлалын институтын ойн арга хэмжээнд уригдан оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кайлаш Сатьяартхитэй ярилцаж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.09.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Тэрээр цааш нь ярихдаа орчин цагийн боловсролын систем нь материаллаг зүйлд голлон анхаарч байгаагийн улмаас томоохон бэрхшээлүүд бий болж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Мөн шинжлэх ухааны ололтоор хүний мөн чанарыг эерэг энэрэнгүй чанартай гэж тодорхойлсон нь итгэл найдварын үндэс болж байгааг онцоллоо. Хэрэв хүний мөн чанар уур хилэн гэх мэт сөрөг чанартай байсан бол ямар ч арга байхгүй билээ. Уурын ашигтай тал байж болох Сатьяартхийн саналыг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гайхан сонссон боловч уур хилэн нь шудрага ёсны төлөөх тэмүүлэл болдог хэмээхийг сонсоод тэрээр “Энэрэнгүй сэтгэлд хөтлөгдсөн тохиолдолд” хэмээн тодруулан хэлсэн юм. Дээрхийн Гэгээнтэн Сатьяартхийн хэлсэн үг, нотолгоо баримтыг хүлээн зөвшөөрч:

“Бид хүүхдийн хөдөлмөр эрхлэхийн эсрэг байх ёстой. Хүүхэд бүр эрх чөлөөтэй байж, эрх чөлөөтэйгээр өсөн торних ёстой.” хэмээв.

Facebook-ээр шууд дамжуулах тэдний ярилцлага эхлэхэд Кайлаш Сатьяартхи анх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай 1990 онд Берлин хотод уулзах үеэр урам зориг авч байсан сайхан дурсамжаасаа хуваалцсан юм. Үүний адил Дээрхийн Гэгээнтэнд хандан та урам зоригийг хэнээс,юунаас олж авдаг вэ гэж асуув.

Хариуд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Та өөрөө өөрийнхөө аврагч мөн. Тиймээс өөрийн сэтгэлээ зас, сэтгэл хөдлөлөө тогтоо, бусдын адис жинлавт бүү найд” гэж айлдсан Бурхан Багшийн айлдварыг эш татлаа.

Сургуульдаа явж байсан хүүхэд гудамжинд эцгийн хамт гутал засч буй хүүхдийг хараад эцгээс нь хүүхэд тань яагаад сургуульд явахгүй байгаа талаар асуухад “Бид ажил хийхийн төлөө төрсөн” хэмээн хариулсан түүхийг Сатьяартхи ярив.

Энэ үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүнд нэгэн удаа Советод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэм нуран унасны дараа нэгэн африк гэр бүлд баяр хүргэх уулзалтанд оролцсон тухайгаа ярьлаа. Тэр үеэр мөнөөх гэр бүлийн нэгэн гишүүн “Бид цагаан арьстнуудтай өрсөлдөх боломжгүй, учир нь бидний уураг тархи тэднийхээс дорой” гэж хэлсэн нь Дээрхийн Гэгээнтнийг цочролд оруулжээ. Үнэндээ энэ нь буруу бөгөөд саруул ухаантай хэн ч үүнтэй санал нэгдэхгүй хэмээгээд “Гол нь зорьсон зүйлдээ тууштай, хүчин чармайлт гаргах хэрэгтэй” хэмээн ярьлаа.

Дээрхийн Гэгээнтэн эцэст нь дэлхий даяар сайн үйлс түгээн өөрчлөлт авчирч буй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны талаар цохон тэмдэглээд хүн бүхэн Кайлаш Сатьяартхийн адил үйл хэргээ бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Амбедкарын их сургууль, Төвөдийн соёлын төв, Төвөдийн эм, зурхай судлалын институтын ойн арга хэмжээнд уригдан оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Амбедкар их сургуульд үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.09.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Амбедкар их сургуулийн таван жилийн ойн арга хэмжээний гол хүндэт зочноор уригдсан байлаа. Түүнийг хүрэлцэн ирэхэд тус сургуулийн дэд захирал Шяам Менон угтан авч ойн баярыг тэмдэглэх газарт урин залсан юм.

Дэд захирал хурлын үйл ажиллагааг танилцуулж үг хэлэхдээ ер нь Амбедкар их сургуулийн үйл ажиллагаа найман жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд тав дахь төгсөлтийн ойгоор докторын зэрэг хамгаалсан оюутнуудын хамт нийтдээ 549 оюутан төгсөж байгааг дуулгав. Тэрээр мөн энэ жилийн төгсөгч оюутнуудын 66 хувь нь эмэгтэй оюутнууд байгаа талаар танилцууллаа.
Оюутнууд диплом болон эрдмийн цолоо хүндэтгэлтэйгээр хүлээн авав.

Тус сургуулийн ректор, Дели хотын орон нутгийн захирагч Нажееб Жунг тус сургуулийн тууштай үйл ажиллагааг магтан сайшаалаа.
Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тухлан саатахыг уриад Нобелийн шагнал гардаж байх үедээ хүчирхийллийн бус замаар тэмцсэн Махатма Гандгийн талаар яриж байсан Дээрхийн Гэгээнтний яриаг дурсан өгүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үзэн ядалт нь бидний зовлонгийн үндэс болдог, харин аз жаргалыг бид бусдыг хайрласнаар олж авах болно гэдгийг тэмдэглэн хэллээ. Ноён Жунг хэлэхдээ энэхүү бүх нийтийн хариуцлага нь Амбедкар их сургуульд хүчтэй нөлөөлж байгааг онцолсон юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлэхдээ бүх оюутнуудад баяр хүргээд хэрэв надтай адил байхыг хүсвэл сайн ажиллаж, шалгалтаа амжилттай өгч сургуулиа онц төгсөх хэрэгтэй хэмээн наргиан болгон хэллээ. Тэрээр хүний уураг тархи эрдэм мэдлэгийг хүлээн авах онцгой чадвартай гэдгийг дурдав: Ямартаа ч сайхан сэтгэл нь аз жаргалын уг үндэс тул оюун ухаан хийгээд сэтгэл судлалын чиглэлд олон хүн анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн тэмдэглэн хэлсэн юм.

“Эртний Энэтхэгийн мэдлэг боловсролын хүрээнд энэ тухай маш ихийг өгүүлсэн байдаг. Орчин үеийн энэтхэгчүүд эртний энэхүү уламжлалаа алдсан боловч төвөдүүд бид 1000 гаруй жилийн хугацаанд амьд хадгалж ирсэн. Хэрэв энэ соёл уламжлал та бүхэнд хэрэггүй гэж үзвэл үүнийг март, харин хэрэгтэй гэвэл хэрхэн ажил хэрэг болгох талаар бодож үзэх хэрэгтэй.”

“Хэрэв та шударга, үнэнч, илэн далангуй байвал та сайн хүн болох бөгөөд нийгэмд эерэг хувь нэмэр оруулах боломжтой болж байгаа юм. Энэ бүгд өөрдөг байхын үндэс суурь билээ. Та бүхэнд баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтэн Амбедкарын их сургууль, Төвөдийн соёлын төв, Төвөдийн эм, зурхай судлалын институтын ойн арга хэмжээнд уригдан оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тхяагараж ордон хүрэлцэн ирэх
үедээ хүмүүстэй мэндэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели.
2016.12.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтнийг үдийн зоог барьсны дараа Шинэ Дели хот дахь Төвөдийн соёлын төв байгуулагдсаны 50 жилийн ой, Төвөдийн эм, зурхай судлалын институт байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тэмдэглэж буй Тхаяагараж ордонд урин залав. Жүдмад дацангаас ирсэн лам хуврагууд нээлтийн өмнө уншлага уншсан юм. Бурхан Багшийн дүр бүхий дурсгалын зүйлийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, мөн Дели хотын дарга Нажиб Жунг, Дотоод хэргийн сайд Кирен Рижужу, Төвөдийн шашин, соёлын газрын дарга Карма Гэлэг Юүток, Индира Гандигийн нэрэмжит үндэсний урлагийн төвийн дарга асан Капила Вацяаяан нарт гардуулав.

Асамес Баруа нийгэмлэгийн гишүүд бурхан, ном, хувраг гуравт аврал одуулахуйн дууг дуулсны дараа Төвөдийн эм, зурхай судлалын институтээс Төвөдийн гол гурван мужийн уламжлалт бүжиг бүжлээ.

Дели дэх Төвөдийн соёлын төвийн дарга гэвш Доржэ Дамдул үг хэлэхдээ төвөдийн буддизмд гүн шингэсэн Наланадгийн уламжлалд гүн хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан наслахыг хүсээд түүний хүсэл эрмэлзэл бодит биелэлээ олох болтугай хэмээн ерөөв. Төвөдийн эм, зурхай судлалын институтын захирал Таши Цэрэн Пхури үг хэлэхдээ уг иснтитутын лоозон болох “Эрүүл бие, эрүүл ухаан” үгийг эш татав. Доктор Лалит Кумар үг хэлэхдээ Төвөдийн соёлын төв дэх Наланда уламжлалын буддын гүн ухааны хичээлийг англи хэл дээр явуулж байгааг магтан сайшаалаа. Гэвш Доржэ Дамдул уг курсын хичээлийн хөтөлбөрийг Дээрхийн Гэгээнтэнд танилцуулав.

Дээрхийн Гэгээнтэн:

“Хүндэт ахан дүүс ээ, би та бүхний идэвх зүтгэл, эрч хүч, эр зоригт талархаж байна. Дэлхий нийтийг өөрчлөхөд энэ бүгд бидэнд хэрэгтэй. Өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулсан Дели дэх Төвөдийн соёлын төв, Төвөдийн эм, зурхай судлалын институтын бүх хүмүүст талархал илэрхийлэе.” хэмээн яриагаа эхлэв.

Дээрхийн Гэгээнтэн Амбедкарын их сургууль, Төвөдийн соёлын төв, Төвөдийн эм, зурхай судлалын институтын ойн арга хэмжээнд уригдан оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тхяагараж ордонд үг хэлэх үеэр.
Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.09. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр цагаачлан гарснаас хойш төвөдүүдийн боловсрол өөрчлөгдсөн болохыг товч дурдлаа. Мөн тэрээр өөрийгөө хагас шинжлэх ухаан судлаач, хагас буддын шашны лам хувраг хүн гэж үздэгээ хэлэв.

“Бид оюун ухааныг зөнд нь орхилгүй байнга хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар илүү ойлголттой болж чадна. Хэрэв бид үнэхээр сайхан амьдрахыг хүсвэл бие махбодийн эрүүл мэндийг сахидагтай адил оюун санааны эрүүл мэндийг ч сахих хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ганжуур, данжуурын 300 гаруй боть номонд шинжлэх ухааны, гүн ухааны, шашны сургаалууд багтсан байдгийг тэмдэглэн хэллээ. Мөн ганжуур, данжуурын гүн ухааны болон шинжлэх ухааны салбарын сургаалыг судлахын тулд зайлшгүй буддист байх шаардлаггүй, академик түвшинд судлах боломжтой гэсэн юм. Тэрээр Нагаржунагийн онол эдүгээ квантын физикт гарч ирж байна хэмээн магтсан Ража Раманы үгийг эш татан ярьсан юм. Мөн уурын 90 хувь нь өөрсдийн төсөөлөл байдаг гэсэн сэтгэцийн эмч Аарон Бекийн судалгааг Нагаржуна гэгээн олон жилийн өмнөөс айлдсан байдаг ажээ. Наландагийн эрдэмтдийн айлдсан сургаал нь өнөөгийн бидэнд улам их үр өгөөж өгсөөр байна гэдгийг тэрээр тэмдэглэн хэлсэн юм.

Хурлын үйл ажиллагаа өндөрлөх үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочидод хадаг барьж, Төвөдийн ордны курс хичээлд суралцаж буй оюутнуудын хамт зургаа татуулав. Дараа нь тэрээр зочид буудлын зүг хөдөллөө.
Үзсэн: 1 613

Холбоотой мэдээ:
  • Оросын буддист нарт зориулсан номын айлдвар эхэллээ. Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.25.
  • Хүүхдийн эрхийг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцлоо. Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.10.
  • Нобелийн шагналтнууд болон удирдагчид хүүхдийн эрхийг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцлоо
  • Амбедкар их сургуульд айлчилж олон нийтийн яриа хийлээ. Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.09.
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Малала Юсафзай болон Кайлаш Сатьярти нарт баяр хүргэв
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц