Нобелийн шагналтнууд болон удирдагчид хүүхдийн эрхийг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцлоо

19-12-2016, 15:29  |  Хэвлэх

2016 оны 12 дугаар сар 10

Энэтхэг Улс, Шинэ Дели хот. 2016.12.10 – Үүр цайхад мананд умбасан Дели хот нар мандахад аажмаар цэлмийж эхэллээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам БНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордны цогцолбор дахь Раштрапати-Бхаван Соёлын төвд хүрэлцэн ирэхэд гадаа цэлмэг нартай сайхан байлаа. Кайлаш Сатьяартхийн үүсгэн байгуулсан Хүүхдийн Сангаас зохион байгуулж буй Нобелийн шагналтнууд болон удирдагчид хүүхдийн эрхийг хамгаалах Дээд хэмжээний уулзалтын нээлтийн ажиллагаанд Дээрхийн Гэгээнтэн уригдсан юм. БНЭУ-ын Ерөнхийлөгч Шри Пранаб Мукержи хүрэлцэн ирсэний дараа Дээд хэмжээний уулзалт “Хүүхдүүдэд хандуулсан энэрэн нигүүлслийг дэлхий нийтээр түгээх арга замыг хэлэлцэх нь” сэдвээр эхэлсэн юм.

Нобелийн шагналтнууд болон удирдагчид хүүхдийн эрхийг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурлын эхэнд Энэтхэгийн
ерөнхийлөгч Пранаб Мукержитэй ярилцаж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.10. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Хүүхдийг хөдөлмөрийн боолчлолоос чөлөөлөх, тэдний эрх зүйн байдлыг сайжрууулахад хийсэн ажлуудаараа 2014 оны Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Кайлаш Сатьяартхи нээлтэнд хэлсэн үгэндээ, Энэтхэгт анх удаа ийм дээд хэмжээний уулзалтанд орлцохоор ирсэн хүн бүрийг угтан авж, мэндлэх нь нэр төрийн хэрэг бөгөөд их баяртай байна гэв.

“Дэлхийн улс орнууд урьд өмнө хэзээ ч ийм их зөрчилдөөнтэй байсангүй,” гээд: “Сая сая хүүхдүүд боолчлогдож байна. Хүүхдийн наймаа газар авж байна, боловсрол эзэмших эрхийг нь хасч байна – энэ бүгд байж боломгүй. Үүнтэй тэмцэх шинэлэг, хүртээмжтэй, цогц арга барилууд бидэнд хэрэгтэй байна. Осло хотод хүүхдүүд боолчлогдож байна гэхэд надад олон хүн итгээгүй.”

“Энэ дээд хэмжээний уулзалтаар Нобелийн шагналтан, удирдагчид бид хамтдаа олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр эрхээ хасуулж буй, эмзэг бүлгийн хүүхдүүдийн нөхцөл байдал руу чиглүүлэх болно. Ахан дүүсээ, хүүхдүүд бол бидний өөрчлөлтийн дуу хоолой юм. Бид тэднийг сонсож байх ёстой.”

БНЭУ-ын Ерөнхийлөгч Шри Пранаб Мукержи үг хэлэхдээ Энэтхэг улс нь олон өвөрмөц шинж онцлогтой гэж дурдлаа. Мөн тэрээр тогтсон уламжлалын дагуу Нобелийн Энхтайвны шагналыг 12-р сарын 10-нд гардуулдаг, энэ өдрийг 1948 оноос хойш Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж иржээ.

“Хүүхдүүд бидний анхаарлын төвд байх ёстой. Ямарч эрхгүй амьдарч байгаа хүүхдүүдийн тэгш бус байдлын эсрэг бид тэмцэх хэрэгтэй. Бид тэдний хөгжил, аюулгүй байдлыг хангах амлалт, хариуцлага хүлээх ёстой. Бид сул талуудыг засч, боловсролоор дамжуулан тэгш боломжоор хангах хэрэгтэй байна. Энэ дэлхийд хүүхдүүдэд илүү сайхан амьдрах орчинг бүрдүүлцгээе.”
Дээрхийн Гэгээнтний үг хэлэх дараалал ирэхэд тэрээр ерөнхийлөгч болон түүний хүндэт зочидод талархал илэрхийлэн урьдын адил цугласан хүмүүст ахан дүүс минь хэмээн хандав.

“Бид үндэс угсаа, шашин шүтлэг, нийгэмд эзэлж буй байдлаас үл хамааран хүн төрөлхтний хувьд ижил гэдэгт итгэдэг. Бид бүгд нэг л замаар төрсөн, мөн нэг л өдөр нэгэн замаар мөнх бусыг үзнэ. Бидний өмнө тулгарч байгаа ихэнх асуудлыг бид өөрсдөө үүсгэсэн юм. Тэдгээрийг шийдвэрлэх хүч чадал болон үүрэг хариуцлага нь ч бас бидэнд байна. Хүн төрөлхтөн бид нэг гэр бүл гэдэг үүднээс бусдын сайн сайхны төлөө санаа тавин энэрэн нигүүлсэх сэтгэлээр бусдад хандаж эдгээр асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй.”

Нобелийн шагналтнууд болон удирдагчид хүүхдийн эрхийг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцлоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүүхдийн эрхийн төлөөх хуралд
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.10.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“20-р зуун хүчирхийллийн зуун байсан тул, 21-р зууныг бид энх тайвны эрин үе болгох ёстой. Үүний тулд юу хийх ёстой вэ? Залбирал үйлдэх үү? Би буддын шашны хувраг хүний хувьд залбирал үйлддэг. Гэхдээ дан ганц залбирал үйлдсэнээр дэлхийг өөрчлөнө гэдэг нь эргэлзээтэй юм. Хүн бүрийн дотоод сэтгэлийн амар амгалан нь дэлхий дахины энх тайвны үндэс мөн. Уур хилэн нь амьдралд зайлшгүй байх ч, хэрвээ бид сайн тунгаан бодох аваас уур хилэн нь бидний дотоод сэтгэлийн амар амгаланг үгүй хийж, сөрөг үр дагавар дагуулдаг гэдгийг олж мэднэ.”

“Эрдэмтэд байнгын уур хилэн, айдас, үзэн ядалт нь бидний дархлааны системд хөнөөлтэй гэдэг. Иймээс, эрүүл энх байхын тулд бид оюун санааны, сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэх хэрэгтэй байна. Боловсрол нь үүнд нөлөөтэй ч, өнөөгийн боловсролын тогтолцоо нь зөвхөн материаллаг зорилгод чиглэжээ. Үүнээс үүдээд бидний соёл, үзэл бодол материаллаг болон хувирч, дотоод үнэ цэнэд хангалттай ач холбогдол өгөхгүй байна. Бид сэтгэл хөдлөлөө тогтоож сураагүйн улмаас асуудлын эх үүсвэр нь бидэнд оршсоор байна. Бид уур хилэнгээ дарж сурах хэрэгтэй.”

“Кайлаш Сатьяартхи, БНЭУ-ын Ерөнхийлэгч бид өнгөрсөн 20-р зууны хүмүүс. Өнөө үеийн, 21-р зууны 30, 20, 15 настай залуучууд та бүгд бидний цаашдын итгэл найдвар мөн. Та бүгдийн хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд энэ зуундаа дэлхий даяар илүү амар тайван, аз жаргалтай амьдрах болно.”

Дээрхийн Гэгээнтэн оюун санааны амар амгалангийн эх нь сайхан сэтгэл юм гэлээ. Бидний зүрх сэтгэл хайр энэрэлээр дүүрэн байхад бид хүн бүртэй ахан дүүс шигээ хандана. Энэ нь хүүхдүүд байгаагаараа, төрөлхийн эелдэг зангаар хоорондоо тоглодогтой адил юм. Харин тэд өсөж томрох тусам бусадтай “бид”, “тэд” гэж харьцаж эхэлдэг.”

Монакогийн гүнж, Олимпийн усан тэмцээнд оролцож байсан Шарлин, хүүхдүүдийг усанд живхээс урьдчилан сэргийлэх кампанит ажил явуулж, энэ нь олон хүүхдийн амийг аварсан ажээ. Шарлин гүнж Родезид төрсөн ба хүүхэд ахуй насаа Өмнөд Африкт өнгөрөөсөн байна. Тэрээр Нэльсон Манделагийн үгийг эш татан: “Хүүхдүүд хүчирхийлэл, айдсаас ангид амьдрах нь бидний үүрэг мөн” гэв.

Иорданы хунтайж Али Бин Аль-Хусейн дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан Кайлаш Сатьяартхид баяр хүргэлээ. Тэрээр орогнол хүсэж буй хүүхдүүдэд татгалзсан хариу өгч байгаа зарим улс орныг гайхаж байгаагаа хэлээд: “Бид хүүхдүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай тул илүү ихийг, илүү сайнаар, илүү хурдан хийх ёстой,” гэв.

Нобелийн шагналтнууд болон удирдагчид хүүхдийн эрхийг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцлоо
Хүүхдийн эрхийг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцож
буй хүмүүс. Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.10.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Нидерландын гүнж Лаурентин: “Хүүхдүүдээ хамгаалахын тулд чадах бүхий л аргаа хэрэглэх нь бидний үүрэг мөн. Мөрдөгдөж буй олон улсын гэрээний 54-т нь хүүхдийн эрх тусгагдсан байдаг гэв. “Баян чинээлэг, эрх мэдэл бүхий хүмүүс тав тухад хэт автан, зарим цаг алдалгүй хийх ёстой зүйлсийг олж харахгүй байгаад харамсаж байна.” гэлээ.

Тимор-Лесте Улсын Ерөнхийлөгч асан Хосе Рамос Хорта: “Хүүхдийн хөдөлмөр, боолчлол нь бид бүгдийн гутамшиг, бид бүгдийг хэрэгтэн гэдгийг харуулж байна. Гэхдээ зарим улс орнууд их ядуу байгаагаас энэ асуудлыг шийдвэрлэх чадваргүй байна.” гэсэн юм.

Төгсгөлд нь, хүүхдүүдийн төлөөлөл, Энэтхэгийн “Бачпан Бачао Андолан” хөдөлгөөний гишүүдээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтээс аврагдсан 16 настай Имтиаз Али хүү: “Хүүхэд бүр эрх чөлөөтэй байж сургуульд сурах боломжоор хангагдах арга замыг олох хэрэгтэй байна. Хүүхдүүд бидэнд асуух асуулт бий. Би та бүгдэд дамжуулья. Цаашид бид хэр их хүлээх вэ?” гэлээ.

Дараа нь, дугуй ширээний хэлэлцүүлэг хийхээр бүлэг болон хуваагдан сууцгаав. Дээрхийн Гэгээнтэн “Бизнесийн орчны энэрэнгүй сэтгэл” сэдвээр ярилцах бүлэгт оролцлоо.Тэрээр олон бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайн сэдэлтэйгээр эхлүүлдэг, гэхдээ аажмаар үүнийгээ гээдэг гэсэн юм.

Энгийн сайхан сэтгэл нь хүн төрөлхтөнд үйлчлэх үндэс суурь мөн гэж дахин тэмдэглэв. “Сайхан сэтгэлтэй байхад хүн оюуны чадавхаа бусдын тусын тулд зөвөөр, эерэгээр зарцуулдаг,”

Уулзалт зохиогдсон байрны хойд зүлгэн талбай дээрх үдийн зоогоор энэ удаагийн хурал өндөрлөлөө. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэнтэй танилцаж, дурсгалын зураг авхуулцгаав. Үүдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн зочид буудал руу хөдөллөө.
Үзсэн: 2 047

Холбоотой мэдээ:
  • Оросын буддист нарт зориулсан номын айлдвар эхэллээ. Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.25.
  • Шинэ Дели хот дах айлчлалын сүүлийн өдөр. Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.11.
  • Хүүхдийн эрхийг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцлоо. Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.10.
  • Амбедкар их сургуульд айлчилж олон нийтийн яриа хийлээ. Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.09.
  • Нобелийн Энхтайвны шагналтнуудын дэлхийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ром хотноо хүрэлцэн ирлээ
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц