Дээрхийн Гэгээнтэн Далай лам “100 саяд зориулсан 100 сая” кампанит ажилд оролцов

21-12-2016, 04:05  |  Хэвлэх

2016 оны 12 дугаар сар 11

Энэтхэг, Шинэ Дели. 2016.12.11 – Өнөө өглөө нийгмийн шинжлэх ухааны Тата институтын захирал профессор С.Парасураман Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд иргэний ёс зүйн хичээлийн хөтөлбөрт гарч байгаа ахиц дэвшлийн талаар танилцуулахаар түүнтэй уулзсан юм. Дээрхийн Гэгээнтэн орчин үеийн боловсролын систем олон талаараа сайн талтай боловч ёс суртахуун болон дотоод үнэлэмжийг сургах тал дээр хангалтгүй байгаа талаар ярилаа.

Түүний хариуд профессор Парасураман Дээрхийн Гэгээнтний ном бүтээлээс урам зориг аван 30 цагийн сургалтын курс хийснээ тоймлон танилцуулав. Хөтөлбөрийн гол сэдэв нь 1.Дотоод үнэ цэнийн эх сурвалжууд, 2.Өөрчлөлтийг ялган харж чаддаг байх, 3.Бусдыгаа хошуучлах, 4.Хариуцлагатай байх, 5.Ёс зүйн талаар манлайлах гэсэн таван хэсэг байлаа.

Дээрхийн Гэгээнтэн түүнд талархалаа илэрхийлээд, Энэтхэг орон эртний уламжлалт билиг оюуныг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулж чадаж байгаа цорын ганц үндэстэн байж болох юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “100 саяд зориулсан 100 сая” кампанит ажилд оролцов
Рену Мехта Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас ярилцлага авч
байгаа нь. Энэтхэг. Шинэ Дели. 2016.12.11.
Зургийг Жереми Рассел /ДЛО/
“Агуу болон сайн бүхэн” нэртэй баримтат кинонд зориулсан ярилцлагад Рену Мехта бид эх дэлхийдээ эв нэгдлийг хэрхэн цогцлоох вэ хэмээн асуув. Дээрхийн Гэгээнтэн бид бусаддаа “бид”, “тэд” гэж ханддаг хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэлээ. Тэрээр хэлэхдээ, хувийн ашиг сонирхол байгаа цагт айдас болон үл итгэлцэл аяндаа л бий болоод байдаг гэв. Сэтгүүлч бясалгалын үүрэг ролийн талаар асуув.

“Бясалгалын шамата буюу нэгэн үзүүрт сэтгэл төвлөрлийн арга байдаг ба энэ нь тайвшруулах л үйлчилгээтэй байдаг, учир нь энэ бясалгал сэтгэлийг түр зуур тайвшруулах боловч удаан хугацаанд асуудалтай зүйлсүүд хэвээрээ байж л байдаг. Хэрэв задлан шинжилдэг бясалгал хийх юм бол, тухайлбал уур уцаарт ямар нэг ач тустай зүйл байна уу гэх зэргийг задлан шинжлээд түүнээс аажмаар ангижирах үр дүнтэй.”

Хүнийг амжилтанд хүргэдэг зүйлийн талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа:

“Аз жаргалын туйлын эх үүсвэр бол энэрэнгүй нинжин сэтгэл ба бусаддаа санаа тавьж тэдэнд тусалж дэмжих явдал” гэв.

Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн шинэ Делид байдаг Ашока зочид буудалд хүрэлцэн ирлээ. Тэнд “Түшита” хэмээх бясалгалын төв 21 дэх Номын баяраа тэмдэглэж байгаа ажээ. Түүнийг Зопа Ринбүүчи болон Түшита төвийн захирал Ренука Сингх нар угтан авч танхим руу дагуулан ирэв. Энэ үеэр доктор Сингх анхны номын баяраа 35 жилийн өмнө тэмдэглэж байснаа дурсан ярилаа.

Дээрхийн Гэгээнтнийг Аруна Васудевийн зохиосон Номын их багш Бадмасамбу гэгээнтний талаархи болон Мохини Нуны зохиосон Нагаржунагийн тухай 2 номын танилцуулганд урьжээ. Васудев Энэтхэгийн уншигчддаа зориулж буддын их багш нарын талаар бичсэн 6 боть цуврал номын эхнийх нь гэдгийг тайлбарлан хэлэв. Дээрхийн Гэгээнтэн Нагаржунайн сургаалын талаар магтан хэлэхдээ:

“60 жилийн өмнөөс би хутагт Нагаржунайн сургаал номыг судалж эхэлсэн бөгөөд сөрөг сэтгэл хөдлөлөө багасгахад минь нөлөөлжээ гэдгийг бодож сууна.” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “100 саяд зориулсан 100 сая” кампанит ажилд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Ашока зочид буудалд Түшита
бясалгалын төвийн 21 дэх удаагийн номын баярын үеэр үг хэлж
байгаа нь. Энэтхэг. Шинэ Дели. 2016.12.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжир /ДЛО/
Ренука Сингх цугларсан олонд зөвлөгөө өгөхийг хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн:

“Хэдийгээр бид сууж байхдаа юм уу, эсвэл босож зогсох, хувцаслахдаа өөр өөр байдаг ч угтаа бид бүгд адил билээ. Бүгд л эерэг болон сөрөг сэтгэлийн хөдлөлтэй байдаг. Заримдаа аз жаргалтай байна, заримдаа уйтгар гунигтай болно. Оюун санаа, бие махбодь болон сэтгэл хөдлөлийн хувьд бид бүгд адилхан. Та бүхэн миний сүүлийн 30 гаруй жилийн турш эрдэмтэдтэй хэлэлцэж байгаа асуудлуудын талаар мэдэж байгаа байх. Саяхнаас зарим эрдэмтэд хүний төрөлхийн чанар бол энэрэнгүй сэтгэл гэдгийг баталсан байна. Бид бүгд нийгмийн амьтад юм. Тиймээс манай, танай гэж ялгаварлан үзэх нь буруу юм. Энэ нь ангилан ялгаварлах болон зөрчлийг үүсгэдэг.”

Бидэнд тулгарч байгаа үүнтэй адил олон асуудлууд биднээс өөрсдөөс маань л гардаг. Бид өөрсдөө үүнийг шийдэх ёстой. 20-р зуунд болж өнгөрсөн энэ их зовлон гамшгийн эцэст бид үүнийг дахин давтахгүйн тулд хүчин чармайлт гаргах ёстой. Үүнд мөнгө болон цэргийн хүч тус болохгүй. Бидний хийх ёстой зүйл бол бүгдээрээ л адилхан хүмүүн гэдэг уг үндэснээс бие биеэ хайрлах явдал юм. Энэ санааг би хүн төрөлхтөнд хүргэх гэж хичээж явдаг.”

Дээрхийн Гэгээнтэн өөрийн 2 дахь үүрэг болох Буддын шашны лам хүний хувьд шашин хоорондын эв нэгдэл гэдгийг хэлэв. Тэрээр өнөөдөр хүлээцтэй байх болон уучилж өршөөх явдлын эх үүсвэр байх ёстой уламжлалт ёс заншилууд нь зөрчилдөөн алаан хядааны үндэс болгож байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн тухайн газар орны болон гаднаас орж ирсэн шашны уламжлалууд Энэтхэгт олон зуун жил мөр зэрэгцэн оршиж байгааг онцлон тэмдэглэлээ. Бурхан Багш сонсож байгаа хүмүүсийнхээ сонирхол, тэдний оюуны чадамж, амьдарч байгаа нөхцөл байдалд тохируулан номоо айлддаг байсантай яг адилхан бусад олон шашны, олон тооны уламжлалууд өөр өөр цаг үед гарч ирснийг мөн дурдав.

Хэдийгээр 2011 онд улс төрийн үйл ажиллагаанаас чөлөөлөгдсөн боловч Дээрхийн Гэгээнтэн Төвөд хүн учраас Төвөдийн байгаль орчныг хамгаалах болон Төвөд хэл соёлыг хамгаалах тал дээр өөрийн үзэл бодолдоо тууштай байдгаа тайлбарлан ярьлаа.

Тэрээр Төвөдийн Буддын шашны уламжлал нь гүн гүнзгий суралцаж дадуулан хэвшүүлдэг Буддын шашны Наландагийн уламжлал дээр үндэслэсэн байдаг. Үүнтэй холбогдуулан маргааш Энэтхэгийн өмнөд зүг рүү явах гэж байгаагаа хэлэв. Тэнд байх хугацаандаа Буддын сургааль номлолыг амжилттай суралцаж дүүргэсэн эмэгтэй лам нарын эхний хэсэгт Гэвш-ма цол хэргэм олгох юм байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “100 саяд зориулсан 100 сая” кампанит ажилд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай ламаас Түшита бясалгалын төвийн 21
дэх удаагийн номын баярын үеэр цугларсан хүмүүс асуулт
асууж байгаа нь. Энэтхэг. Шинэ Дели. 2016.12.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжир /ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн ганжуур, данжуурын утга санааг шинжлэх ухаан, гүн ухаан болон шашин гэсэн 3 үндсэн хэсэгт хуваан үзэж болохыг дурдлаа. Нэг талаасаа сэтгэлийн шинжлэх ухаан болон гүн ухааныг шашны оролцоогүй хүссэн хүн бүр цэвэр онолын талаас судалж болох юм. Нөгөө талаас Буддын шашинт орнуудын олон хүмүүс Төвөдийн Буддизмыг жинхэнэ Наландагийн уламжлал гэж үзэн энэ тал дээр илүү их суралцах сонирхолтой байдаг ажээ.

Төгсгөлд нь нэгэн хүн Дээрхийн Гэгээнтнийг жирийн хүний амьдралаар амьдрахыг хүсч байсан эсэх талаар асуув. Далай Лам бүр жаахан хүүхэд байхдаа бусдын хараан доор Потала ордонд ганцаараа бясалган суудаг байснаа дурсан ярив. Өдрийн төгсгөлд түүнийг хянадаг хүн унтчихдаг тул Дээрхийн Гэгээнтэн хүүхдүүд малын бэлчээрээс малаа туун чангаар дуулалдан ирэхийг ордноос сонсдог байжээ. Тэрээр хурдхан л тэдэн шиг болохыг хүсдэг байснаа ярив. Гэхдээ, хожим нь түүнд оногдсон энэ өндөр хариуцлага нь Дээдийн номын болон хамаг амьтдын тусын тулд юм байна гэдгийг ойлгож ухамсарлажээ.

Дээрхийн Гэгээнтний яриа дуусахад Зопа Ринбүүчи чин сэтгэлийн талархалаа илэрхийлсний дараа Дээрхийн Гэгээнтэн Ерөнхийлөгчийн албаны өргөө болох Раштрапати Бхаван руу яаран хөдөллөө. Тэнд Энэтхэгийн ерөнхийлөгч Пранаб Мукэржигийн оролцох ёстой “100 саяд зориулсан 100 сая” кампанит ажилд хуран цугларсан Нобелийн шагналтнууд болон нийгмийн зүтгэлтнүүд дээр хүрэлцэн ирж тэдэнтэй нэгдэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “100 саяд зориулсан 100 сая” кампанит ажилд оролцов
“100 саяд зориулсан 100 сая” кампанит ажлын ёслолын үйл
ажиллагааны үеэр Ерөнхийлөгчийн ордны өмнөх талбайд.
Энэтхэг. Шинэ Дели. 2016.12.11.
Зургийг Энэтхэгийн Ерөнхийлөгчийн оффис
Энэтхэгийн тал бүрээс цугларсан 5000 сурагчид Раштрапати Бхаваны урд талбайд цугларчээ. Ерөнхийлөгчийн ордон доторхи гол талбайд байгаа Кайлаш Сатьяартхи өнөөдөр Энэтхэгийн ерөнхийлөгчийн 81 насны төрсөн өдөр болж байгааг сануулан хэлэв. Дараа нь шинээр эхлүүлэх гэж байгаа энэ кампанит ажлын талаар урам зориг дүүрэн танилцууллаа. Тэрээр хэлэхдээ дэлхий дээр 100 сая хүүхдүүд зовж зүдрэн боловсрол эзэмших боломжгүй байгаа ба үүнийг өөрчлөх нь хүүхдүүдээс өөрсдөөс нь шалтгаална гэв. Сатьяартхи хэлэхдээ, хангалуун амьдардаг 100 сая хүүхдүүд амьдралын боломж муу 100 сая хүүхдүүдэд тусалж дэмжих хөдөлгөөн өрнүүлж байгаагаа хэлэв.

“Бид бүгдээрээ эд баялаг болон эрх мэдэл бүгдэд нь хүртээмжтэй байх тийм эх дэлхийг бий болгохыг хүсч байна.”

Дээрхийн Гэгээнтэн болон Нобелийн шагналтнууд болох Тавакол Карман, Лейма Гбови, Австралийн Ерөнхий сайд байсан Жулия Гиллард, Панамын тэргүүн хадагтай Лорена Кастилло болон бусад удирдагч нар хуран цугласан энэ үеэр Энэтхэгийн ерөнхийлөгч үг хэллээ. Тэрээр Энэтхэг улсын ардчилал, олон ургальч үзэл болон шашнаас ангид байдалд тууштай байдгийн билэг тэмдэг болсон Раштпарати Бхаванаас зохион байгуулж байгаа энэхүү компанит ажлын ач холбогдолд анхаарлаа хандуулан үг хэлэв. Тэрээр хэлэхдээ,

“Шинжлэх ухааны хөгжил дэвшлээс үл хамааран 100 сая хүүхэд сургуульд суралцаж чадахгүй байна. Бидний үр хүүхэд аюулгүй хамгаалалттай орчинд байж хүн төрөлхтний сайн сайхны төлөө өөрчлөлтийг хийх элч төлөөлөгч болох боломжгүй байгаа цагт урагш хөгжин дэвжих ямар ч боломжгүй гэдгийг хүмүүс бид ойлгох ёстой. Хүүхэд бүхэн гачигдаж дутагдах, айдас, дарлал мөлжлөгөөс ангид байгаасай. Жай Хинд.”

Талбай руу бууж ирсэн Кайлаш Сатьяартхийг цугларсан хүүхдүүд алга нижигнүүлэн угтан авав. Дээрхийн Гэгээнтнийг тэдэн дээр ирэхэд хүүхдүүд мөн алга ташин угтан авлаа. Дараа нь Ерөнхийлөгч, түүнийг дагалдан яваа Нобелийн шагналтнууд болон нийгмийн зүтгэлтнүүдийн хамт тайзан дээр гарч ирэхэд хүүхдүүд төрсөн өдрийн дууг түүнд зориулан дууллаа. Ерөнхийлөгчийн араас олон хүүхдүүд энэхүү кампанит ажлын билэг тэмдэг болсон“100 саяд зориулсан 100 сая” болон “Хүүхдийн төлөө” гэсэн гэсэн бичигтэй цагаан дарцгууд, мөн агаарын бөмблөгүүдийг агаарт хөөргөсөн юм. Талбай баяр хөөрийн уур амьсгалаар дүүрэн байлаа.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Делигээс хөдөлж Майсур хотоор дайран Өмнөд Энэтхэгт морилно.
Үзсэн: 387
 

Хуваарь (ойрын)

2017.01.03-14: Энэтхэг, Бихар, Бодгаяа. Дүйнхорын ван
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн төв захиргаа Гашагийн хүсэлтээр Дүйнхорын авшиг хайрлана. 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 4-ны өдрийг хүртэл Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Намжал дацангийн лам хуврагууд Дүйнхорын авшиг хайрлахын өмнөх бэлтэл үйлдэнэ. Үүнд хот мандал бүтээх, хурал уншлага зэрэг зан үйлүүд багтана. 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 8-ны өдрийг хүртэл бэлтгэл номын айлдварт Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй”, Гамалашила гэгээний "Бясалгалын дунд зэргэмж" номыг тайлбарлан айлдана. 1 дүгээр сарын 9-ний өдөр Намжал дацангийн лам нар цам бүжнэ. 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл Дүйнхорын авшиг хайрлана. 1 дүгээр сарын 14-ний өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсигийн авшиг хайрлах бөгөөд дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншүг өргөх ёслол болно.

Сайтын үндсэн бүтэц