Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Майсурын их сургуулийн 97 жилийн ойн баярт уригдлаа

23-12-2016, 13:28  |  Хэвлэх

2016 оны 12 дугаар сар 13

Энэтхэг, Карнатака муж, Майсур хот. 2016.12.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр Дели хотоос нисэж Бангалор хотоор дамжин Майсур хотод хүрэлцэн ирсэн юм. Түүнийг орон нутгийн дэд дарга болон цагдаагийн газрын дарга, хамба лам нар, Мундгод хот дахь Төвөдийн суурингийн удирдах албаны хүмүүс угтан авлаа. Түүнийг зочид буудалдаа хүрэлцэн ирэхэд олон мянган төвөд иргэд угтсан бөгөөд мөн сургуулийн сурагч хүүхдүүд төвөдийн уламжлалт хүндэтгэлийн “таши шолпа” бүжиг бүжин угтсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Майсурын их сургуулийн 97 жилийн ойн баярт уригдлаа
‘Майсурын од’ сонины сэтгүүлч Ниранжан Никам Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламаас ярилцлага авч байгаа нь.
Энэтхэг, Карнатака, Майсур хот. 2016.12.13.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Энэ өглөө Дээрхийн Гэгээтэн Далай Лам “Майсурын од” сонины ахмад сэтгүүлч Ниранжан Никамтай ярилцлага хийснээр өрдийн ажлаа эхэллээ. Тэрээр сэтгүүлчид хандан 1956 онд Бурхан Багшийн 2500 жилийн ойд оролцохоор Майсур хотод анх удаа ирж байснаа дурсан ярив.

Тухайн үед хүндэтгэлийн зоогийн үеэр Майсур мужийн ерөнхий сайдаар ажиллаж байсан ноён С Нижилингаппа Дээрхийн Гэгээнтэнд хандан Төвөдийн тусгаар тогтнолд дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдэж байжээ. Төдөлгүй 1959 онд Дээрхийн Гэгээнтэн Төвөдөөс гарахад түүнийг дагаж 15,000 төвөд иргэн дүрвэсэн байна. Далай Лам Энэтхэгт ирсэн хойноо бандида Нерүгээс цагаач төвөдийн суурин байгуулах газар хүсэхэд тэрээр Майсур мужийн ерөнхий сайд Нижалингаппад захидал илгээсний дагуу ноён Нижалингаппа асуудлыг даруй шийдэж газар олгожээ. Өнөөдөр 40 – 50,000 гаруй төвөдүүд Карнатака мужид амьдарч байгаа бөгөөд төвөдийн томоохон хийдүүд энд дахин сэргээгдэж үйл ажиллагаагаа явуулж байгааг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэсэн юм.

Сэтгүүлч Никам Дээрхийн Гэгээнтнээс өнөөгийн боловсролын системийн алдаатай талыг асуусанд тэрээр материаллаг хөгжилд илүү их анхаарлаа хандуулж, дотоод үнэ цэнэ, ёс суртахууны хичээлийн хөтөлбөр маш бага байна хэмээн хариулав. Түүний ажигласнаар өнөөгийн бидэнд тулгарч байгаа олон асуудал нь ёс суртахууны дутагдалд орсонтой холбоотой ажээ. Тэрээр халуун дулаан сэтгэлийг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн зөвлөж “Шинжлэх ухааны эрдэмтэд хүнийг энэрэнгүй чанартай гэж үзсэн нь бидэнд итгэл найдвар өгч байна.” хэмээн ярьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа 1974 оны үеэс эхлэн Төвөдийн тусгаар тогтнолыг чухалчилахаа больсон бөгөөд энэ нь Хятадтай байгуулсан “17 зүйл гэрээнд” тусгагдсан байгаа аж.

“Зарим үед нөхцөл байдал илүү найдаж болохоор байвч зарим үед найдлага багатай ч юм шиг санагддаг. Хү Яао Бан удирдаж байх үед бидэнд итгэл найдвар байлаа. Гэвч тэрээр эцэстээ өөрөө дэмжлэг авч чадахаа байсан юм. Одоогоор бид шууд холбоо байхгүй ч Төвөдөд буй төвөд иргэд маань хүчтэй хэвээр байна. Ялангуяа залуу үе маань бүр ч илүүтэй өөдрөг байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Төвөдийн асуудал шийдэгдвэл үүнийгээ дагаад Тайван, Хонг Конг, мөн Хятадын нэрлэж заншсанаар Шинжаны асуудал илүү амархан шийдэгдэх бөгөөд энэ нь эргээд олон улс дахь Хятадын байр суурийг улам батжуулах билээ.

Сэтгүүлч Никам Дээрхийн Гэгээнтнээс дэлхийн нэр бүхий олон хүнтэй уулзаж явах үед хэн хамгийн их гүн сэтгэлдэл төрүүлснийг асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хэсэг чимээгүй сууснаа Энэтхэгийн анхны ерөнхийлөгч, доктор Ражендра Прасадыг дурьдсан юм. Ражендра Прасад агсан нь хүнлэг энэрэнгүй, өөрийн өндөр албан тушаалаас илүүтэй оюунлаг түвшний байр суурийг эрхэмлэдэг нэгэн байжээ. Мөн Дээрхийн Гэгээнтэн бандида Нерү, Нижалингаппа нарын нэрийг дурьдаад сүүлийн үед ерөнхийлөгч Обама гүн сэтгэгдэл төрүүлсэн тухай ярьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Майсурын их сургуулийн 97 жилийн ойн баярт уригдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Майсурын их сургуульд хүрэлцэн
ирэхэд цагдаагийн үлээвэр хөгжимчид хүндэтгэлийн ая тоглож
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Майсур хот. 2016.12.13.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам машинаар хэсэг зуур яваад Майсурын их сургуульд хүрэлцэн ирлээ. Түүнийг тус сургуулийн дэд захирал КС Рангаппа угтан авч өөрийн өрөөндөө урин залахад Карнатака мужийн цагдаагийн чуулгын үлээвэр хөгжимчид хүндэтгэлийн аяаар угтан авсан юм. Дараа нь тус сургуулийн хүндэт тэргүүн, Дээд боловсролын яамны сайд Басавараж Раяареди гэр бүлийн хамт, мөн Карнатака мужийн захирагч Важубхай Рудабхай Вала нар түүнийг угтлаа. Бүх зочид тайзан дээр суудлаа эзэлсний дараа цагдаагийн чуулгын үлээвэр хөгжмчид Энэтхэгийн төрийн дууллыг эгшиглүүлэхэд бүгд босон зогссон бөгөөд дараа нь Урлагийн коллежийн оюутнууд Наада Гетхе буюу Карнатака мужийн сүлд дууг дуулсан юм.

Сургуулийн дэд захирал Рангаппа энэ жил Майсурын их сургуулийн 97 жилийн ой тохиож байгааг тайлбарлав. Тэрээр мөн сургуулийн олон жилийн үзүүлэлтийг магтан сайшаасан бөгөөд энэ жилийг хүртэл нийтдээ 24,000 оюутан төгссөн ба тэдгээрээс ихэнх нь эмэгтэй оюутнууд байсан гэдгийг тэмдэглэн хэллээ. Тус сургуулийн хүндэт докторууд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон хатагтай Прамода Деви Водеяар нарт Майсурын их сургуулийг үүсган байгуулагчдын хүндэт шагнал болох Махаража шагналын туузыг өргөлөө. Хатагтай Прамода Деви Водеяар нь Майсурын хааны удмын сүүлийн өв залгамжлагчийн бэлэвсэн эхнэр ажээ.

Дээрхийн Гэгээнтний үг хэлэх ээлж болоход тэрээр зочид, төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлээд:

“Би олон нийтэд яриа хийх бүртээ ахан дүүс минь гэж мэндэлдэг бөгөөд үүндээ би бүрэн итгэлтэй байдаг. Өнөөгийн энэ гариг дээр амьдарч буй 7 тэрбум хүмүүс бүгд бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөрөө адилхан. Бид улс үндэс, шашин шүтлэг, арьс өнгөний ялгаа, нийгмийн давхарага ямар байгаагаас үл хамааран үүнийг анхаарах хэрэгтэй байна. Бидэнд тулгараад буй асар олон бэрхшээлүүд зөвхөн өөр хоорондын бага сага ялгаан дээр хэт их анхаарал хандуулснаас болсон юм. Үүнийг даван гарах ганц арга нь бид бүгд адилхан гэдгийг ухаарах явдал билээ. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа, аз жаргалтай амьдрах эрх бидэнд бий.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Майсурын их сургуулийн 97 жилийн ойн баярт уригдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Майсурын их сургуулийн 97 жилийн
ойн баярт үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Майсур хот.
2016.12.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Би Энэтхэгийн ахмад сургуулиудын нэг, Майсурын сургуулийн ойн баярт оролцож байгаадаа баяртай байна. Би ноён Нижалингаппагийн нөхөрлөл, төвөдийн ард түмний төлөөх өгөөмөр сайхан сэтгэлийг дурсан санахын дашрамд Карнатака мужид гүн талархал илэрхийлье.”

“Мөн намайг хүндэт цолоор шагнасанд баяртай байна. Эрдмийн цол хамгаалахаар маш шургуу ажиллаж байгаа хүмүүстэй харьцуулбал би энэхүү шагналыг гардан авахад хангалтгүй бага зүйл хийсэн билээ. Мөн надад цаг бэлэглэсэн нь багадаа ерөнхийлөгч Рузвельтээс халаасны цаг хүлээн авсныг минь санагдуулав.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа өдгөө бид олон асуудал бэрхшээлтэй нүүр тулж байгаа нь ёс суртахуун дутагдсаны улмаас болсон гэдгийг онцлон ярьлаа. Хэдийгээр бүх шашин ёс суртахууны талаар сургадаг боловч дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний нэг тэрбум нь шашин огт шүтдэггүй, шашин шүтдэг 6 тэрбум хүнээс олон хүн шүтэж буй шашиндаа нухацтай хандахгүй байгаа талаар ярьсан юм.
“Тиймээс бид ёс суртахууныг агуулсан бүх нийтийн хандлагыг бий болгох хэрэгтэй. Олон хүн сүсэг бишрэлгүй байгаа тул үүнийг дан ганц мөргөл залбирал үйлдсэнээр шийдэх боломжгүй, үүнд хүрэх гол арга зам нь мэдлэг боловсрол билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгчүүд шашнаас ангид ёс суртахууныг хөгжүүлж ирсэн уламжлалтай бөгөөд энэ нь бүх шашинд хүндэтгэлтэй хандах, тэр бүү хэл шашин шүтлэггүй хүмүүст ч хүндэтгэлтэй ханддаг байсан гэдгийг онцлон тэмдэглэв. Энэхүү ёс суртахууны үзэл баримтлалыг эдүгээ нийгмийн сэтгэхүй, олон нийтийн туршлага, мөн шинжлэх ухааны ололт дээр үндэслэн хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг дэлгэрэнгүй ярив.

“Хамгийн чухал нь бусдад анхаарал хандуулсан сайхан сэтгэл юм. Бид нийгмийн амьтад тул бусдаас хамаарч амьдардаг. Энэ нь бусдад анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг харуулж байна. Өдгөө Америк болон Европт, мөн Энэтхэгт бүх нийтийн үнэ цэнийн төлөө иргэний ёс зүйг хөгжүүлэх бодит алхам хийгдэж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Майсурын их сургуулийн 97 жилийн ойн баярт уригдлаа
Хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Майсур хот. 2016.12.13.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Мөн би Энэтхэг ахан дүүс нартаа хандан Энэтхэн орон нь орчин үеийн шинжлэх ухаан болон технологийн мэдлэг, хөгжлийг эртний Энэтхэгийн мэдлэг боловсролоос бий болсон саруул оюун ухаантай хослуулах боломжтой гэж хэлдэг. Оюун ухааны шинжлэх ухаан хийгээд гүн ухааныг бид Энэтхэгээс өвлөж авсан бөгөөд эдүгээг хүртэл манай төвөдүүд амьд хадгалж ирсэн юм. Энэ их соёл Энэтхэгчүүд та нарынх билээ.”

“Олон оюутнууд өнөөдөр сургуулиа төгсөж байна. Жинхэнэ амьдрал одоо л эхэлнэ. Та нар өөрсдийн уураг тархиа хэр ухаалаг болохыг нотолж чадлаа. Гэвч илүү их амжилтанд хүрэхийн тулд бусдад анхаарал хандуулсан халуун дулаан сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь та бүхэнд шудрага зан чанар, ямар ч ажил хийсэн ил тодоор хийдэг, бусдын итгэл, дотно нөхөрлөлийг авчрах бөгөөд сурч мэдсэн мэдлэг боловсролоо утга учиртайгаар ашиглах боломжийг олгох болно. Та бүхэнд баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг дэд захирлын өргөөнд үдийн зоогонд урьсан бөгөөд зоогонд тус сургуулийн ахмад багш нар болон зочид төлөөлөгч нар оролцож Дээрхийн Гэгээнтэнтэй чөлөөтэй ярилцсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш Бангалор хотод айлчилна.
Үзсэн: 2 417

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Патна хотод Смрити бурханы цэцэрлэгт хүрээлэнд зочлов
  • Анхны эмэгтэй гэвшмаа цол хамгаалсан баярт оролцож, Мундгод дахь Төвөдийн төв сургуулийн 50 жилийн ойн баярт оролцлоо. 2016.12.22.
  • Майсурын их сургуулийн 97 жилийн ойн баярт уригдан оролцов. Энэтхэг, Карнатака, Майсур хот. 2016.12.13.
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Энэтхэгийн Брайбун хийдэд мориллоо
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дийр Парк-т хүрэлцэн ирэв
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц