Далай Ламын ивээлээр байгуулагдсан Дээд сургуулийн нээлтийн ажиллагаа

29-12-2016, 09:12  |  Хэвлэх

2016 оны 12 дугаар сар 14

Энэтхэг Улс, Карнатака муж, Бангалор хот. 2016.12.14 – Дээрхийн Гэгээнтэн өглөө эрт түүний ивээл дэмжлэгээр нээгдэж буй дээд сургуулийн нээлтэнд хүрэлцэн ирэхэд хэд хоногийн турш үргэлжилсэн хүчтэй салхи намдсан байлаа.

Бусад зочид ирсний дараа нээлтийн арга хэмжээний ёслолын тууз хайчлах ёслол болов.

Далай Ламын ивээлээр байгуулагдсан Дээд сургуулийн нээлтийн ажиллагаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн байгуулсан дээд сургуулийн
нээлтийн ажиллагаанд оролцож байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Бангалор хот. 2016.12.14. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тууз хайчлах ёслолын үеэр Жүмэд дацангийн лам хуврагууд уншлага уншиж, Карнатака мужийн дотоод хэргийн сайд доктор Г. Пармешвар болон Майсурын их сургуулийн дэд захирал К.С. Рангаппа нар Дээрхийн Гэгээнтний хамт тууз хайчилснаар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ивээлээр нээгдэж буй дээд сургууль үүд хаалгаа нээлээ.

Үүний дараа зочид индэр дээрх суудлаа эзэлмэгц багш, оюутнууд тэдний өөдөөс харан зүлгэн талбай дээр тухалцгаасан юм. Зүүн Төвөдөөс ирсэн залуу дуучин Төвөдийн хязгааргүй сайхан нутгийг санагдуулсан ая дуугаа өргөсөн юм.

Эхлээд тус сургуулийн захирал, хатагтай Б Церин үг хэллээ. Тэрээр мэдлэг чадвартай удирдагчдыг бэлтгэх нь тэдний гол зорилгуудын нэг гэв. “Далай Ламын Сан”-аас үзүүлсэн хөрөнгө оруулалтын тусламжтайгаар дээд сургууль нээгдэх боломжтой болж, эргээд энэ нь бусад хандивлагчдын дэмжлэгийг татаж байна гэлээ. Мөн тэрээр тус сургуулийн үүд хаалга нь Энэтхэг болон төвөд оуютнуудад нээлттэй гэв.

2013 оноос хойш Майсурын их сургууль тэдэнд хүчтэй, идэвхтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн гэлээ. Мөн тус сургуулийн онцлог нь төвөд хэл дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, оюутнууд төвөд, англи хэлээр хослуулан хэл, уран зохиол судлах боломжтойгоос гадна хятад хэл, уран зохиолын хичээлийг ч Тайванаас ирсэн сайн дурын багш нараар эх хэлээрээ заадаг талаар дурдан ярив.

Далай Ламын ивээлээр байгуулагдсан Дээд сургуулийн нээлтийн ажиллагаа
Нээлтийн баярын үеэр сургуулийн захирал, хатагтай Б Церин үг
хэлэв. Энэтхэг, Карнатака, Бангалор хот. 2016.12.14.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Мөн хичээлийн сургалтаас гадна оюутнуудад нийтлэг, олон талын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, багаар ажиллах ур чадвар, бусдын сайн сайхны төлөө хариуцлага хүлээх мэдрэмжийг олгох тал дээр анхааран ажиллаж байна гэсэн юм.

Захирал, хатагтай Б.Церин “Хоёр хоногийн өмнө судалгааны төв байгуулах зөвшөөрөл авсан гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Энэ нь Төвөд судлалын доктор, магистрын сургалт явуулах боломж олгож байгаа юм” гэлээ. Эцэст нь тэрээр сургуулийн үүсгэн байгуулагч нарт хандан ажлын таатай орчин, мэргэшсэн, залуу боловсон хүчин, маш сайн дэд бүтцээр хангаж байгаад талархал илэрхийлэв.

Дава Нава төвөд хэлээр барилгын ажлын явцын талаар тайлан тавив.

Майсурын их сургуулийн дэд захирал, профессор КС Рангаппа:

“Энэхүү онцгой дээд сургуулийн өлзий дэмбэрэлтэй нээлтийн үйл ажиллагаанд оролцон адислал хүртэж буйдаа баяртай байна. Эрдэм номын хүсэл эрмэлзлээс гадна оюутан залууст амьдрах урлаг, ухааныг суралцах боломж байна. Төвөдийн хэл, соёлыг хадгалж авч үлдэх нь чухал байна.” гэлээ.

Далай Ламын ивээлээр байгуулагдсан Дээд сургуулийн нээлтийн ажиллагаа
Карнатака мужийн дарга профессор КС Рангаппа үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор хот. 2016.12.14.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Төвөдийн Төв захиргааны боловсролын сайд Нгодүб Церин төвөд хэлээр орчин үеийн төвөдийн боловсролын тогтолцооны эерэг болон дутагдалтай талуудыг онцолсон дүрэлзсэн үг хэллээ. Тэрээр Энэтхэг улсын засгийн газар болон Карнатака мужийн засаг захиргаанаас үзүүлж буй олон жилийн, тууштай, өгөөмөр сэтгэлийн дэмжлэгийг, ялангуяа төвөдийн ард түмний мэдлэг боловсрол олоход гүн туслалцаа үзүүлж буй явдалд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.

Доктор Ж.Пармешвар Карнатака мужийн Засгийн газрыг төлөөлж, мөн ерөнхий сайдын мэндчилгээг дамжуулж байна гээд хүрэлцэн ирсэн ихэс дээдэс, хүндэт зочид, багш, оюутнуудтай мэндчиллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн 1959 онд Энэтхэгт ирээд очих газаргүй байхад Карнатака мужийн зүгээс тусламж үзүүлж байсныг дурсан ярив. Хожим нь 2009 онд тус сургуулийн суурийн чулуу тавихад хамт байлцаж, харин өнөөдөр түүнээс хойшхи амжилтыг тэмдэглэж байна гэв.

Боловсрол нь хувь хүний болон нийгмийн хөгжлийн зэмсэг мөн гээд багш, оюутнуудад хандан Карнатака мужийн засгийн газар дэмжлэг үзүүлж, хамтран ажилласаар байх болно хэмээн мэдэгдлээ.

Дээрхийн Гэгээнтэн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстэй мэндчиллээ. Мөн тайлан тавьж, зөвлөгөө өгч, үг хэлсэн хүмүүст талархал илэрхийлэв.

“Би анх Карнатака мужид 1956 онд ирж байсан. Ноён Нижалингаппа тэр үед Төвөдийн нөхцөл байдлын талаар чин сэтгэлээсээ санаа зовж байгаагаа илэрхийлж байсан. Бид 1959 онд Энэтхэг рүү дүрвэн ирэхэд ерөнхий сайд Неругийн төвөдийн дүрвэгсдэд суурших газар олгох хүсэлтийн хариуд Карнатака мужийн ерөнхий сайд хамгийн өгөөмөр тусламж үзүүлсэн хүн юм.
Карнатака мужийн засгийн газар энэ олон жилийн турш тэгш сэтгэлээр бидэнд дэмжлэг үзүүлэн тусалж байгаад би гүнээ талархаж байна.”

“Бид цагаачлах үедээ үндэсний онцлог, хэл, соёлоо хадгалж авч үлдэх нь маш чухал байна. Өнөөдөр Төвөдөд ахан дүүс нар маань унаган соёлоо авч үлдэх хүслээ илэрхийлэхэд Хятадын удирдлагын хатуу чиг шугам баригчид үүнийг салан тусгаарлах үзэл агуулсан гэж үзээд эсэргүүцэж байна. Хязгаарлагдмал байгаа хэдий ч төвөдийн ард түмний сэтгэл санаа зоримог, тууштай хэвээр байна.”

Далай Ламын ивээлээр байгуулагдсан Дээд сургуулийн нээлтийн ажиллагаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургуулийн нээлтэнд үг хэлэв.
Энэтхэг, Карнатака, Бангалор хот. 2016.12.14.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Энэтхэг, Төвөдийн хоорондын харилцаа багш шавийн барилдлагатай адилхан санагддаг. Энэтхэг орон бидэнд ямар их эрдэм ном өвлүүлж өгснийг тунгаан бодоход бүр ч илүү дотно санагддаг. Энэтхэгчүүд ихэнх нь Шива бурханд мөргөн шүтдэг, харин түүний өлгий нутаг нь Төвөдөд Кайлаш ууланд буй.”

“Бурханы шашны үндэслэгч Бурхан Багш болон түүний эрдэм номыг залгамжилсан дараа дараагийн их багш нар бүгд энэтхэг хүмүүс байсан. Үүнээс гадна Энэтхэгийн ариун Ганга мөрөний эх булаг Төвөдөд буй.”

Дээрхийн Гэгээнтэн Энэтхэг болон Төвдөд оюун ухааны, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг олгодог үндсэн тав, дагалдах таван хичээлийг үргэлжлүүлэн судлах нь чухал ач холбогдолтой гэлээ.

“Бидэнд тулгарч буй асуудлуудын ихэнхийг бид өөрсдөө бий болгосон, эдгээрийг үүсгэдэг сөрөг сэтгэл хөдлөлөө бид дарж, номхруулж сурах хэрэгтэй. Үүний тулд оюун ухан, сэтгэл хөдлөл зэрэг нь хэрхэн яаж ажилдаг гэдгийг судлах шаардлага гарна. Эдгээрийн дэлгэрэнгүй, цогц тайлбар нь төвөд хэлээр байдаг тул бид хэл, соёлоо хадгалан үлдэх нь маш чухал ач холбогдолтой.”

Мөн тэрээр төвөдийн Бурханы шашны уламжлалын онцлог шинж нь юмс үзэгдлийн учир шалтгаан болон логик үндэслэл дээр оршдогийг тайлбарлаад Бурхан Багш ”Лам хуврагууд аа, шижир алтыг хайлуулж, зүсэж, зүлгэн байж таньдагтай адил миний сургаалыг зөвхөн сүсэг бишрэлээр бус, сайтар тунгаан бодож, шалгасны дараа хүлээн авч байгаарай” гэж зөвлөснийг эш татан ярьсан юм.

“60-аад онд бид хэл, соёл, уламжлалаа хадгалж авч үлдэх тал дээр анхаарлаа хандуулж байсан. Өнөөдөр бид эртний энэтхэгийн эрдэм мэдлэгийн ашиг тусыг хуваалцан түгээх замаар хүн төрөлхтний төлөө зүтгэж байна. Энэ нь оюутан залуус, та бүгдийн хийж чадах зүйл. Зөвхөн төвөдийн ард түмний төлөө бус бүх хүн төрөлхтний эрх ашгийн төлөө санаа тавьж байгаарай. Бид өдөр бүр хамаг амьтны сайн сайхны төлөө залбирдаг, магадгүй манай гаригийн бидний мэдэхгүй хаа нэг газар төрөл бүрийн амьд биес байж болох ч бидний шууд харилцан хамааралтай оршиж байгаа нь дэлхий дээрхи 7 тэрбум хүмүүс юм.”

Далай Ламын ивээлээр байгуулагдсан Дээд сургуулийн нээлтийн ажиллагаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бангалор хот дахь Төвөдийн эм,
зурхайн институтын салбартай танилцаж байгаа нь.
Энэтхэг, Карнатака, Бангалор хот. 2016.12.14.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдийн зоог барьсаны дараа Бангалор хотод үйл ажиллагаа явуулдаг Төвөдийн эм, зурхайн институтын салбар дээр хүрэлцэн ирлээ. Тэрээр Төвөдийн уламжлалт анагаах ухааны салбарыг сонирхож, мөн дэмжин ажиллаж байгаа хүмүүст талархал илэрхийлээд Төвөдийн анагаах ухааны салбар нь төвөдийн соёлын томоохон салбар мөн болохыг тайлбарласан юм. Мөн хятадын албаны хүмүүс төвөд эмчид эрүүл мэндээ үзүүлж төвөд эм уудаг талаар ярив.

“Өнгөрсөн цаг хугацаанд Төвөдийн анагаах ухааны салбар нь асар олон зүйлийг өөртөө шингээжээ. Үүнд аюурвед, юунанийн систем, хятадын эм зүй гэх мэт олон зүйл багтах бөгөөд өдгөө энэ арвин их туршлагыг орчин үеийн шинжлэх ухаанд оруулах боломжтой болж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөдийн эм, зурхайн институтын оюутнуудтай хамт ерөөлийн ном уншсанаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Үзсэн: 381
 

Хуваарь (ойрын)

2017.01.03-14: Энэтхэг, Бихар, Бодгаяа. Дүйнхорын ван
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн төв захиргаа Гашагийн хүсэлтээр Дүйнхорын авшиг хайрлана. 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 4-ны өдрийг хүртэл Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Намжал дацангийн лам хуврагууд Дүйнхорын авшиг хайрлахын өмнөх бэлтэл үйлдэнэ. Үүнд хот мандал бүтээх, хурал уншлага зэрэг зан үйлүүд багтана. 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 8-ны өдрийг хүртэл бэлтгэл номын айлдварт Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй”, Гамалашила гэгээний "Бясалгалын дунд зэргэмж" номыг тайлбарлан айлдана. 1 дүгээр сарын 9-ний өдөр Намжал дацангийн лам нар цам бүжнэ. 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл Дүйнхорын авшиг хайрлана. 1 дүгээр сарын 14-ний өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсигийн авшиг хайрлах бөгөөд дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншүг өргөх ёслол болно.

Сайтын үндсэн бүтэц