Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 34 дэх удаагийн Дуйнхорын их авшиг хүртээх ёслол Бодьгаяа хотноо эхэллээ

12-01-2017, 06:17  |  Хэвлэх

2017 оны 1 дүгээр сар 2

Энэтхэг Улс, Бихар муж, Бодьгаяа хот, 2017. 01.02 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөөний 7 цагт Бодьгаяа дахь Намжал дацангаас хөдлөхөд гадаа хүйтэн, бүрхэг байлаа. Төвдийн Сижон буюу Төвөдийн Төв захиргааны тэргүүн Др. Лувсан Сэнгэ, их хурлын дарга Сонамдэмпел болон Шашин, соёлын газрын дарга Гарма Гелек нар гартаа хүж барин Дээрхийн Гэгээнтний машины өмнө номын айлдвар явагдах талбайн зүг явцгаалаа. Дээрхийн Гэгээнтэн талбайд цугласан олонтой мэндлээд, бэлтгэл зан үйл хийсэн юм. Энэ үед Намжал дацангийн лам хуврагууд тусалж байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэнтийндээ заларсны дараа “Өнөөдөр би бэлтгэл зан үйлийг цаг орчмын өмнө гүйцээлээ.” хэмээн цуглан ирсэн хүмүүст хандан хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 34 дэх удаагийн Дуйнхорын их авшиг хүртээх ёслол Бодьгаяа хотноо эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвар явагдах талбайд
ирээд цугласан олонтой мэндэлж байгаа нь. Энэтхэг, Бихар,
Бодьгаяа. 2017.01.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бид Будда Шагжамуни 2500 гаруй жилийн өмнө гэгээрэлд хүрсэн энэ ариун газарт хүрэлцэн ирсэн байна. Энэтхэгийн их багш Нагаржуна хутагт, 84 их шидтэн нарын олонх нь энд бясалгал хийж байсан. Мөн Төвөдөөс олон орчуулагч, эрдэмтэн мэргэд ном сурахаар энд ирж байсан. Энэ удаа би 34 дэх удаагийн Дүйнхорын их авшигийг энд өгөх гэж байна.”

“VII Далай Лам Залу болон Жонан уламжлал дээр үндэслэн Дүйнхорын номыг шинээр зохиосон бөгөөд тэрхүү номыг өдгөө бид дагаж байна. Мөн Намжал дацангийн лам хуврагууд үүнд гүн суралцаж байна.”

“Би Энэтхэгт анх удаа 1970 онд Дүйнхорын авшиг хүртээж дууссаны шөнө би өөрөө Дүйнхор бурханы хот мандлын төвд суусан, олон лам хуврагууд намайг хүрээлээд хамтдаа уншлага уншиж буйгаар зүүдэлсэн юм. Би энэ зүүдийг олон удаа Дүйнхорын авшиг хүртээх хэрэгтэй гэсэн шинж болов уу хэмээн хүлээн авсан юм. Анхны удаа буюу 1954 онд Төвөдөд Дүйнхорын их авшиг хүртээснээс хойш өнөөдрийг хүртэл асар олон хүн надаас энэхүү авшигийг хүртсэн боловч ёсчилон дадлага хийж буй хүн хичнээн байгааг би мэдэхгүй байна.”

Дээрхийн Гэгээнтэн хэсэг зуур зогсоод, FM радиогоор явагдаж байгаа орчуулга сайн сонсогдож байна уу хэмээн асуулаа. Хинди, англи, хятад, орос, солонгос, монгол, япон, итали, вьетнам, франц, испани, португал, тайланд, непал, ладак, бутан хэл дээр мөн түүнчлэн Төвөдийн амдо, хам зэрэг аялгуугаар явагдаж буй синхрон орчуулга сайн сонсогдож байна гэсэн хариу авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 34 дэх удаагийн Дуйнхорын их авшиг хүртээх ёслол Бодьгаяа хотноо эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа эхлэв. Энэтхэг,
Бихар, Бодьгаяа. 2017.01.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Та нар бүгд Бурханы ном сургаал сонсохоор урам зориг дүүрэн ирцгээсэн билээ. Үүнийгээ бид бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Та ямар шашны уламжлалыг шүтэж, дагадаг байх нь хамаагүй, өөрийн шашиндаа чин сэтгэлээсээ хандах нь хамгийн чухал юм. Бидний даган баримталдаг олон янзын уламжлалуудын гол сургаал бол энэрэнгүй үзэл санааг дэлгэрүүлэх, хайр энэрэл, нинжин сэтгэлийг түгээх явдал билээ. Энэ нь амьдрал дээр хэрэгжиж болох зүйл юм.”

“Санскрит уламжлалыг дээдэлдэг хүмүүс их хөлгөний ном сургаалыг дагахын тулд энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Бидний зүрх сэтгэлийн гүнд хувиа хичээсэн, аминч үзэл байвал бид их хөлгөний сургаалийг дадуулж чадахгүй. Дадуулж чадахгүй бол авшиг хүртсэн ч адис жанлав нь их байж чадахгүй.”

“Бид үзэл бодлоо өөрчилж, бусдын сайн сайхны төлөө анхаарлаа хандуулах хэрэгтэй. Та нар энд ирэхийн тулд их хүч, хөрөнгө зарцуулсан. Энд байх хугацаанд дотоод сэтгэлдээ өөрчлөлт хийхийг оролдоорой. Энд би “Бодьсадвын явдалд орохуй” номыг удиртгал номын тайлбар болгож буй. Энэ ном надад маш их нөлөөлж, сэтгэл маань нэлээдгүй өөрчлөгдсөн юм. Дан залбирал үйлдсэнээр сэтгэлд өөрчлөлт гарахгүй. Ном судар үзэн, оюун ухаанаараа дамжуулан сэтгэлээ өөрчлөх ёстой. Билгүүний Зүрхэн сударт гардаг “Гади гади барагади барамсам гади боди суха” хэмээх тарнийн дагуу гэгээрлийн таван мөрийн дагуу замнан байж гэгээрэлд хүрнэ.”

Дээрхийн Гэгээнтэн дотоод сэтгэлээ өөрчлөхөд ганц хоёр хоног хангалтгүй юм гэлээ. Цэцгийн үр ургаад дэлбээгээ нээхийг хүртэл цаг хугацаа ордгийн адил оюун санаа өөрчлөгдөхөд хугацаа хэрэгтэй. Гэсэн хэдий ч Майдар бурхан оюун ухааны мөн чанар нь цэвэр ариун, түүний бохирдол нь олдмол гэж айлдсан байна. Гэгээрэлд хүрэх эрмэлзэлтэй байхад бид ёс зүйгүй үйлдлээс зайлсхийж, ариун журмыг сахин оюун ухаанаа өөрчилж чадна.

“Бодь сэтгэлээр, бусдыг гэсэн сэтгэлээр амьдарвал бидний амьдрал сайхан болно. Ном сургаалийг сайтар тунгаан сонсож, бодож бясалгаж, амьдралдаа хэрэгжүүлж байхыг хичээгээрэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 34 дэх удаагийн Дуйнхорын их авшиг хүртээх ёслол Бодьгаяа хотноо эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт сууж буй
хүмүүс. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.02.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Мөн би Төвөдийн Тисрон Дэцэн хааны хүсэлтээр VII зуунд Төвөдөд зохиогдсон Гамалашила гэгээний “Бясалгалын дунд зэргэмж” номыг удиртгал номын айлдварт багтаасан байгаа. Гамалашила гэгээний багш нь Төвөдөд бурханы шашны Наландагийн уламжлалыг агуу ихээр дэлгэрүүлсэн Шантаракшита гэгээн юм. Энэ үед Шанатаракшита гэгээн нууц тарнийн анхааран авлагыг дэлгэрүүлэхийн тулд ловон Бадмасамбхаваг мөн урин залжээ.”

“Өнөөдөр би шавь нарыг дагуулах авших өгнө. Дүйнхорын их авшиг нь олон хоногийн турш үргэлжилдэг тул энэ хугацаанд шавь нарт барцад саад оруулахгүйн тулд энэхүү авшиг хүртээж байна.”

Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухаан орчлон ертөнц Их тэсрэлтийн үеээс эхлэлтэй гэдэг бол Буддын шашин оюун ухаан эхлэлгүй гэж үздэг гэлээ.

Өнөөдрийг хүртэл бид сөрөг сэтгэл хөдлөлийн хор нөлөөг олж харахгүй байна, тиймээс түүний эсрэг ерөндөг хэрэглэхгүй байна гэв. Сөрөг сэтгэл хөдлөлийн гол эх үүсвэр нь мунхаг тул хоосон чанарыг ойлгосон саруул ухаан түүний эсрэг хамгийн хүчтэй ерөндөг мөн. Иймд, Дээрхийн Гэгээнтэн ёс зүй, төвлөрөл, саруул ухаан гурвыг дадуулахыг сайшаадаг гэлээ.

Дүйнхорын их авшиг хүртээх үйл ажиллагааг голлон зохион байгуулж буй Төвөдийн төв захиргааны тэргүүн Сижон Лувсан Сэнгэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд бүх энгийн хүмүүсийг төлөөлж лагшин, зарлиг, тааллын гурван шүтээнийг өргөсөн бол лам хуврагуудыг төлөөлж их хурлын дарга Сомнам Дэмпел мөн адил гурван шүтээн өргөсөн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварт сууж буй хүмүүсийг энэ хугацаанд үргэлж Дүйнхор бурханы зүрхэн тарнийг унших, бүр дэлгүүрт явж байхдаа ч уншиж байхыг зөвлөв. Мөн хоёр хоног тусгай зан үйл хийх тул энэ хооронд хүмүүсийг ойр хавийн мөргөлийн газруудаар явж мөргөхийг зөвлөлөө. Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн эрүүл мэнддээ сайн анхаараарай гэлээ.
Үзсэн: 3 355
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц