Дүйнхорын их авшигийн удиртгал номын айлдварын 3 дахь өдөр.

22-01-2017, 05:48  |  Хэвлэх

2017 оны 1 дүгээр сар 7

Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017. 01. 07 –Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өмнөх өдрүүдийн адил Дүйнхорын их авшигийн бэлтгэл зан үйлд оролцлоо. Элсэн хот мандал хийх ажил эрчимтэй явагдаж, дуусах дөхөж байгаа нь номын айлдварыг шууд дамжуулж буй дэлгэцэн дээрээс харагдаж байлаа.

Дүйнхорын их авшигийн удиртгал номын айлдварын 3 дахь өдөр.
Намжал дацангийн лам хуврагууд элсэн хот мандал бүтээж
байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Голдуу Намжал дацангийн лам нараас бүрдсэн тусгай баг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дүйнхорын авшиг хайрлах үйл ажиллагаанд нь тусалж байна. Өдөр бүр хорин таван хуварга Дээрхийн Гэгээнтэнтэй хамт сууж уншлага үйлдэж байгаа билээ. Намжал дацангийн одоогийн хамба лам Тамток ринбочэ, хуучин хамба лам Жадо ринбочэ, хоёр унзад нар энэ удаагийн хурлын үйл ажиллагаанд голлон оролцож байгаа аж. Мөн энэ удаагийн Дүйнхорын авшигийн хуралд жонан урсгалын найман лам, монголын дөрвөн лам нэгдэн оролцож байна. Тусгай дөрвөн лам элсэн хот мандал бүтээх ажлыг байнга явуулж байгаа бөгөөд тэдэнд туслах дөрвөн лам, мөн өөр нэгэн лам үйл явцыг байнга хянаж байгаа аж.

Өнөөдрийн номын айлдварын өмнө пали хэлээр Мангала судар уншсан бөгөөд дараа нь вьетнам хэлээр Билгүүний Зүрхэн судар уншлаа. Дараа нь Гандан Ширээт Жэвзүн Лувсантэнзин бурханы лагшин, зарлиг таалалын шүтээнийг Дээрхийн Гэгээнтэнд өргөв.

“Бурхан Багш шүтэн барилдлагын сургаалыг айлдсан. Тэрээр 2500 гаруй жилийн өмнө Энэтхэгт амьдарч байсан юм. Гэтэл өнөөг хүртэл түүний сургаал түгэн дэлгэрсээр байна. Энэхүү сургаал нь бидний өдөр тутмын амьдралд асар их нэмэртэй, тустай байна. Зарим хүмүүс шашныг зөвхөн сүсэг бишрэлтэй холбож ойлгодог. Гэтэл шинжлэх ухааны эрдэмтэд Бурханы сургаал нь сэтгэл судлалын шинжлэх ухаан юм гэдгийг олж мэдээд гайхан биширч байна.”

“Бурханы шашныг хамгийн шилдэг нь, эсвээс хүн бүр бурханы шашинтан байх ёстой гэж би хэлэхгүй. Сайн гэсэн эм болгоныг өвчтэй хүн ууж болохгүйтэй адил олон янзын шашны уламжлалууд нь өөр өөр хүмүүст тохирсон байдаг. Төвөдөд Бурханы шашин үеэс үед дамжин ирсэн бидний уламжлалт шашин билээ. Харин барууны орнуудад жүүд, христийн, лалын гээд газар газар өөр өөрийн шашинтай. Тиймээс би хүмүүст өөрийнхөө уламжлалт шашныг шүтээрэй гэж хэлдэг юм.”

Дүйнхорын их авшигийн удиртгал номын айлдварын 3 дахь өдөр.
Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт
сууж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Номын айлдвараа эхлээд Дээрхийн Гэгээнтэн дөрвөн зүйлд итгэхийг зөвлөсөн буддын сургаалын талаар тайлбарлав. “Хүнд бус түүний хэлж буй үгэнд нь итгэх, үгэнд бус утганд нь итгэх, ил утга бус эцсийн утганд нь итгэх, мэдрэхүйн нотолгоо бус билиг оюунд итгэх.”

“Бидний номын айлдварт сууж буйн гол зорилго бол нисванист муу сэтгэл, мунхаг оюуныг арилгаж хоосон чанарыг ойлгох, учир шалтгааны үүднээс ухаарах, улмаар үнэхээр бүтсэн гэх үзлийг няцаахад оршино.”

“Нар мандаж алгуураар харанхуйд гэрэл гэгээ оруулдагтай адил мунхаг сэтгэлээ дарж, билиг оюуныг олохын тулд удаан хугацаанд тууштай ном үзэж судлах хэрэгтэй. Ингэвээс 21-р зууны Бурханы шашинтан болно. Мөн олж авсан мэдлэгээ өдөр тутмын амьдралдаа дадуулан хэрэгжүүлэх нь чухал юм шүү.”

Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадвын явдалд орохуй” номын 5-р бүлгийг дуусгаад унтахдаа сайхан, буяны сэтгэлийг төрүүлж унтвал сэрэх хүртлээ буян хураадаг гэлээ.

Хүлцэхүйн тухай 6-р бүлэг рүү оров.

Эхний мөрүүдэд уур хилэнтэй бид эвлэрч болохгүй гэж тодорхой бичсэн байна. Тэвчээрийг дадуулахын тулд эхлээд тэвчээртэй байж чадаагүйн хор уршигийг таньж мэдэх нь чухал. Хүчтэй уурлаж байх үед уурыг дарах хэцүү. Тиймээс уураас урьтаж түүнийг бий болгож буй эх үндсийг нь арилгах нь чухал юм.

Мөн тэрээр хэн нэгэнд уурлах үедээ түүнийг бие даан оршиж буй нэгэн бус, хоосон чанартайг, мөн бас тэд ч ялгаагүй нисваанист муу сэтгэлийн эрхэнд байгаа гэдгийг бодох хэрэгтэй гэж зөвлөв.

“Бид шүтэн дээдэлдэг Бурхан Багшаа бодон тэвчээрийг дадуулах, эсвэл өөр бусдыг тэгшитгэн солих бясалгалыг хийх боломжгүй. Зөвхөн зовж буй амьтанг бодож энэрэл хайр, тэвчээрийг бясалгана.”

Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр дэлхий дээр ядуу хүмүүс маш их байна, үүнийг бид анхаарч шийдэл олох хэрэгтэй гэлээ.

Мөн тэрээр аливааг хийхээсээ өмнө хийж чадах эсэхээ бодож, хянах хэрэгтэй гэж зөвлөв. Чадахааргүй бол бүү эхлүүл, нэгэнт эхэлсэн бол дуустал нь хий. Бодит байдлаа олон талаас харж үнэлгээ хийж байх хэрэгтэй гэв.

Дүйнхорын их авшигийн удиртгал номын айлдварын 3 дахь өдөр.
Дээрхийн Гэгээнтэн удиртгал номын айлдварын гурав дахь өдөр.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.07. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн “Бясалгалын дунд зэрэг” номын тайлбар руу эргэн ороод, хүмүүсийн ихэнх нь аз жаргалыг зөвхөн мэдрэхүйн таван эрхтний ухамсартай холбож байна, энэ нь сэтгэл алгасрах шалтаан болдог талаар ярьлаа.

“Өглөө босоод сэтгэлээ төвлөрүүлэх хэрэгтэй. Нүүр гараа угаагаад, сэтгэл сэргэг байхад бясалгал хийх, энэ үед өнгөрсөн болон ирээдүйд болох зүйлийг бодож сэтгэл алгасралгүй зөвхөн одоогийн, тодорхой байгаа энэ мөчид сэтгэлээ тогтоох хэрэгтэй. Үүнийг сайн хийж чадвал сэтгэлийн мөн чанар нь тодорхой, тунгалаг гэдгийг мэдэрч эхэлнэ. Сэтгэлээ тогтоох нэг арга нь амьсгал дээрээ төвлөрөх бясалгал юм.”

“Гэгээрэлд хүрэх бүх эрдмүүд амирлан оршихуй болон үлэмж үзэхүйн эрдмээс төрнө. Төвлөрсөн, амирлан оршихуй бясалгал нь дангаараа нисванис буюу муу сэтгэлийг дарж чадахгүй, үүний тулд үлэмж үзэхүй буюу юмсын мөн чанарыг судалсан билиг оюуны эрдмийг олж авах хэрэгтэй.”

Бясалгал хийж буй хүн мах хэрэглэхээс зайлсхийх ёстой гэсэн хэсэг дээр ирээд Дээрхийн Гэгээнтэн Адиша гэгээнийг цагаан хоолтон байсан гэлээ. Мөн Шри-Ланкийн нэг гэлэнтэй үүний талаар ярьсан тухайгаа дурсан ярив. Тэр хүн Буддын шашны гэлэн сахилтай хүн цагаан хоолтон ба махан хоолтны аль аль нь биш, хүний өгснийг идэх ёстой гэж хэлсэн байна. Олон жилийн өмнө Тайландад байхдаа лам нарын хамт гүнцгэнд явахад тэд винайн ёсыг ёсчлон үйлдэж байсан гэв.

Дээрхийн Гэгээнтэн 60-аад онд 20 сарын турш цагаан хоол идсэн боловч бие нь хүндээр өвдөж эмч нар хааяа махан хоол идэж байхыг зөвлөсөн байна. Өнөөдөр Энэтхэг дэх төвөдийн сүм хийдүүд болон сургуулиуд зөвхөн цагаан хоол хэрэглэж байгаа ажээ. Цагаан хоолтон байх эсэхийг хувь хүн өөрөө шийднэ гэлээ.

Сунаж мөргөх хэсэг дээр Дээрхийн Гэгээнтэн өвдөгний өвчтэй болохоос өмнө тогтмол мөргөдөг байсан гэв.

Дүйнхорын их авшигийн удиртгал номын айлдварын 3 дахь өдөр.
Орос хэлний орчуулагч номын айлдварын үеэр ажиллаж байна.
Нийт 20 хэлээр номын айлдварын орчуулга явагдав. Энэтхэг,
Бихар, Бодьгаяа. 2017.01.07. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Сууж бясалгал хийхдээ Бярузана бурханы суудлын долоон байдлаар, хоёр хөлөө очир завилгаар бүтэн эсвэл тал завилж суух хэрэгтэй, энэ нь хийн гүйдлийг зөв болгодог талаар ярив.

Дээрхийн Гэгээнтэн гурван удаа баруун талын хамраараа удаан амьсгал аваад зүүнээрээ алгуур гаргах, гурван удаа зүүн хамраараа амьсгаа аваад баруунаар гаргана, гурван удаа хоёр хамраараа амьсгаа аваад хоёр хамраараа гаргах гэсэн есөн үет амьсгалын дасгал зааж өглөө. Дараа нь Бурхан Багшийн дүрийг хөмсөгний харалдаа байрлуулж, сунаж мөргөх хэмжээнд дүрслэн бясалгах ба энэ үед сэтгэл нозоорох, эсвэл үймэх байдлыг зогсоож тунгалаг, тодорхой байлгах хэрэгтэй хэмээн айлдав.

“Бодьсадвын явдалд орохуй” номонд амирлан оршихуй буюу самади бясалгалыг хийхэд гол саад болдог нь сэтгэл үймэх явдал гэж тайлбарласан байна.
Өөрийгөө болон бусдыг адилтгаж, өөрийн оронд бусдыг бодох талаар ярив. Бясалгал хийж буй хүн нэг талд хязгааргүй хамаг амьтдыг, нөгөө талд өөрийгөө төсөөлөөд алинд нь туслах вэ гэдгийг шийднэ.

Дээрхийн Гэгээнтэн залуу байхдаа бодь сэтгэл нь агуу зүйл юм байна, харин ийм сэтгэлтэй болж чадахгүй болов уу хэмээн эргэлздэг байжээ.
Дараа нь Хүннү лама багшаар “Бодьсадвын явдалд орохуй” номыг заалгаснаас хойш хэрэв хичээвэл бодь сэтгэлийг төрүүлж болохоор юм байна гэж боддог болсон байна.

Тэрээр энэ өдрийн номын айлдвараа өндөрлөхийн өмнө өөрийгөө болон бусдыг тэгшитгэн солих тухай гардаг 8 дугаар бүлгийг бүтэн уншиж дуусгав. Удиртгал номын айлдвар маргааш өндөрлөнө.

Мэргэжлийн өндөр ур чадвартай техникийн дэмжлэгийн баг хамт олон ажиллаж номын айлдварыг Facebook болон шууд дамжуулах сувгаар англи, хятад, төвөд, вьетнам, солонгос, орос, монгол, хинди хэл дээр цацаж байна. Өнөөдрийн байдлаар үзэгчдийн тоо нэг сая дөчин мянгад хүрээд байна.
Үзсэн: 2 561
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц