Дүйнхорын авшигийн сүүлийн өдөр

7-02-2017, 19:49  |  Хэвлэх

2017 оны 1 дүгээр сар 13

Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017. 01. 13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Бодьгаяад морилон ирснээс хойш бүрхэг байсан тэнгэр сүүлийн өдрүүдэд цэлмэг нартай байгаа ч гадаа хүйтэн хэвээр байна. Дээрхийн Гэгээнтэн өглөө эрт номын айлдварын талбайд морилон ирж 4 цагийн турш Дүйнхорын авшиг хүртээхийн өмнөх хувийн бэлтгэл зан үйл үйлдэв.

Дээрхийн Гэгээнтэн түргэн зуур үдийн зоог барьсны дараа номын айлдварын талбайд эргэн ирж сүсэгтэн олны зүг инээмсэглэн гараа даллан мэндчиллээ. Номын айлдварт цугласан олон түүнийг баяр хөөртэй чанга алга ташилтаар угтав.

Дүйнхорын авшигийн сүүлийн өдөр
Лам хуврагууд болон энгийн хүмүүс испани хэл дээр Билгүүний
Зүрхэн судрыг уншив. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.13.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэнг сэнтийдээ заларсны хойно Рүүт институтын хүүхдүүд гурав дахь удаагаа Билгүүний Зүрхэн судрыг санскрит хэл дээр уншлаа. Үүний дараа эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд болон энгийн хүмүүс хамтран Билгүүний Зүрхэн судрыг испани хэл дээр уншсан юм. Дээрхийн Гэгээнтэн анх удаа испани хэл дээр уншихыг сонсож байна гэж тэмдэглэн хэлэв. Тэдний дунд тайландын гурван лам байгааг хараад ойртож ирэхийг хүсэв. Тэд Дээрхийн Гэгээнтэнд шилэн суварганд залсан нандин шүтээн өргөлөө.

Дараа нь Илт Онохуйн Чимэг ба Билгүүний Үндэс номын мөргөлийн шүлгийг бүх нийтээрээ уншлаа.

“Шашны бүх уламжлалт сургаалууд амар амгалан аз жаргалтай амьдрал руу хөтөлдөг. Бүгд хайр энэрэл, нинжин сэтгэлтэй байхыг болон бусдад хор хөнөөл учруулахгүй байхыг номлодог. Бүгд тэвчээр, уучлал өршөөлийн талаар тайлбарлан сургадаг. Бусдыг орхигдуулж амин хувиа хичээвэл сэтгэл хангалуун аз жаргалтай байна гэж үгүй. Өлсгөлөн хүмүүсийн өөдөөс хараад тансаг зоог хүртэнэ гэж үү?”

Дүйнхорын авшигийн сүүлийн өдөр
Дээрхийн Гэгээнтэн Дүйнхорын авшигийн сүүлийн өдөр айлдвар
айлдаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.13.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бид муу сэтгэлдээ хөтлөгдөн худал хэлж, хууран мэхэлж бусдад хохирол учруулдаг. Амин хувиа хичээх энэ арга зам нь биднийг сүйрэлд хүргэх шалтгаан болдог юм. Гэртээ тав тухтай орчинд “Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай” гэж давтан хэлэхэд хялбар байх болно. Гэвч тэдний төлөө бодит зүйл хийснээр таагүй нөхцөл байдлыг өөрчилнө. Та бүгд Бодьгаяад Дүйнхорын авшиг хүртэхээр ирсэн. Тиймээс та нар дотоод сэтгэлээ өөрчилж нигүүлсэнгүй, халуун дулаан сэтгэлтэй болоод гэртээ харих хэрэгтэй.”

“Бодь сэтгэл нь бусдын сайн сайхны төлөө өөрсдийгөө зоригжуулах ухаалаг арга зам юм. Үүний тулд би “Бодьсадвын явдалд орохуй” номыг тайлбарласан билээ. Дахин дахин уншаад ойлгосон зүйлээ эргэцүүлэн бодож байгаарай. Ингэж чадвал та нарын сэтгэлийн зовлон арилж амар амгалантай болох ба энэ насандаа болон дараа төрөлдөө аз жаргалтай байх болно.”

Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ төвөдийн буддын шашин Бурхан Багшийн сургаалыг бүрэн төгс агуулсан бөгөөд нууц тарнийн ёсыг багтаасан гэв.

“Бид Бурхан Багшийн ном сургаалыг суралцан дадуулснаар бурханы хутагт хүрэх шалтгааныг бүрдүүлэх ба мэдэгдэхүүний түйтгэрийг арилгаж чадна. Нууц тарнийн ёс нь билиг билгүүнийг номлодог бөгөөд энэ нь тодорхой, саруул оюун ухаан төрүүлсний улмаас гэгээн гэрлийн эрдмийг олох сургаал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Дүйнхорын нууц тарнийн ёсонд үүнийг маш нарийн, дэлгэрэнгүй заадаг гэлээ.

Дүйнхорын авшигийн сүүлийн өдөр
Авшигийн эд зүйлсийг лам нарын гарт бариулав. Энэтхэг, Бихар,
Бодьгаяа. 2017.01.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Төвөдийн иргэдийн хурлын зарим гишүүд авшигийн зан үйл эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мандал өргөв. Дүйнхорын авшиг дахь “дээд авшиг” хүртээх үедээ Дээрхийн Гэгээнтэн үүнийг онцгой шавь нарт хүртээдэг уламжлалтай бөгөөд эдүгээ Төвөдийн бурханы шашныг хадгалан авч яваа олон дээдэс хуврагууд энд цугласан байгаа тул энэ авшигийг хүртээж байна гэлээ.

Номын айлдвар өндөрлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн сүсэгтэн олонд хандан номын айлдварын эхэнд хэлсэнчлэн Дүйнхорын авшиг хүртэж байгаагийн гол зорилго нь дотоод сэтгэлдээ өөрчлөлт хийж нигүүлсэнгүй, халуун дулаан сэтгэлийг төрүүлэхийн төлөө юм шүү гэдгийг ахин тэмдэглэн хэлэв.

Номын айлдвар өндөрлөсний дараа Төвөдийн төв захиргааны шашин, соёлын газрын дарга Карма Гэлэк Юүток талархалын мандал өргөв.

Хоёр хэсгээс бүрдсэн орчуулагч нар Дээрхийн Гэгээнтэнд хадаг барин мөргөлөө.

Дүйнхорын авшиг хүртээсний дараа насны авшиг өгдөг уламжлалтай боловч энэ удаа Дээрхийн Гэгээнтэн Жанрайсиг бурханы жэнан (даган соёрхол) өгөхөөр шийдсэн тул маргааш өглөө энэхүү даган соёрхолыг хүртээнэ. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншүг өргөх ёслол болно.

Дүйнхорын авшигийн хаалтын арга хэмжээнд Бихар мужийн тэргүүн сайд Нитиш Кумар ирж оролцоно.
Үзсэн: 1 367
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц