Энэрэл хайр, ёс суртахууны тухай сурагч нарт илтгэл тавив

13-02-2017, 10:05  |  Хэвлэх

2017 оны 2 дугаар сар 6

Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.06 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бангла Сахиб Гүрүдвара дахь “Есүс ба Мари” сургуульд зочилсон юм. Түүнийг тус сургуульд хүрэлцэн ирэхэд Энэтхэгийн Уламжлалт өв соёлын нийгэмлэг (ЭУӨСН)-ийн үүсгэн байгуулагч бөгөөд захирал Смита Ватс хүлээн авлаа. Тус нийгэмлэг нь энэтхэгийн хүүхэд залуучууд уламжлалт өв соёлоосоо хөндий өсч буй асуудал дээр анхааран ажилдаг ажээ. Дээрхийн Гэгээнтнийг талбайд зассан тайзын зүг явахад замын хоёр талаар жагссан сургуулийн сурагчид энэтхэгийн гурван өнгө бүхий далбаа барин угтлаа.

Хатагтай Ватс Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг хүсээд цаг агаар таатай сайхан байгааг онцлон дурьдав. Энэхүү уулзалтанд 80 сургуулийн 1300 гаруй сурагч хүүхдүүд оролцож байгааг Дээрхийн Гэгээнтэнд танилцуулсан юм.

Энэрэл хайр, ёс суртахууны тухай сурагч нарт илтгэл тавив
Зураач Вилас Наик Дээрхийн Гэгээнтний хөрөг дүрийг зурах үеэр
хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэнд зориулж дуу дуулав. Энэтхэг,
Шинэ Дели. 2017.02.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтнийг яриагаа эхлэхийн өмнө сурагч хүүхдүүд түүнд зориулж дуу дуулсан бөгөөд энэ хооронд зураач Вилас Наик Дээрхийн Гэгээнтний хөрөг зургийг түргэн зурах техникээр зурж байлаа. Хүүхдийн дуу өндөрлөхөд Дээрхийн Гэгээнтний хөрөг дүр ч бэлэн болсон байв. Ингээд Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэлсэн юм.

“Та нар шиг олон хүмүүстэй уулзах бүртээ би “Ахан дүүс минь” гэж мэндэлдэг. Үүнд учир бий. Бид адилхан хүн төрөлхтөн бөгөөд өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний нэг нь билээ. Бид адилхан төрж, адилхан эхийн хайраар өсөж торнисон. Хожим бид адил замаар насан эцэслэх болно. Бид бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөр адилхан. Бид таатай зүйлээ, өвчин зовлон гэх мэт таагүй зүйлийг ч бусадтай хуваалцдаг. Гэтэл бид өнөөг хүртэл хүн төрөлхтний нэгдмэл байдлыг үл тоомсорлож, бусад хүмүүс бидний ахан дүүс гэдгийг мартсан байна. Үүний оронд арьс өнгө, овог үндэс, шашин шүтлэг, улс үндэстэн гэх зэрэгт илүү их ач холбогдол өгсөөр байна. Бид нэг нэгэндээ “бид” ба “тэд” гэсэн байр сууринаас хандаж байгаа тул зөрчилдөөн гарах нь гарцаагүй юм.”

“Бидэнд тохиогоод буй олон асуудал бэрхшээлийг бусад хүмүүс надтай адил аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэсэн энэ л ойлголт дээр үндэслэн арилгаж чадна. Тэд ч мөн бусдаас энэрэл хайрыг хүртэснээр өөдлөн дэвжих болно. Шинжлэх ухааны эрдэмтэд анх төрсөн хүүхдийн эх эхний хэдэн долоо хоногт хүүхэддээ байнга хүрэх аваас хүүхдийн уураг тархиний хөгжилд илүү үр дүн өгдөг гэж үзсэн байна. Энэ хугацаанд нярай хүүхэд хайр энэрлийг хангалттай авч чадвал аз жаргалтай, амар тайван өсч чадна гэжээ. Мөн эрдэмтэд уур хилэн, айдас хүйдэс нь бидний дархлааны системийг эвддэг бөгөөд эсрэгээрээ энэрэл хайрын сэтгэл үүнийг улам дэмждэг болохыг баталсан юм.”

Энэрэл хайр, ёс суртахууны тухай сурагч нарт илтгэл тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Есүс ба Мари" сургууль дээр үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.06.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа хүн төрөлхтөн нэг нэгэндээ анхаарал халамж хандуулах шаардлагатайг алс бөглүү газарт төөрсөн хүнээр жишээ аван тайлбарласан юм. Хэрэв төөрсөн хүн хэн нэгэнтэй санаандгүй таарвал хүн гэдгээрээ баярлан угтана уу гэхээс түүний шашин шүтлэг, арьс өнгө хамаагүй гэдгийг ярьлаа. Тэрээр нэг нэгэндээ үргэлж ийм сэтгэлээр ханддаг байх хэрэгтэй гэж зөвлөв.
“Бидэнд тохиогоод буй баян, ядуугийн ялгаа, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшиг, хүн амын хэт өсөлт, мөн хүнээс шалтгаалсан бэрхшээлүүд болох хээл хахууль, ялгаварлан гадуурхах кастын систем зэрэг олон зүйл дээр бид хамтар ч ажиллах хэрэгтэй.”

Тэрээр өөрийн өмнө сууж буй 21-р зууны залуучуудад хандан илүү их энх тайван, аз жаргалтай дэлхийг бүрдүүлээрэй гэж хүслээ. Ингэхдээ өөрсдийн саруул ухаанаа эерэгээр ашиглах хэрэгтэй ба халуун дулаан сайхан сэтгэлийг хөгжүүлснээр нөхцөл байдал хурдан өөрчлөгдөнө гэсэн юм. Боловсролын тогтолцоо нь зөвхөн материаллаг зүйл дээр голлон анхаарч, дотоод үнэ цэнийг орхигдуулж буй энэ үед сайхан сэтгэлийг хөгжүүлэх нь үр дүнтэй байх болно гэлээ.

Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн уурын талаар ярив. Тэрээр тухайн асуудлыг сайтар судалж үзээд шийдэх боломжтой бол уурлах шаардлаггүй, хэрэв шийдэх ямар ч боломжгүй тохиолдолд хий дэмий уурлах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй хэрэг гэсэн юм. Мөн дэлхийн энх тайван бидний дотоод сэтгэлийн амар амгалангаас шалтгаална гэдгийг тайлбарлалаа. Эд материалын хувьд төдийлөн хангалттай биш ч гэлээ гэр бүлийн гишүүд амар тайван байдаг айлд хүн бүхэн амар тайван байж чадна гэдгийг онцлон хэлэв.

Энэрэл хайр, ёс суртахууны тухай сурагч нарт илтгэл тавив
80 сургуулиас ирсэн 1300 хүүхдийн зарим нь Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын яриаг тэмдэглэн авч байгаа нь. Энэтхэг,
Шинэ Дели. 2017.02.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Өөр нэг сурагч эндээс юу авч явах ёстой вэ гэсэн асуултанд “Энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүн бол. Энэрэнгүй сайхан сэтгэл нь хүний дотоод гоо сайхан бөгөөд амар амгалан дэлхийг бүтээх түлхүүр юм.” гэв.

Айлдвар өндөрлөсний дараа талархал илэрхийлж хадаг солилцлоо. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тайзнаас буухдаа айлдварын эхэнд зурсан өөрийн хөрөг зураг дээр гарын үсгээ зурж, зураач Вилас Наикт талархал илэрхийлсэн юм.

Үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шехар Гүптагийн хэлэлцүүлэгт оролцов. Уг хуралд 150 гаруй хүн оролцсон бөгөөд тэд Дээрхийн Гэгээнтнийг тавтай саатахыг хүслээ. Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө эртний Наландагийн шавь бөгөөд аливаа зүйлийг ажиглан судлах, сэтгэл хөдлөлөө хянах чадварт суралцсан тухайгаа Шенхар Гүптад ярилаа. Тэрээр аливаа асуудлыг байнга өргөн хүрээнд хүлээн авч, өөдрөг хандахыг оролддог талаар дурьдав. Тэд хэд хэдэн удаа “Эзэн” тэнгэр байгаа, эсэх талаар ярьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа Энэтхэг улс орчин цагт шинжлэх ухаан, техник технологийг эртний Энэтхэгийн мэдлэг боловсролтой уялдуулах боломжтой байгааг давтан хэллээ.

Энэрэл хайр, ёс суртахууны тухай сурагч нарт илтгэл тавив
Дээрхийн Гэгээнтэн Шехар Гүптатай ярилцаж байгаа нь. Энэтхэг,
Шинэ Дели. 2017.02.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“8-р зуунд Төвөдийн Тисрон Дэцэн хаан хэдийгээр Хятадтай маш ойр харилцаатай байсан боловч Энэтхэгээс бурханы шашныг авсан юм. Тэрээр тухайн үеийн гарамгай багш Шантаракшита гэгээнийг Төвөдөд урин залснаар буддын гүн гүнзгий сургаал түгэн дэлгэрсэн билээ. Өдгөө төвөдүүд бид Шантаракшита гэгээний өвлүүлэн үлдээсэн Наландагийн их уламжлалыг уугуул орон Энэтхэгт буцаан авчраад байна.”

Шенхар Гүпта ярилцлагыг төгсгөх үеэр нэгэн эмэгтэй буддын шашинд яагаад эмэгтэй хүн гэгээрэлд хүрэх боломжгүй гэж номлодог талаар асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариуд нь Бурхан Багш эрэгтэй, эмэгтэй аль алинд нь адил боломж олгосон тухай ярив. Жишээлбэл Бурхан Багш гэлэн санваарыг эрэгтэй, эмэгтэй хүнд адилхан өгсөн байна.

Дээрхийн Гэгээнтэн урьд өмнө буддын гүн ухааныг өргөн хүрээнд судалдаггүй байсан эмэгтэй хуврагуудыг үүнд суралцах хэрэгтэй гэж 40 гаруй жилийн өмнөөс зөвлөсний үр дүнд өнөөдөр 20 эмэгтэй хувраг буддын гүн ухааны эрдмийн дээд цол болох гэвшмаа цол хамгаалаад байгаа билээ.

Үүгээр энэ удаагийн ярилцлага өндөрлөв. Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ахин “Есүс ба Мари” сургуульд эргэн морилно.
Үзсэн: 834
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц