Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Есүс ба Мари” сургуулийн багш ажилчидад яриа хийлээ

14-02-2017, 09:03  |  Хэвлэх

2017 оны 2 дугаар сар 7

Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.07 – Хэдийгээр цэлмэг тэнгэртэй ч хүйтэн жиндүү энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмэгтэйчүүдийн “Есүс ба Мари” сургууль дээр хүрэлцэн ирлээ. Түүнийг машинаас буухад сургуулийн захирал Ср Росили дотночилон хүлээн авав. Үүдэнд тус сургуульд сурдаг таван төвөд оюутан өөрсдийн үндэсний уламжлалт заншилын дагуу хүндэтгэлийн замбаа барин угтсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Есүс ба Мари” сургуулийн багш ажилчидад яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг "Есүс ба Мари" сургуулд үг
хэлэхийн өмнө оюутнууд хүндэтгэлийн дуу дууллаа. Энэтхэг,
Шинэ Дели. 2017.02.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон захирал Ср Росили нар хамтдаа зул өргөх ёслол үйлдэсний дараа эмэгтэй оюутнууд хүндэтгэлийн дуу дууллаа. Үүний дараа дк Жоёцана Сетхи Дээрхийн Гэгээнтнийг танилцуулав. Захирал Ср Росили түүнийг тавтай морилохыг хүслээ.

“Хүндэт ахан дүүс нар аа, энэ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөрөө адилхан. Бид адилхан аз жаргалтай амьдрахыг хүсэн залбирдаг бөгөөд аз жаргалтай амьдрах эрх ч бидэнд адилхан бий. Бидний залбирал биелэлээ олоход хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ухаарсан ойлголт чухал холбогдолтой. Бид хүн төрөлхтөн гэх нэгэн гэр бүлийн гишүүд билээ.”

“Яг одоо биднийг энд амар тайван сууж байхад дэлхийн өөр нэгэн газар “бид” ба “тэд” гэсэн үзлээс болж нэг нэгэндээ уурлан хилэгнэж, үзэн ядаж, улмаар нэг нэгнээ егүүтгэж байгаа. Энэ нь биднээс 21-р зууныг 200 сая хүн хүчирхийллийн улмаас насан эцэслэсэн 20-р зуунаас өөр болгох бүх нийтийн хариуцлагыг шаардаж байна. Энэ статистик мэдээ нь бидний оюун санаанд хүчтэй нөлөөлж хүч үл хэрэглэх арга замыг сонгоход чухал нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.”

“Би Европын холбооны хандлагаас итгэл найдвар, урам зориг авдаг. Дэлхийн II дайны дараа олон зуун жилийн турш дайтаж, зөрчилдөж байсан европын улс орнууд зөвхөн өөрсдийн улс орны ашиг сонирхолоос илүү өргөн хүрээг хамарсан томоохон холбоо байгуулж хамтдаа энх тайван амьдрахыг шийджээ. Би энэ шийдвэрийг машид бишрэн хүндэтгэж байна. Үүнтэй адил жишээ Энэтхэгт бий. Олон жижиг хаант улсууд нэгдэж өдгөөгийн томоохон улс болсон байна. Өмнөд нутгийнхан өөрсдийн хэлийг хинди хэлээс илүүд үздэг байж болох ч, панжабууд өөрсдийгөө илүү сайн ажилдаг гэж болох ч бүгд Энэтхэг хүн гэдэгтээ сэтгэл хангалуун байна. Би европын холбооны энэхүү үзэл санаа Африк, Латин Америк болон Азид ч дэлгэрээсэй гэж хүсдэг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Есүс ба Мари” сургуулийн багш ажилчидад яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Есүс ба Мари" сургуульд үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй хэмээн бидэнд хэлж байна. Өнөөгийн дэлхийн хүмүүс хамтран ажиллах хэрэгтэй, яг л хүүхэд нэг нэгнийхээ яс үндэс гэх мэт ялгааг үл тоон хэзээд тоглож наадахад бэлэн байдагтай адил. Биднийг эмнэлэгт очиход хэрхэн яаж туслах, ямар эмчилгээ хийх вэ гэдэг дээр л анхаардаг бөгөөд хэн хаанаас ирсэн, ямар шашин шүтдэгийг чухалчилдаггүй. Энэ сэтгэлгээг бид улам хөгжүүлэх хэрэгтэй байна. Хүн төрөлхтний нийтлэг сэтгэлгээг бид хэрхэн хөгжүүлэх вэ гэвэл мэдлэг боловсролоор хөгжүүлэх болно. Бид уулзаж цаг уурын өөрчлөлт, байгалын нөөцийн хомсдол, хүн амын өсөлт зэрэг бидэнд нөлөөлж буй олон асуудал дээр үүрэг хариуцлагаа хуваалцах хэрэгтэй. Зөвхөн өөрийн улс оронд анхаарлаа хандуулдаг цаг үе өнгөрсөн. Техник технологи аль хэдийнээ дэлхий дахины нийгмийг бий болгожээ.”

“Та бүхэн энэ сургууль 50 жилийн түүхтэй гэж хэллээ. Хичнээн хүн энэ сургуульд суралцсан ба цаашид хичнээн хүн энд эрдэм ухаанд суралцаж боловсрохыг бодож үзэх хэрэгтэй. Мэдлэг боловрсол нь хүнийг хөгжүүлэх арга бөгөөд үүнд хүн төрөлхтний төлөөх сэтгэлгээг хөгжүүлэх аргыг нэмэх хэрэгтэй гэж би үздэг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх тал дээр хүлээсэн үүрэг хариуцлагынхаа талаар ярив. Тэрээр муслим, хиндү, христ, сих, перси, жейн болон буддын шашны олон сайн найз нөхөдтэй гэдгээ хэллээ. Шашин бүгд сайн хүнийг бий болгох хүчин чадалтай гэж үздэгээ онцгойлон мэдэгдээд энэрэл хайрын төлөөх хүчин зүтгэл нь шашин бүгдийн гол зорилго бөгөөд адил бус гүн ухааны олон үзэл онолууд үүнийг дэмжихийн тулд юм хэмээн тайлбарлав.

“Энэтхэгт эдгээр олон шашин хаяа дэрлэн олон зуун жил амьдарч ирсэн тул шашин хоорондын эв найрамдлын төлөөх хүчин чармайлт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэтхэг улс нь шашны эв нэгдлийн үлгэр жишээ орон билээ. Бусад улс оронд зөрчилдөж буй сүнни болон шиа урсгалын хооронд Энэтхэгийн муслимчууд зуучлах хэрэгтэй гэж би зөвлөдөг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын бас нэг үүрэг нь төвөдийн хэл соёл, мэдлэг боловсролыг хадгалан авч үлдэх явдал юм. Тэрээр 2011 онд улс төрийн үүргээ хүлээлгэн өгснөөс хойш төвөдийн соёл болон Төвөд нутгийн унаган байгалыг хадгалан авч үлдэх тал дээр голлон анхаарч байгаа билээ.
Тэрээр энэтхэгийн нэлээдгүй олон залуучууд төвөдүүдийн хадгалж ирсэн эртний Энэтхэгийн сэтгэл судлалын талаарх мэдлэг боловсролыг академик түвшинд сонирхон судалж байгааг тэмдэглэн хэллээ. Сэтгэл судлалын талаарх энэхүү мэдлэг боловсрол нь бидний сэтгэлгээг эрүүл байлгадаг бодит бөгөөд өнөөгийн нийгэмд чухал хэрэгтэй боловсрол гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Есүс ба Мари” сургуулийн багш ажилчидад яриа хийлээ
Оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуулаа.
Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.07. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Үндэсний үзэл болон зэр зэвсгээр хөөцөлдөхөөс хэрхэн татгалзах талаар асуусанд тэрээр дэлхий нийтийн үүрэг хариуцлагыг хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал байгааг тэмдэглэн хэлэв. Бид саруул ухаанаа сайтар ашиглаж чадвал аливаа зүйлийг бүрэн гүйцэд, өргөн хүрээнд харж чадна гэлээ. Зэр зэвсгээс татгалзсанаар зардал мөнгө хэмнэж, илүү их бүтээн байгуулалт хийх боломжтой болно гэв.

Өөр нэг оюутанд хариулахдаа амьдралын гол зорилго нь аз жаргалтай амьдрах бөгөөд ямар мэргэжил сонгох нь чухал бус тухайн ажлаа эерэг байр сууринаас, сайхан сэтгэлээр хийх нь хамгийн чухал гэсэн юм.

Терроризмын талаар ярихдаа, нэгэнт алан хядах үйл ажиллагаа явуулж буй бол буддын болон муслимын сургаалыг зөрчиж буй хэрэг, тиймээс “буддын болон муслимын алан хядагчид” гэж нэрлэх нь зохисгүй хэмээн мэдэгдлээ. Алан хядах үйл ажиллагаа нь уур хилэн, үзэн ядалтаас уршигтай бөгөөд сөрөг сэтгэл хөдлөлөө барьж чадаагүйн илрэл гэсэн юм. Эцсийн эцэст хүч хэрэглэх нь амгалан тайвнаар яриа хэлцэл хийснээс бага үр дүнтэй гэлээ.

“Төвөдөд долоон жил” кинонд гарсан түүх үнэн эсэхийг түүнээс асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа миний ах болон Хенрих Харрер, Петер Ауфшнайтер нар дотно найзууд байсан гэлээ. Тэрээр европын тухай Харрераас анх сонссон байна. Харрер өөрийн үзэж харсан зүйлээ маш тодорхой, нарийн гаргасан түүхийн ном бичсэн бөгөөд киног уг ном дээр үндэслэн хийжээ. Гэвч зарим үзэл санааг кино драмын үүднээс хийсэн байж болох юм гэв.

Дээрхийн Гэгээнтэн Харрер насан эцэслэх хүртлээ Төвөдүүдийн тууштай нөхөр байсан хэмээн тэмдэглэн хэллээ.

Талархал илэрхийлсний дараа Дээрхийн Гэгээнтэн хүмүүст хандан ахин үг хэлсэн юм.

“Христийн шашны хувьд бид Ертөнцийн Эзэний хүүхдүүд тул нэг нэгэндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Харин Бурхан Багш “Та өөрөө өөрийнхөө аврагч мөн, таны юу хийснээс бүх юм шалтгаална” гэж айлдсан байдаг. Өөрсдийн саруул ухаанаа ашиглан сэтгэл хөдлөлөө тогтоох хэрэгтэй. За ингээд яриагаа бүрэн өндөрлье.”

Сургуулийн ахмад багш нар Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийллээ. Дээрхийн Гэгээнтэн сургуулийн гадаа дурсгалын мод суулгаснаар энэ өдрийн үйл ажил өндөрлөсөн юм.
Үзсэн: 2 006
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц