Үндэсний эмэгтэйчүүдийн парламентийн нээлтийн ажиллагаанд оролцов

18-02-2017, 02:10  |  Хэвлэх

2017 оны 2 дугаар сар 10

Энэтхэг, Андра Прадеш, Амравати. 2017.02.10 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вижейвада дахь айлчлалаа эхлэхээр өглөө эрт жихүүн хүйтнээр хөдөлсөн юм. Вижейвадагийн онгоцны буудалд өтгөн манантай байсны улмаас нислэг хоцорч ирсэн ч Андра Прадеш мужийн спикер дк Кодела Сива Прасада Рао, мужийн сайдууд болох Палле Рагунатха Редди, Д. Умамахешвара Рао нар, мөн мужийн цагдаагийн комиссар Гоудам Саванг нар түүнийг хүлээн угтлаа. Ярилцлага авахаар яаран гүйлдэх сэтгүүлч нарт тэрээр аз жаргалтай амьдралын үндэс нь дотоод сэтгэлийн амгалан тайван байдал хэмээн мэдэгдээд хутагт Нагаржуна тэргүүтэй буддын их багш нарын өлгий нутаг Андра Прадешт эргэн ирсэндээ баяртай байгаагаа дуулгав.

Үндэсний эмэгтэйчүүдийн парламентийн нээлтийн ажиллагаанд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Андра Прадеш мужийн ерөнхий сайд
Нара Чандрабабу Найду нар Үндэсний Эмэгтэйчүүдийн парламентэд
оролцохын өмнө уулзаж байгаа нь. Энэтхэг, Андра Прадеш,
Амравати. 2017.02.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Цаг агаар дулаахан, цэлмэг сайхан энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний эмэгтэйчүүдийн анхдугаар парламентийн хуралд оролцохоор явлаа. Хурлын газар ирэхэд Андра Прадеш мужийн ерөнхий сайд Нара Чандрабабу Найду түүнийг угтан авч дотогш урив. Дээрхийн Гэгээнтэн тайзан дээр гарахын өмнө хэсэг зуур зогсон мужийн ерөнхий сайд, мөн хүндэт зочид болох Шри Венкайах Найду, Киран Беди, Ела Бен Бхатт нартай ярилцсан юм.

Энэтхэгийн төрийн дуулал болон мужийн сүлд дууг дуулсны дараа нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж зул өргөх ёслол үйлдэв. Мужийн их хурлын дарга, спикер дк Кодела Сива Прасада Рао зочид, төлөөлөгч нарыг тавтай саатахыг хүсээд Үндэсний эмэгтэйчүүдийн парламентийн анхдугаар хуралд оролцож байгаадаа тун баяртай байгаагаа мэдэгдлээ. Уг хурлын зорилго нь эмэгтэйчүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэднийг удирдлагын хэмжээнд, шийдвэр гаргах түвшинд хүргэх явдал ажээ.

Урт бөгөөд гол төлөв англи хэлээр явагдсан ерөнхий сайд Чандрабабу Найдугийн хэлсэн үг нь уг хуралд оролцож буй 10,000 зочид, төлөөлөгч нарт урам зориг нэмж байлаа. Мөн тэрээр энэхүү хурал Кришна болон Годавари мөрөн уулзсан, мөн түүхэн талаасаа Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө түүний шавь хэмээн мэдэгддэг хутагт Нагаржунайн нутагт явагдаж байгаад онцгой баяртай байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Телүгү Десам намыг үндэслэгч ноён Рама Рао эмэгтэйчүүдийн эрх, тэдний боловсролыг чухалчилж байгааг цохон тэмдэглэв. Мөн нөөц бололцоогоо ашиглавал олон боломж байгааг дурьдлаа. Эцэст нь тэрээр эмэгтэйчүүдийн мөрөөдөл биелэлээ олно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

Хүндэт зочин Хотын хөгжлийн холбооны сайд Шри М Венкайах Найду англи, телүгү, хинди хэлээр үг хэллээ. Тэрээр мөн энэхүү анхдугаар хуралд оролцож байгаадаа баяртай байна гээд ардчилалын үндсэн зарчим дагуу энэ хурлаар эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэж, мэтгэлцэж, шийдэх гэж байгаад туйлын баяртай байна гэсэн юм. Эмэгтэйчүүд хэдийгээр хүүхэд, гэр бүл, орон гэртээ маш их ажил хийдэг боловч энэ нь үндэсний дотоодын бүтээгдэхүүнд хамрагдахгүй байгааг онцлов. Тэрээр эмэгтэйчүүд бол алдаршаагүй баатрууд мөн гэлээ.

Үндэсний эмэгтэйчүүдийн парламентийн нээлтийн ажиллагаанд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний эмэгтэйчүүдийн
парламентэд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Андра Прадеш,
Амравати. 2017.02.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Богино хэмжээний кино үзүүлсний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлсэн юм.

“Би олон нийттэй уулзах бүртээ ахан дүүс минь гэж мэндэлдэг. Бага залуу болон ахмад эмэгтэйчүүд, мөн адил ахмад, залуу эрэгтэйчүүд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бид бүгд адилхан хүн төрөлхтөн гэдэг үзэл маань миний үндсэн итгэл юм. Дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүмүүс бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөр адилхан. Адилхан хүн төрөлхтөн гэдэг байр сууринаас бид хамтран ажиллах хэрэгтэй. Бид нэг нэгэндээ “бид” ба “тэд” гэх байр сууринаас ханддагийн улмаас олон асуудал бэрхшээл үүсдэг. Үүнээс үзвэл бидэнд тохиогоод буй олон асуудлыг бид өөрсдөө бий болгожээ.”

“Хүүхдүүд нэг нэгнээ байгаагаар нь хүлээж авдаг. Гэвч өсөж том болохын хэрээр нийтлэг зүйлд анхаарал хандуулахаас илүү улс үндэс, шашин шүтлэг, хүйсийн ялгаа гэх зэрэгт анхаарч эхэлдэг юм. Угтаа бид бүхэн хүн төрөлхтөн гэдгээрээ адилхан шүү дээ.”

“Би хүн төрөлхтний нэгдмэл байдлыг хөгжүүлэхийн төлөө хичээж байна. Хүмүүс эхэндээ хамтарч ан хийдэг, өөрт юу байгаа бүхнээ хуваан хэрэглэдэг байсныг би байнга хэлдэг. Дараа нь мал, эд хөрөнгөтэй болсноор түүнийг зохицуулах удирдагч хэрэгтэй болсон байна. Энэ үед биеэр хүчтэй нь удирдагч болж байсан тул ихэвчлэн эрэгтэйчүүд давамгай эрхтэй байжээ. Алгуур мэдлэг боловсрол нэмэгдэхийн хэрээр хүйсийн тэгш байдал тогтсон боловч өнөөгийн боловсролын систем энэ тал дээр дутмаг байна. Хүүхдүүд багадаа шудрага, нээлттэй, энэрэнгүй байдаг боловч эдгээр сайн чанарууд эрх мэдэлтэй болох, хөрөнгө мөнгөтэй болоход чухалд тооцогддоггүйн улмаас хүүхдүүд том болохын хэрээр материаллаг зорилгыг илүүд тооцож, өөрсдийн сайн чанараа алдсаар байна.”

“Энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхийн төлөө бид нэлээдгүй хүчин зүтгэл гаргах хэрэгтэй. Байгалаасаа эмэгтэйчүүдэд ийм чанар илүү их байдаг тул хөгжихийг хүсвэл эмэгтэй удирдагч бидэнд зайлшгүй хэрэгтэй.”

“Хэрэв 21 зуун 20 зуунаас өөр байх ёстой бол бид асуудлыг зөнд нь орхиж болохгүй. Бид өөрчлөлт хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй, зовлон үргэлжилсээр л байх болно. Энд амар тайвнаар хүчирхэг эмэгтэйчүүдийн талаар ярьж байхад дэлхийн хаа нэгтээ хүмүүс нэг нэгнээ егүүтгэж байгаа. Бусад ахан дүүс нар маань надтай адил хүн шүү дээ гэсэн ойлголтыг авснаар 21 зууныг энх тайвны зуун болгож чадна.”

Үндэсний эмэгтэйчүүдийн парламентийн нээлтийн ажиллагаанд оролцов
Үндэсний эмэгтэйчүүдийн парламентийн анхдугаар хуралд
10,000 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. Энэтхэг, Андра Прадеш,
Амравати. 2017.02.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Дэлхийн энх тайван нь бидний дотоод сэтгэлийн амар амгалангаас шалтгаална. Дотоод сэтгэл амгалан тайван бол бид асуудлыг яриа хэлэлцээр, энэрэнгүй бөгөөд бусдын эрхийг хүндэтгэх үүднээс шийдэж чадна. Энэ нь зэр зэвсэг, хүч хэрэглэхээс хэзээд илүү үр дүнтэй байх болно. Гадаад зэр зэвсгээс татгалзахын тулд дотоод сэтгэлдээ зэвсэггүй байх хэрэгтэй. Энэ тал дээр эмэгтэйчүүд илүү үр дүнтэй ажиллаж чадах юм. Миний ээж надад энэрэнгүй сайхан сэтгэлийг заасан хамгийн анхны хүн байлаа. Би ээжийнхээ ууртай царайг нэг ч удаа хараагүй. 7 тэрбум хүн бүгд эхээс мэндэлсэн бөгөөд ихэнх нь эхийн хайраар өсөж өндийсөн юм.”

“Эрдэмтэн судлаач нарын дүгнэлтээр хүний үндсэн чанар энэрэнгүй гэдэг нь батлагдсан байна. Энэ нь итгэл найдвар өгч байна. Мөн эрдэмтэд бусдын зовлон, гунигийг эмэгтэй хүн илүү их мэдэрдэг гэжээ. Эрэгтэйчүүд дайн тулаан хийж амар тайван байдлыг алдагдуулж буй энэ үед ихэнх улс орныг эмэгтэй хүн удирдвал энэ дэлхий илүү тайван байх биз ээ.”

“Бид зөвхөн сайхан сэтгэлтэй байгаад зогсохгүй өөрсдийн саруул ухаанаа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Уур хилэнгийн үүл халхалснаар бид юмсыг өргөн талаас нь бүрэн гүйцэд харж чаддаггүй. Тиймээс мэдлэг боловсрол хүний үнэ цэнийг улам тодорхой болгодог.”

“Эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөрсдийгөө хүлцэнгүй дорой гэж бүү бод. Та нарт энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх чадвар бий. Тиймээс өөрсдийгөө зоригжуулах хэрэгтэй.”

Хурлыг удирдан явуулсан Шри Рахул Карад тайларлахдаа Эмэтэйчүүдийн парламент гэх санаан дээр мужийн ерөнхий сайд Шри Чандрабабу Найдугийн анхаарлыг хэрхэн хандуулах талаар нэлээдгүй бодсон бөгөөд эцэстээ түүний дэмжлэгийг авсан тухай ярьлаа. Ноён Найду уг парламентийг мужийн их хурлын удирдлага дор байлгах санал тавьсан бөгөөд үүний дагуу мужийн спикер энд ирсэн байна. Тэрээр мужийн ерөнхий сайдын үзэл санаа, үүрэг хариуцлагыг магтсан юм.

Үндэсний эмэгтэйчүүдийн парламентийн нээлтийн ажиллагаанд оролцов
Киран Беди эмэгтэйчүүдийн парламентийн анхдугаар хуралд үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Андра Прадеш, Амравати.
2017.02.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дараа нь Киран Беди үг хэллээ. Тэрээр Энэтхэгийн цагдаагийн анхны эмэгтэй офицер бөгөөд тэтгэвэртээ гарсны дараа улс төр, нийгмийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа ажээ.

Тэрээр үг хэлэхдээ: “Гэр, хот тосгон, бүр цаашлаад томоохон нийгэмд ч эмэгтэйчүүдэд ихээхэн боломж бий. Хэрэв боломжийг ашиглаж чадвал оргилд хүрэхэд тэднийг юу ч зогсоож чадахгүй. Боломжийг ашиглан ахин боломжийг бүрдүүлэх зарчмаар явсаар манлайлагч болно. Бид хичээж чадвал сайн эх, сайн багш, сайн манлайлагч болох боломжтой.” гэлээ.

Тэрээр Свач Бхарат буюу “Цэвэр Энэтхэг” төслийн талаар ярихдаа Пондичерригийн засаг захиргаа цэвэрлэгээний ажилд маш их мөнгө зарцуулсныг дурьдаад хэрэв хүмүүс хогоо зөв зохистой хаях тал дээр анхаарллаа хандуулбал тэр хэмжээний мөнгө зарцуулах шаардлаггүй гэсэн юм. Эмэгтэй удирдагчид энэ мэт асуудлыг хөнгөн шийдэж, эдийн засгийг хэмнэх ба хэмнэсэн мөнгөө мэдлэг боловсролын салбарт оруулах нь чухал гэдгийг ярив.

Үйл ажиллагааг дэмжигч Ела Бен Бхатт үг хэлэхдээ улс төрийн сонгуульд 48 хувь нь эмэгтэйчүүд гарсан тохиолдолд эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэх боломжтой болох бөгөөтөл дөнгөж 11 хувьд нь л эмэгтэйчүүд сонгогдож байгааг дуулгав. Тэрээр эмэгтэйчүүдийн асуудал улс үндэсний асуудал мөн хэмээн мэдэгдсэн юм.

Жүжигчин Маниша Койрала үг хэлэхдээ ганц жигүүртэй шувуу ниссэнийг харсан хүн байна уу хэмээн асуугаад үүнтэй адил эмэгтэй хүнгүйгээр эрэгтэйчүүдийн хүчин чадал хязгаарлагдмал байх болно гэлээ. Зарим газар хүү төрөхөд ихэд баярлан хүлээж авдаг. Охид ч гэсэн адилхан биш гэж үү? Түүнийг анх төрөхөд өвөө нь түүнээс нүүр буруулж байжээ. Энэ нь түүний эхэд маш хүнд туссан бөгөөд хэдэн долоо хоногийн турш аавтайгаа үг сольж чадаагүй байна. Энэ тухай ээж нь хожим түүнд ярихад мөн адил ихэд хэцүү байжээ.

Дээрхийн Гэгээнтнийг үйл ажиллагааг орхин хөдлөх үеэр олон хүн түүнд хүндэтгэл үзүүлж, зарим нь түүнтэй хамт зургаа авхуулсан юм. Мөн сэтгүүлч, зураглаач нар түүнийг бүчин тойрч ярилцлага авлаа. Эцэст нь тэрээр бүх ажлыг гүйцэтгээд машиндаа суусан юм. Маргааш Дээрхийн Гэгээнтэн Хайдербад хотыг зорино.
Үзсэн: 1 866

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Химачал Прадеш (ХП) мужийн ерөнхий сайд Жай Рам Такурыг хүлээн авч уулзлаа
  • Шри Удасин Каршни Ашрамд зочилж, сэтгүүлч нартай уулзлаа. Энэтхэг, Уттар Прадеш, Мадхура. 2017.03.20.
  • Мадхяа Прадеш дахь айлчлал. Энэтхэг, Мадхяа Прадеш, Бхопал. 2017.03.19.
  • Үндэсний эмэгтэйчүүдийн парламентийн анхдугаар их хуралд оролцож үг хэллээ. Энэтхэг, Андра Прадеш, Амравати
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аруначел Прадеш мужийн шинэ даргад баяр хүргэв
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц