Үндэсний цагдаагийн академид илтгэл тавив

20-02-2017, 05:18  |  Хэвлэх

2017 оны 2 дугаар сар 11

Энэтхэг, Телангана, Хайдерабад. 2017.02.11 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вижейвада хотоос тусгай нислэгээр нисэж Хайдербад хотод газардахад Сардар Валлабхай Пателийн нэрэмжит үндэсний цагдаагийн академийн төлөөлөгчид түүнийг угтсан юм. Тэрээр цагдаагийн академийн Ражастхан Бхаван зочид буудалд машинаар хүрэлцэн ирэхэд тус академийн захирал хатагтай Аруна Бахугуна тосон угтав. Тэрээр энэ өндөр албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй ажээ. Ражастхан Бхаван зочид буудал Хайдербад хотоос зайдуу, толгодын оройд, өвс зүлэг ургасан өргөн талыг харах боломжтой сайхан газар байрладаг байна.

Үндэсний цагдаагийн академид илтгэл тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний цагдаагийн академи дэх
Мартурын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж байгаа нь.
Энэтхэг, Телангана, Хайдерабад. 2017.02.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мартурын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх үеэр цагаан өмсгөлтэй цагдаагийн хамтлаг хөгжим тоглож байлаа. Цагдаагийн академийн төв талбайн хажууд Дээрхийн Гэгээнтэн айлчлалын дурсгалд зориулж зулзган мод тарив. Түүнийг танхимд хүрэлцэн ирэхэд тус академид сурч буй 200 гаруй оюутнууд хүндэтгэн угтсан юм.

“Ер нь би олон нийтийн өмнө үг хэлэхдээ ихэвчлэн зогсдог. Гэвч өчигдөр ачаалалтай ажилсны улмаас бага зэрэг ядарчээ. Мөн уржигдар би Вижейвадад ирсэн бөгөөд Амравати дахь хутагт Нагаржунайн ариун дагшин газруудаар явахыг хүссэн боловч ядарсны улмаас явж чадаагүй. Тиймээс би суугаад ярьж болох уу?”

Оюутнууд нэгэн зэрэг зөвшөөрөв.

“Бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэдгээрээ адил тул би олон нийтийн яриагаа ахан дүүс минь гэж эхэлдэг. Өнөөгийн бидэнд тохиогоод буй олон асуудлыг бид өөрсдөө бий болгосон бөгөөд гол шалтгаан нь бид бүгд хүн төрөлхтөн гэдгээрээ адил гэдгийг хайхраагүй явдал юм. Бид адил замаар төрж адил замаар насан эцэслэх болно. Бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөр бид бүгд адилхан билээ.”

“Аз жаргалтай амьдрахыг бүгд хүсдэг бөгөөд аз жаргалтай амьдрах эрх ч бидэнд бий. Үүнийг үнэхээр сайн ойлгож чадвал бусдыг дарлан мөлжих, дээрэлхэх, бусдын амийг егүүтгэх явдал хаанаас гарах билээ. Тиймээс бид хүн төрөлхтний нэгдмэл байдлыг талархан авч, үүний төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна.”

“Энэхүү академийг Садар Пателийн нэрэмжит болсноос хойш ахин ирж байгаадаа баяртай байна. Би Садар Пател агсаны алсын хараа, шийдэмгий занг бишрэн хүндэтгэдэг байлаа. Ийм сайхан газарт суралцаж байгаа нь та нарын завшаан юм.”

Үндэсний цагдаагийн академид илтгэл тавив
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сардар Пателийн нэрэмжит
Үндэсний цагдаагийн академид үг хэлж байгаа нь. Энэтхэг,
Телангана, Хайдерабад. 2017.02.11. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“1956 онд би анх Энэтхэгт ирж байхдаа өөрийн бие хамгаалагчийн хүрмэн дотор нэгэн зүйл байгааг олж хараад түүнээс юу болохыг асуусан юм. Тэгтэл бие хамгаалагч маань буугаа үзүүлээд “Нүгэл хураах хэрэгсэл” гэсэн билээ. Ямартаа ч хүний хийсэн үйлдэл нь ямар санаа сэдэл, ямар зорилгоор үйлдэгдсэнээс шалтгаалж нүгэл, буян болдгийг тодорхой ойлгох хэрэгтэй. Энэтхэгийн цагдаагийн албанд томилогдох та бүхний хувьд та нарын ажил бол энэ орон дахь ардчилалыг хамгаалахын төлөө юм. Энэтхэг улс нь олон оронтой хиллэдэг. Энэ орон энх тайван оршин тогтнох хэрэгтэй. Та бүхэн буу авч явах нь хамгаалах зорилготой юм.”

“3000 гаруй жилийн турш энэ оронд ахимса буюу хүч үл хэрэглэх үзэл дэлгэрсэн билээ. Ахимса үзэл энэрэнгүй сэтгэл дээр суурилдаг. Энэрэнгүй сэтгэлтэй байж ахимса үзлийг төлөвшүүлэх болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа эртний Египет, Хятад, Индүс мөрөний сав нутагт асар олон сэтгэгч, гүн ухаантан төрөн гарсныг мэдэгдэв. Жишээлбэл хутагт Нагаржуна, Аръяандэва, Чандракирти нарын хэлсэн үг өнөөдөр чухал ач холбогдолтой болж байгааг дурьдлаа. Тэрээр мөн сүүлийн гуч гаруй жилийн турш шинжлэх ухааны эрдэмтэдтэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бөгөөд олон эрдэмтэд эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг сонирхож байгаа нь тодорхой байна гэсэн юм.

“8-р зуунд Хятадтай дотно харьцаатай байсан ч төвөдийн их хаан Энэтхэгийн Наланда хийдээс бурханы шашны багшийг төвөдөд залсан юм. Наланда хийд цаг үедээ 10,000 гаруй шавь нарыг сургадаг асар том сургалтын төв байлаа. Наландагийн гарамгай мастер Шантаракшита гэгээн Төвөдөд заларснаар бурханы шашны суурь тавигдсан нь зөвхөн сүсэг бишрэлээр бус учир шалтгааны зарчмаар буддын гүн ухаанд суралцахын эхлэл байсан юм. Тэр цагаас хойш Наландагийн энэхүү үнэт өвийг төвөдүүд бид өнөөг хүртэл нандигнан хадгалж ирсэн билээ. Өнөөгийн шинжлэх ухааны олон эрдэмтэд оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг судлахаар зориг шулуудаж байна. Үүний зэрэгцээ би Энэтхэгийн залуучуудад хандан өөрсдийн өв соёл болсон эртний энэтхэгийн мэдлэг боловсролыг орчин үеийн мэдлэгтэй хослуулах хэрэгтэй гэж зөвлөж, бас нэлээдгүй хүчилж байна.”

Үндэсний цагдаагийн академид илтгэл тавив
Цагдаагийн академийн бэлтгэл офицерүүд Дээрхийн Гэгээнтний
яриаг сонсож байгаа нь. Энэтхэг, Телангана, Хайдерабад.
2017.02.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуулт хариултын үеэр сүсэг бишрэл, зан үйлд ач холбогдол өгөхөөс илүү сурч мэдэхийг илүү чухалчилах хэрэгтэй гэж зөвлөв. Орчин үед хөрөнгө мөнгийг дотоод сэтгэлийн үнэ цэнээс дээгүүр тооцож байгаа тул шашнаас ангид ёс суртахуун болон бүх нийтийн үнэ цэнийг тусгасан боловсролын хөтөлбөр шаардлагатай болж байна гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн цагдаагийн академийн оюутнуудад хандан энэрэнгүй, үнэнч, шудрага байх хэрэгтэй гэж зөвлөв. Тэрээр зарим улс орны хүмүүс цагдаагаас ихэд айдаг талаар дурьдсан юм.

“Энэтхэгт цагдаа нар ардчилалыг хамгаалах зорилготой тул өөрсдийн ажлаа шудрага хийж чадвал та бүхний үйлдэл ил тод байх болно. Ингэснээр ард иргэд та бүхэнд итгэнэ. Хэрэв чи нэг үг хэлчихээд бодит байдал дээр түүнээс өөр байх юм бол итгэл найдвар байхгүй болж, найз нөхөрлөл ч байхгүй болно. Тийм учраас цагдаагийн офицер хүний хувьд үнэнч шудрага, ил тод байх нь үндсэн зарчим билээ.”

Залуу эмэгтэй оюутан шалтгалтаас үүдсэн стрессээ хэрхэн арилгах вэ гэж асуусанд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зарим стресс нь хүнийг улам их сурч мэдэх шалтгаан болдог талаар зөвлөсөн юм. Тэрээр хамгийн сүүлийн шалтгалтаа хэрхэн өгч байсан талаар жишээ болгон ярьлаа.

Тэрээр ёс суртахууны хөтөлбөр багтсан сургалтын систем чухал байгааг ахин дурьдав.

“Нэгэнт хүн төрөлхтний үндсэн чанар нь энэрэнгүй тул сайхан сэтгэлийг хөгжүүлэх төлөө бид саруул ухаанаа ашиглах хэрэгтэй. Боловсролын зорилго нь илүү аз жаргалтай нийгмийг бий болгохын төлөөд оршдог тул энэ цаг үед боловсролоор дамжсан энэрэл хайрыг хөгжүүлэхийн төлөөх нэгдмэл хандлага бидэнд хэрэгтэй байна. Бид үүний төлөө цаг алдалгүй хүчин чармайлт гаргаж чадвал энэ зууны төгсгөлд энх тайван бүрдсэн дэлхийг бий болгож чадах юм.”

“Та бүхэн намайг урьж миний үзэл бодлоос хуваалцсанд баярлалаа. Намайг 1959 онд Энэтхэгт ирснээс хойш энэтхэгийн цагдаагийн алба миний аюулгүй байдлыг сайтар хангаж байгаад гүн талархал илэрхийлье. Баярлалаа.”

Захирал Аруна Бахугуна төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд дурсгалын жааз бүхий зүйл гардуулж, Бутанаас суралцаж буй оюутан түүнд талархалын үг хэлсэн юм. Сургуулийн гадаа цагдаагийн академийн оюутнууд болон Дээрхийн Гэгээнтэн хамтдаа дурсгалын зураг авхууллаа.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Hitex ордонд олон нийтэд илтгэл тавьна.
Үзсэн: 568
 

Хуваарь (ойрын)

2017.03.12: Энэтхэг, Дарамсала хот дахь номын айлдвар
Дарамсала хот дахь номын айлдвар. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Бурхан Багшийн "Төрөл цадиг" номыг товч айлдана.
2017.03.13-14: Энэтхэг, Дарамсала. Дарамсала хот дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Гамалашила гэгээний "Бясалгалын дунд зэргэмж", Жалсрай Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц