Далай Ламын нэрэмжит төвийн нээлт ба олон нийтийн уулзалт

22-02-2017, 08:22  |  Хэвлэх

2017 оны 2 дугаар сар 12

Энэтхэг, Телангана, Хайдерабад. 2017.02.12 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Далай Ламын нэрэмжит төвийн нээлтэнд оролцохоор явлаа. Энэхүү төвийг Далай Ламын нэрэмжит, Ёс суртахуун хийгээд үнэ цэнийг өөрчлөх Өмнөд Азийн төв хэмээн нэрлэсэн бөгөөд Телангана мужийн засаг захиргаа нэлээдгүй дэмжлэг үзүүлжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Телангана мужийн захирагч Е.С.Л Нарасимхан нар тус төвийн нээлтийн зан үйл үйлдсэний дараа дурсгалын мод тарьлаа. Энэхүү үйл ажиллагаанд мужийн дэд дарга Мухаммед Махмууд Али, мэдээлэл технологи, аж үйлдвэрийн сайд Калванкутла Тарака Рама Рао нар оролцсон юм.

Далай Ламын нэрэмжит төвийн нээлт ба олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Телангана мужийн захирагч
Е.С.Л Нарасимхан нар Далай Ламын нэрэмжит төвийг нээв.
Энэтхэг, Телангана, Хайдерабад. 2017.02.12.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Hitex ордонд цугласан 1000 гаруй хүмүүст, мөн цахим сүлжээгээр үзэж буй олон хүмүүст Далай Ламын нэрэмжит “Ёс суртахуун хийгээд үнэ цэнийг өөрчлөхүй” төвийг үндэслэгч Тэнзин Прияадарши мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр тус төвийн нээлтэнд хүрэлцэн ирсэн Дээрхийн Гэгээнтэн болон мужийн захирагч, дэд дарга нарт талархал илэрхийллээ.
Ингээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам албан ёсны айлдвараа эхэлсэн юм.

“Би олон нийттэй уулзах бүртээ ахан дүүс минь гэж мэндэлдэг. Учир нь би ахан дүүс шиг ээ бодож буй 7 тэрбум хүний нэг нь билээ. Хаан, хатан, оюун санааны удирдагч, баян, гуйлгачин гэх мэт бидний хэн байх нь хамаагүй, бид нэг л замаар төрж, нэг л замаар насан эцэслэх болно. Тийм учраас хүн төрөлхтний нэгдмэл байдал чухал билээ. Би хаана ч явсан, хэнтэй ч уулзсан энэ үзэл санааг дэлгэрүүлэхийн төлөө хичээдэг юм. Намайг инээхэд бусад хүмүүс ихэнх нь инээдэг. Энэ нь биднийг аз жаргалтай болгож байна.”

“Бид бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөр адил боловч ялгаа бас бий. Би төвөд хүн, бурханы шашинтан, Далай Лам билээ. Гэвч эдгээр ялгааг би илүүд үзвэл энэ нь эргээд намайг бусдаас салгаж, бидний дунд хаалт үүсгэх болно. Тиймээс бидэнд чухал зүйл бол би бусадтай адил гэдэг дээр үргэлж анхаарлаа хандуулах явдал юм.”

Далай Ламын нэрэмжит төвийн нээлт ба олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам HITEX ордонд үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Телангана, Хайдерабад. 2017.02.12.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бидэнд тохиож буй олон асуудлыг бид өөрсдөө бий болгосон. Учир нь улс үндэстэн, шашин шүтлэг гэх мэт хоёр дахь түвшний ялгаанд хэт их ач холбогдол өгсөн юм. Өнөөдөр шашин нь тэмцэл тулаан, хүчирхийллийн шалтгаан болж байгаа нь юутай харамсалтай хэрэг вэ? Дэлхийн өөр нэгэн газар хүмүүс нэг нэгнээ егүүтгэж байгааг бид зүгээр орхиж болохгүй. Зовж шаналж буй тэдгээр хүмүүсийг хэрхэн аз жаргалтай болгох талаар бид анхаарах хэрэгтэй.”

“Улс орноор ялгарах үзэл суртал нь 20-р зуунд чухал байсан байж болох ч энэ цаг үед хүчгүй болсон билээ. Хэдэн үе дамжин байлдаж, нэг нэгнээ егүүтгэж байсан европын улс орнууд дэлхийн II дайны дараа Европын холбоог байгуулж чадсан юм. Миний хувийн эмч ,,,,, надад “Намайг жоохон байхад герман, франц хүмүүс бие биенээ үргэлж дайсан гэж хардаг байсан боловч 1990 онд энэ бүхэн өөрчлөгдсөн” гэж ярьсан билээ. Олон удаагийн дайн тулааны хар сүүдэр өчүүхэн ч сайн зүйл авчрахгүй байгааг хожим хүмүүс ухаарч нэгдэн амьдрах нь илүү дээр болохыг мэдэрсэн байна. Европын холбоо үүний тод жишээ бөгөөд энэхүү үлгэр дуурайлал Африк, Латин Америк, Ази зэрэг дэлхийн бусад улс оронд дэлгэрээсэй гэж би хүсдэг юм.”

“Удаан хугацааны дараа бид дэлхий нийтийн холбоо, зэр зэвсгээс татгалзах нь чухал болохыг харж байна. Хүн байгаа цагт асуудал үүсэх нь тодорхой боловч үүнийг хүч хэрэглэлгүй, харилцан ярилцах арга замаар шийдэж сурах хэрэгтэй. Үүний тулд үндсэн ёс суртахууныг хөгжүүлэх хэрэгтэй байна. Учир нь үл итгэлцэл, хардалт дээр үндэслээд ямар ч амжилтанд хүрэхгүй нь тодорхой билээ.”

“Олон жил уламжлагдсан Энэтхэгийн ахимса буюу хүч үл хэрэглэх үзэл нь ямар нэгэн айдас дээр бус, энэрэн нигүүлсэхүйн сайхан сэтгэл дээр үндэслэж ирсэн юм. Үүний нэгэн тод жишээ бол цэцэглэн хөгжсөн шашин хоорондын эв найрамдал билээ. Энэтхэгчүүд хиндү, жейн, бурханы шашин, сикийн гэх өөрсдийн үндсэн шашнаа шүтэхийн зэрэгцээ өөр бусад улс орноос дэлгэрсэн олон шашныг тэвчээртэй хүлээн авч харилцан хүндэтгэлтэй хандаж ирсэн юм. Зорастрын шашин Персээс дэлгэрсэн бөгөөд өдгөө Бомбей хотод 100,000 гаруй персүүд ямар нэгэн айдасгүй амгалан тайван амьдарч байна. Мөн үүнчлэн еврейчүүд гаднаас ирж өөрсдийн нийгэмлэгээ Кочинд байгуулан амьдарч буй бөгөөд христ болон муслимын шашин ч гаднаас дэлгэрсэн юм. Эдүгээ Энэтхэгийн муслимууд Пакистан дахь муслимуудаас ч илүү дэлхийн хамгийн их хүн амтай муслимууд болсон байна. Бага сага асуудлыг эс тооцвол Энэтхэг орон нь дэлхийн томоохон шашнууд харилцан хүндэтгэлтэйгээр олон зуун жил оршиж буй цорын ганц улс билээ.”

Далай Ламын нэрэмжит төвийн нээлт ба олон нийтийн уулзалт
HITEX ордонд цугласан хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, Телангана, Хайдерабад.
2017.02.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Эртний Египет, Хятад, Энэтхэг мөрөний сав нутгийг харьцуулан үзвэл үнэндээ Энэтхэг мөрөний сав нутагт бурханы шашны эрдэмтэд тэргүүтэй томоохон сэтгэгчид илүү их төрөн гарсан байна. Эртний Энэтхэгийн эрдэмтдийн мэдлэг боловсрол нь сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаар явуулсан гүн гүнзгий судалгааны үр дүн бөгөөд өнөөгийн бидэнд чухал ач холбогдолтой болоод байна.”

“30 гаруй жилийн өмнөөс би шинжлэх ухааны эрдэмтэдтэй ярилцаж эхэлсэн. Энэ нь бурханы шашинтнууд материаллаг талыг илүү судалсан орчин үеийн шинжлэх ухаанд суралцах, нөгөөтэйгүүр орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар илүү их судлах шаардлагтай байгааг ойлгуулсан юм. Хүч үл хэрэглэх ахимса үзэл болон энэрэнгүй сэтгэл нь сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах арга зам билээ. 1000 жилийн турш манай төвөдүүд Наландагийн энэхүү уламжлалыг хадгалж ирсэн юм. Орчин үеийн шинжлэх ухааны эрдэм мэдлэгийг дотоод сэтгэлийн талаарх эртний энэтхэгийн үнэт соёлтой холбох онцгой боломж өнөөгийн энэтхэгчүүдэд бий. Олон энэтхэгчүүд энэ ажлыг хэдийнээ эхэлсэн. Ёс суртахууны төлөө ажиллаж буй энэ төв маань орчин үеийн мэдлэгийг эртний соёлтой уялдуулахын төлөө олон талын ажил хийж байна. Бидэнд дэмжлэг үзүүлсэн олон найз нөхдүүд, мужийн засаг захиргаанд гүн талархал илэрхийлье.”

“Энэ төвийг Далай Ламын нэрэмжит болгожээ. Би Наланда уламжлалын, хутагт Нагаржуна гэгээний шавь билээ. Би өөр улс оронд айлчлахдаа өөрийгөө эртний Энэтхэгийн мэдлэгийг түгээгч энэтхэг хүү гэж хэлдэг. Яагаад гэвэл миний оюун ухаан Наландагийн үзлээр цэнэглэгдэж, бие маань сүүлийн 58 жилийн турш энэтхэгийн будаа, вандуй болон гамбираар тэтгэгдсэн юм.”

Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн хүн амын ихэнх нь ядуу байгаа нөхцөлд материаллаг хөгжлийг анхаарах нь чухал боловч үүнийг дотоод сэтгэлийн, оюун санааны хөгжилтэй уялдуулах хэрэгтэй гэж ярив. Тэрээр шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг эелдэг хэмээн тодорхойлоод зогсохгүй уур хилэн болон айдас хүйдэс нь бидний дархлааны системийг устгадаг, харин энэрэнгүй сайхан сэтгэл бидний дархлааг сайжруулдаг хэмээн нотолсныг тайлбарласан юм.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа нэлээдгүй хүмүүс шашинд ач холбогдол өгөхгүй байгаа энэ үед бид хүний үнэ цэнийг шашнаас ангид арга замаар хөгжүүлэх хэрэгтэй гэлээ.

Нэгэн хүн хүүхдийн дотоод сэтгэлийн үнэ цэнийг хөгжүүлэх тал дээр эцэг, эхийн үүрэг оролцооны талаар асуулаа. Дээрхийн Гэгээнтэн түүнд шинжлэх ухааны эрдэмтэд хүүхэд болон эхийн хооронд эерэг нөлөө байдгийг нотолсон талаар дурьдаад, гэвч хамгийн чухал нь эцэг, эхчүүд хүүхдэд хайр энэрлийг бодитоор харуулах хэрэгтэй гэсэн юм.

Далай Ламын нэрэмжит төвийн нээлт ба олон нийтийн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуулт хариулт явуулж байгаа нь.
Энэтхэг, Телангана, Хайдерабад. 2017.02.12.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үхлийн тухай асуухад тэрээр юунд хэдий хэмжээний итгэл үнэмшил өгөхөөс шалтгаална гэлээ. Хэрэв та Эзэн тэнгэрт итгэдэг бол насан эцэслэх үедээ түүнийг, түүний энэрэл хайрыг бодох нь тустай. Харин бурханы шашинтны хувьд Бурхан Багшийн айлдсан гол сургаал болох энэрэнгүй сэтгэл болон юмс бүхэн шүтэлцэж бий болдгийг санах нь чухал гэсэн юм. Мөн үхэх үеийн найман үе шатын үйл явцыг сайтар ойлгож эцэст нь үхэх үеийн гэгээн гэрлийг ашиглах нь чухал гэлээ.

“Үхэхэд хамгийн сайн бэлтгэл нь бусдыг аль болох хорлохгүй байж, аль чадлаараа бусдад тусласан сайн үйлс юм. Үүнийг хийж чадсан бол та ямар нэгэн харамсах зүйлгүйгээр насан эцэслэх болно. Тийм учраас амар тайвнаар орчлонгийн мөнх бусыг үзнэ гэдэг нь таны хэрхэн яаж амьдарснаас шалтгаална гэсэн үг юм.”

Өөр нэгэн эмэгтэй сэтгэлээ засахад хамгийн нөлөөтэй арга нь юу гэсэн асуултанд сэттгэл төвлөрөл болон судлан бясалгах аргыг хөгжүүлэх хэрэгтэй гэв. Тэрээр судалж, нягтлах арга ухааныг илүүд тооцдогоо тодорхой хэллээ. Ялангуяа өөрийгөө, өөрийн бие махбодь, оюун санаа, мэдрэмжээ нягталж судлахыг зөвлөв. Энэ бүхэн баттай бус, цаг үеэр өөрчлөгдөж байдгийг дурьдаад цаг үеэс өнгөрсөн өнгөрсөн ба ирээдүй огт байхгүй гэдгийг тодотгов. Өнгөрсөн ба ирээдүйг одоогийн энэ мөчөөс шалтгаалан тодорхойлох боловч энэ мөчийг ч мөн тодорхойлох нь төвөгтэй ажээ.

Төгсгөлд нь хурлын дарга Дээрхийн Гэгээнтнээс хэрхэн залуу харагддаг талаар асуулаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүнд “Энэ миний нууц” хэмээн хошигнон хэлсэн ч өдөрт есөн цаг унтаж амардаг, өглөө эрт сэрээд 4 цагийн турш бясалгал үйлддэг нь түүний дотоод сэтгэлийн амар амгаланг өгдөг талаар ярьсан юм. Товчдоо сайн унтаж амрах, бясалгал хийх нь дотоод сэтгэлийг амгалан тайван байлгах бөгөөд сэтгэлийн тэнхээг мөн өгдөг гэв. Тэрээр “Хэрэв та хүсвэл үүнийг хийж чадна” гэлээ.

Тэнзин Прияадарши талархалын үгээр үйл ажиллагааг өндөрүүлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг энэхүү үйл ажиллагаанд оролцсонд ахин талархал илэрхийлсэн бөгөөд хамтран ажилсан олон хүмүүст, ялангуяа Телангана мужийн засаг захиргаанд талархал илэрхийлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мужийн дэд даргын хамт үдийн зоог бариад Ражив Гандигийн нэрэмжит нисэх онгоцны буудлаас Дарамсала хотын зүг ниссэнээр энэ удаагийн айлчлал өндөрлөж байна.
Үзсэн: 1 345
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц