Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нава Наланда сургуульд айлчилж, Олон улсын буддын хуралд хоёр дахь өдрөө оролцов

23-03-2017, 23:11  |  Хэвлэх

2017 оны 3 дугаар сар 18

Энэтхэг, Мадхяа Прадеш, Бхопал. 2017.03.18 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам машинаар морилон 1951 онд нээгдсэн Нава Наланда Махавихара их сургуульд зочилсон юм. Түүнийг тус сургуулийн дэд захирал Шри М.Л. Шривастава угтан авав. Дээрхийн Гэгээнтэн сургуулийн өмнөх талбайд дурсгалын бодь мод суулгасны дараа хурлын танхимд цугласан 100 гаруй оюутнуудад илтгэл тавьлаа.

Тэрээр 1956 онд Энэтхэгийн Махабоди нийгэмлэгээс зохион байгуулсан Бурхан Багшийн 2500 жилийн ойд оролцох үеэр тус сургуульд айлчилж байснаа дурсан ярив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нава Наланда сургуульд айлчилж, Олон улсын буддын хуралд хоёр дахь өдрөө оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нава Наланда их сургуулийн
оюутнуудад илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Бихар,
Ражгир. 2017.03.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Хятадын ерөнхий сайд Чоү Ен-Лай тухайн үед Нава Наланда Махавихарад айлчлах төлөвлөгөөтэй байсан боловч хэд хэдэн шалтгааны улмаас Бурхан Багшийн 2500 жилийн ойн баярт оролцож чадаагүй юм. Ингээд тэр үед би Хятадын бүх ард түмний хурлын байнгын хорооны дэд даргаар ажиллаж байсан тул намайг ерөнхий сайдын оронд явахыг даалгасан билээ. Би урьд нь Хятадын бүх ард түмний их хурлын байнгын хорооны дэд даргын хувьд танай сургуульд зочилж байсан бол өнөөдөр цагаач болсон хойноо ирж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сурагч оюутнуудад илүү их чармайн суралцахыг зөвлөсөн юм.

“Хувраг хүний хувцас өмссөн төдийгөөр ханаж болохгүй. Та бүхэн сайн суралцах хэрэгтэй. Өнөөдөр манай төвөдийн эмэгтэй хуврагууд 18-20 жилийн турш тасралтгүй ном үзэж судалсны үр дүнд буддын гүн ухааны гэвшмаа цол хамгаалаад байна. Тэднийг эрэгтэй гэвш нартай эрдэм мэдлэгийн хувьд адилхан гэж хэлж болохоор байна. Нэг талаараа бурханы шашин нь бясалгал хийж дотоод сэтгэлээ хөгжүүлдэг боловч ингэхийн тулд учир шалтгаан, логик сэтгэлгээг чухалчилдаг юм. Тийм учраас Энэтхэгт буй бурханы шашинтан нар, ялангуяа энэхүү Нава Наланда их сургуулийн сурагчид бурханы шашинтан бус хүмүүстэй ч харилцан ярилцаж, бурханы шашны талаарх ойлголтыг өргөжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.”

“Та бүхэн багшийн заасан номыг сайн сонсож, олон ном шастир үзэж судлах хэрэгтэй. Олон талын ойлголт авахын хэрээр бодит үнэнийг ухаарах боломж илүү их бий болно.”

Тэрээр яриагаа дуусгаад хөдлөхийн өмнө Бурхан Багшийн шуумал дүр болон эртний Энэтхэгийн Наландагийн 17 бандидагийн дүрийг тус сургуульд залсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нава Наланда сургуульд айлчилж, Олон улсын буддын хуралд хоёр дахь өдрөө оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь өдрөө үргэлжилж буй
олон улсын хуралд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Бихар,
Ражгир. 2017.03.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ражгирт хүрэлцэн ирээд “21-р зуун дахь бурханы шашны ач холбогдол” сэдэвт Олон улсын буддын их хурлын үдээс өмнөх хуралдаанд үргэлжлүүлэн оролцлоо. Түүнтэй хамт Шриланк, Тайланд, Малайзын лам нар, мөн Тайландын эмэгтэй хуврагууд илтгэл тавив.

“Би энэ хуралд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Ялангуяа бурханы шашинт олон орны хүмүүс энд цугласанд нэн их таатай байна. Энд ирэхэд бага зэрэг хүндрэлтэй байдаг боловч үүнийг үл ажран олуулаа цугласан нь та бүгдийг дээдийн ном сургаалд хэрхэн анхаарлаа хандуулж байгааг харуулж байна.”

“21-р зуунд бид өөрсдийн бий болгосон олон бэрхшээлүүдтэй нүүр тулж байна. Хүн төрөлхтөн ямар нэгэн асуудлыг шийдэх арга замыг олохын төлөө бүгд хариуцлагатайгаар хандах хэрэгтэй. Жишээлбэл зарим газарт хүчирхийлэл, аллага, мөн африкийн улс оронд өлсгөлөн явагдаж байна. Үүнтэй зэрэгцэн бид хүрээлэн буй байгал орчноо хэрхэн арчилж, анхаарах талаар суралцах шаардлагатай болж байна. Энэ дэлхий маань бидний гэр орон тул бид анхаарлаа хандуулах ёстой. Мөн бурханы шашинтан хүний хувьд бид бүгдээрээ шашин хоорондын эв нэгдлийн төлөө үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж боддог. Олон шашны хүмүүс ойр ойрхон уулзах боломжийг бүрдүүлж, өөрсдийн санаа бодлоо солилцдог байх хэрэгтэй. Бид нэг нэгнээсээ суралцаж чадна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нава Наланда сургуульд айлчилж, Олон улсын буддын хуралд хоёр дахь өдрөө оролцов
Олон улсын хуралд оролцож буй хүмүүс илтгэгч нараас асуулт
асуулаа. Энэтхэг, Бихар, Ражгир. 2017.03.18.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа буддын хийдэд шавилан сууж буй лам хуврагуудын дагаж мөрдөх винайн сургаал, мөн Хутагтын дөрвөн үнэн гэх мэт сургаал нь бүх бурханы шашны уламжлалын үндсэн номлол гэж үздэгээ тайлбарлав. Мөн пали уламжлалыг дагаж буй зарим урсгал нь “Билгүүний зүрхэн” тэргүүтэй санскрит уламжлалын ном судрыг үзэж судлах нь тустай талаар ярив.

Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн засгийн газарт талархал илэрхийллээ. Ялангуяа энэхүү чухал уулзалтыг зохион байгуулж буй Соёлын яаманд талархал илэрхийлсэн юм. Дараа нь илтгэл тавьсан бүх хүмүүст тэрээр цагаан хадаг, Бурхан Багшийн дүрийг бэлэглэв.

Тэрээр богино хугацаанд үдийн зоог бариад Гаяа хотын зүг хөдлөв. Гаяа хотоос онгоцоор нисэж Мадхяа Прадеш мужийн Бхопал хотод газардахад тус мужийн захирагч Шри Чоухан Сингх болон бусад хүмүүс угтан авч мужийн ард иргэдийн өмнөөс тавтай морилохыг хүслээ.

Маргааш үдээс өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мадхяа мужаас жил бүр зохион байгуулдаг Нармада Сева Яатра үйл ажиллагаанд оролцоно. Энэхүү үйл ажиллагаа нь усыг хамгаалах, мөн Нагмада мөрөнг хамгаалах зорилготой ажээ. Үдээс хойш “Аз жаргалтай амьдрах урлаг” сэдэвт илтгэл тавих юм.
Үзсэн: 509
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц