Ассамын Гувахати хотод зочилж “Ассамын Трибьюн” сонины 79 жилийн ойд оролцов

8-04-2017, 06:56  |  Хэвлэх

2017 оны 4 дүгээр сар 1

Энэтхэг, Ассам, Гувахати. 2017.04.01 – Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотоос тусгай нислэгээр Дели хотод ирэв. Тэрээр Шинэ Дели хотод нэг хоног саатаад энэ өглөө Энэтхэгийн Ассам мужийн хамгийн том хот болох Гувахатид хүрэлцэн ирлээ. Онгоц газардах үеэр хэд хэдэн удаа хүчтэй салхилсан нь Ассам мужид борооны улирал эхлэх гэж буйтай холбоотой ажээ. Онгоцны буудал дээр ассамчууд болон төвөд сүсэгтнүүд, мөн сэтгүүлчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтлаа.

Ассамын Гувахати хотод зочилж “Ассамын Трибьюн” сонины 79 жилийн ойд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Ассам Трибьюн" сонины ойн баярт
хүрэлцэн ирэв. Энэтхэг, Ассам, Гувахати. 2017.04.01.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн “Ассамын Трибьюн” сонины 79 жилийн баярын хаалтын ажиллагаанд оролцлоо.

“Ассамын Трибьюн”-ы ойн баярыг зохион байгуулагчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд цэцгийн эрхи өргөн угтаж, мөн ассамын уламжлалт өргөн хүрээтэй бүрх малгай бэлэглэв. Дээрхийн Гэгээнтэн уламжлалт малгайг өмсөөд “Бороотой үед их хэрэгтэй малгай байна” хэмээн хошигнон хэлэв. Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон хотын дарга Шри Банварилал Пурохит, мужийн захирагч Шри Сарбананда Соновал нар хүндэтгэлийн зул өргөлөө.

“Ассам Трибьюн” сонины захирал хатагтай Бабита Ражкохва үг хэлэхдээ энэ удаагийн баярт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцож байгаа нь нэр төрийн хэрэг гэж мэдэгдэв. Хатагтай Бабита Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Энэтхэгийн зүүн хойд нутгаар анх цагаачлан орж ирснийг “Ассам Трибьюн” сонин анх мэдэгдэж байсныг тэмдэглэн хэллээ. Дараа нь тэрээр Дээрхийн Гэгээнтний хамт “Ассам Трибьюн” тухай болон Лакшминат Пхүүканы түүхэн номын нээлт хийсэн юм.

Дараа нь мужийн захирагч Сарбананда Соновал Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд тавтай морилохын хүсэн үг хэллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтний айлдвараас гэгээлэг мэдрэмж, хүний үнэ цэнийг мэдэрдэг тухайгаа ярив. Мөн тэрээр Ассамын ард иргэдэд үр дүнтэй ажилах сайн засаг байгуулж ажилна гэж амалсан тухайгаа цугласан олонд мэдэгдсэн юм. Тэрхүү амлалтаа амжилттай биелүүлэхэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвар урам зориг өгдөг болохыг тэмдэглэн хэллээ. Тэрээр мөн ихэнх ассамчууд “Ассам Трибьюн” сонины уншигч болохыг мэдэгдээд хэвлэл мэдээлэл бол ардчилал, засаг захиргаа, хууль тогтоох байгуулага, шүүхийн гэх мэт бүх салбарт чухал ач холбогдолтой гэдгийг мэдэгдсэн юм.

Ассамын Гувахати хотод зочилж “Ассамын Трибьюн” сонины 79 жилийн ойд оролцов
Ассам мужийн захирагч Шри Сарбананда Соновал үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Ассам, Гувахати. 2017.04.01.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Хотын захирагч өглөө бүр цайгаа уухдаа “Ассам Трибьюн” сонинг уншдаг гэлээ.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлэв.

Тэрээр уламжлал ёсоор өөрийгөө дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний нэг тул олон нийттэй уулзах бүртээ ахан дүүс минь гэж мэндэлдэг тухайгаа яриж яриагаа эхэлсэн юм.

“Өнөөдөр бидэнд нүүрлээд буй үй түмэн бэрхшээлийг бид өөрсдөө бий болгосон. Хүчирхийлэл, аллага явагдаж, зарим газар хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдэн насан эцэслэж байна. Хүн төрөлхтөн бид нэг нэгнээ хайхрахгүй орхиж яахин болох билээ. Логик талаас нь авч үзвэл асуудал бэрхшээлийн ихэнхийг бид өөрсдөө бий болгосон бол түүнийг засаж залруулах боломж ч бас бидэнд байгаа гэсэн үг.”

“Бидэнд сайн мэдээ бий. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний төрөлх мөн чанарыг энэрэнгүй гэж бүрэн гүйцэд баталлаа. Энэ нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна. Хэрэв хүний мөн чанар нь уур хилэнгийн чанартай байсан бол найдвар байхгүй болно. Тийм учраас бид бүгдээрээ адилхан хүмүүс гэдгийг би байнга хэлдэг юм. Бид бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөрөө адилхан. Хотын дарга, мужийн захирагч хоёул эхээс адилхан төрсөн бөгөөд адилхан замаар өсөж торнисон билээ. Хамгийн гол нь бид амьдарч буй энэ богино хугацаанд аль болох асуудал бэрхшээл үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Үүний тулд бусад хүмүүс бидэндтэй адилхан гэдгийг ухаарч, тэдний сайн сайханд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй байсан ч бусдыг хууран мэхлэх, доромжлох, бусдын амь насыг егүүтгэх шалтгаан огт байхгүй билээ.”

“Бид ерөөл залбирал, гоё сайхан шүлэг унших төдийгөөр бус оюун санаагаа ашиглан өөрсдийн энэрэн нигүүлсэхүйн чанарыг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал хувь хүн жаргалтай байгаад зогсохгүй аз жаргалтай гэр бүл, аз жаргалтай улс орон, бүр цаашлаад амар тайван дэлхий ертөнцийг бий болгож чадах юм.”

Ассамын Гувахати хотод зочилж “Ассамын Трибьюн” сонины 79 жилийн ойд оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Ассам Трибьюн" сонины ойн баярт
оролцож үг хэлж байгаа нь. Энэтхэг, Ассам, Гувахати.
2017.04.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн өөрийг нь танилцуулахдаа Жанрайсиг бурханы хувилгаан, 13-р Далай Ламын хойд дүр гэж дурдсаныг ярьлаа. Тэрээр үүнд эргэлздэгээ хэлэв. Гэсэн ч төвөдийн бурханы шашны уламжлал нь түүнийг оюун санаагаа бүрэн дүүрэн ашиглах чадвартай болгосон ажээ. Энэхүү уламжлал нь бодох, асуух зарчмыг агуулсан байдаг бөгөөд шууд хүлээн авалгүй яагаад? хэрхэн? гэсэн асуултаар дүүрэн байдаг байна. Энэ нь Наландагийн сургалт бөгөөд бурханы шашны санскрит уламжлалын оргил нь билээ.

Тэрээр “Ассам Трибьюн” сонины хамт олонд талархал илэрхийлээд түүнийг анх Тезпүрээр дамжин Энэтхэгт цагаачлан орж байсан талаарх фото зургийн үзэсгэлэн нь түүнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн болохыг дурдлаа.

“1959 оны 3-р сард Төвөдөд Хятадыг эсэргүүцсэн өргөн нийтийг хамарсан хүчтэй жагсаал болсон бөгөөд энэ үед би асуудлыг намдаахыг хичээж байлаа. Гэвч энэ зуур хятадын цэргийн аюул улам нэмэгдэж байсан юм. Ингээд 3-р сарын 17-ны үед аюул, эрсдлээс үл шалтгаалан оргон зугатхаас өөр сонголт байхгүй болсон билээ. Бид Төвөдийн өмнөд хэсэгт очсон хойноо Хятадуудтай ахин яриа хэлэлцээр хийж болох болов уу гэсэн найдлагатай байсан боловч 20-ны өдрөөс эхлэн Хятадууд Лхас хотыг бөмбөгдөж эхэлсэн юм.”

“Би өөрийн бие төлөөлөгчдийг Энэтхэг, Бутаны зүг илгээж тэдний нутагт нэвтрэн орох зөвшөөрөл хүссэн билээ. Бие төлөөлөгчид эргэн ирэхдээ Энэтхэг улс биднийг хүлээж байгаа гэсэн мэдээ дуулгасан юм. Би Энэтхэгийн хил нэвтрээд хуучны танил ноён Менон болон надад орчуулагчаар ажиллаж байсан Сонам Топгяал Казитай уулзаад үнэхээр тайвширч билээ. Энэ үед би эрх чөлөө гэж чухам юу болохыг анх удаа мэдэрсэн юм. Хүмүүс намайг дотночилон хүлээн авсан бөгөөд миний амьдралын шинэ үе эхэлсэн юм.”

“4-р сард төвөдөөс маш олон хүмүүс дүрвэж эхэлсэн бөгөөд тэдний урсгал Мисамари дахь түр хорогдох байранд цуглаж байлаа. Энэ нь 4-р сарын ид халууны үе байсан юм. Тиймээс дүрвэгсэд сэрүүн газар хайн нүүж эхлэхийн зэрэгцээ бид өөрсдийн мэдлэг боловсрол, шашин соёлоо хэрхэн хадгалах ажлыг эхлүүлсэн билээ. Ерөнхий сайд Нерүгийн тус дэмжлэгээр бид хэд хэдэн газар цагаачдын тосгодоо байгуулж чадсан юм.”

Ассамын Гувахати хотод зочилж “Ассамын Трибьюн” сонины 79 жилийн ойд оролцов
Хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үгийг сонсож байгаа нь.
Энэтхэг, Ассам, Гувахати. 2017.04.01. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа 1973 онд анх Ервопын улс орноор аялах үедээ өндөр түвшний гадаад материаллаг хөгжил нь аз жаргалыг гүйцэд авчирч чадахгүй байгааг олж мэдсэн талаар дурдлаа. Түүний уулзсан олон чинээлэг хүмүүс стресс, айдас, хардлага дунд амьдарч байжээ. Түүний тодорхойлсноор аз жаргал нь бусдын сайн сайханд анхаарал хандуулснаас шалтгаалах бөгөөд энэ нь өнөөгийн нийгэмд зайлшгүй чухал шаардлагатай болж байгаа аж. Тэрээр мөн олон зуун жилийн турш өвлөгдсөн ирсэн Энэтхэгийн шашнаас ангид ёс суртахуун буюу бүх шашинд хүндэтгэлтэй хандах соёл уламжлалд талархаж явдагаа мэдэгдэв. Материаллаг хөгжил нь бидний бие махбодийн тав тухыг хангадаг бол оюун санааны тав тух нь үйлийн үрийн ойлголтоос шалтгаалах бөгөөд энэ нь хүч үл хэрэглэх үзэлтэй шууд холбогддог гэдгийг тайлбарлан ярив. Энэ ойлголт өнөөгийн дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүнд хамааралтай хэмээн тэмдэглэн хэллээ.

Тэрээр хотын дарга болон өөрийгөө 20 зууны хүмүүс гэж тодорхойлоод энэ цаг үе нэгэнт өнгөрсөн гэв. Харин энд сууж буй залуучууд 21-р зууны хүмүүс бөгөөд дэлхий дахинд энх тайвныг бий болгох үүрэг хариуцлага ногдож буй гэлээ. Үүнд хүрэхийн тулд сэтгэл хөдлөлөө жолоодох, илүү энэрэнгүй сэтгэлтэй байх хэрэгтэй гэсэн юм. Мөн “бид” ба “тэд” гэж хуваагдахаас татгалзах хэрэгтэй ажээ. Тэрээр асуудлыг шийдэхийн тулд зэр зэвсэг барихаас илүүтэй яриа хэлцэл хийх нь маш чухал гэж мэдэгдэв. Эртний Энэтхэгийн оюун санаа, сэтгэл хөдлөлийн талаарх арвин их судалгаа нь энэ бүгдийг шийдэх арга замыг зааж чадна гэсэн юм.

Төгсгөлд нь тэрээр:

“Би Бурхан Багшийн их дүйчэн өдөрт оролцохоор 1956 онд анх удаа Энэтхэгт ирж байсан бөгөөд 1959 онд цагаачилж эргэн ирсэн билээ. Тэр цагаас хойш 58 жил өнгөрсөн байна. Тиймээс би Энэтхэгийн засгийн газрын хамгийн удаан зочин болоод байна. Мужийн захирагч болон хотын дарга нар хүний үнэ цэнийг хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлсэнтэй санал нэг байна. Энэ үнэхээр чухал билээ. Эцэст нь намайг угтан авсан та бүхэнд талархал илэрхийлье. Маш их баяралаа.”

Маргааш тэрээр үдээс өмнө Гувахати их сургуульд илтгэл тавих бөгөөд үдээс хойш Намами Брахмапутра баярт оролцоно.
Үзсэн: 1 236
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц