Дибругар их сургуульд зочлов

11-04-2017, 01:25  |  Хэвлэх

2017 оны 4 дүгээр сар 3

Энэтхэг, Ассам, Гувахати. 2017.04.03 – Хэдэн өдрийн турш тогтворгүй байсан цаг агаар энэ өглөө тогтуун сайхан байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг онгоцны буудлын зүг хөдлөхөд алсын тэртээд цахилгаан цахиж байгаа нь үзэгдэж байв. Гэсэн хэдий ч нислэг цагтаа нисч, мөн цагтаа газардсан юм.

Дибругар их сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Дибругар их сургуулийн
профессор М.Н Дутта нар нээлтийн зул өргөж байгаа нь.
Энэтхэг, Ассам, Дибругар. 2017.04.03.
Гэрэл зургийг Ловсан Күнга (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Дибругар их сургуульд хүрэлцэн ирэхэд тус сургуулийн дэд захирал, профессор Алак Бурагохин болон буддын судлалын төвийн координат Шри Чандан Шарма нар угтав. Тэд хамтдаа үйл ажиллагааны нээлийн бэлэгдэл гэрэлт зул өргөв. Дараа нь тайзан дээр суух үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэсэг ахмад хуврагуудыг тайзан дээр гарч суухыг урьлаа.

Сургуулийн дэд захирлыг үг хэлсний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1100 оюутанд хандсан илтгэлээ эхлэв.

“Өнөөдөр хүн төрөлхтний нэгдмэл байдлын талаарх мэдлэг боловсрол маш чухал болж ирлээ. Сансар орчлонгийн өөр нэгэн газарт хүний ертөнц байж болох ч бид тэдэнтэй холбоо байхгүй учир тэдний төлөө залбирахаас илүү зүйлгүй билээ. Үүнтэй мөн адил манай энэ гариг дээр буй өрөвдөлтэй хөөрхий адгуус, араатан амьтдад ч бид төдийлөн тус болж чадахгүй байна. Харин эргэн тойронд буй хүмүүстэй бид харилцан ойлголцож чадах тул нэгдмэл байх боломжтой. Хүн төрөлхтөн бидний бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөл адилхан билээ. Бид үнэхээр ахан дүүс мөн.”

“Бусдын төлөө гэх энэрэнгүй сэтгэл нь бидний дотоод сэтгэлийн эрч хүчийг бий болгохын зэрэгцээ дотоод амар амгаланг авчирдаг. Энэ нь аяндаа айдас хүйдсийг үгүй болгодог юм. Энэ бол маш чухал. Учир нь стресс бухимдал хийгээд айдас хүйдэс нь бүтэлгүйтлийг авчрах бөгөөд улмаар уур хилэн, хүчирхийллийн зүг хөтлөх болно. Хүчирхийлэл хор уршигтай гэж дан ганц яриад үр дүнд хүрэхгүй. Хүчирхийлэл бий болж буй гол шалтгааныг мэдэх хэрэгтэй. Үүний гол шалтгаан бол айдас хийгээд уур хилэн билээ.”

“Айдсыг үгүй хийх хүчин чадал нь итгэлцэл бөгөөд итгэлцэл нь бусдад хандсан дотно сэтгэлээс үүсдэг. Энэ нь хүн төрөлхтөн бид адилхан гэх ойлголтоос хамаарах болно. Энэ ойлголтыг би даган мөрдөж, аль чадлаараа бусадтай хуваалцахыг хичээдэг юм. Би олон нийттэй уулзах бүртээ ахан дүүс минь гэж мэндэлдэг. Арьс өнгө, ажил мэргэжил, гэр бүл, баян ядуу, шүтлэгтэй шүтлэггүй, улс үндэстэн гэх зэрэг нь хоёр дахь түвшний ялгаа бөгөөд үндсэн түвшиндээ хүн төрөлхтөн гэдгээрээ бид бүгд ялгаагүй билээ.”

Дибругар их сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дибругарын их сургуулийн 1100
оюутанд илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Ассам, Дибругар.
2017.04.03. Гэрэл зургийг Ловсан Күнга (ДЛО)
“Эдгээр хоёр дахь түвшний ялгаанд хэт их ач холбогдол өгсний улмаас олон асуудал бэрхшээлийг бид өөрсдөдөө бий болгосон юм. Бидэнд “миний эх орон, миний нийгэм, миний шашин, би баян, тэр ядуу” гэх үзэл хатуу чанга наалдсан байна. Энэ нь бидэнд “бид” ба “тэд” гэх үзлийг хүчтэй суулгаж байна. Энэ бүгдийг засах гол арга нь бид бүгд адил гэдгийг байнга санах явдал билээ. Бид хүн төрөлхтний адил чанарыг байнга санадаг байх хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа хүчирхийлэлд үнэ цэнэтэй бөгөөд ашигтай тал байгаа эсэхийг өөрсдөөсөө асуухыг санал болгов.
“Хүчирхийлэл нь ашиг гэхээсээ бидний оюун санааны амгалан тайван байдлыг сүйтгэдэг тул гэр бүлийн эв найр, цаашлаад илүү өргөн хүрээнд хор нөлөө учруулдаг билээ. Уг чанартаа ийм байхад өнөөдөр хүчирхийлэл газар авсаар л байна. 20-р зууны сүүлээр бид Солонгосын болон Вьетнамын хоёр том дайн үзсэн. Зарим түүхчдийн үзэж байгаагаар 200 сая гаруй хүн дайны хөлд амь үрэгджээ. Хүчирхийлэл нь дэлхийн хөгжилд ямар нэгэн эерэг нөлөө үзүүлсэн бол зарим хүн дайныг зөвтгөх байлаа. Гэтэл үүний ашгийг батлах ямар ч баримт алга.”

“Цаг уурын өөрчлөлтийн улмаас бий болж буй газар хөдлөх зэрэг байгалын гамшиг улам нэмэгдэж байна. Өчигдөр би Гувахатид ариун мөрөнг хамгаалах Намами Брахмапутра баярт оролцсон. Энэ мөрөн үерлэх аюултай байгааг бид бүгд мэдэж байгаа. Учир нь дэлхийн дулаарлын улмаас Гималайн цас илүү ихээр хайлж байна. Үүний зэрэгцээ цас бага орж байна. Миний амьдарч буй Дарамсала хотод намайг анх ирж байсан үеийг бодвол цас маш бага ордог болсон. Энэ зуурт дэлхийн хүн амын өсөлт улам нэмэгдэж, баян хоосны ялгаа улам их гарсаар байна. Бид ядуучуудын амьдралыг сайжруулах арга зам олох хэрэгтэй байна. Мөн байгалын баялагыг зөв, зохистой ашиглах арга замыг бас хайх хэрэгтэй.”

“Энэ бүгдийг хийхийн тулд хүн төрөлхтөн бид хамтдаа ажиллах ёстой. Бид хамтдаа энэ гариг дэлхийгээ хамгаалж, хамтдаа амар тайван дэлхий ертөнцийг бий болгож чадна. “Бид” ба “тэд” гэж боддог цаг үе өнгөрсөн. Тийм учраас би хүн төрөлтхний нэгэн гэр бүл хэмээх ойлголтыг дэлгэрүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа билээ. Би хаашаа ч явсан бид хүн төрөлхтөн гэдгээрээ адилхан гэдгийг хүмүүст байнга сануулдаг юм. Бидний ирээдүй бусдаас хамаарна гэдгийг ойлгож ухаарах цаг үе ирсэн байна. Бусдад анхаарлаа хандуулах нь өөрийн ашиг тусыг бүрдүүлж буй хамгийн баттай арга юм. Харин бусдыг тоомжиргүй орхиж, зөвхөн өөрийгөө бодох нь ухаангүй тэнэг аргаар өөрийн хэргийг хийж буй явдал мөн.”

Дибругар их сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож буй оюутнууд.
Энэтхэг, Ассам, Дибругар. 2017.04.03. Фотог Ловсан Күнга (ДЛО)
“Бүх голлох шашин энэрэн нигүүлсэх, асран хайрлах сургаалыг номлодог. Жишээлбэл Энэтхэг орон нь хүч үл хэрэглэхүйн орон билээ. Гүн ухааны олон янзын үзэл онолыг үл харгалзан бүх шашин энэрэн нигүүлсэхүйг хөгжүүлэхийн төлөө юм.”

“Энэрэн нигүүлсэхүй нь дотоод амар амгаланг бүрдүүлэх уг үндэс юм. Шинжлэх ухааны эрдэмтэд эрүүл саруул оюун ухаан нь бие махбодийг тэтгэдэг гэдгийг нотолсон байна. Нэгэнт бид аз жаргалтай, амар тайван дэлхийд амьдрахыг хүсэж байгаа тул энэхүү 21-р зууныг энх тайвны эрин зуун болгохын төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй. Ингэхийн тулд хувь хүн бүр өөрсдийн дотоод амар амгаланг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь энэрэнгүй дэлхийг бүрдүүлэх гол алхам юм. Үүнийг 21-р зууны залуучууд та бүгд хийх болно. Бидний итгэл найдвар бол та бүгд юм шүү.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа цааш нь үргэлжлүүлэхдээ боловсролын тухай ярьсан юм. Орчин үеийн боловсролын системд хүний үнэ цэнийг тусгасан сургалтын хөтөлбөр оруулах хэрэгтэй гэж мэдэгдлээ. Тэрээр өнөөгийн боловсролын тогтолцоо нь материаллаг зүйлд зорьж байгаад сэтгэл дундуур байгаа ажээ. Тиймээс орчин үеийн боловсролын системийг уламжлалт сэтгэл судлалын сургалттай уялдуулах хэрэгтэй гэсэн санал тавив. Тэрээр эртний Энэтхэгийн оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх гүн гүнзгий мэдлэг боловсролыг сэргээн хөгжүүлэхийг хичээж буй өөрийн үүргээ олон нийтэд мэдэгдлээ. Олон олон энэтхэгчүүд энэ тал дээр улам их анхаарч эхэлсэнд баяртай байгаагаа хэлэв. Магадгүй Энэтхэг орон нь сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэх уламжлалт мэдлэг боловсролыг орчин үеийн сургалттай холбож чадах цорын ганц орон байж ч болох юм гэлээ.

Ингээд асуулт хариулт явагдав. Эхний асуулт нь дэлхий дахинд хүчирхийлэл тасралтгүй явагдаж буй энэ цаг үед ирээдүйн “хүч үл хэрэглэх”-ийн тухай ямар төсөөлөлтэй байгаа талаар сонирхов. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа хүн төрөлхтөн өөрчлөгдөж байна гэсэн юм. 20-р зууны эхээр улс орон дайн зарлах үед ард түмэн нь эрс шийдэмгий дайнд морддог байсан бол өдгөө ийм цаг үе өнгөрсөн тухай ярив.

“Олон зуун жилийн турш нэг нэгнээ дайсан гэж хардаг байсан Франц, Герман гэх улс орнууд эцэстээ хамтран ажиллах шийдэлд хүрсэн тухай физикийн ухааны эрдэмтэн Карл Фридрих фон Вайцзеккер ярьж билээ. Дэлхийн 2-р дайны дараа Де Голль болон Аденауэр нар өнөөгийн Евопын холбоог үндэслэж, ганц өөрийн улс орны эрх ашгаас илүү олон улс орны эрх ашгийн төлөө анхаарал хандуулж эхэлсэн юм. Энэ бүгд хүн төрөлхтний үндсэн мөн чанарыг харуулж байна. Үүнтэй адил дэлхийн 2-р дайнд идэвхтэй оролцож байсан Япон орон өнөөдөр хүч үл хэрэглэх улс орны тэргүүн эгнээнд байж, ялангуяа цөмийн зэвсгийг эсэргүүцэж байна.”

Дибругар их сургуульд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам илтгэл тавьсны дараа оюутнуудын
асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, Ассам, Дибругар.
2017.04.03. Фотог Ловсан Күнга (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн мөн 4 сарын сүүлээр ёс суртахууны сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулахыг хүсч буй зарим хүмүүстэй Дели хотод уулзахаар төлөвлөж байгаа талаар ярьлаа. Энэхүү сургалтын хөтөлбөр нь олон нийтийн туршлага, шинжлэх ухааны баримт дээр үндэслэсэн байх шаардлагатай ажээ. Нэгэнт хөтөлбөр батлагдвал түүнийг хэрхэн дагаж мөрдөх гэсэн дараагийн ажил хийгдэх аж.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа хэрэв өнөөгийн боловсролын системийг өөрчлөлгүй, материаллаг хөгжилд илүү их анхаарал хандуулсаар байвал ирээдүй хойч үеийн залуучууд маань зөвхөн мөнгө, эрх мэдэлд л дур сонирхолтой байх болно гэдгийг анхааруулсан юм. Түүний зорилго нь бүх нийтийн ашиг сонирхолд нийцсэн ёс суртахууныг танилцуулах ажээ.

1959 онд Таван болон Тезпурт цагаачлан ирэх үеийн дурсамжийн талаар асуухад тэрээр тухайн үеийн үйл явдал бүрийг маш тод санаж байгаагаа хэлсэн юм.

“Намайг хил даван орж ирэхэд Таваны ард түмэн маш халуун дулаанаар угтсан юм. Энэтхэгийн засгийн газрын заавар удирдлагын дагуу Таваны засаг захиргаа ч надад маш их анхаарал хандуулж байв. Дараа нь Тезпурт очсон хойноо хэвлэлийн хурал зарлаж анхны мэдэгдлээ хийж билээ.”

“Өчигдөр би ахмад дайчинтай уулзсан юм. Тэрээр намайг хил дээр угтаж байсан цэрэг байжээ. Тэр цагаас хойш 58 жил өнгөрч, би Энэтхэг улсад зочилсон хамгийн удаан зочин болсон юм. Би эх орноо алдаж, төвөдүүд аз жаргалаа алдсан ч Төвөдийн цагаачид бид Энэтхэгт шинэ эрх чөлөөтэй болсон билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургуулийн дэд захирал болон бусад ахмад ажилчидын хамт үдийн зоог барив. Үдийн зоогийн дараа тэрээр Миао болон Тезүгээс ирсэн 500 гаруй төвөд иргэдтэй уулзалт хийгээд Гувахоти хотын зүг эргэн нислээ.
Үзсэн: 1 405
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц