Тхүпсүн Даржайлин хийд дэх нээлтийн ажиллагаа, номын айлдвар, Жанрайсиг бурханы авшиг

16-04-2017, 04:59  |  Хэвлэх

2017 оны 4 дүгээр сар 6

Энэтхэг, Аруначал Прадеш, Диран – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ажил Тхүпсүн Даржайлин хийдийн шинэ дуганд “Багшийг тахихуй” номын хуралд хурснаар эхэлсэн юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоолой хоршин унших хурлын аялуу сонсголонтой сайхан байлаа. Энэ үеэр мужийн дотоод хэргийн сайд Шри Кирен Рижүжү Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Диранд тавтай морилохыг хүсэн уулзав.

Тхүпсүн Даржайлин хийд дэх нээлтийн ажиллагаа, номын айлдвар, Жанрайсиг бурханы авшиг
Энгийн хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө номын
мэтгэлцээн өрнүүлж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш,
Диран. 2017.04.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Нээлтийн ажиллагаа эхлэхэд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аруначал мужийн засаг дарга Падманабха Ажаряа болон мужийн ерөнхий сайд Пема Хандү нарын дунд суусан байв. Үйл ажиллагаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд лагшин, зарлиг, таалалын шүтээн өргөх зан үйлээр эхэллээ. Үүний дараа орон нутгийн энгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс буддын гүн ухааны номын мэтгэлцээн өрнүүлэв.

Тхүптэн ринбочэ хийдийг бүтээн байгуулах ажлын талаар үг хэлэхдээ хэд хэдэн удаа сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүй. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын олон удаагийн заавар зөвөлгөөний дагуу энэ хийд ард иргэдэд Наландагийн уламжлалд суралцах боломжийг бүрэн гүйцэд бүрдүүлж өгчээ. Тэрээр бид Дээрхийн Гэгээнтний айлдварыг биелүүлж чадсан, эрдэм номд суралцах маш сайхан нөхцөл бүрдүүлсэн гэж мэдэгдлээ.

Мөн тэрээр энэ хийд нь лам хуврагууд болон энгийн ард иргэдэд эх сурвалж дээр судалгаа хийх, ялангуяа Наландагийн арван долоон бандидагийн сонгодог бүтээлүүдэд суралцах боломж бүрэн нээгдсэн болохыг тэмдэглэн хэллээ. Энэ нь сайхан сэтгэлтэй, ёс суртахууны өндөр боловсролтой хүмүүсийг бэлдэх зорилготой ажээ. Хичээлийн хөтөлбөр нь долоо хоногт гурван удаа танилцуулах хичээл явагддаг бөгөөд буддын гүн ухааны гүнзгийрүүлсэн сургалт, төвөд хэл, бурханы шашын түүх гэх сэдэвт хичээлүүдийг нэг жил, хагасын турш үзэж судалдаг байна. Нийт сургалт дөрвөн жилийн турш үргэлжилдэг бөгөөд төгссөн бүх оюутан сертификат авдаг ажээ. Мөн тэрээр бясалгалын хөтөлбөр бэлдэж байгаа талаар мэдэгдээд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын заавар зөвлөмжид гүн талархал илэрхийлээд цаашдын зөвлөмж, санааг хүлээж байгаагаа хэллээ.

Тхүпсүн Даржайлин хийд дэх нээлтийн ажиллагаа, номын айлдвар, Жанрайсиг бурханы авшиг
Үйл ажиллагааг сурвалжлахаар ирсэн хэвлэлийнхэн. Энэтхэг,
Аруначал Прадеш, Диран. 2017.04.06. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Аруначал мужийн их хурлын дарга Т.Н Тхондок үг хэлэхдээ нисдэг тэргээр ирэх төлөвлөгөө өөрчлөгдсөн ч газрын холыг машинаар туулсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд гүн талархал илэрхийлсэн юм. Тэрээр энэ нутаг орон нь түүхийн талаасаа бурханы шашинтай боловч сүүлийн үед бурханы шашны сургаалд суралцах сонирхол буурсан байгааг хэллээ. Гэвч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлчлал нь ард иргэдийн бурханы шашны ном сургаалд шимтэн суралцах сонирхолыг хөгжүүлээд зогсохгүй бурханы шашныг өргөн хүрээнд сэргээх ач тустай гэж мэдэгдэв.

Аруначал мужийн засаг дарга Шри Падманабха мужийн нийт ард иргэдийн өмнөөс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тавтай морилохыг хүслээ. Тэрээр “Ойрын өдрүүдэд бидэнд үнэхээр сайхан мөчүүд тохиож байна. Учир нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бидэнд сэтгэлийн тэнхээ, урам зориг өгч байна.” гэсэн юм.

Ингээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэллээ.

“Хүндэт ахан дүүс нар аа! Бид дэлхийн 7 тэрбум хүний нэг хэсэг нь тул би хүмүүстэй мэндлэх бүртээ ахан дүүс минь гэдэг юм. Үүнд бид онцгой анхаарал хандуулж чадвал бусдыг хохироох, зовоох, хуурч мэхлэх, алж хядах аймшигт хэргүүд гарахгүй билээ. Шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар хэлд ороогүй хүүхдийн зан чанар нь энэрэнгүй байсан байна. Мөн эрдэмтдийн судалгаагаар уур хилэн, үзэн ядах, айдас, хардалтаар амьдарвал тухайн хүний дархлааны систем доройтдог болох нь тогтоогджээ. Дэлхийн 7 тэрбум хүн бүрт уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл нь хор хөнөөлтэй, энэрэн нигүүлсэх зэрэг сайхан сэтгэл нь ач тустай байдгаараа адил юм.”

“Өнөөдөр бидэнд тохиогоод буй баян, хоосны ялгаа гэх мэт олон асуудлыг бид өөрсдөө бий болгосон. Жишээлбэл Энэтхэгийн кастын систем нь өнөө цаг үед тохирохгүй, үеэ өнгөрөөсөн уламжлал юм. Хүн төрөлхтөн бид адил тэгш эрхтэй, бүгд адилхан аз жаргалтай амьдрах хүсэл тэмүүлэлтэй байдаг. Би өөрийгөө тэдгээр хүмүүстэй адил нэгэн гэж боддог. Би өөрийгөө төвөд хүн, бурханы шашитан, Далай Лам гэж боддоггүй. Ингэж бодохын хэрээр өөрийгөө бусдаас ялгаатай болгож, улмаар янз бүрийн асуудал үүсэх бөгөөд эцэстээ орь ганцаараа үлдэх болно. Би хүн төрөлхтний нэгдмэл байдлыг бий болгохын төлөө хичээж, хүний үнэ цэнийг таниулах тал дээр үүрэг хүлээн ажиллаж байна. Энэ нь хувь хүн, гэр бүл, улс орны аз жаргалын төлөө юм.”

Тхүпсүн Даржайлин хийд дэх нээлтийн ажиллагаа, номын айлдвар, Жанрайсиг бурханы авшиг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, мужийн захирагч Падманабха
Ачаръяа, ерөнхий сайд Пема Хандү нар нээлтийн ёслолын
үеэр. Энэтхэг, Аруначал Прадеш, Диран. 2017.04.06.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр цаг агаарын байдлаас болж аялал өөрчлөгдсөн талаар ярив.

“Гувахати хотоос Дибрүгар хүрэхдээ бид онгоцоор явсан юм. Хүчтэй салхинд онгоц нэлээдгүй дайвалзсан бөгөөд тэр үед би миний төгсгөл ирж байна даа гэж бодсон. Үүний дараа бид нисдэг тэргээр явах байсныг машинаар газраар явахаар шийдсэн юм. Машинаар явсны ашигтай тал нь алс хол нутгийн олон ард иргэдийг харах, тэдний амьдралтай танилцах боломжийг надад олгосон бөгөөд олон хүн ч намайг харах боломж бүрдлээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа эртний Египет, Хятад, Индүс мөрөний сав нутгийн их иргэншилийн тухай ярьсан юм. Эдгээрээс Индүс мөрөний сав нутагт агуу их сэтгэгчид илүү их төрөн мэндэлжээ. Энд төрсөн сэтгэгчдийн ихэнх нь бурханы шашны эрдэмтэд байсан бөгөөд ялангуяа Наланда уламжлалын их багш нар байжээ. Тэдний ном сургаал Азийн улс орныг бараг бүхэлд нь хамарсан гэдгийг тэмдэглэн хэллээ. Тэдгээр эрдэмтдийн номлосон юмс бүхэн мөн чанартаа хоосон ба шүтэлцэж оршдог гэх онол нь бидний дотоод сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах хамгийн гол бөгөөд оновчтой арга зам байсан гэдгийг онцлон хэлэв.

Бурхан Багш зөвхөн бурханы шашныг үндэслээд зогсохгүй агуу их сэтгэгч, шинжлэх ухааны их эрдэмтэн байсан тул шавь нартаа өөрийн сургаалыг шууд хүлээж авах бус, нягталж, судалж хүлээн авах хэрэгтэй гэдгийг зөвлөдөг байсан байна. Тиймээс хутагт Нагаржуна, Буддхапалита тэргүүтэй их эрдэмтэд түүний зөвлөгөөг дагасан ажээ.

“Орчин үеийн энэтхэгчүүд Барууны орныг хэтэрхий их дуурайсан, мөн орчин үеийн боловсролын систем нь хэтэрхий материаллаг зорилготой байгаа энэ үед дотоод сэтгэлийн амар амгаланд маш бага анхаарал хандуулж байна. Бид ёс суртахууны доголдол дэвэрсэн цаг үед амьдарч байна. Үүнийг дан ганц ерөөл залбирлаар бус, оюун санаагаа хөгжүүлж, сөрөг сэтгэл хөдлөлийн эсрэг зогсож байж засах боломжтой. Олон нийтийн туршлагаас бий болсон хүний үнэ цэнийн ойлголт, шинжлэх ухааны баримт нотолгоо, орчин үеийн боловсролын хөтөлбөрийг эртний Энэтхэгийн оюун санаа хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг боловсролтой холбох хэрэгтэй байна.”

Энэ хийдийг сургалтын төв болгох түүний хүсэл биелэсэнд талархал илэрхийллээ.

“Та бүхэн гайхалтай сайхан ажил хийжээ. Би та бүхний хийсэн амжилтанд үнэхээр талархаж байна. Баярлалаа.”

Төгсгөлийн үйл ажиллагаа нь Тхүптэн ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, мужийн захирагч болон ерөнхий сайд, орон нутаг хариуцсан дарга Пхүрпа Цэрин нарт Бурхан Багшийн сэрэг дүрийг өргөн барьж, бүгдэд нь талархал илэрхийлээд, ялангуяа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ нутаг оронд морилон ирж зон олныг адисласанд гүнээ талархал илэрхийлснээр өндөрлөв. Ирсэн бүх зочид хамтдаа үдийн зоог барьлаа.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын талбайд морилон ирж 20,000 гаруй хүмүүстэй мэндлээд суудалдаа суув. Тэрээр эхлээд ямар номын айлдвар явагдах талаар товч танилцуулсан юм.

Тхүпсүн Даржайлин хийд дэх нээлтийн ажиллагаа, номын айлдвар, Жанрайсиг бурханы авшиг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 20,000 гаруй хүмүүст номын
айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш,
Диран. 2017.04.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Өнөөдөр бид эргэн уулзаад байна. Хуучин төлөвлөгөө маань өдийд Даваны зүг нисэх ёстой байсан ч цаг агаар бидний төлөвлөгөөг өөрчлөв. Та бүхэнд Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ, үүний өмнө “Оюун судлахуйн найман бадаг” номыг тайлбарлах болно. Яг одоо “Багшийг тахихуй” хийгээд Жанрайсиг бурханы дамжлагын багш нарын соёрхолын аман эшийг та бүхэнд уншиж өгнө, намайг бэлтгэл зан үйл хийх үед та нар эдгээр номыг уншиж байгаарай.”

“Багшийг тахихуй”-н хурал явагдаж, мөн цогчод өргөж байх үед эмэгтэй хуврагууд ч мөн адил зан үйлийг хийж байлаа. Тэд уншлага уншиж, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд цогчод өргөсөн юм.

“Бид энд бизнессийн ашиг сонирхолоор бус, мөн ямар нэгэн үзвэр үзэхээр цуглаагүй. Өнөөгийн хүмүүс аз жаргалтай амьдрахын тулд оюун санаагаа ашиглахгүй байна. Хүмүүс өөрсдийн уламжлалт туршлагаа улам алдсаар байна. Дэлхийн бүх шашин оюун санааны амар амгаланг түгээдэг. Бурханы шашин ялгаагүй боловч бурханы шашинд сүсэг бишрэлийг билиг оюунтай зайлшгүй хослуулдаг уламжлалтай билээ. Энэ нь бидэнд оюун ухаанаа ашиглах ёстой гэдгийг харуулж байна. Мунхаг ухаан нь бидэнд зовлонг үүсгэдэг, үүнийг давахын тулд бодит үнэнийг таньсан байх шаардлагатай.”

“Зарим хүмүүс бурханы шашныг шинжлэх ухаан гэж үздэг. Дотоод сөрөг сэтгэл хөдлөлөө засахад шинжлэх ухаанч байр суурь маш чухал. Уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд нь мунхагаас үүдэлтэй тул Бурхан Багшийн гол сургаал нь бодит үнэнийг ухаарахад чиглэсэн байдаг юм. Шинжлэх ухааны эрдэмтэд бурханы шашны шүтэн барилдахуйн онолыг машид талархан хүлээн авч байна. Үүнтэй адилтгах ямар нэгэн онол та нарт бий юу гэж асуухад тэд одоогоор байхгүй гэж хариулсан юм.”

Тхүпсүн Даржайлин хийд дэх нээлтийн ажиллагаа, номын айлдвар, Жанрайсиг бурханы авшиг
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номыг айлдварыг сонсож буй
хүмүүс. Энэтхэг, Аруначал Прадеш, Диран. 2017.04.06.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цугласан олныг хүн бүрт тараасан “Оюун судлахуйн найман бадаг” номыг нээхийг хүслээ. Тэрээр энэ номыг оюун санаагаа хэрхэн ашиглах талаар номлосон гэж тайлбарлав.

Мөн тэрээр Төвөдийн их хаан Тирсон Дэзан Энэтхэгийн Шантаракшита гэгээнийг урин залснаар Төвөдөд бурханы шашин дэлгэрсэн гэдгийг ярьлаа. Хоёр зууны дараа бурханы шашин доройтсон боловч Адиша гэгээн заларснаар эргэн сэргэжээ. Адиша гэгээн гаадамбын урсгалыг нээсэн бөгөөд энэхүү номын зохиогч Ланри Танба ч гаадамбын урсгалын эрдэмтэн байсан байна. Дээрхийн Гэгээнтэн энэхүү номын айлдварыг анх Тагдаг ринбочэгээс хүртсэн бөгөөд дараа нь Тижан ринбочэгээс ахин сонссон байна.

Дээрхийн Гэгээнтэн номоо алгуур тайлбарлаж дуусаад Жанрайсиг бурханы авшиг хүртээх ажлаа эхэлсэн юм. Дарь Эх бурхантай уулзсан Дагпү Доржчаны увидсаар Жанрайсиг бурханы авшиг хүртээх ажээ. Авшиг хүртээхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн цугласан бүх хүмүүсийг их нигүүлсэнгүй бодийн сэтгэл үүсгэх зан үйлийг хийсэн юм.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Диранаас Даваны зүг машинаар хөдлөх бөгөөд тус Даван нь далайн түвшнээс 4170 метрийн өндөрт байрлах ажээ.
Үзсэн: 79
 

Хуваарь (ойрын)

2017.03.12: Энэтхэг, Дарамсала хот дахь номын айлдвар
Дарамсала хот дахь номын айлдвар. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Бурхан Багшийн "Төрөл цадиг" номыг товч айлдана.
2017.03.13-14: Энэтхэг, Дарамсала. Дарамсала хот дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Гамалашила гэгээний "Бясалгалын дунд зэргэмж", Жалсрай Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц