Далай Ламд олон улсын улс төрд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн профессор М.Л.Сондигийн нэрэмжит шагнал гардуулав

5-05-2017, 08:43  |  Хэвлэх

2017 оны 4 дугээр сар 27

Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.27 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр хоногийн өмнө Дели хотод хүрэлцэн ирж төлөвлөсөн эмнэлгийн үзлэгээр амжилттай оров. Тэрээр мөн нийслэлд байх хугацаандаа хуучны андуудтайгаа уулзлаа. Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн орчин үеийн сургуулиудад бүх нийтийн ёс суртахууныг заах сургалтын хөтөлбөр боловсруулах Удирдах хорооны гишүүдийн хамт товч хурал хийлээ. Ярилцлага хорооны хэлэлцүүлгийн өмнө эхлэв.

“Сайн байцгаана уу” гэж Дээрхийн Гэгээнтэн эхлээд, “Бид зүгээр нэг сайхан ярилцах гэж цуглараагүй. Хүн төрөлхтөн бидэнд ололт амжилт байгаа хэдий ч бид олон сорилт, хүчирхийлэл, аллага зэрэгтэй тулгарч байна. Аз болоход, хүний үндсэн мөн чанар нь энэрэнгүй гэж батлагдсан. Энэ тухай сонсоод хүний үндсэн үнэт зүйлсийн мэдрэмж, агуулгыг хүчин чармайлт гаргаж тууштай дэмжин ажиллах хэрэгтэй болж байна.”

“Хүүхэд байхад амьдрал маань хайр энэрлээр дүүрэн байдаг байлаа. Гэтэл томрох тусам уур хилэн, хардлага, атаархал зэрэгт автаж эхэлдэг. Уур хилэнг бид ердийн нэг сэтгэл хөдлөл гэж авч үздэг. Заримдаа энэ нь биднийг хамгаалдаг талтай боловч хэтэрсэн үед аюул, асуудлыг дагуулдаг юм. Орчин үеийн боловсролын тогтолцоо нь дотоод сэтгэлийн мөн чанарт анхаарал бага хандуулж байна. Хайр энэрлийг бид байх ёстой зүйл гэж үздэг. Уламжлал ёсоор ард түмэн шашинд хандахдаа дотоод сэтгэлийн, ёс суртахууны үнэт зүйлсийг эрэлхийлдэг байсан боловч өнөөдөр шашин шүтлэг болон боловсрол нь тус тусын замаар явж байна. Дэлхийн 7 тэрбум хүн амын 1 тэрбум нь шашин шүтлэггүй. Тиймээс хүн төрөлхтний нэг хэсэг болох тэдэнд ч мөн адил баяр хөөр, амар амгалангийн үндэс болох дотоод сэтгэлийн, ёс суртахууны үнэт зүйлс хэрэгтэй билээ.”

Далай Ламд олон улсын улс төрд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн профессор М.Л.Сондигийн нэрэмжит шагнал гардуулав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөр боловсруулж буй ажлын багтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.27. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Боловрол нь бидний цорын ганц найдвар юм. Багш нар, эрдэмтэд, нийгмийн ажилтнууд бүгд өнөөгийн боловсролын тогтолцоонд дотоод сэтгэлийн үнэ цэнийг хөгжүүлэх тал дээр хангалтгүй анхаарч байна гэдэгтэй санал нийлцгээж байна. Хүмүүст шашнаас ангид ёс зүйг заах арга зам, хөтөлбөр боловсруулах гэж энэ бүлэг бий болсон. Дотоод сэтгэлийн үнэ цэнэ нь бидний сэтгэл хөдлөлтэй холбоотой учир оюун ухааны үйл ажиллагааны талаар сайн ойлголттой байх хэрэгтэй.”

“Энэтхэг орон нь өнөөгийн хүн төрөлхтөнд тулгараад буй оюун ухааны гүн гүнзгий ойлголт, мэдлэгийг олгодог шаматха буюу нэгэн үзүүрт төвлөрлийн бясалгал ба випашьяна буюу юмсын жинхэнэ мөн чанарт нэвтрэх бясалгалын сургалтыг агуулсан өөрийн уламжлалтай орон юм.”

Дээрхийн Гэгээнтэн төвөдүүд өөрсдийгөө олон жилийн турш энэтхэг багш нарын шавь гэж үздэг байсан ба цаг хугацааны явцад багш нар нь эртний мэдлэгээ гээн орхигдуулж, харин шавь нар нь тэдгээрийг бүрэн бүтнээр нь хадгалж ирсэн гэв. Өнөө үед йогийн хичээлүүд болон ухамсартай, ухаалаг амьдрах арга ухааныг шашнаас ангид хандлагаар зааж сургаж байгаатай адил энэтхэгийн эртний эдгээр мэдлэгээсээ олон нийтэд шашнаас ангид, тэдэнд тааруулсан арга барилаар мөн хуваалцах нь чухал байна гэлээ.

“Өнгөрсөн 58 жилийн хугацаанд би энэтхэгийн гамбир болон вандуйгаар хооллосон, оюун ухаан маань Наландагийн сургаалаар бүрэн дүүрэн тэтгэгдэж байна. Бие бялдар, оюуны хувьд би энэтхэг хүн мөн. Тиймээс Энэтхэгийн ард түмэн бид эртний мэдлэгээ сэргээх хэрэгтэй байна. Хүн төрөлхтөн бид өөрсдийн бий болгосон асуудлуудаа өөрсдөө л шийднэ. “Дайн бол хүн төрөлхтний түүхийн салшгүй нэг хэсэг” гэж давтах нь төдийлөн тустай биш байна. Үнэндээ гамшиг, сүйрлийг хэн ч хүсэхгүй биз дээ. Илүү энэрэнгүй ертөнцийг бий болгохын тулд бид эртний энэтхэгийн эрдэмтэн мэргэдийн учир шалтгааны үндэслэлтэй, эрүүл утга санаа агуулсан мэдлэгийг ашиглах хэрэгтэй байна. Би нэлээдгүй хурц ухаантай байж болох ч энэ үзэл санаагаа хэрэгжүүлэхэд та бүгдийн туслалцаа хэрэгтэй байна. Би 82 настай, цаг хугацаа бага байгаа учир бид үүнийгээ нэн даруй эхлүүлэх хэрэгтэй байна.”

Далай Ламд олон улсын улс төрд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн профессор М.Л.Сондигийн нэрэмжит шагнал гардуулав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хатагтай М Л Сондигийн ач хүүтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.27. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн олон улсын төвийг зорилоо. Далай Ламд олон улсын улс төрд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн профессор М.Л.Сондигийн нэрэмжит шагнал гардуулав. Түүнийг хуучны анд хатагтай Мадури Сантанам Сонди гэр бүлийхэнтэйгээ угтан авч жижиг танхимд уулзлаа. Уран үгтэй танилцуулга хийхдээ хатагтай Сонди анх Төвөд орны тухай 1947 онд Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Азийн орнуудын харилцааны бага хурлын үеэр төвдийн төлөөлөгчидөөс сонсож байснаа дурсан хуваалцав.

Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн 1956 онд Бурхан багшийн Жаянта баярт оролцсон бөгөөд 1959 онд тэрээр Энэтхэгт дүрвэн ирсэн. Тэр үед хатагтай Сонди Оксфордын оюутан байсан ба Дээрхийн Гэгээнтний Массурид Рагаван Айерт өгсөн ярилцлагын бичлэгийг сонсож байсан гэлээ.

Профессор М.Л.Сонди дипломат албанд орж, эхлээд Прага хотод, дараа нь НҮБ-д томилогдож, тэнд 1960 аад оны эхээр болсон Төвөдийн тухай мэтгэлцээн сонсож байсан гэлээ. Тэрээр 1962 онд “Төвөдийн захиргааны хороо”-г байгуулсан. Хожим нь түүнийг Дээрхийн Гэгээнтэн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байсан юм. Тэрээр мөн Дээрхийн Гэгээнтэнг Вацлав Хавелтай танилцуулж, Изриальд хийсэн түүний анхны айлчлалыг зохион байгуулж байжээ. Ноён Вацлав Хавел амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл Төвөд орны сайн сайхан ирээдүйд итгэдэг байсан гэлээ.

Хатагтай Сонди түүнчлэн Дээрхийн Гэгээнтний ололт амжилтууд болох дүрвэн гарсан Төвөдийн нийгмийн бүлэгт ардчилсан тогтолцоог бий болгосон, ёс суртахууны үнэт зүйлс, иргэний ёс зүйн боловсролд анхаарлаа хандуулж буй явдал, шинжлэх ухаан, шашин хоорондын харилцан ярианы ач холбогдол зэргийг дурдлаа.

Профессор М.Л.Сондигийн хүү Вивеканандыг Дээрхийн Гэгээнтэнд гардуулсан шагналын үгнээс эшлэл татахыг хүсэхэд тэрээр Дээрхийн Гэгээнтний 5 бүлгээс бүрдсэн Энх тайвны төлөвлөгөө болон Төвөд орны Энэтхэг, Хятадын хоорондын энх тайвны бүс хийгээд бамбай улсын боломжит үүргийг дурдлаа.
Тэрээр Дээрхийн Гэгээнтэн хятадын удирдлагуудын Төвөд үргэлж БНХАУ-ын нэг нэсэг байсан гэдгийг үгүйсгэдэг гэж Вивекананд тэмдэглэлээ.

Далай Ламд олон улсын улс төрд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн профессор М.Л.Сондигийн нэрэмжит шагнал гардуулав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шагнал гардаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.27. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Шагнал дээр бичсэн үгэнд мөн Дээрхийн Гэгээнтэн хүчирхийллийн бус зарчимыг дагаж мөрддөг, шашны эсрэг хавчлагад түүнийг сөрөг хүчин болдог, шинжлэх ухаан болон шашны үзэл санаа хоорондын харилцан яриаг дэмжиж байдаг гэсэн байна.

Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга асан Лалит Мансинх профессор М.Л.Сондигийн Төвөдийн төлөөх тууштай тэмцэл, түүний Энэтхэг-Хятадын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хүндэтгэн дурсав. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд эрүүл энх, урт удаан наслахын хүсээд Төвөдийн ард түмэнд дахиад олон жил удирдагч нь байх болтугай гэж ерөөлөө.

Лалит Мансинх Дээрхийн Гэгээнтэнд алчуур өргөн барив. Хатагтай Сонди Дээрхийн Гэгээнтэнд профессор М.Л.Сондигийн нэрэмжит шагналыг гардууллаа.

Хүндэт зочин Арин Шоури хэлэхдээ шагналыг авч байгаа хүн нь нэр хүндийг мэдэрдэг бол энэ удаад ховор тохиолдлуудын нэг болж гардуулагдаж буй шагнал нь өөрөө нэр хүндтэй болж байна. Учир нь үүнийг Дээрхийн Гэгээнтэнд гардуулж буй явдал юм гэлээ.

Тэрээр Дээрхийн Гэгээнтний ёс суртахууны алдар хүндийг Махатма Гандийнхтэй адилтган жишив. Мөн тэрээр Нью-Йорк Таймс -ын сэтгүүлч нэгэн удаа Дээрхийн Гэгээнтнээс Хятадууд Төвдөд энэ бүх зүйл учруулсны дараа яаж ингэж инээмсэглэлээ хадгалж чадаваа гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариуд нь: ”Хятадууд маш их зүйл авч, мөн үгүй хийсэн. Гэхдээ сэтгэлийнхээ амар амгаланг үгүй хийлгэнэ гэж үү?” гэсэн гэлээ. Арин Шоури Дээрхийн Гэгээнтэн төвөдийн ард түмэнд сэтгэлийн хатуужилтай байх урам зориг хайрлаж байдаг гэв. Түүний мэдлэг ухаан хийгээд даруу байдлыг нь хүндлэн биширч явдаг гэсэн юм. Эцэст нь, Дээрхийн Гэгээнтний сэтгэл оюун нь шулуун шударга, илэн далангүй гэж онцоллоо.

Дээрхийн Гэгээнтэн үг хэлэхдээ:

“Эрхэм хүндэт ахан дүүс ээ! Бид бүгд адилхан хүмүүс болохоор олон нийтэд хандаж үг хэлэхдээ дандаа ингэж эхэлдэг юм. Бид хүн төрөлхтний нэгдмэл байдлыг таньж мэдэх шаардлагатайг би үргэлж онцолдог юм. Би бусдын адил амар амгалан, баяр баясгалантай байхыг хүсдэг. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа боловч өөрсдийн гараар бүтээсэн асуудлуудтай тулгаран амьдарсаар байна. Эрдэмтэд хүний мөн чанар нь энэрэнгүй гэж нотолсон явдал бидний итгэл найдвар болоод байна. Үүн дээр тулгуурлан бид одооноос хүчин чармайлт гаргаж эхэлвэл энэ зууны сүүлээр илүү амар амгалан ертөнцийг бий болгож чадна.”

Далай Ламд олон улсын улс төрд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн профессор М.Л.Сондигийн нэрэмжит шагнал гардуулав
Шагнал гардуулах ёслолд оролцож буй хүмүүс Дээрхийн Гэгээнтний үгийг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.04.27. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Би Европын холбооны нэгдмэл санааг биширдэг. Хэдэн зуун жил үргэлжилсэн үндэс угсаа, бүрэн эрхт байдлын төлөөх дайн байлдааны дараа Европын улс орнууд нийтлэг ашиг сонирхолыг урдаа тавин, нэг нэгэнтэйгээ нэгдэж эхэлсэн. Хэрвээ энэ нэгдмэл санааг Африкт хэрэгжүүлсэн бол олон мөргөлдөөнүүд үгүй болж, зэвсэгт зарцуулагддаг мөнгийг боловсрол, хөдөө аж ахуйн хөгжилд чиглүүлж болох байлаа.”

Дээрхийн Гэгээнтэн Сахарын цөлийг цэцэрлэгт хүрээлэн болгох дээр үеийн мөрөөдлөөсөө хуваалцав. Тэнд нарны эрчим хүчний эх үүсвэрийг суулгаж, гарсан цахилгаан эрчим хүчийг ашиглан далайн усыг давсгүйжүүлэн, гарсан цэвэр ус нь цэцэг ногоо, газар тариаланг услана гэв. Түүний бодлоор иймэрхүү санааг Австралийн эрэгээс төв рүү чиглүүлж хийснээр уг тивийг өөрчилж, далайн түвшний өсөлтийг амьдралд ашигтайгаар ашиглаж болон юм гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн: “Сайхан сэтгэл нь бидний эрүүл мэндэд ач тустай. Энэ нь бидний дархлааг бэхжүүлж байдаг бол уур хилэн, айдас, сэжиг зэрэг нь эсрэгээрээ устгадаг” гэв. Мөн сэтгэл амар амгалан байх нь бид оюун ухаанаа бүрэн ашиглах зайлшгүй нөхцөл өгдөг . Түгшүүр, сэтгэл зовнил нь бидний саруулаар сэтгэн бодох чадварыг хаадаг байна.

“Манай өнөөгийн боловсролын тогтолцоо нь материаллаг зорилгод чиглэсэн хандлагатай бөгөөд дотоод сэтгэлийн үнэ цэнэд бага анхаарал хандуулж байна. Бид нийтлэг туршлага, нийтлэг утга санаа, шинжлэх ухааны үр дүнг үндэслэн ёс суртахууныг шашнаас ангид арга барилаар орчин үеийн боловсролын системийг баяжуулах эрмэлзэлтэй байна. Үүнд хамгийн эртний үндэстэн, хамгийн их хүн амтай, дэлхийн томоохон шашнууд олон зууны турш мөр зэрэгцэн цэцэглэн хөгжиж ирсэн Энэтхэг орон үлгэр жишээ байх болно.”

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөр боловрсуулж буй ажлын хэсэгтэй уулзаад Дарамсала хотын зүг буцна.
Үзсэн: 2000
 

Хуваарь (ойрын)

2017.03.12: Энэтхэг, Дарамсала хот дахь номын айлдвар
Дарамсала хот дахь номын айлдвар. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Бурхан Багшийн "Төрөл цадиг" номыг товч айлдана.
2017.03.13-14: Энэтхэг, Дарамсала. Дарамсала хот дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Гамалашила гэгээний "Бясалгалын дунд зэргэмж", Жалсрай Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц