“Нийгмийн шударга ёс ба ноён Б.Р. Амбедкар” сэдэвт семинарт оролцов

26-05-2017, 20:14  |  Хэвлэх

2017 оны 5 дугаар сар 23

Энэтхэг, Карнатака, Бангалор – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр Дели хотоос Бангалор хотын зүг ниссэн бөгөөд түүнийг газардахад Карнатака мужийн Нийгмийн хангамжийн яамны сайд Шри Х Амжанеяа угтан авсан юм.

“Нийгмийн шударга ёс ба ноён Б.Р. Амбедкар” сэдэвт семинарт оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Амбедкар Бхаванд хүрэлцэн ирэхэд бөмбөрчид бөмбөр тоглон угтав. Энэтхэг, Карнатака,
Бангалор. 2017.05.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Урд шөнө хүчтэй аадар бороо орсон боловч энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Амбедкар Бхаваны зүг хөдлөхөд тэнгэр цэлмэг, нар шарж байлаа. Зорьсон газраа ойртох тусам замын хоёр талаар оюутан голдуу төвөд хүмүүс олноороо зогсож түүнийг харахыг хичээж байв. Дээрхийн Гэгээнтнийг хүрэлцэн ирэхэд Энэтхэгийн уламжлалт бөмбөр тоглож угтав. Түүнийг улс төрийн намын дарга Шри Малликаржуна Харге болон Дээрхийн Гэгээнтний хуучны анд, Карнатака мужийн ерөнхий сайд Сиддарамайах нар дагалдан явж, хамтдаа бүрэн дүүрсэн 1200 хүний суудал бүхий танхимд орж ирсэн юм.

Хурал эхлэхийн өмнө эх орны дууг хөгжимдөн дуулж, дараа нь Бурхан Багшид аврал одуулах уншлагыг санскрит хэлээр уншлаа. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, мужийн ерөнхий сайд хамтдаа хурлын нээлтийн зул өргөх ёслол үйлдсэн юм. Мөн каннара хэл дээр орчуулагдсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын “Энэрэл хайр” номын нээлт хийлээ.

“Нийгмийн шударга ёс ба ноён Б.Р. Амбедкар” сэдэвт семинарт оролцов
Улс төрийн намын дарга ноён Шри Малликаржуна Харге үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор.
2017.05.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Шри Малликаржуна Харге өргөн хүрээтэй илтгэл тавихдаа каннара хэлээр эхэлж, дараа нь англи хэлээр дуусгав. Юуны түрүүнд доктор Б. Р. Амбедкар асанд хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Калабураги дахь Будда Вихарт Бурхан Багшийн их дүйчэн өдрөөр олон мянган мөргөлчид цугладаг болсон нь доктор Амбедкарын бурханы шашинд анхаарал хандуулдаг байсны үр дүн гэлээ. Энэхүү баярт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2009 онд оролцож байсныг дурсан ярив. Мөн тэрээр Баба Сахеб доктор Амбедкарыг Энэтхэгийн үндсэн хуулийн эцэг бөгөөд Далитын эрх чөлөө олгогч хэмээн мэдэгдэж байсныг тэмдэглэн хэлэв. Доктор Амбедкар эмэгтэйчүүд болон ядуусыг тууштай хамгаалагч байсан ба тэгш хандлагаар улс орныг хөгжүүлнэ гэж үзэж байжээ. Мөн хуульч, нэртэй эдийн засагч байсан байна. Ноён Харге цааш нь хэлэхдээ Лондонгийн эдийн засгийн сургуулийг загварчилсан доктор Амбедкарын нэрэмжит эдийн засгийн их сургууль байгуулах гэж байгаа Карнатака мужийн засаг захиргаанд талархал илэрхийлсэн юм.
Чинхүү эрх чөлөө, ахан дүүгийн харилцаа, нийгмийн тэгш байдлыг бий болгохын тулд доктор Амбедкар тэгш байдал ба хүчирхийллийн бус уламжлалыг үндэслэсэн бурханы шашны арга замыг сонгосон байна.

“Нийгмийн шударга ёс ба ноён Б.Р. Амбедкар” сэдэвт семинарт оролцов
Карнатака мужийн ерөнхий сайд Сиддарамайах үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор.
2017.05.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Ерөнхий сайд Сиддарамайх үг хэлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд хүндэтгэл үзүүлээд түүнийг энх тайвны төлөөлөгч хэмээн каннара хэлээр мэдэгдэв. Тэрээр мөн Карнатака муж Амбедкарын нэрэмжит эдийн засгийн их сургууль байгуулах төлөвлөгөө гаргасныг танилцуулж үүнд баяртай байгаагаа дуулгав.

Түүний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Мужийн ерөнхий сайд болон ахмад, залуу ахан дүүс нар аа!” хэмээн яриагаа эхэлсэн юм. Тэрээр дэлхийн 7 тэрбум хүний нэг тул олон нийттэй уулзах бүртээ яриагаа ийн эхэлдэг талаар тайлбарлан ярив.

“Хүн төрөлхтөн бүгд нэг замаар төрж, нэг замаар насан эцэслэдэг ба амьд ахуй үедээ бүгд аз жаргалтай байж, золгүй зүйлээс холдон зугатахыг боддог. Хүн бүхэнд аз жаргалтай амьдрах эрх бий. Энэ бүгдийн уг үндэс нь хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ухаарах явдал юм.”

“Хэрэв бид нэг нэгнээ ахан дүүс гэж үнэнхүү харж чадвал талцан хуваагдах, нэг нэгнээ хууран мэхлэх, хувийн ашиг сонирхолыг бусдаас дээгүүр тавих явдал гарах үндэс байхгүй болно гэсэн үг. Тийм учраас бид нэгэнт өөр хоорондоо адилхан тул хүн төрөлхтөн нэгдмэл байх ойлголтыг хөгжүүлэх нь маш чухал болж байна.”

“Нийгмийн шударга ёс ба ноён Б.Р. Амбедкар” сэдэвт семинарт оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуралд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор.
2017.05.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“20-р зууны агуу, гайхамшигтай хүн доктор Амбедкарын дурсгалыг хүндэтгэх энэхүү чухал бөгөөд ач холбогдол бүхий уулзалтанд оролцож байгаа минь нэр төрийн хэрэг билээ.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа хуульч, эдийн засагч, нийгмийг өөрчлөн байгуулагч ноён Амбедкар олон сая хүний нүдийг нээсэн гэж мэдэгдлээ. Азийн ихэнх оронд дэлгэрсэн бурханы шашин нь анх Энэтхэгээс үүдэлтэй тул ноён Амбедкар бурханы шашныг төрөлх эх оронд нь эргүүлэн авчирсан гэв.

“Бурханы шашны нэн тэргүүний сургаал нь бусад шашнуудын адил үйлийн үр, энэрэнгүй үзэл, хүч үл хэрэглэх зарчмыг номлодог бөгөөд энэ бүгд дотоод сэтгэлийн амар амгаланг бий болгодог. Энэ нь олон зууны турш олон сая хүний дархлаа болж ирсэн билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа буддын номын гурван хүрдийн талаар ярьсан юм. Бурхан Багш Саранат хотод анхны номын хүрдийг эргүүлэхдээ Хутагтын дөрвөн үнэн, түүний 16 чанар, гэгээрлийн 37 гарын авлага зэргийг айлдсан гэдгийг тайлбарлав. Харин Ражгир хотод билиг барамидын сургаалыг айлдах үедээ Бурхан Багш Хутагтын дөрвөн үнэний гурав дахь болох гэгээрлийн тухай, түүнд хүрэх арга замын талаар нарийн тайлбарласан байна. Үүнд “би үгүй”-н онол болон хоосон чанарын тухай онолууд багтжээ. Эдгээр ойлголт нь юмс үзэгдлийг огт хоосон гэсэн үг бус аливаа зүйл оршихдоо бусад хүчин зүйлээс харгалзан оршдог ойлголт юм гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дэлгэрэнгүй тайлбарлав.

“Нийгмийн шударга ёс ба ноён Б.Р. Амбедкар” сэдэвт семинарт оролцов
Уг хуралд 1200 гаруй хүн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг сонслоо. Энэтхэг, Карнатака, Бангалор.
2017.05.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Бурхан Багшийн айлдвар дахь шүтэн барилдлагын онолыг тэрээр тайлбарлахдаа бие даан оршиж чадах нэг ч зүйл байхгүй гэсэн утгатай хэмээгээд өнөөгийн шинжлэх ухааны квантын физикчид юмс үзэгдэл дан ганц обьектив талаасаа орших боломжгүй гэж үзсэнтэй адилтган тайлбарласан юм. Тийм учраас Бурхан Багш өөрийн шавь нарт миний сургаалыг сохроор бус, нягталж судалсны дараа дагах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Бурхан Багш шавь нарын оюун ухаанд тааруулж олон янзын сургаал айлдсан байдаг тул тэр бүгдийг нягталж судлах нь зайлшгүй шаардлагатай ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мөн шашны гурван онцлогийг тайлбарлав. Нэгдүгээрт бүх шашин энэрэл хайрыг түгээдгээрээ адил, хоёрдугаарт бүх шашинд гүн ухааны адил бус үзэл онолууд байдаг нь угтаа тэрхүү энэрэл хайрыг өөр өөрсдийн зам мөрөөр түгээх зорилготой ажээ. Жишээлбэл Эзэн тэнгэрт итгэдэг шашинтнууд ертөнцийг бүтээгчид итгэж, харин үүнийг хүлээн зөвшөөрдөггүй шашны урсгалууд хувийн үүрэг хариуцлагыг хөгжүүлдэг байна. Гуравдугаарт шашин бүхэнд соёлын уламжлал байдаг боловч тэр нь тухайн цаг үе, нийгмийг дагаж бий болдог тул зарим улирч одсон цаг үеийн уламжлалыг эдүгээ өөрчилж, шинэчлэх хэрэгтэй гэсэн юм.

“Дэлхий дахинд өргөн хүрээгээ тэлсэн ардчилалын энэ цаг үед хүйсийн болон кастын системээр ялгаварлах нь үеэ өнгөрөөсөн, зохимжгүй явдал болж байна. Ямартаа ч бүх нийтийн хандлагыг өөрчлөхөд боловсрол зайлшгүй чухал юм. Далитын болон бусад хүмүүс кастаар ялгаварлан гадуурхахын эсрэг хүчтэй ажиллаж, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Боловсрол бидэнд тэгш байдлыг авчрах болно.”

Уулзалтын дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мужийн ерөнхий сайд болон түүний кабинетийн гишүүдийн хамт уламжлалт үдийн зоог барьлаа. Дараа нь тэрээр буудалдаа эргэн ирж Бангалор хот дахь “Times of India” сонины мэдээний хэлтсийн дарга Сита Лакшмид ярилцлага өгсөн юм. Тэрээр өөртэй нь уулзаж байгаа явдал сэтгэлийг нь ихэд догдлуулж байна гэдгээ дуулгасанд Дээрхийн Гэгээнтэн:

“Сэтгэл догдлох шаардлага байхгүй. Бид адилхан л хүмүүс шүү дээ” гэв.

“Нийгмийн шударга ёс ба ноён Б.Р. Амбедкар” сэдэвт семинарт оролцов
Бангалор хот дахь "Times of India" сонины мэдээний албаны дарга Сита Лакшмид ярилцлага өгч байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор.
2017.05.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр Дээрхийн Гэгээнтний амар тайван байдгийн нууцыг асуусанд:

“Хэрэв та оюун санаа болон сэтгэл хөдлөлийн талаар сайн ойлголттой бол сөрөг сэтгэл хөдлөлөө дарах баттай байрь сууринд хүрч байна гэсэн үг юм. Энэрэн нигүүлсэх нь итгэл найдварыг өгөхийн зэрэгцээ айдас түгшүүрийг үгүй хийдэг. Ийм нөхцөл байдлыг бүрдүүлж чадвал өөрийн саруул оюун ухаанаа бүрэн гүйцэд ашиглаж чадна. Аль болох амар тайван байх хэрэгтэй, гэвч энэ нь дүлий оргиод суу гэсэн үг биш ээ. Бурханы шашин Төвөдөд дэлгэрснээр бид илүү амар тайван, энэрэнгүй болсон юм.”

“Нөгөөтэйгүүр би өдөрт 9 цаг унтдаг. Орой 6 цагт орондоо орж, өглөө 3 цагт сэрдэг. Дараа нь бясалгал хийдэг. Ингэхдээ судлах бясалгал хийдэг юм. Би сэрмэгцээ л “Би гэж юу вэ?” хэмээн өөрөөсөө асуудаг. Дараа нь бусдын төлөөх энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх бясалгал хийдэг.”

Энэтхэгт сүүлийн 58 жилийн турш амьдарсан нь таньд ямар нөлөө үзүүлэв гэсэн асуултанд тэрээр:

“Би олон шашин нэгэн дор эв найртай байх бүрэн боломжтой гэдгийн гэрч болж байна. Мөн би эртний Энэтхэгийн үйлийн үр болон хүч үл хэрэглэхийг дээдлэх зарчимд дуртай.” гэж хариулав.

Эрх чөлөө гэж юу вэ гэсэн асуултанд “Хэрэв бид хүний мөн чанарыг эерэг талаас нь харж чадвал эрх чөлөө бидэнд үр дүнтэй байх болно. Хүний төрөлх чанар уур хилэн байсан бол эрх чөлөө бидэнд аюултай байх болно. Бидэнд хийж бүтээх эрх чөлөө байна, хийж бүтээнэ гэдэг нь хүний хөгжлийн эх булаг мөн.” хэмээн хариулсан юм.

Хатагтай Лакшми цааш нь өнөөгийн хүн төрөлхтөнд хамгийн их аюултай зүйл юу байна вэ гэж асуусанд “Ганц талын мэдлэг буюу өнөөгийн боловсролын систем нь материаллаг зорилгод голлон анхаарсны улмаас шунал, атаархал, уур хилэн гэх мэтийг өдөөж нэг ёсондоо хүний саруул оюун ухааныг сөрөг тал руу чиглүүлсээр байна. Мөн маш их өрсөлдөөн, ахархан бодол дэлхийд энх тайвныг бий болгоход улам төвөгтэй байдлыг үүсгэж байна.” гэлээ.

Түүний тогтмол хийдэг ажлын талаар сонирхосонд олон хүмүүстэй уулзаж тэдэнтэй үзэл бодлоо солилцох гэж хариулав. Мөн тэрээр дуу хөгжим сонсох, телевизийн нэвтрүүлэг үзэх төдийлөн сонирхолтой бус бөгөөд сэтгэл оюуныг гүнзгий түвшинд судласан эртний Энэтхэгийн сэтгэл судлалын үнэ цэнэд илүү ач холбогдол өгдөг гэлээ.

Маргааш өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хотын зүг буцна.
Үзсэн: 527
 

Хуваарь (ойрын)

2017.03.12: Энэтхэг, Дарамсала хот дахь номын айлдвар
Дарамсала хот дахь номын айлдвар. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Бурхан Багшийн "Төрөл цадиг" номыг товч айлдана.
2017.03.13-14: Энэтхэг, Дарамсала. Дарамсала хот дахь номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Гамалашила гэгээний "Бясалгалын дунд зэргэмж", Жалсрай Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц