Төвөдийн хүүхэд багачуудад зориулан айлддаг уламжлалт номын айлдвар эхэллээ

10-06-2017, 04:04  |  Хэвлэх

2017 оны 6 дугаар сар 5

Энэтхэг, ХП, Дарамсала – Хэдийгээр өглөөний 8 цаг болж байсан ч Дарамсала хотод цаг агаар ихэд халуун байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнөөсөө морилон гарч ирэхэд үндэсний уламжлалт хувцсаа өмссөн Төвөдийн дунд сургуулийн сурагчид дуу дуулан угтаж түүнийг Зүглаг Хан дуганд орохыг хүртэл хамт явлаа. Дуган, дуганы өмнөх талбай, эргэн тойронд олон зуун сурагч хүүхдүүд дүүрэн суусан байв.

Төвөдийн хүүхэд багачуудад зориулан айлддаг уламжлалт номын айлдвар эхэллээ
Үндэсний уламжлалт хувцсаа өмссөн сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг ёслол төгөлдөр угтаж байгаа нь.
Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.06.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтнийг сэнтийндээ заларсаны дараа дунд ангийн сурагч хүүхдүүд Ажа Ёнзингийн зохиол, буддын гүн ухааны шүлгийг цээжээр уншиж, төгсгөлд нь нэг бадаг бүхий Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын урт наслахуйн ерөөлийг уншсан юм.

Дээрхийн Гэгээнтэн тэдний зүг хандан инээмсэглээд:

“Энэ номыг би арван настай байхдаа цээжилсэн юм. Өдгөө та нартай хамт уншлаа.” хэмээн айлдаж яриагаа эхлэв.

“Оюун ухаан хэрхэн ажилдаг талаар сайн мэдэх нь маш чухал. Сэтгэлийн амар амгалан нь гадны ямар нэгэн хүчин зүйлээс шууд хамаардаггүй. Үүнийг дотоод сэтгэлээсээ бий болгоно. Дотоод сэтгэлийн сахилга батыг сахиагүйн улмаас сэтгэл цочирдом аймшигт аллага явагдаж, мөн үүний улмаас баян ядуугийн ялгаа улам их болж байна. Эдгээр асуудлыг арилгахыг тулд бид сэтгэлээ амгалан тайван, сахилга баттай болгох хэрэгтэй.”

“Шашны сүсэгтнүүд энх тайван, амар амгалангийн төлөө залбирдаг. Гэвч дан ганц залбирал төдийгөөр үр дүнд хүрэхгүй. Энх тайван, амар амгаланг бий болгохын тулд дотоод сэтгэлийн амгаланг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь Бурхан Багшийн “Бурхад бусдын нүгэл хилэнцийг усаар угаахгүй, бусдын зовлонг гараараа авахгүй, өөрийн мэдсэн зүйлээ ч бусдад шууд өгөх боломжгүй. Гагцхүү тэдний үнэнхүү сургаалд түшиглэн гэгээрэлд хүрч чадна” гэж айлдсантай адил юм. Бурхад бидэнд үнэнийг таньж мэдэхэд туслах болно.”

Төвөдийн хүүхэд багачуудад зориулан айлддаг уламжлалт номын айлдвар эхэллээ
Сурагч хүүхдүүд Ажа Ёнзингийн зохиол буддын гүн ухааны номыг цээжээр уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала.
2017.06.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа бурханы сургаалыг зөвхөн шашны номлол төдийгөөр хязгаарлаж болохгүй гэж зөвлөв. Учир нь, бурханы сургаалыг хувь хүн өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдсөн туршлагаар улам үнэ цэнэтэй болдог гэлээ. Тэрээр сургуульд дотоод сэтгэлийн үнэ цэнийг таниулсан хичээл оруулж ирээдүй хойч үеийн хүүхдүүдийг энэ талаарх өргөн мэдлэгтэй болгох сонирхолтой байдгаа энд дурдав. Сэтгэл оюун хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг нь сэтгэл төвлөрөл болон саруул билиг оюуныг номлодог эртний Энэтхэгийн бүрэн уламжлалтай салшгүй холбоотой болохыг ярьлаа.

“Өнөөдрийн номын айлдварыг голлон Төвөдийн сурагч хүүхдүүдэд зориулж байна. 700 гаруй сурагч Дарамсала хавийн сургуулиас ирсэн ба Дели, Бангалор, Ченнай, мөн Америк, Недерланд улсаас ирсэн оюутнууд энд цугласан байна. Дээр нь Дарамсала хот дахь Бурханы шашныг таниулах төвийн 1500 гаруй гишүүд болон сургалтанд хамрагсад, мөн Тайландын лам нар хамба ламын хамт энд хүрэлцэн ирж энх тайвны жагсаал хийж байгаа билээ. Та бүхэнд талархал илэрхийлье.”

Дээрхий Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа Бурхан Багш шавь нартаа өөрийн сургаалыг шууд хүлээж авалгүй, дархан хүн шижир алтыг хэрхэн шинжиж таньдагтай адил няталж, судалсны үндсэн дээр дагах хэрэгтэй гэж айлдсаныг эш татлаа. Тэрээр 30 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзсан нь үнэ цэнэтэй, үр дүнтэй ажил болсон гэж дүгнэв. Юмс үзэгдэл үзэгдэж байгаа шигээ оршдоггүй болохыг сайн ойлгож чадвал бодит үнэний талаарх буруу ойлголт, өөрийгөө дөвийлгөх зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж, оронд нь бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэлийг хөгжүүлэх боломж бий болно гэдгийг онцоллоо.

Төвөдийн хүүхэд багачуудад зориулан айлддаг уламжлалт номын айлдвар эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн хүүхэд залуучуудад зориулан айлдаж буй номын айлдварын эхний өдөр.
Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.06.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн мөн Төвөдийн бурханы шашны талаар ярьлаа. Төвөдийн их хаан Тисрон Дэзэн хэдийгээр Хятадтай нэлээдгүй холбоотой байсан боловч Энэтхэгээс их мастер Шантаракшита гэгээнийг Цаст Төвөдийн оронд урин залснаар Наландагийн уламжлал дэлгэрсэн байна. Тэр цагаас хойш Төвөдүүд шаргуу хөдөлмөрлөж, уйгагүй суралцсаны үр дүнд олон зуун жил Наландагийн уламжлалыг нандигнан хадгалж чаджээ. Үүнд бүх төвөд хүн сэтгэл хангалуун явдаг гэж Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

“Хүүхэд залуучууд та нар энэхүү нандин уламжлалаа өвлөн авч үлдэх ёстой. Учир нь манай бурханы шашны салшгүй хэсэг болох сэтгэл судлалын талаарх мэдлэг боловсрол ирээдүй хойч үеийн хүмүүст нэн чухал хэрэгтэй болох юм.”

Дээрхийн Гэгээнтэн орчин үеийн сэтгэл судлалыг эртний Энэтхэгийн оюун санаа хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх судалгаатай харьцуулбал дэндүү ерөнхий байгааг хэллээ. Нэг хэсэг шинжлэх ухааны эрдэмтэд хүний сэтгэл оюун нь уураг тархины үйл ажиллагаанаас илүү гарах боломжгүй гэж үзэж байсан бол орчин үед тэд бясалгал хийсний үр дүнд хүний уураг тархи мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгааг олж мэдээд байна гэлээ. Мөн тэрээр шинжлэх ухааны эрдэмтэд үхлийн дараа олон хоногийн турш бие цогцос нь муудахгүй сууж буй лам нарын талаар судалгаа хийж байгааг тэмдэглэн хэлэв.

Төвөдийн хүүхэд багачуудад зориулан айлддаг уламжлалт номын айлдвар эхэллээ
Сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтний номын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.06.05.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн бүхий л шашин гурван зүйлийг голлодог хэмээн тодорхойлоод энэрэл хайр, тэсвэр тэвчээр, сэтгэл хангалуун байх, хувийн сахилга батыг сахих тухай номлол бүх шашинд нийтлэг байна гэв. Тэрээр мөн шашны олон уламжлалын адил бус гүн ухааны үзэл онолын талаар ярихдаа самхяа, жейн, бурханы шашин бүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй, үйлийн үрийн зарчмыг илүүд үздэг ба бусад шашин бүтээгч Эзэн тэнгэрт итгэдэг талаар тайлбарлав. Гэсэн хэдий ч гүн ухааны адил бус үзэл онолууд нь шашин хоорондын хэрүүл тэмцлийн үндэс биш гэдгийг хэллээ. Бурханы шашинд ч гүн ухааны адил бус үзэл онол бишгүй их байдгийг онцлов.

Мөн бүх шашинд шашны зан үйлийн хэсэг байх бөгөөд ихэнх нь тухайн цаг үе, нийгмийн байр байдлаас шалтгаалж бий болсон байдаг тул зарим нэг зан үйл энэ цаг үед нэгэнт хоцрогдсон учир өөрчлөх шаардлагатай гэдгийг ярьлаа. Жишээлбэл үе үеийн Далай Лам нар Төвөдийн улс төрийн тэргүүн болдог уламжлалыг өөрчлөх шаардлагатай байсан тул тэрээр 2011 онд улс төрийн бүрэн эрх мэдлээ хүлээлгэн өгсөн байна. Мөн Энэтхэгийн кастын систем, Шариа урсгалын хууль зэрэг нь цаг үеийн соёл уламжлалтай холбоотой байсан тул өнөө цагт өөрчлөх шаардлагатай гэж үзэв.

Төвөдийн хүүхэд багачуудад зориулан айлддаг уламжлалт номын айлдвар эхэллээ
Сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.06.05.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Бурхан чухаг дээд гуравт аврал одуулах тухай асуултанд хариулахдаа бурханы шашны үндсэн ойлголтыг авсаны дараа аврал айлтгах хэрэгтэй гэж зөвлөв.

Чухаг дээд гуравт аврал одуулахдаа Бурханыг багш, Дээдийн номыг гэгээрэлд хүргэх сургаал, Хуврагийг дэмжлэг үзүүлдэг найз нөхөд гэж харах хэрэгтэй гэлээ. Товчдоо хамгийн чухал зүйл нь 21-р зууны бурханы шашинтан хүн бурханы шашны үндсэн үзэл онолыг ойлгосны дараа итгэл үнэмшил олох хэрэгтэй гэсэн юм.

Тэрээр шинжлэх ухааны эрдэмтэдтэй харилцан ярилцахдаа урд, хойд насны тухай, гэгээрэл нирвааны тухай огт ярьдаггүй бөгөөд тэдний мэдлэг ойлголтыг өөрчлөхийг л чухалчилдаг гэв.

Өдөр бүр хэрхэн аз жаргалтай байх вэ гэсэн асуултанд дэлхий дээр 7 тэрбум ахан дүүс амьдарч байгаа гэдгийг бодоход өөрийн эрхгүй эрч хүч төрж байдаг гэж хариуллаа. Сөрөг сэтгэл хөдлөл нь буруу ойлголтоос бий болдог, ялангуяа юмс үзэгдэл харагдаж байгаатай адил оршдог гэсэн буруу ойлголттой холбоотой гэдгийг тайлбарлав. Мөн Америкийн эрдэмтэн Аарон Бекийн судалгаагаар уур хилэн, хүсэл шуналын 90 хувь нь тухайн хүний төсөөлөл болохыг баталжээ.
Тэрээр төгсгөлд нь илүү өргөн хүрээнд харж сэтгэж, мөн сайхан сэтгэлийг улам хөгжүүлж чадвал аз жаргалтай амьдрахын уг үндэс бий болно гэв.
Номын айлдвар маргааш өглөө үргэлжилнэ.
Үзсэн: 414
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц