Төвөдийн хүүхэд залуучуудад зориулан айлдаж буй номын айлдварын хоёр дахь өдөр

10-06-2017, 04:20  |  Хэвлэх

2017 оны 6 дугаар сар 6

Энэтхэг, ХП, Дарамсала – Номын айлдварын хоёр дахь өдөр үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэлсэн бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварт хүрэлцэн ирсэн Тайландын 60 гаруй лам хуврагуудыг Мангала судар уншихыг хүслээ.

Дараа нь 7, 8, 9-р ангийн сурагч хүүхдүүд эгшиг, гийгүүлэгчийн талаар хүчтэй мэтгэлцээн өрнүүлсэн юм. Үүний дараа төвөдийн дунд сургуулийн багш нар шинжлэх ухааны сэдвээр мэтгэлцээн өрнүүлсэнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам анхааралтай сонсож байлаа.

Төвөдийн хүүхэд залуучуудад зориулан айлдаж буй номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сурагч хүүхдүүд буддын гүн ухааны мэтгэлцээн өрнүүлж байгааг сонирхон сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.06.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Энэхүү номын айлдварыг нийтдээ 8200 хүн сонсож байгаа ажээ. Үүнээс 2800 нь Төвөдийн дунд сургуулийн хүүхдүүд, мөн 71 орны 1500 гадаад иргэд, бусад нь Дарамсала хотын ард иргэд байна. Дээрхийн Гэгээнтэн эдгээр олон хүмүүст хандан Наландагийн уламжлал нь дотоод сэтгэлийн үнэ цэнийг таниулдаг бөгөөд учир шалтгаан, логик зарчмыг голлодог энэхүү мэдлэг боловсролыг хүн төрөлхтөнд үйлчлэх арга зам гэж үзэх хэрэгтэй гэсэн юм.

“Энэ оролдлого үр дүнтэй байх болно. Бид одоогоор энд амар тайван сууж байгаа ч дэлхийн хаа нэгтээ аллага, хүчирхийлэл явагдаж л байгаа. Саяхан Британид балмад халдлага болсон ба өөр олон газарт хэдэн сая хүн өлсгөлөнгөөр үхэхийн ирмэгт байна. Энэ бүх асуудал хүний оролцоотойгоор бий болсон юм. Бид өөртөө хүний төрөлх чанар энэрэнгүй гэдгийг байнга сануулах хэрэгтэй. Бид багадаа илүү нээлттэй, дотно, баяр хөөртэй байсан ч өсөж том болохын хэрээр яагаад догшин ширүүн болж байна вэ?”

“Энэрэл хайр дутагадаж буй энэ үед бид сайхан сэтгэлийн талаарх ойлголтыг дэлгэрүүлж чадвал сайн байна. Энэтхэг орон хүчирхийллийн бус үзэл онолыг дэлгэрүүлсэн бөгөөд Төвөдүүд бид энэхүү уламжлалыг олон зуун жилийн өмнөөс өвлөн авч, өчүүхэн жоохон хорхой шавьжийг ч хорлохгүй байхыг хичээдэг болсон юм. Төвөдийн Төв захиргаанд ажиллаж байсан нэгэн хүн надад өөрийн түүхээ ярьж билээ. Тэрээр Америкт байхдаа нэгэн сургуулийн гал тогоонд ногоо цэвэрлэх ажил хийдэг байсан бөгөөд нэг удаа ногооны дундаас хорхой гарч ирсэнд тусгай саванд тавиад ээлж солигдох үедээ гаргаж тавьжээ. Үүнийг харсан хамт ажилдаг хүмүүс түүнээс яагаад ингэсэн талаар асуусанд тэрээр төвөдийн соёлт хүмүүс өчүүхэн хорхойг ч хорлохгүй байхыг хүсдэг тухай тайлбарлажээ. Түүнээс хойш хамт ажилдаг хүмүүс түүний үйлдлийг дагаж эхэлсэн байна.”

Төвөдийн хүүхэд залуучуудад зориулан айлдаж буй номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын хоёр дахь өдөр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.06.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Америкийн нэгэн иргэн 1000 төвөд иргэдийг Америкт суурьшуулах төслийг дэмжиж ажилсан бөгөөд тухайн үед Далай Лам “Манай төвөд иргэд нийгэмд эерэг хувь нэмэр оруулж чадна” гэж хэлсэн тухайгаа дурсан ярив. Хэдий тийм боловч төвөдүүд өөрсдөө болгоомжтой байхгүй бол нэр хүндээ алдах аюултай гэж анхаарууллаа.

Тэрээр бурханы шашны дотоод гүн ухаан нь дан ганц мэдлэг боловсрол олгохын төлөө биш бөгөөд догшин сэтгэлийг номхотгож, өөрчлөх зорилготой, энэ нь ч бодитоор хэрэгжүүлж болох зүйл гэж хэлсэн юм. Тэрээр Энэтхэгийн 17 бандидагийн магтаалаас эш татан:

“Энэ цаг үед шинжлэх ухаан болон технологийн өндөр хөгжил явагдаж байна. Үүнтэй зэрэгцэн бид ч гэсэн завгүй амьдралын дунд аль чадлаараа Бурхан Багшийн айлдсан сургаалын талаарх мэдлэг дээр үндэслэн сүсэг бишрэлтэй байж чадвал маш их ач тустай байх болно. Тиймээс Бурхан Багшийн айлдсан сургаалыг ямар нэгэн зүйлд туйлшралгүй, нарийн судлах хэрэгтэй байна.” гэлээ.

Дараа нь Далай Лам бурханы шашны гүнзгий үзэл хийгээд агуу их явдлын багш нарын соёрхолыг уншсан юм.

Төвөдийн хүүхэд залуучуудад зориулан айлдаж буй номын айлдварын хоёр дахь өдөр
Сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуулаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.06.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Нэлээд хэдэн асуулт тавигдсаны дотор нэгэн залуу охин зөвхөн зүүдэлж байсан газартаа хожим очиж байсан талаар асуусан юм. Дээрхийн Гэгээнтэн хүмүүсийн янз бүрийн зүүд бие махбодийн онцгой байдалтай холбоотой байдаг гэв.

“Миний таньдаг хүн Дарамсала хотод ирсэн хойноо зүүдэлж байсан газар нь мөн болохыг таньжээ. Энэ нь зүүдлэх үеийн нарийн сэтгэл илүү хүчтэй бөгөөд ирээдүйг харах чадвартай байдгийг харуулж байна.”

“Би сэрүүн байх үедээ урд насны амьдралаа санаад байдаггүй боловч зүүдэндээ санах үе байдаг. Би нэгэн удаа эртний Египетэд хоригдол болоод хааны өмнө зогсож байна гэж зүүдэлсэн юм. Хаан өндөр суудлаас надруу доош харж, түүнийг сулла гэж хэлж байгаа тухай зүүдэлж билээ. Мөн би хуучны Энэтхэгийн болон Төвөдийн их багш нартай хамт байна гэж зүүдэлдэг байлаа.”

“Миний ээж намайг жоохон байхдаа урд насаа маш тод санадаг байсан гэж ярьдаг байв. Нэгэн өдөр XIV Далай Ламыг тодруулах ажлын хэсэг төлөөлөгч манайд хүрэлцэн ирэхэд би ихэд баяртай хүлээж авсан гэдэг. Тэр үед тухайн хэсгийг Кэүцан ринбочэ толгойлж байсан бөгөөд түүнийг би шууд таньж, хүзүүндээ зүүсэн эрхийг нь таньж “Миний эрхи байна, надад өгнө үү” гэж гуйсан гэдэг.”

Төвөдийн хүүхэд залуучуудад зориулан айлдаж буй номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь өдрийн номын айлдвараа өндөрлөөд буцаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.06.06. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүүхдүүдээс зүүдэлж буйгаа мэддэг хүүхэд байна уу гэж асуулаа. Зүүдээ ашиглан өөрийгөө хөгжүүлэх арга байдаг бөгөөд энэ нь сэтгэл оюуны дадлага хийх чухал боломж олгодог гэсэн юм.

Маргааш номын айлдвар өндөрлөх бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүүхэд залуучуудад бодьсадвын санваар хайрлана гэж айлдлаа.
Үзсэн: 1 339
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц