Багш болон бизнесийн удирдагч нартай уулзав

3-07-2017, 11:49  |  Хэвлэх

2017 оны 6 дугаар сар 20

АНУ, Нью Порт Бийч – Энэ өглөө Анахеим хотын сургуулийн багш нар болон захирал, мөн хотын дарга Том Тайт нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзлаа. Ноён Том Тайт уулзалтын өмнө “Энэрэнгүй хот” хийгээд “1 сая энэрэнгүй үйл” төслүүд Анахеим хотын сургуулиудад эерэг өөрчлөлт авчирч байгаа талаар танилцууллаа. Тэрээр мөн өөрсдийн хийж буй үйл хэргийг анх сонссон Тэнзин Донден хотын дарга Том Тайтыг Дарамсала хотод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзуулсан тухай дурдаад түүнд талархал илэрхийлсэн юм.

Багш болон бизнесийн удирдагч нартай уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Анахеим хотын дарга Том Тайт нар уулзалтын өмнө. АНУ, Калифорниа, Нью Порт Бич. 2017.06.20.Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхэллээ.

“Юуны түрүүнд боловсролын салбарт идэвхтэй ажиллаж буй та нартай уулзах боломж олдсонд би хувьдаа маш их баяртай байна. Бид бүгдийн нийтлэг зорилго бол аз жаргалтай амьдрах билээ. 21-р зуун хэдийнээ эхлээд байна. Бид одооноос эхлэн аз жаргалын төлөө үнэн зөв арга ухаанаар тууштай ажиллаж чадвал энэ зууны сүүлээр эх дэлхий маань илүү их аз жаргал цогцолсон гариг ертөнц болно гэдэгт би итгэдэг.”

“Эдүгээ бар, арслан, заан гэх мэт араатан амьтан хүн барьсан тухай мэдээг хүмүүс цочирдон хүлээн авах атал хүмүүс нэг нэгнээ егүүтгэсэн гэх мэдээ ердийн болж хувирлаа. Хүн бүхэн аз жаргалтай амьдрах бүрэн эрхтэй байтал олон арван хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж байгааг бид телевизийн мэдээнээс сонсож байна. Бид нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй. Учир нь тэд бүгд бидний дүү нар шүү дээ. Бид ямар нэгэн зүйлийг зайлшгүй хийх хэрэгтэй байна.”

“Хүчирхийлэл хүн төрөлхтний түүхэнд өнө удаан байсаар ирсэн. Гэвч хуучин цагт хүмүүс гар гараараа тэмцэлддэг байсан бөгөөд энэ нь хэмжээ хязгаартай явагддаг байв. Харин эдүгээ цагт хүмүүсийг үй олноор нь устгах, хүн төрөлхтнийг ч мөхөлд хүргэж мэдэх цөмийн зэвсэг гэх мэт аймшигт хүчтэй зэр зэвсэг бидэнд байсаар байна. Хүчирхийлэл уур хилэнгээс бий болдог бөгөөд уурын манан нь бидний бодит байдал, үйл явцыг шууд бөгөөд үнэн зөвөөр нь хүлээн авах чадварыг халхалдаг. Уур хилэн гол төлөв айдас, хардалтаас бий болдог.”

“Бидэнд уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах эерэг чанар бүхий сэтгэл зүйд суралцах шаардлага зайлшгүй бий боллоо. Энэрэнгүй сэтгэл бидэнд өөртөө итгэх итгэлийг бий болгож ил тод байх нөхцлийг бүрдүүлдэг. Энэ нь анд нөхдийн итгэл дээр суурилан хүчирхэгжиж байдаг юм.”

“Дэлхийн томоохон шашин бүгд энэрэл хайр, тэвчээр, уучлалыг номлодог. Гэсэн хэдий ч дэлхий дээр амьдран буй 1 тэрбум хүн ямар нэгэн шашин шүтлэггүй гэж өөрсдийгөө тодорхойлоод буй энэ цаг үед бид өөрсдийн саруул оюун ухаанаа ашиглаж, уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл ямар ч ашиггүй болохыг судалж мэдэх хэрэгтэй байна. Чин үнэндээ уур хилэн бидний оюун санаан амгалан тайван байдлыг алдагдуулж байна шүү дээ. Таатай мэдээ нь хүн төрөлхтөн угтаа энэрэнгүй чанартай юм.”

Багш болон бизнесийн удирдагч нартай уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Анахеим хотын сургуулийн захирал болон багш нартай уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа, Нью Порт Бич. 2017.06.20. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Хүн төрөлхтний тэрхүү нандин чанарын тухай хичээлийг шинжлэх ухааны ололт, баримт, хүн төрөлхтний эрэлт хэрэгцээ дээр үндэслэн өнөөгийн боловсролын хөтөлбөрт оруулах хэрэгтэй. Энэтхэгт болон Америкийн Емори их сургуульд энэхүү хичээлийн хөтөлбөрийг бэлдэж байна. Бид энэхүү хөтөлбөрийг боловсролын системд оруулж оюун санааны түвшинд хүмүүсээ боловсруулж чадвал асрал, энэрлийн сайхан сэтгэл бидэнд туйлын аз жаргалыг авчрах болно. Айдас хүйдэсгүй амар тайван амьдрах болно.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа зөвхөн бид 21-р зууныг дотоод сэтгэлийн амгалан дээр үндэслэсэн энх тайвны эрин зуун болгож чадна гэсэн юм. Тэрээр мөргөл залбирлаар энэхүү амжилтанд хүрч чадахгүй, уур хилэнгээ ч давж чадахгүй гэлээ.

Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эртний Энэтхэгийн сэтгэл судлалын талаарх мэдлэг боловсрол өнөөгийн хүн төрөлхтөнд чухал хэрэгцээтэй гэсэн өөрийн байр суурийг тодорхой тайлбарласан юм. Эртний Энэтхэгийн сэтгэл судлалд сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах, эерэг зан чанарыг хэрхэн бий болгох тухай академик түвшний судалгаа байдгийг тэмдэглэн хэлэв.

“Бид бүгдэд, тэр бүү хэл адгуус амьтанд ч энэрэл хайрын үндэс байдаг. Бусдыг зовлонгоос салаасай гэж хүсч, энэрэл хайрын тухай суралцаж, түүнийг дадлагжуулснаар улам өргөн хүрээний энэрэл хайрыг өөртөө төрүүлж чадна.”

Тэрээр сурч мэдсэн олон янзын мэдлэг, үр дүнтэй туршилтаа нэг нэгэнтэйгээ хуваалцдаг байхыг зөвлөв. Уур хилэн зарим тохиолдолд өөрсдийгөө хамгаалах давуу талтай мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ тэрхүү энерги хүч чадал сохор хэмээн тайлбарлалаа. Амгалан тайван байхын хэрээр тухайн нөхцөл байдлыг олон талаас нь харж, хүнд нөхцөл байдлаас гарах оновчтой гарцыг харж чаддаг гэв.

Олон хүн энэрэл хайрын тал дээр илүү их анхаарал хандуулж эхэлсний нэг жишээ нь Анахеим болон Льюсвилл хотууд өөрсдийгөө “Энэрэлийн хот” гэж нэрлэсэн явдал ба боловсролын системд шинэ өөрчлөлт, хувьсгал орж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр Анахеим хотын багш нараас энэхүү хувьсгалыг удирдаж зөв замд чиглүүлэхэд гүн туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Багш болон бизнесийн удирдагч нартай уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бизнесийн удирдагч нартай уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа, Нью Порт Бич. 2017.06.20. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бизнесийн удирдагч нартай уулзсан юм. Тэрээр өндөр материаллаг хөгжилд хүрсэн хүмүүс сэтгэл санааны амгалан тайван байдалд илүү анхаарал хандуулах нь улам их нэмэгдэж буй талаар ярьлаа. Тэрээр мөн л хэрэв бид одооноос эхлэн хүчин чармайлт гаргаж чадвал энэ зууны сүүлээр илүү амгалан тайван дэлхий бий болно гэсэн төсөөлөлтэй байгаагаа дурдсан юм. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг эерэг гэж нотлосон нь итгэл найдварын эх булаг болж байна гэлээ. Тэрээр инээмсэглэхийн хүч чадлыг онцлон ярьлаа.

Дэлхийн энх тайвныг хөгжүүлэх талаар ярихдаа дэлхий нийтээрээ зэр зэвсгээс татгалзах талаар хэлэлцэх хэрэгтэй гэлээ. Тэрээр мөн асар их мөнгө санхүүг зэвсгийн наймаанд зарцуулж байгаад харамсахын зэрэгцээ харилцан нэг нэгнээ сүйтгэх бодлогын аюулыг ярьсан юм. Улс орон хил хязгааргүй болохыг мөрөөддөг байсан нь өнөөгийн нөхцөл байдалд биелэх боломжгүй гэж бодох болсон тухайгаа ярьлаа.

Америк улс зөвхөн америк иргэддээ анхаарал хандуулах бодлого барьж байгаатай адил дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн бүгд өөр өөрсдийн хил дотор амьдарч байна гэлээ. Тэрээр Америк улс Парисын гэрээнээс татгалзаж байгаад сэтгэл дундуур байгаагаа мэдэгдлээ. Мөн эмэгтэй удирдагч олон болохын хэрээр дэлхий улам бүр амгалан тайван болно гэж боддог тухайгаа ярьсан юм.

Цаашид шашныг улам үнэ цэнэтэй байлгахын тулд юуг анхаарах ёстой вэ гэсэн асуултанд тэрээр шашныг гурван зүйлд хуваахыг зөвлөсөн юм. Нэгдүгээрт энэрэн нигүүлсэхүйг хэрхэн дадлага болгох, хоёрдугаарт ертөнцийг бүтээгч Эзэн тэнгэр байх эсэх, мөн үйлийн үрийн ойлголт гэх мэт гүн ухааны хэсэг, гуравдугаарт тухайн цаг үеийн онцлогоос үүдэлтэй зан заншлын хэсэг гэж байдгийг тайлбарлав. Үүнээс соёл, зан заншлын хэсгийг сайтар анхаарах хэрэгтэй ба хэрэв цаг үе нь нэгэнт өнгөрсөн бол тухайн заншлыг халах хэрэгтэй гэлээ.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполист айлчилна.
Үзсэн: 1 804
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц