Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполист төвөдүүдтэй уулзаад, Бостоныг зорилоо

4-07-2017, 15:38  |  Хэвлэх

2017 оны 6 дугаар сар 24

АНУ, Массачусетс муж, Бостон хот - Миннесотагийн төвөдүүдтэй уулзахаар өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Миннеаполисын хурлын танхимыг зорин хөдлөхөд өглөөний тэнгэр гүн цэнхэр, цэв цэлмэг байлаа. Түүнийг морилон ирэхэд Миннесотагийн Төвөд-Америкийн Сангийн ерөнхийлөгч Сонам Дондуп тосон угтаж төрийн сенаторч Каролин Лейн, Миннеаполис хотын дарга Бетси Хожс, Конгрессын гишүүн хатагтай Метти МкКолум нарыг Дээрхийн Гэгээнтэнд танилцуулав. Далай Лам тэдгээр болон бусад хотын дарга нар, Засгийн газрын төлөөлөлтэй товч уулзалт хийснийхээ дараа хурлын танхимд орлоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполист төвөдүүдтэй уулзаад, Бостоныг зорилоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам орон нутгийн засаг захиргааны төлөөлөлтэй уулзаж байгаа нь. АНУ, Миннесота, Миннеполис.
2017. 6. 24. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Конгресс дэх хоёр намын төлөөлөл бүхий төлөөлөгчдийг ахалсан Ненси Пелоситой хамт сарын өмнө Дарамсалад ирж байсан конгрессын гишүүн Бетти МкКолумыг Сонам Дондуп танхимд танилцуулав. Тэрээр “Миннесотагийн төвөдүүдэд үзүүлж байгаа чин сэтгэлийн дэмжлэгийг маань хүлээн авна уу!” хэмээн яриагаа эхэллээ.

“Би Төвөдөд 2015 онд очиж байсан. Би өндөр уулсыг харж, цэвэр ариун агаараар нь уушгаа баярлуулж, Төвөдийн ард түмний элгэмсэг дотно хүрээлэл дунд байсан ч, тэд эрх чөлөөтэй байгаагүй. Хятадын эрх баригчид шашны эрх чөлөөг боомилсон хоригоо цуцалж, хүний эрхийг зөрчихөө болих цаг болсон. Дээрхийн Гэгээнтэн тантай уулзахгүй байхыг анхааруулсан захидлыг би Хятадын консулын газраас хүлээж аваад байна. Төвөдийн ард түмний талд байхыг Конгресс болон АНУ-ын ард түмэнд хандан би уриалж байна. Хятад хүчтэй орон, үүнд эргэлзэх зүйл алга. Гэхдээ АНУ ч бас хүчтэй, дээр нь эрх чөлөөт орон мөн.”

Миннеаполис хотын захирагч Бетси Хожес Дээрхийн Гэгээнтнийг Миннесотад дахин морилон ирсэнд баяр хүргээд “Таны айчлал бидний хувьд бахархал” гэв. Тэрээр 6 дугаар сарын 24-ний өдрийг ‘Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Энх тайван, нигүүлслийн өдөр’ хэмээн Миннеаполист тунхаглалаа. Сант Пол хотын дарга Крис Коулман ч энэ өдрийг өөрийн хотод ‘Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өдөр’ хэмээн тунхагласан байна. Энэрэл нигүүлслийн тухай Дээрхийн Гэгээнтний өчигдрийн айлдварт тэрээр гүн талархал илэрхийлсэн юм. Хамгийн их төвөд хүн суурьшиж буй Колумбия Хайтс хотын дарга Донна Шмит хотын оршин суугчдын залбирал ерөөлийг нэгтгэсэн нэгэн номыг Дээрхийн Гэгээнтэнд гардууллаа.

Төвөдийн ард түнмний эртний анд, Сенатын гишүүн Каролин Лэйн хэлэхдээ “Энэ үйл явдалд оролцож байгаа маань нэр төрийн хэрэг. Дээрхийн Гэгээнтэнтэй уулзах бүртээ бид туйлын баяртай байдаг” гэв. Дараа нь орон нутгийн зөвлөлийн хэд хэдэн гишүүн мэндчилгээ дэвшүүллээ. Төвөдийн ард түмнийг олон жилийн турш дэмжиж ирсэн Миннесотагийн захирагч Марк Дейтон болон Конгрессын гишүүн Кейт Эллисон нар өнөөдрийн арга хэмжээнд ирж амжаагүй ч, өөрсдийн төлөөллийг явуулсан байлаа. Үг хэлж баяр хүргэсэн, дэмжиж тусалдаг бүх хүмүүст Дээрхийн Гэгээнтэн талархал илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполист төвөдүүдтэй уулзаад, Бостоныг зорилоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлж байгаа нь. АНУ, Миннесота, Миннеаполис, 2017. 6. 24. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Индэр дээрх сэнтийд залраад Дээрхийн Гэгээнтэн яриагаа төвөд хэлээр эхэлсэн юм.

“Ахан дүүс нар аа! Бид бие биентэйгээ уулзаж байх хэрэгтэй байна. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт олон тулгамдсан асуудал үүсч байгаагийн ихэнхийг бид өөрсдийн гараар бий болгож байна. Бид өсч торних насандаа яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг гэх мэт ялгааг анзаардаггүй байсан. Харин өсч том болоод ‘бид’ ба ‘тэд’ гэж хүмүүсийг ангилж сурдаг. Хүн төрөлхтний нэгдмэл мөн чанарыг ойлгуулан түгээх явдлыг би өөрийн нэгдүгээр үүрэг гэж боддог. Өөртөө хүлээсэн хоёр дахь үүрэг маань шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх явдал. Энэтхэг орон үүнийг амьдралд бодитоор хэрэгжүүлж чадаж байна.”

“Төвөд хүн болж төрсний хувьд, Төвөд орны дотоод ба гадаадад байгаа олон төвөд хүний итгэл хүлээж явдгийн хувьд миний гурав дахь үүрэг минь тэдний төлөө билээ. 2011 оноос би улс төрийн бүх эрх мэдэл хариуцлагаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ эрх үүргийг хүлээх албат одоо сонгогддог болсон. Гэхдээ Төвөд дэх байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэж би өнөө ч бодсоор байна. Азийн томоохон голууд Төвөдийн өндөрлөгөөс эх авч, тэрбум гаруй хүн эдгээр гол уснаас ундаалдаг учир Төвөдийн байгаль экологийн асуудал чухал ач холбогдолтой билээ.”

“Түүнээс гадна Энэтхэгийн Наландагаас Төвөд орноо уламжлагдан ирсэн буддын өв уламжлалын ирээдүйд би ихэд сэтгэл зовниж байна. Соронзон Гомбо хаан хятад болон балба эхнэр авсан 7 дугаар зуунд анх бид буддизмтай холбогдсон юм. Дараагийн зуунд нь хэдийгээр Хятадтай гэр бүлийн хэлхээ холбоотой байсан ч Трисон Дэцэн Төвөдөд буддын шашныг дэлгэрүүлэх үүднээс Энэтхэгээс Шантаракшита гэгээн болон Бадмасамбава гэгээнийг залсан юм. Шантаракшита гэгээн бол Төвөдөд буддын шашны үндсийг суулгасан агуу гүн ухаанч, учир шалтгааны ухааны эрдэмтэн хүн билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполист төвөдүүдтэй уулзаад, Бостоныг зорилоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа төвөд иргэд. АНУ, Миннесота, Миннеаполис, 2017. 6. 24. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“Тэр цагаас хойш бид энэхүү уламжлалаа авч үлдэхийн тулд уйгагүй судалгаа, бясалгалыг хослуулан хийсээр ирсэн юм. Гадаадад дүрвэн гарсан бидний хувьд ёс заншлаа хадгалан үлдэх нь маш чухал асуудал болж байна. Бид иргэний сургуулиудыг байгуулж, шинжлэх ухааны эрдэмтэдтэй хэлэлцүүлэг явуулж эхэлсэн. Сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн талаар эртний энэтхэгчүүдийн хийж байсан судалгаа Төвөдөд уламжлагдан ирсэн юм. Шантаракшита гэгээн буддын ном судрыг төвөд хэлнээ орчуулах ажлыг дэмжиж байсан бөгөөд өөрөө 70 насны өндөрлөгт хүрсэн хойноо ч төвөд хэл сурсан гэсэн яриа байдаг. ГүрүБадмасамбава харин буддын шашныг нэвтрүүлэхэд учирсан бэрхшээлийг даван туулах ажлыг гүйцэтгэсэн юм.”

“Өөрийнх нь сургааль номлолд учир шалтгааны үүднээс хандахыг зөвлөсөн Бурхан Багшийн сургаалийг бид дагадаг. Бурхан Багш:

Лам хуврагууд аа! Намайг хүндэтгэсэндээ бус,
Харин алтыг хайлуулж, зүсч, үрж шинждэг лугаа
Миний үгийг сайтар нягталсны дараа
Хүлээж авагтун!
гэж айлдсан юм.

“Тайландын будиистууд Хутагтын Дөрвөн Үнэн хийгээд тэдгээрийн 16 онцлогийг шашны эрх мэдлийн хүрээнд тайлбарладаг бол бид учир шалтгаанд тулгуурлан тайлбарладаг.”

“Дэлхий дээрх бүхий л шашин хайр энэрлийн сургаалийг түгээн дэлгэрүүлдэг ч тэдгээрийн гүн ухааны номлол өөр өөр байдаг. Бурхан Багшийн сургаал шүтэн барилдахуй дээр анхаарал хандуулдаг буюу сайн үйл хийвэл аз жаргал, муу үйл хийвэл зовлонгийн үрийг хураадаг. Энэ утгаараа Бурхад хэн нэгний нүглийг усаар угааж, эсвэл хэн нэгний зовлонг гараараа арилгаж үл чадна. Мөн өөрсдийн ухаарлыг бусдад шингээж чадахгүй. Харин тэд хорвоогийн мөн чанарыг ойлгуулснаар хамаг амьтанд гэтлэхүйн замыг заадаг юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполист төвөдүүдтэй уулзаад, Бостоныг зорилоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвар. АНУ, Миннесота, Миннеаполис, 2017. 6. 24. Гэрэл зургийг Тэнзин Пунцаг (ДЛО)
“Бурхан Багш гэгээрснийхээ дараа жимсний охь лугаа гүн гүнзгий агуулгыг олж тайлснаа мэдсэн ч тэрхүү сургаалийг хэн ч бүрэн гүйцэд ойлгож чадахгүй гэдгийг ухаарсан. Гэсэн ч тэрээр Хутагтын Дөрвөн Үнэний сургаалиа айлдсан бөгөөд эхний буюу зовлон үнэнг тайлбарлахдаа байнгын бус, зовлонгийн мөн чанартай, хоосон ба би үгүй гэсэн дөрвөн онцлогоор нь ойлгох ёстойг анхааруулсан юм. Ийнхүү Бурхан Багш анх сургааль айлдахдаа л би үгүй гэх гүн утгатай, амар амгалан, зохиомол бус, гэрэл гэгээтэй үзлийг түгээсэн байна. Гурав дахь үнэн буюу ангижрахуйн үнэн нь Би үгүйтэй холбоотой бөгөөд Дээдийн номын хоёр дахь хүрдний үед илүү тодорхой номлогдсон юм. Гурав дахь хүрдний үед Бурханы хутаг хийгээд сэтгэлийн тод гэрэлт мөн чанарын тухай сургаалаа айлдсан. Хожим нь Бурхан Багш тарнийн ёсны тухай нууц сургаалиа айлдсан юм.”

Бурхан Багшийг эмч, түүний сургаалийг эм, сангха хуврагуудыг асрагч лугаа харьцуулсан тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярилаа. Хамаг сөрөг сэтгэл, түүний сөрөг үр дагвараас ангижирсан сэтгэлийн тэр түвшнийг гэгээрэл гэнэ хэмээн Далай Лам айлдав.

Бид тарьсан үйлийнхээ үрийг л эдэлдэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ. Сэтгэлийн сөрөг хандлагынхаа нөлөөгөөр бид үйл хөдлөл хийдэг. Бидний уур хилэн, эсвэл хайр энэрлийн 90% нь бидний оюуны төсөөллөөс үүсч байдаг гэдгийг танин мэдэхүйн шинжлэх ухааны эрдэмтэн Аарон Бек олж нээсэн бөгөөд энэ нь ашигтай нээлт байгаад зогсохгүй, Нагаржуна гэгээний сургаальтай дүйж байгаа юм.

Үйлийн үр хийгээд сөрөг сэтгэлийг үгүй хийвээс тэр нирваан
Үйлийн үр хийгээд сөрөг сэтгэл тогтсон үзэл баримтлалаас үүснэ
Тэдгээр нь оюун ухаан сэтгэхүйн үр дүн
Сэтгэхүйгээр бүтсэн зүйл хоосон чанарт замхарна


Нагаржуна гэгээний сургаалийг хэдэн арван жил бясалгасны эцэст туйлын чухал сургааль болохыг олж харж байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. Хоёр үнэн, хутагтын дөрвөн үнэн, тухайлбал гэгээрэл хийгээд гэгээрэлд хүрэх зам мөрийн тухай сургаал болон гурван эрднийн сургаалыг тайлбарласан Майдарын сургаалд талархалтай ханддагаа тэрээр илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн хэдийгээр нас сүүдэр 82-ыг зооглож байгаа ч Бурхан Багшийн шавийн хувьд Нагаржуна гэгээний сургаалийг одоо ч уншиж судалсаар байгаа ажээ. Тэрээр хурсан олонд хандан Бурхан Багшийн адис жинлав хүртэхээс илүү сурч судлах тухай сургаалийг дагаж, мэдлэг оюунаа дайчлахыг уриалсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миннеаполист төвөдүүдтэй уулзаад, Бостоныг зорилоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурсан олонд хандан талархал илэрхийлж байгаа нь. АНУ, Миннесота, Миннеaполис, 2017. 6. 24.
Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн сүсэгтэн олныг хөтлөн бодийн сэтгэл үүсгэх богино ёслолыг үйлдэхийн хамт амьдралын зорилго бусдад үйлчлэх, туслахад орших тухай тайлбарлалаа. Дараа нь тэрээр Манзушир бурханы авшг хүртээв.

Индрээс буухын өмнө Дээрхийн Гэгээнтэн Майо эмнэлэгт очиж, өнгөрсөн жил хийлгэсэн эмчилгээнийхээ үр дүнг үзэхээр шинжилгээ хийлгэсэн тухайгаа хэлэв. Эмч нар нь түүний биеийн байдалд сэтгэл хангалуун байгааг дуулгалаа.

Төвөдийн үйл хэргийн талаар тэрээр айлдахдаа:

“Төвөд орон өнгөрсөн түүхийн үед эрх чөлөөт орон байгаагүй гэж бид хэлэхгүй. Гэхдээ одоо бид тусгаар тогтнолоо олно гэж бас хэлээгүй байна. Бид дундаж, төв хандлагыг баримталж байгаа. Миний уулзсан ихэнх хятад хүн эхэндээ болгоомжтой ханддаг ч Төвөдөд жинхэнэ автономит эрх хүсч байгааг маань сонсоод тайвширцгаадаг. Бидний дундаж, төв хандлагыг дэлхийн олон орон, тэдгээрийн дотор АНУ дэмжиж байгаа.” хэмээв.

Миннеаполисын хурлын танхимаас гараад Дээрхийн Гэгээнтэн Бостон хотын зүг нисэхээр шууд нисэх онгоцны буудлыг зорин хөдөллөө. Түүнийг Бостонд хүрэлцэн ирэхэд нутгийн төвөд хүмүүс уламжлалт заншлын дагуу угтан авсан юм.
Үзсэн: 1 775
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц