Ладакийн Жохан сүмд мөргөл үйлдлээ

7-07-2017, 04:31  |  Хэвлэх

2017 оны 7 дугаар сар 5

Энэтхэг, ЖК, Ладак, Лех – Үүлсийн чөлөөгөөр хурц наран шарах энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех хотын зүрхэнд байрлах Жохан сүмд мөргөл залбирал үйлдэхээр Шивацал ордноос хөдөлсөн юм. Түүний замд төвөд болон ладак иргэд хадаг барин угтаж, мөн сургуулийн хүүхдүүд түүнийг яван өнгөрөхөд баяр хөөртэйгээр мэндлэн байлаа.

Ладакийн Жохан сүмд мөргөл үйлдлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Жохан сүмийг зүг морилоход сүсэгтнүүд угтаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2017.07.05.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хотын худалдааны хэсэгт машинаасаа бууж Жохан сүмийн зүг явган явах зуур хүмүүстэй гар барин мэндэлж явсан юм. Тэрээр ахмад хүмүүстэй онцгойлон уулзаж тэдний биеийн эрүүл мэндийг асууж байв.

Сүмд орсон хойноо тэрээр Бурхан Багш, Майдар бурхан, Жанрайсиг бурхадыг залсан шүтээний өмнө сууж уншлага уншлаа. Сүмд цугласан сүсэгтнүүдээс Дээрхийн Гэгээнтэн Билгүүний зүрхэн судрыг цээжээр уншиж чадахыг асуугаад хамтдаа уншив.

Төвөд хэлээр ярьсан түүний айлдварыг ладак хэлээр орчуулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Жилээс жилд Ладакт барилга байгууламж улам нэмэгдэж байна. Мөн адил олон дэлгүүр, сургууль нэмэгдсээр байна. Ладакт материаллаг хөгжил эрчимтэй явагдаж байна. Америк, Европт материаллаг хөгжил явагдахдаа ихэвчилэн өрсөлдөөн, бардамнах, ихэрхэх зэрэг сөрөг сэтгэл хөдлөлтэй уялдсаны улмаас материаллаг хөгжил нь эргээд айдас, хардалт, аз жаргалгүй байдлыг авчирч байна.” хэмээн ярьлаа.

“Дэлхийн томоохон шашин бүгд энэрэл хайр, тэсвэр тэвчээр, хувийн сахилга батыг номлодог. Тэдгээр шашнууд олон сая хүнд ач тусаа өгсөн юм. Бурханы шашинтан ч ялгаагүй “Нүгэл хилэнцийг бүү үйлд, буяныг агуу ихээр үйлдэж, сөрөг сэтгэлээ арилгах нь Бурханы шашин мөн” хэмээх Бурхан Багшийн айлдварыг дагадаг. Бурханы шашин бусад шашнаас гүн ухааны үзлээрээ ялгардаг. Ладакт буй бурханы шашинтан Энэтхэгийн Наландагийн уламжлалыг дагадаг билээ. Наландагийн уламжлал нь шинжлэх ухаанч байр сууринаас нягталж, судлах, логик зарчмыг чухалчилдаг юм.”

Ладакийн Жохан сүмд мөргөл үйлдлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жохан сүмд мөргөл үйлдэж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2017.07.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Тиймээс номын ахан дүүс нар минь, та бүхэн хутагт Нагаржуна, Дигнага, Дармакирти нарын сургаал номлолд суралцаж, тэдний гүн ухааны үүднээс тайлбарласан Бурхан Багшийн айлдвар сургаалыг ойлгож авах нь чухал юм шүү! Тэд “Миний сургаалыг шууд бус, судалж нягталсны дараа дагах хэрэгтэй” гэсэн Бурхан Багшийн айлдварыг чинхүү биелүүлсэн юм. Алтны дархан шижир алтыг танихдаа олон арга хэргэлдгийн адил бурханы сургаалыг ч бид мөн адил олон талаас нь судлах хэрэгтэй.”

“Бурханы шашны гол бүтээл болох Ганжуур, Данжуурын 300 гаруй боть номыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашны номлол хэмээн гурав ангилдаг. Эдгээрээс шашны номлол нь зөвхөн бурханы шашинтан нарт хамаатай. Харин шинжлэх ухаан болон гүн ухааны ном сургаал нь хоёр үнэний тухай академик түвшинд тайлбарласан байх тул бурханы шашин шүтдэггүй хүмүүст ч сонирхолтой байх болно.”

“Ладак ахан дүүс нар минь, ялангуяа залуучууд та нар буддын гүн ухааны сургаалд сайн суралцаарай. Одоо бүгдээрээ Бурхан Багшийн зүрхэн тарнийг хамтдаа уншиж бясалгая.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам инээж, хөгжилдөж баяр хөөртэйгээр Жохан сүмээс гараад Шивацал ордны зүг морилсон юм.
Үзсэн: 1 643
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц