Зүүн Өмнөд Азийн орны сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвар эхэллээ

1-09-2017, 15:19  |  Хэвлэх

2017 оны 8 дугаар сар 29

Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглаг Хан – Борооны улирал ид дундаа явагдаж буй энэ цаг үед Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсохоор 8000 гаруй сүсэгтнүүд хуран цугласан байлаа. Энэ удаагийн номын айлдварын гол шавь нар нь Сингапур, Малайз, Хонг Конг, Индонез, Тайланд, Вьетнам болон Солонгосоос ирсэн 1500 гауй сүсэгтнүүд байсан юм. Дээрхийн Гэгээнтэн лам хуврагууд болон сүсэгтэн олонтой мэндлээд сэнтийндээ залрав.

“Өнөөдөр уламжлал ёсоор Зүүн Өмнөд Азийн орны сүсэгтнүүдийн хүсэлтээр номын айлдвар явагдана. Эхлээд шинээр томилогдсон Гандан Ширээт ёслол үйлдэх юм. Гандан Ширээт гэх энэхүү албан тушаал нь Богд Зонховын орыг залгамжлагч нарт дамжигддаг ёстой билээ. Гандан Ширээт болох хүн нууц тарнийн ёсны Жүд Дод болон Жүд Мад дацанд хамба ламын алба хашиж Жанзэ болон Шарба цорж болдог ёстой. Үүний дараа Гандан Ширээтийн сэнтийнд залардаг юм.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхэллээ.

Зүүн Өмнөд Азийн орны сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвар эхэллээ
Номын айлдвар эхлэхийн өмнө шинээр томилогдсон Гандан Ширээт лам Дээрхийн Гэгээнтэнд шүтээн өргөж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглаг Хан. 2017.08.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“XIII Далай Ламыг хүртэл зарим тохиолдолд Гандан Ширээтэд залрах нь эрх ямба хувиарлах хэлбэртэй байсан тул XIII Далай Лам энэ байдлыг халж эрдэм мэдлэг бүхий эгэл лам хуврагуудад ширээнд залрах боломжийг олгосон билээ. Эгэл бөгөөд эрдэмтэн лам нар Гандан Ширээтийн сэнтийд заларсан нь 1933 онд гэвш Еши Ёндон байлаа.”

“Богд Зонховыг таалал төгссөний дараах анхны Гандан Ширээт нь Богд Зонховын таалалын шавь, гарамгай эрдэмтэн Жалцав Дармаринчэн байсан юм. Тиймээс энэхүү нэр хүндтэй сэнтийнд эрдэмтэн лам нар залрах нь чухал юм.”

104-р Гандан Ширээт болон заларч буй Сера Жэ дацангийн Лувсан Тэнзин ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мандал өргөж, Богд Зонхов болон түүний 2 шадар шавийг сэрэг дүр бүхий шүтээнийг өргөн барьсан юм. Дараа нь тэрээр Дээрхийн Гэгээнтний баруун талд тусгайлан зассан сэнтийд суулаа.
Тайландын лам хуврагууд Мангала судар уншиж дууссаны дараа Хятад хэлээр “Билгүүний зүрхэн” судрыг уншив.

Зүүн Өмнөд Азийн орны сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвар эхэллээ
Тайландын лам нар Мангала судар уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглаг Хан. 2017.08.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ удаад хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номын тайлбар Буддапалита шастирыг тайлбарлан аман эш хүртээнэ гэдгээ мэдэгдэв. Тэрээр энэхүү номын болон энэ номонд үндэслэн зохиогдсон хутагт Чандракиртигийн “Тодорхой үг” номын аман эшийг Гандан Ширээт асан Ризон ринбочэгээс хүртсэн байна. Дээрхийн Гэгээнтэн мөн хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номын тайлбарыг Цаншав Сергон ринбочэ, Хүннү Лама ринбочэ нараас хүртсэн гэдгээ ярьсан юм. Буддапалита номын орчуулга бүх хүмүүст тараагдсан болохыг дурдаад “Би аль чадлаар тайлбарлан ярина, харин сонсож буй та бүгд номын айлдварын дараа өөрсдийн номыг уншиж, судлах хэрэгтэй.” гэж зөвлөв.

Номын айлдварын удиртгал хэсэгт тэрээр бурханы шашин анх Энэтхэгт дэлгэрсэн ба пали болон санскрит уламжлал Азийн ихэнх оронд дэлгэрсэн тухай ярьсан юм. Мөн Төвөдийн бурханы шашны уламжлал нь эртний Наландагийн уламжлал дээр үндэслэсэн болохыг тэмдэглэн хэлээд нягталж судлах зарчим нь Бурхан Багшийн айлдвар номлолын үндсэн зарчим болохыг мэдэгдлээ.

Өнөөгийн дэлхий дахины нөхцөл байдлыг тэрээр дүгнэхдээ:

“Биднийг энд амар тайван сууж байхад өөр газар нутагт хүмүүс нэг нэгнээ егүүтгэж, ядуу зүдүү гэр бүл нэмэгдэж, хүүхдүүд өлсгөлөнгөөр насан эцэслэж байгаа. Үүнийг бид өдөр тутмын телевизийн мэдээгээр харж байна. Яг одоо маш олон хүн үерийн аюулын өөдөөс сөрөн тэмцэж байгаа боловч байгалын гамшигийн эсрэг хүмүүний хийж чадах зүйл өчүүхэн билээ. Гэвч бидэнд тохиож буй бэрхшээлийн ихэнх нь хүний буруутай үйлдлээс бий болсон нь тодорхой. Бид өөрсдөдөө маш олон асуудал бэрхшээлийг авчирсан нь ердөө уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлд автсаны үр дагавар ба сэтгэлийн сахилга бат сахиагүйн улмаас билээ.” гэсэн юм.

Зүүн Өмнөд Азийн орны сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвар эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дөрвөн өдрийн турш үргэлжлэх номын айлдварын эхний өдөр. Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглаг Хан. 2017.08.29.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Хэрэв хүн төрөлхтний үндсэн чанар нь уур хилэн байсан бол бидэнд хийгээд байх зүйл байхгүй. Гэтэл шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй гэж баталсан. Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүн бүгд эхээс мэндэлсэн бөгөөд эхийн хайранд тэтгэгдсэн. Бид эсэн мэнд үлдэх нь бусдаас нэн хамааралтай учир байгалаас заяагдсан энэрэл хайрын үндсийг бид улам хөгжүүлэх хэрэгтэй билээ.”

“Нэгэнт сөрөг сэтгэл хөдлөлийн үр дагавар бидэнд гарз хохирол учруулж байгаа нь тодорхой тул үүнээс татгалзах хэрэгтэй.”

“Хүн төрөлхтний нэгэн гишүүний хувьд илүү амар тайван, энэрэнгүй дэлхийг бий болгох зорилго маань миний эхний үүрэг билээ. Шашин бүр өөр өөр үзэл онолыг баримталдагч бүгд энэрэл хайрыг номлодог тул шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх нь миний хоёр дахь үүрэг юм.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа 40 өөд жилийн турш шинжлэх ухааны эрдэмтэдтэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаагаа дурдлаа. Эрдэмтэд эхнээсээ л сэтгэл оюун, уураг тархины үйл ажиллагааны талаар ярилцсахыг хүссэн байна. 20-р зууны сүүлээр неврологийн эрдэмтэд оюун санааны үйл ажиллагааны нөлөөгөөр уур тархинд өөрчлөлт гардгийг олж мэджээ. Тэрээр сэтгэл төвлөрөл болон саруул билиг оюуныг хөгжүүлдэг эртний Энэтхэгийн уламжлал нь оюун санаа хэрхэн ажилдаг талаарх гүн гүнзгий судалгааг агуулж байгааг дурдлаа. Бурханы шашны сэтгэл оюун хэрхэн ажилдаг тал дээр голлон анхаарсан нь дотоод сэтгэлийн өөрчлөлтийг авчирч чадсан байна. Дээрхийн Гэгээнтэн энэхүү нандин уламжлалыг төвөдүүд бид амьд хадгалж байна гэв.

Зүүн Өмнөд Азийн орны сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвар эхэллээ
Номын айлдвар сонсож буй Зүүн Азийн сүсэгтнүүд. Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглаг Хан. 2017.08.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр цааш нь ярихдаа 19-р зуунд амьдарч байсан эрдэмтэн Нянгон Сунравыг эш татсан юм. Нянгон Сунрав бурханы шашны сургаалыг ерөнхий номлол болон онцгой номлол гэж хуваажээ. Түүний үзсэнээр судрын ёсны сургаал нь гэгээрэлд хүрэх ерөнхий номлол бөгөөд нууц тарнийн номлол нь онцгой сургаал болох аж. Өнгөрсөн хэсэг хугацаанд Төвөдөд ерөнхий номлолд суралцахаасаа илүү нууц тарнийн онцгой сургаалд суралцахыг хүмүүс илүүд үзэж байжээ. Цагаачлан ирснээсээ хойш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зөвхөн нууц тарнийн зан үйлийг голчилдог эрэгтэй, эмэгтэй лам нарын дацан хийдүүдийг ерөнхий номлол болох буддын гүн ухаанд суралцдаг болгожээ. Үүний үр дүнд Энэтхэгт цагаачлан очсон эмэгтэйчүүдийн хийдүүдээс олон хувраг буддын гүн ухааны дээд цол хамгаалж эхэлсэн байна.

Номын айлдварын үеэр асуулт хариулт явагдсан бөгөөд цугласан хүмүүс ядамын иог, цагаан хоол, шүтэн барилдлага гэх мэт олон сэдвээр асуулт асуусан юм.

Зүүн Өмнөд Азийн орны сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвар эхэллээ
Англи хэлний орчуулагч сүсэгтнүүдийн асуултыг Дээрхийн Гэгээнтэнд уламжлилж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглаг Хан. 2017.08.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Номын айлдварт эргэн орохдоо Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бурхан Багш анх номын хүрд эргүүлэхдээ Дөрвөн Үнэний тухай айлдсан талаар ярив. Хоёрдугаар номын хүрд нь билиг барамидын сургаал буюу юмс үзэгдлийн эцсийн мөн чанарыг нарийн тайлбарлан айлдсан байна. Бурхан Багшийн сургаал нь бодит үнэнтэй уялдсан байдаг гэдгийг тэмдэглэн хэллээ.

Бурхан Багшийн айлдварыг дагаж Энэтхэгт буддын гүн ухааны олон уламжлал бий болсон бөгөөд голлох сэтгэл төдийтөн болон төв үзлийн үзэл онолын ялгааг тайлбарлав. Өдгөө номлох гэж буй Буддапалита шастир нь буддын гүн ухааны дээд онолыг тайлбарладаг ажээ.

Зүүн Өмнөд Азийн орны сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвар эхэллээ
Номын айлдварт сууж буй 8000 гаруй сүсэгтнүүдийн хэсэг. Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглаг Хан. 2017.08.29. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр номын хуудсыг нээж уг шастрын нэрийг санскрит болон төвөд хэлээр нэрлэснийг эх сурвалжид хэрхэн тулахыг харуулж байна гэлээ. Дараа нь Манзушри бурханд мөргөл үйлдсэн нь уг номонд Абидармын дээд онол гарахыг тодорхойлж байна гэсэн юм.

Номын айлдварын энэ өдрийн төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн энэхүү номыг тайлбарлаж байгаадаа туйлын баяртай байна гэсэн юм. Энэхүү номыг Гандан Ширээт Ризон ринбочэгээс хүртэж өдгөө та бүхэнд номлож байна гэдгээ ахин хэллээ. Номын айлдвар маргааш үргэлжилнэ.
Үзсэн: 329
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц