Азийн сүсэгтнүүдэд айлдаж буй номын айлдварын гурав дахь өдөр

9-09-2017, 05:35  |  Хэвлэх

2017 оны 8 дугаар сар 31

Энэтхэг, ХП, Дарамсала – Бороо түр зуур зогсох үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дуганы зүг явган морилж, замдаа найз нөхөд, лам хуврагууд, сүсэгтэн олонтой мэндлэн явсаар сэнтийндээ заларсан юм. Тайландын лам хуврагууд ахин Мангала судрыг пали хэлээр уншсаны дараа Вьетнамын лам, энгийн хүмүүс нийлсэн бүлэг хүмүүс “Билгүүний зүрхэн” судрыг вьетнам хэлээр уншив.

Азийн сүсэгтнүүдэд айлдаж буй номын айлдварын гурав дахь өдөр
Номын айлдварын эхэнд Тайландын лам хуврагууд Мангала судрыг пали хэлээр уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.08.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа эхлэхдээ “Илт онохуйн чимэг” номын эхний шүлгийг эш татан ярьлаа.

“Бурханы шашинтан хүний туйлын зорилго нь бусдад тусласны үр дүнд гэгээрэлд хүрэх явдал юм. Хутагт Нагаржуна сансар огторгуйг дүүрсэн тоолшгүй олон амьтанд тусласны үр дүнд гэгээрэлд хүрнэ гэж айлдсан.”

“Бид энэрэн нигүүлсэхүйг хөгжүүлж, зургаан билиг барамидыг бодитоор хэрэгжүүлсний үр дүнд гэгээрэлд хүрэх болно. Эдгээрийн эхнийх нь өглөг юм. Өглөгт эдийн өглөг, аюулд орсон нэгэнд туслах буюу аюулгүйн өглөг, номын өглөг буюу бусдад дээдийн номыг таниулж билиг оюуны өглөг өгөх гэсэн гурван зүйл бий. Өглөг нь бусдад туслахын эхлэл болох бөгөөд үүний дараа ёс суртахуун, тэсвэр, хичээл зүтгэл, сэтгэл төвлөрөл гэсэн бусад барамид үргэлжилнэ.”

“Ингээд билиг оюуны барамидыг олох үед мөнх бус тэргүүтэй Хутагтын дөрвөн үнэний арван зургаан онцлог шинжүүдийг ухаарч эхэлнэ. Ийнхүү бид буяны болон билгүүний чуулганыг хурааснаар бурханы хоёр лагшин олох ёстой билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номын тайлбар болох Буддапалита номыг үргэлжлүүлэн уншлаа. Тэрээр энэ удаа хоёр дугаар бүлгээс эхлэн бүлэг тус бүрийн онцлогийн дагуу тайлбарлан айлдсан юм.

Азийн сүсэгтнүүдэд айлдаж буй номын айлдварын гурав дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож буй Зүүн Өмнөд Азийн сүсэгтнүүд. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.08.31. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Завсарлагааны үеэр Дээрхийн Гэгээнтэн асуулт хариулт явуулахыг хүслээ. Өмч, эд хөрөнгийн талаарх асуултанд тэрээр эдийн засаг, өмчийн эрх тэгш байдал зэргүүдэд өөрийгөө марксист үзлээр ханддаг гэдгээ хэлсэн юм.

Тэрээр бие махбодийн эрүүл ахуйг сахих нь бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй орчин үеийн хөгжлийн нэг хэлбэр бол сэтгэл оюуны эрүүл ахуйг сахих нь дэлхий дээр илүү их аз жаргалыг авчрах үр дүнтэй хэмээн тайлбарласан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриандаа хүүхдийн талаар жишээ аван ярьлаа. Хүүхдийн энэрэн нигүүлсэх сэтгэлтэй болох нь эцэг, эхээс, ялангуяа эхээс нэлээдгүй шалтгаална гэсэн юм. Тэрээр хүүхдийг хөхөөр хооллох нь бие махбодь болон сэтгэл санааны аль ч талаасаа чухал үр дүнтэй болохыг тайлбарлав. Мөн хүүхдийн илэн далангуй байдал, халуун дулаан сэтгэлийг насанд хүрэх хүртэл хэрхэн хадгалах арга замыг хайж байгаа тухайгаа дурдав.

Азийн сүсэгтнүүдэд айлдаж буй номын айлдварын гурав дахь өдөр
Далай Ламын англи хэлний орчуулагч асуултуудыг айлтгаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.08.31. Гэрэл зургийг Тэнзин Пунцог (ДЛО)
Тэрээр зургаа дугаар бүлгийг уншиж дуусаад маргаашийн номын айлдварын үед бодь сэтгэл төрүүлэх зан үйл үйлдэнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ нь хүмүүсийг номын айлдварын үеэр энэрэнгүй сэтгэлийн талаарх олж авсан ойлголтыг бататгах үр дүнтэй аж.

“Сансар орчлонгоор дүүрэн хязгааргүй олон амьтад бий. Тэдгээрээс энэ дэлхий дээр хамтдаа амьдарч буй 7 тэрбум хүнд бид үнэнхүү тус болж чадахаар байна. Бидний дэргэд олон адгуус амьтад байгаа боловч тэдэнд бид төдийлөн тус болж чадахгүй. Ямар ч байсан бидний нэг нэгэндээ хандаж хийсэн ямарваа нэгэн сайн үйлс бидэнд ач тусаа өгөх нь гарцаагүй.”

“Бодь сэтгэл төрүүлэх зан үйл нь гэгээрэлд хүрэх хүсэл зоригийг бадраадаг юм. “Бодьсадвын явдалд орохуй” номыг олж, нэгдүгээр бүлэгт гарах бодь сэтгэлийн ач тус, зургаа дугаар бүлэгт гардаг тэсвэр, бодь сэтгэлийн гол утгыг тайлбарласан найм дугаар бүлгүүдийг онцгойлон үзэж судлах хэрэгтэй.”

Урьдын адил Дээрхийн Гэгээнтнийг буцан морилох үеэр баяр баяслаар дүүрэн олон хүн түүнийг үдэв. Тэрээр олны зүг инээмсэглэн гар барьж, дотночилон уулзсаар өргөөний зүг машинаар мориллоо.
Үзсэн: 1 747
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц