“Тулааны талбар дахь хүүхдүүд” байгууллагын 20 жилийн ойн баяр

16-09-2017, 15:42  |  Хэвлэх

2017 оны 9 дүгээр сар 10

Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр Энэтхэгээс Лондон хотод хүрэлцэн ирэхэд ширүүн бороо зогсож наран гийж байлаа. Өнөөдөр тэрээр Хойд Ирландын Дерри хотын зүг богино нислэгээр зорчсон юм. Түүнийг онгоцны буудалд газардахад энэ удаагийн айлчлалыг зохион байгуулж буй ноён Ричард Мур угтав. Тэд тэврэлдэн уулзаж, Дээрхийн Гэгээнтэн хараагүй ноён Мурыг өөрийн нүүрэнд хүрэхийг хүслээ. Ноён Мур түүнийг “Урьдын адил царайлаг хэвээрээ байна.” гэв.

“Тулааны талбар дахь хүүхдүүд” байгууллагын 20 жилийн ойн баяр
Ноён Ричард Мур Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтан авч байгаа нь. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри. 2017.09.10. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Түүнийг зочид буудалд хүрэлцэн ирэхэд тэнд цугласан олон төвөд иргэд Төвөдийн төрийн дууллыг дуулж угтсан юм. Өөр бусад цугласан хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай гар барьж, мэндлэн байлаа. Төдөлгүй Ричард Мур “Тулааны талбар дахь хүүхдүүд” байгууллагын удирдах зөвлөлийн дарга Маркус Онейл болон бусад удирдах зөвлөлийн гишүүдийг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай танилцуулав. Мөн энэхүү ТББ-ыг дэмжин ажилдаг зарим байгууллагын гишүүд мөн үдийн зоогонд оролцсон юм. Ноён Мур Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд “Тулааны талбар дахь хүүхдүүд” ТББ-ын үйл ажиллагааг танилцуулсан томоохон зургийг сонирхууллаа.

Зоогийн төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус байгууллагын гишүүд болох Роус Келли, Жое Муррай, Дон Мклиеш нарт талархалын дурсгалын зүйл гардуулсан юм.

“Тулааны талбар дахь хүүхдүүд” байгууллагын 20 жилийн ойн баяр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "ТТДХ" ТББ-ын гишүүдийн хамт үдийн зоог барив. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри. 2017.09.10. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон ноён Ричард Мур нар Миллениум форум ордонд хүрэлцэн ирэхэд энэхүү үйл ажиллагааг удирдан зохион байгуулж буй ноён Мурын эхнэр, хатагтай Рита энх тайвны дуу дуулан угтав. Дээрхийн Гэгээнтэн танхимд цугласан 1000 гаруй хүмүүстэй мэндлээд суудалдаа суусан бөгөөд ноён Мур түүнийг товч танилцуулсан юм. Тэрээр Дээрхийн Гэгээнтний “Идэвхгүй энэрэлийн сэтгэл хангалттай биш” гэж хэлдэг үгийг эш татав. Тэрээр нэмж өнөөдөр олон хүүхэд “Тулааны талбар дахь хүүхдүүд” ТББ-ын үйл хэргийн үр дүнд цэвэр ус ууж, боловсролд хамрагдаж байна гэлээ. Эцэст нь тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бол бид бүгдийн хүсэл мөрөөдлийн илэрхийлэл мөн гэж мэдэгдээд манай хотод та ахин нэг айлчилж байгаад туйлын баяртай байна гэв.

Ингээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхэллээ.

“Хүндэт ахан дүүс минь! Би хувьдаа та нарыг миний баатрууд гэж үздэг. Би анх та нартай уулзаад, та бүхний хийж буй үйл хэргийг сонсоод сэтгэл үнэхээр догдолж билээ. Би энэрэл нигүүслийн тухай байнга ярьдаг боловч та нартай адил хүнд нөхцөл дунд ажиллах шаардлага гарвал биеэ барьж дийлэх эсэхтээ эргэлзэж байна. Та бүхэн дотоод сэтгэлийн хүч чадлыг харуулж, хүн төрөлхтөн угтаа ийм л байх ёстой гэдгийг тодорхойлж байна. Та бүхний хийж буй үйл хэрэг та нарын амьдралыг бүхэлд нь өөрчилжээ. Уур хилэнгийн оронд энэрэн нигүүлсэх сэтгэл тань улам хүчтэй болсон байна. Үнэхээр гайхалтай!”

“Энэрлийн сэтгэл бүхий л нийгмийг нэгэн дор нэгтгэх чадалтай. Шинжлэх ухааны эрдэмтэд хүн төрөлхтний үндсэн чанар нь энэрэнгүй болохыг баталсан. Шинжлэх ухааны эрдэмтдийн нэгэн судалгааг би сонирхон үзэж билээ. Хараахан хэлд ороогүй балчир хүүхдүүдэд нэг нэгэндээ туслаж буй сайн явдлыг харуулсан зураг үзүүлэхэд тааламжтай харж байсан бол нэг нэгнээ зовоож буй зургийг хараад цааш эргээд явцгааж байсан юм.”

“Эмч нар ч мөн уур хилэн, айдас хүйдэс нь бидний дархлааны системийг дарангуйлдаг гэж байна. Нэг ч эмч ууртай байснаар та эрүүл байна гэж хэлээгүй. Тэд амар тайван байхыг зөвлөдөг, энэ нь дан ганц бие махбодийг амар тайван байлгах хэрэгтэй гэсэн бус, сэтгэл санаагаа ч амар тайван байлгах хэрэгтэй гэсэн үг юм. Энэрэнгүй сэтгэл бидэнд өөртөө итгэх, дотоод сэтгэлийн тэнхээг бий болгодог.”

“Тулааны талбар дахь хүүхдүүд” байгууллагын 20 жилийн ойн баяр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миллениум Форум ордонд илтгэл тавьж байгаа нь. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри. 2017.09.10. Гэрэл зургийг Лоркан Доеирти
“Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй гэж батлах үед надад итгэл найдвар мэдрэгдэж байлаа. Ямар нэгэн шашин шүтлэгээс үл хамааран бусдад энэрэнгүй сайхан сэтгэлээр хандах нь дотоод сэтгэлийн амар амгаланг бий болгоно. Би хүний үндсэн чанар, энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэхийг өөрийн үүрэг гэж үздэг. Бидний хийх ёстой зүйл бол дан ганц сүсэг бишрэлийн үүднээс бус, шинжлэх ухааны ололт, олон нийтийн туршлага, бүх нийтийн эрх ашигтай уялдсан даян дэлхийн хүн төрөлхтний үнэ цэнийг хөгжүүлэх явдал билээ. Энэ нь ердөө эрүүл байхын тулд биеийн эрүүл ахуйг анхаардагтай адил амар амгалантай байхын тулд сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж, энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх явдал юм.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа уур хилэн, айдас хүйдэс нь амин хувиа хичээх дээр суурилдаг болохыг тайлбарлав. Харин илүү их бусдын төлөө байж, энэрэнгүй сайхан үйл хэрэг хийж чадвал тэр хэмжээгээр эдүгээ болон ирээдүй хойч үед аз жаргалтай амьдрах болно гэлээ. 21-р зууныг энх тайвны эрин зуун болгохын тулд үүнд илүү их анхаарах хэрэгтэй гэсэн юм.

“Хүч хэрэглэн энх тайванд хүрэх боломжгүй. Хүн төрөлхтний хийсэн олон асуудал бэрхшээлийг хүмүүс өөрсдөө арилгах ёстой. Яриа хэлцэл, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах нь энх тайвныг бүрдүүлэх үндэс суурь юм. Зөвхөн өөрийн улс орны сонирхолоос халин гарч бүх нийтийн ашиг сонирхолыг илүүд үзсэн Европын холбооны үзэл санааг би биширдэг.”

“Тулааны талбар дахь хүүхдүүд” байгууллагын 20 жилийн ойн баяр
1000 хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонслоо. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри. 2017.09.10. Гэрэл зургийг Лоркан Доеирти
Ингээд хүмүүсээс ирсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Таатай сайхан зүйлийг хэрхэн мэдрэх тухай асуултанд тэрээр Испанийн Монцеррат хотод каталокийн нэгэн ламтай уулзсан тухайгаа ярьлаа. Тэрхүү лам таван жилийн турш уулын агуйд энэрэл хайрыг бясалгаж суусан байна. Энэ тухай ярихдаа тэрхүү ламын нүдэнд баярын оч гийж байсан талаар Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

Уй гашуудлын тухай асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн өөрийн ахмад багшийн тухай дурсан ярьсан юм. Тэрээр ахмад багштайгаа байнга уулзаж, байнга заавар зөвлөгөө авдаг, түшиж тулдаг хүн нь байсан тул түүнийг насан эцэслэхэд үнэхээр хүнд гашуудалд автсан байна. Эцэст нь тэрээр өөрийн гэгээн багшийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх агуу үйл хэргийг гүйцэтгэх хэрэгтэй гэж шийджээ.

“Тулааны талбар дахь хүүхдүүд” байгууллагын 20 жилийн ойн баяр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон ноён Ричард Мур нар илтгэлийн үеэр. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри. 2017.09.10. Гэрэл зургийг Лоркан Доеирти
“Тийм учраас өөрт тохиосон ямар нэгэн уй гашууг урам зориг болгон өөрчилж амьдралаа утга учиртайгаар үргэлжлүүлэх хэрэгтэй. Бидний дэргэд буй ноён Ричард Мур бол өөрийн хүнд нөхцөл байдлыг боломж болгон өөрчилж чадсан хүний жишээ юм.”

Цагаан хоолтон болох тухай асуултанд тэрээр хэрэв чадвал цагаан хоолтон болох нь үнэхээр гайхалтай гэсэн юм. Одоогоор Энэтхэгт дүрвэн гарсан томоохон сүм хийдүүд, сургууль, институт бүгд нийтийн хоолондоо зөвхөн цагаан хоол бэлдэж байгаа талаар ярив. Бурханы шашны зарим уламжлал өөрсдийн шавь нарыг цагаан хоолтон болохыг хүсдэг бол заримд нь ийм уламжлал байхгүй гэлээ. Бурхан Багш лам хуврагуудыг бадар барих цааз гаргасан бөгөөд ингэхдээ өглөгийн эзэд юу өгнө түүнийг хүндэтгэн авч идэх ёстой гэсэн байна. Тэрээр эмчийн зөвлөсний дагуу зарим үед махан хоол идэхээс өөр аргагүй байдаг тухайгаа ярьлаа.

Нэгэн хүн тэвчээрийн тухай асуусанд “Бодьсадвын явдалд орохуй” номын 6, 8 дугаар бүлгийг сайн үзэж судлах хэрэгтэй гэж зөвлөв.

“Хэрэв бид хичээл зүтгэл гаргаж чадвал энэ дэлхийд өөрчлөлт авчирч чадна. Энд цугласан олон залуучууд нөхцөл байдлыг өөрчилж, гэгээн ирээдүйг бий болгох учиртай. Миний хувьд аль чадлаараа дотоод үнэ цэнийг хөгжүүлэхийг хичээдэг. Хэрэв би арван хүнд үүнийг ойлгуулж чадвал тэдгээр хүмүүс мөн адил бусдад нөлөөлснөөр бид зуун хүнд үүнийг ойлгуулж чадна. Ийм замаар бид бусдыг боловсруулах боломжтой.”

Үйл ажиллагаа өндөрлөсний дараа хэсэг хүмүүс энэрэл хайр, энх тайвны тухай дууг дуулсан юм. Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн түүний илтгэлийг сонссон бүх хүнд талархал илэрхийллээ. Тэрээр хүмүүсийн зүг гар даллан тайзнаас бууж, өөрийн зочид буудлын зүг хөдөлсөн юм.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн “Тулааны талбар дахь хүүхдүүд” байгуулагт ахин ирж “Сэтгэл зүрхээ боловсруулах нь” сэдэвт илтгэл тавина.
Үзсэн: 1 364
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц