Хэвлэлийнхэнтэй уулзаж, номын айлдвар эхэллээ

3-10-2017, 17:00  |  Хэвлэх

2017 оны 9 дүгээр сар 23

Латви, Рига – Латви улсад ховорхон үзэгддэг нарлаг энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвар явагдах Сконто ордны зүг машинаар хөдлөв. Тэрээр эхлээд хэвлэлийнхэнтэй уулзлаа.

Хэвлэлийнхэнтэй уулзаж, номын айлдвар эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлч нартай уулзаж байгаа нь. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Би энд ирсэндээ баяртай байна. Бид хүн төрөлхтөн гэдгээрээ адилхан боловч арьс өнгө, шашин шүтлэг гэх мэт хоёр дахь түвшний ялгаанд хэт их анхаарал хандуулсны улмаас хүчирхийлэл, тэмцэл гарч байна. Бидний нүүр царай адилхан байгаа биз дээ. Бид адилхан хоёр нүд, нэг хамар, нэг амтай. Бидний оюун санаа, сэтгэл хөдлөл ч адилхан. Бидэнд хамгийн чухал зүйл бол бид бүгдээрээ аз жаргалтай байхыг хүсдэг, хүчирхийлэл болон тэмцэл тулаан үүнийг үгүй хийдэг юм.”

“Цаг уурын өөрчлөлт аль нэгэн улсаар хязгаарлагдахгүй, бид бүгдэд адилхан нөлөөлж байна. Байгал дэлхий бидэнд хамтарч, нэгдмэл байхыг ойлгуулж байна. Би хүн төрөлхтөн бүгд адилхан гэх ойлголтыг олон нийтэд түгээхийн төлөө үүрэг хүлээн ажиллаж байгаа билээ. Мөн томоохон бүх шашин энэрэл хайрыг номлодог тул шашин хоорондын эв нэгдэл, харилцан нэг нэгнээ хүндэтгэх тал дээр үүрэг хүлээн ажиллаж байна. Хэвлэлийн хүмүүс та нар үүнд чухал үүрэгтэй.”

Эхний асуулт нь өнөөгийн дэлхийн зөрчилдөөн өрнөж буй цаг үеийн талаар асуулаа. Тэрээр “21-р зууны эхээр зөрчилдөөн нэлээдгүй байсан боловч байдал өөрчлөгдөж байна. Гэвч ихэнхдээ, ялангуяа зарим удирдагч нарт хуучин сэтгэлгээ давамгайлсаар байна. Тэд өнөөг хүртэл асуудлыг хүчээр шийддэг хуучны арга барилыг баримталсаар байна. Өнгөрсөн цаг үеийн хоцрогдсон арга барилыг халах хэрэгтэй.”

Хэвлэлийнхэнтэй уулзаж, номын айлдвар эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчидтэй уулзах үеэр. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Хэдэн арван жилээр энх тайвныг хадгалж, хувийн бус нийтийн эрх ашгийг илүү их үнэлж буй Европын холбоог би биширдэг. Үүнд Орос орон ч хамрагдах хэрэгтэй. Африк болон Латин Америк, мөн Азийн орнууд энэ үлгэр жишээг дагах хэрэгтэй байна.”

Халимагийн гэвш Ванжалын тухай асуултанд хариулахдаа түүнийг бага байхад Төвөдөд Монголын олон зуун эрдэмтэн лам нар байсны нэг нь гэвш Ванжал байсан гэлээ. Мөн тэрээр Халимагт байгуулагдсан Наландагийн 17 бандидагийн ордонг нээх ёслолд оролцохыг хүссэн Халимагийн хуучин ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч чадаагүй талаар ярьсан юм.

Одоогоор Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Орос оронд айлчлах боломжгүй, нөгөөтэйгүүр олон орос хүмүүс Энэтхэгт очиход хүндрэлтэй тул Латви улс нь тэдний уулзах хамгийн боломжтой газар ажээ.

Тэрээр хүнд хэцүү нөхцөл байдал нь тэсвэр тэвчээртэй байхыг дадлагжуулах оновчтой цаг үе гэж үзэх хэрэгтэй хэмээн зөвлөв.

Хэвлэлийнхэнтэй уулзаж, номын айлдвар эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийнхэнтэй уулзаж байгаа нь. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бүх зүйл сайхан байвал засаж залруулах зүйл байхгүй. Харин танд уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл байх аваас үүнийг засах хэрэгтэй. Уурын хор уршиг, түүнээс хэрхэн салах тухай бодох хэрэгтэй. Би сүүлийн 60 гаруй жилийн турш хоосон чанарын тухай үзэж судалж байна. Үүний үр дүнд би сөрөг сэтгэл хөдлөлийг үнэхээр арилгаж эхэлсэн юм. Тийм учраас би бурханы шашныг судалж мэдэх, дадлага туршлага суулгаж байж хадгалан авч чадна гэдэг юм.”

Тэрээр тайзан дээр гараад ОХУ, Латви, Литви, Истони зэрэг олон улс орноос ирсэн 3800 гаруй хүмүүстэй мэндэллээ. Номын айлдварт хүрэлцэн ирсэн хүмүүсийн ихэнх нь ОХУ-аас хүрэлцэн иржээ. Жишээлбэл Халимагаас 695 хүн уг номын айлдварт хүрэлцэн ирээд байгаа аж.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бурхан Багшийг хүрээлсэн Энэтхэгийн 17 бандидагийн том шүтээний өмнөх суудалдаа суугаад хоёр жигүүрийн лам хуврагуудтай мэндлэв. Төдөлгүй орос хэлээр “Билгүүний Зүрхэн” судрыг уншив.

Хэвлэлийнхэнтэй уулзаж, номын айлдвар эхэллээ
Оросын сүсэгтнүүд "Билгүүний зүрхэн" судрыг орос хэлээр уншиж байгаа нь. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Өнөөдрийн номын айлдварыг ОХУ-аас хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан номлох болно. Тэдний зарим нь уламжлалт бурханы шашинтай хүмүүс юм. Жишээлбэл Халмиг, Буриад, Тува орон нь дан ганц бурханы шашны уламжлалтай байгаад зогсохгүй төвөдийн ард түмэнтэй түүхэн холбоотой билээ.”

“Бурханы шашны уламжлалгүй барууны улс оронд би буддизмыг шууд ярихаас болгоомжилдог. Би саяхан Герман болон Итали гэх зэрэг улсаар явахдаа гүн ухаан болон сэтгэл судлалын талаар хүмүүстэй нэлээдгүй ярилцлаа. Христын шашинт миний дотны анд маань надтай сэтгэл төвлөрөл болон нигүүлсэнгүй сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм. Харин хоосон чанарын тухай асуух үед би энэ тухай асуух хэрэггүй гэж хэлж билээ. Учир нь юмс хэрхэн шүтэлцэж оршдог тухай болон юмсын мөн чанарыг хоосон мэтээр ярих үед түүний Эзэн тэнгэрт итгэх итгэл багасч болох юм.”

“21-р зууны шашин ямар байх ёстой вэ? Энэ үнэхээр технологи, шинжлэх ухааны хөгжилтэй хөл зэрэгцэн явж чадах уу? Өнөө цагт олон хүн эм ууж стрессээ тайлахыг хичээж байна. Гэвч эм тан уугаад өөрсдийн сөрөг сэтгэл хөдлөлөө арилгах боломжгүй шүү дээ. Хамгийн гол нь бид дотоод сэтгэлээ засах хэрэгтэй. Өдгөө боловсрол болон шашин нь өөр өөр зорилго агуулж байна. Дотоод сэтгэлийн асуудлыг шашинд үлдээсэн ба шашны нөлөө улам багассаар байна.”

Хэвлэлийнхэнтэй уулзаж, номын айлдвар эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын эхний өдөр. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Тийм учраас шашнаас ангид ёс суртахууны тухай ойлголт чухал болж байгаа билээ. Энэтхэгт “secular” гэх үгийг бүх шашинд хүндэтгэлтэй хандах гэж ойлгодог. Бид боловсролоор дамжуулан шашнаас ангид ёс суртахууныг хэрхэн бий болгох арга зам хайж байна. Америкийн Еморигийн их сургууль энэ сэдвийн сургалтын хөтөлбөр боловсруулж хэвлэлтэнд бэлтгэж байгаа бөгөөд Энэтхэгийн Татагийн нийгмийн шинжлэх ухааны институт ахлах ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрийн эхний хувилбарыг саяхан бэлэн болгосон юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа Бурхан Багшийн анхны номын хүрд болох Хутагтын дөрвөн үнэний тухай дэлгэрэнгүй тайлбарлан номлов. Тэрээр Хутагтын дөрвөн үнэний сургаал нь бурханы шашны бүх уламжлалын үндсэн сургаал болдгийг тэмдэглэн хэллээ.

Хэвлэлийнхэнтэй уулзаж, номын айлдвар эхэллээ
Номын айлдварт хүрэлцэн ирсэн сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож байгаа нь. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Мөн 19-р зууны үед амьдарч байсан төвөдийн их эрдэмтэн Нянгон Сунравыг эш татан ярьсан юм. Эрдэмтэн Нянгон Сунрав Бурхан Багшийн айлдварыг ерөнхий нийтлэг сургаал, хувь хүнд зориулсан онцгой сургаал гэж хоёр хуваасан ажээ. Судрын ёсны ном сургаал өргөн хүрээнд болон гэгээрэлд хүрэх ерөнхий арга замыг айлдсан бол дандрын ёсны ном сургаал нь тусгай шавь нарт онцгойлон айлдсан сургаал юм. дээрхийн Гэгээнтний тэмдэглэн хэлснээр судрын ёсны ерөнхий ном сургаалд сайтар суралцахгүйгээр дандрын ёсны сургаалыг хэрэгжүүлнэ гэдэг хэцүү ажээ. Гамалашила гэгээний “Бясалгалын дунд зэргэмж” хийгээд Богд Зонховын “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” номууд нь адилхан гэгээрэлд хүрэх ерөнхий арга замыг заасан зохиолууд юм.

Хэвлэлийнхэнтэй уулзаж, номын айлдвар эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож буй лам хуврагууд. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Шантаракшита гэгээн Төвөдөд морилсны дараа гэгээрэлд хүрэх арга замын талаарх буруу ойлголтуудыг өөрийн шавь Гамалашила гэгээн арилгаж чадах бүрэн боломжтойг олж харсан байна. Ямартаа ч Гамалашила гэгээн “Бясалгалын зэргэмж” номыг Төвөдийн номт хаан Тисрон Дэзэний хүсэлтээр зохиосон юм. Харин “Бодь мөрийн зэрэг” ном нь Адиша гэгээний “Бодь мөрийн зул” номыг дагадаг. “Бодь мөрийн зул” номыг Адиша гэгээн 11-р зууны үед Жанчүв Одын хүсэлтээр зохиожээ. Үүнээс хойш энэ зохиол нь бурханы шашны олон ном сургаалын үндэс болж ирсэн тухай Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлгэрэнгүй тайлбарлан ярьсан юм.

Энэ өдрийн номын айлдварын төгсгөлд тэрээр маргааш өглөө бодь сэтгэл үүсгэх зан үйл үйлдэнэ хэмээн мэдэгдлээ.
Үзсэн: 323
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц