“Төвд орохуй” номын айлдвар үргэлжилж байна

7-10-2017, 16:56  |  Хэвлэх

2017 оны 10 дугаар сар 4

Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө өргөөнөөс морилохын өмнө 30 жилийн ойгоо тэмдэглэж буй “Төвөдийн эмэгтэй хуврагууд” төслийн гишүүдтэй уулзсан юм. Энэхүү улзалтанд уг төслийн ажилчид, удирдах зөвлөлийн гишүүд, ивээн тэтгэгчид, мөн өнгөрсөн жил гэвшма цол хамгаалсан 20 гаруй эмэгтэй хуврагууд оролцов. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан Бурхан Багшийн сургаал Энэтхэгт өргөн дэлгэрсэн нь Такшашила, Наланда, Викрамашилагийн нөлөө байсан гэлээ. Бурханы шашин нь зөвхөн сүсэг бишрэлийг голлох бус, учир шалтгаан дээр үндэслэсэн оюун санааг өөрчлөх арга замыг номлодог хэмээн тэмдэглэн хэллээ.

“Төвд орохуй” номын айлдвар үргэлжилж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Төвөдийн эмэгтэй хуврагууд" төслийн гишүүдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017?10.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“21-р зууныг хүртэл бидний өвлөн ирсэн Наландагийн уламжлал нь орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн сонирхолыг татаж байгааг би сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзахдаа олж мэдсэн билээ. Тэд учир шалтгааны ухааны зарчмаар сэтгэл, оюуны талаарх гүн ойлголт авсан Наландагийн их багш нарын мэдлэг оюунд ихэд татагдаж байна.”

“Төвөдийн номт хаан Тисрон Дэзэн, ловон Бадмасамбхава, ловон Шантаракшита нар Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлсэн. Тэр үеэс гүн ухаан, учир шалтгааны арга ухаанд суралцах эхлэл тавигдсан юм. Энэ нь хожмын лам нарын дагаж мөрдөх зарчим болсон билээ. Бурхан Багш Махапражапати Готамид санваар хайрласны дараа “Эмэгтэй хуврагууд дээдийн номд суралцах, түүнийгээ дагаж мөрдөхөд тал дээр хуврагуудтай адил” гэж айлдсан байна. Үүнийг би эмэгтэй хуврагуудад эрэгтэй лам нартай адил тэгш ном үзэж судлах таатай боломж олгосон гэж боддог.”

“Би хэдэн жилийн өмнө Бандара тосгонд очихдоо сургуулийн сурагч хүүхдүүд буддын гүн ухааны мэтгэлцээн өрнүүлэхийг хараад сэтгэл ихэд хөдөлж, ямар багш үүнийг зааж өгсөн талаар асуусан юм. Тэгтэл одоо энд сууж буй эмэгтэй хувраг зааж өгсөн байлаа. Энэ хүн Долмалинд буддын гүн ухаанд суралцжээ.”

Тэрээр эрэгтэй хуврагуудад олгодог гэвш цолыг тайлбарлаад энэхүү эрдмийн цолыг буддын гүн ухааны, ялангуяа билиг барамид болон төв үзлийн ном сургаалд гарамгай суралцсан эмэгтэй хуврагуудад ч адилхан өгөх боломжтой гэсэн юм. Мөн тэрээр эмэгтэй хуврагуудыг буддын гүн ухааны сонгодог 13 бүтээлд шамдан суралцахыг хүслээ. Үүний зэрэгцээ ном үзэж судлахдаа зөвхөн гэлүгбийн уламжлал гэж явцууралгүй Төвөдийн буддын шашны бүхий л урсгалын ном сургаалыг үзэж судлах хэрэгтэй гэж зөвлөв.

“Төвд орохуй” номын айлдвар үргэлжилж байна
Өнгөрсөн жил гэвшма цол хамгаалсан эмэгтэй хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017?10.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бурхан Багшийн сургаалыг судлаж мэдэх, мэдсэн зүйлээ дадлага болгосны үндсэн дээр хадгалан үлдэж чадна гэдгийг ахин тэмдэглэн хэлэв. Тэрээр инээд алдаад, “Би эмэгтэй хуврагуудын боловсролыг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж буй анхны Далай Лам мөн болов уу” хэмээлээ.

“Та бүхний олж авсан амжилтанд бүх Төвөд иргэд сэтгэл хангалуун байх нь тодорхой.”

Ингээд энэ өдрийн номын айлдвар эхлэхдээ өчигдрийн адил эхэнд нь Мангала судрыг пали хэлээр уншиж, дараа нь “Билгүүний зүрхэн” судрыг хятад хэлээр уншив. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын баруун талд саяхан Жанзэ цоржийн албанд томилогдсон Госог ринбочэ Агваан Сунрав суусан байлаа. Тэрээр дараагийн Гандан Ширээт болох болзолоо бүрэн хангажээ.

“Өнөөдөр бид дээдийн номын талаар ярилцахаар энд цугласан. Гэвч бидний дотоод сэтгэлийн байдлаас шалтгаалж хийж буй үйл хэрэг маань нэг бол зөв, эсвээс буруу болж хувирдаг. Бидний номлож буй энэхүү ном маань бодь сэтгэлийн тухай номлосон тул зөвхөн өөрийн тусыг бодож суух нь буруу юм. Мөн ном номлож буй багш нь эд материал, нэр хүнд горилж номын айлдвар явуулбал энэ нь угтаа бизнесийн гэрээ хэлэлцээр хийхтэй адил болно гэсэн үг.”

“Төвд орохуй” номын айлдвар үргэлжилж байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дуганд морилон ирээд сүсэгтнүүдийн зүг гар даллан мэндэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017?10.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Сөрөг сэтгэл хөдлөл нь мунхаг дээр үндэслэж бий болдог тул юмсын эцсийн мөн чанарыг танисан саруул ухааныг хөгжүүлснээр үүнийг арилгаж чадна. Богд Зонхов “Бусдын сэтгэлийг засахын тулд эхлээд өөрийн сэтгэлийг засах ёстой” гэж айлдсан билээ. Бид Бурхан Багшийн сургаалыг бүхэлд нь ойлгох хэрэгтэй.”

“Би арга, билгийг хөгжүүлэхийн хичээдэг. Бид адилхан хүн төрөлтөн бөгөөд миний сурч мэдсэн зарим зүйл та бүхэнд нэмэр болж магадгүй.”

“Бурхад нүгэл хилэнцийг усаар угаахгүй, бусдын зовлонг гараараа авах боломжгүй. Мөн өөрсдийн мэдсэн зүйлээ бусдад юүлэх боломжгүй. Бурхад гэгээрэлд хүрэх үнэн зам мөрийг айлдсан юм. Тийм учраас Бурхан Багш хүн бүхэн өөрөө өөртэйгээ тулж ажиллах хэрэгтэй гэж зөвлөсөн билээ. Үүнийг ойлгуулахын тулд тэрээр зургаан жил хатуужил хийсэн юм.”

“Төвд орохуй” номын айлдвар үргэлжилж байна
Энэ удаагийн номын айлдварт нийт 6000 гаруй сүсэгтнүүд хамрагдав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017?10.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн анхдугаар номын хүрдийн талаар ярихдаа Бурхан Багш зовлон нь уг шалтгаанаас үүссэн тул үүнийг арилгах боломжтой гэж айлдсан тухай, мөн хоёр дугаар номын хүрдийн үед айлдсан билиг барамидын сургаал нь юмсын мөн чанарыг тайлбарласнаараа сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах арга зам болж буй тухай, гурав дугаар номын хүрдийн үед сэтгэлийн уг чанар, бурханы хутагийн талаар тайлбарласан зэргийг дэлгэрэнгүй номлов.

Тэрээр “Төвд орохуй” номыг үргэлжлүүлэн уншиж олон нийтэд аман эш хүртээсэн бөгөөд үдийн хоолны өмнө нэгдүгээр бүлэг дуус ч энэ өдрийн номын айлдвар өндөрлөсөн юм.
Үзсэн: 2 955
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц