Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номын айлдвар

8-11-2017, 17:47  |  Хэвлэх

2017 оны 11 дүгээр сар 3

Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдрийн номын айлдвар богино хугацаанд зарлагдсан ч 4000 гаруй хүмүүс түүний айлдварыг сонсохоор Зүглаг Хан дуганд хуран цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэнтийндээ суусан даруй өчигдөр Намжал дацангийн дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн нээлтэнд оролцсон тухайгаа ярьсан юм. Намжал дацангийн лам хуврага хүүхдүүд урьд нь ерөнхий боловсролын сургалтанд хамрагдахын тулд Төвөдийн дунд сургуульд явдаг байсан бол одооноос эхлэн өөрсдийн дацандаа тус сургалтыг авах боломжтой болсон байна.

Шинэ сургууль барих төслийг дэмжсэн Италийн 45, Вьетнамын 130 гишүүд энд хүрэлцэн ирсэн бөгөөд мөн сургуулийн сурагч хүүхдүүдийн эцэг, эхүүд Мон болон Төвөд нутгаас хүрэлцэн ирсэн байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эдгээр хүмүүст өнөөдрийн номын айлдварыг голлон номлох болно гэдгээ мэдэгдэв.

Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номын айлдвар
Намжал дацангийн хамба лам Томдок ринбочэ номын айлдварын эхэнд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мандал өргөж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Итали хэлээр “Билгүүний Зүрхэн” судрыг уншсаны дараа Дээрхийн Гэгээнтэн уламжлал ёсоор бурханы шашныг дадлага болгохын өмнө бурханы шашны номлол юу болох талаар сайн ойлголттой байх ёстой гэсэн юм.

“Өнөөгийн 21-р зуунд эмнэлэгийн тоног төхөөрөмж, эдийн засгийн хөгжил, улам өсөн нэмэгдэж буй харилцаа холбоо зэрэг материаллаг хөгжлийг бид харж байна. Хүмүүсийн амьдрал улам амархан болж ирлээ. Амьдралын стандарт өсөж байна. Энэ бүхэн өсөн нэмэгдэж байгаа ч зөвхөн бусдыг хядах зорилготой хүчтэй зэр зэвсгийн аюул гэх мэт асуудлууд ч зэрэгцэн нэмэгдсээр байгаа билээ.”

“Дотоод сэттгэлийн үнэ цэнийг дээдлээгүй материаллөг хөгжил нь дэлхийн олон газарт баян, хоосны асар их ялгааг авчирч байна. Энэрэл хайрыг түгээн дэлгэрүүлдэг шашны зарим хүмүүс шашны нэрийн өмнөөс “бид” ба “тэд” хэмээн хуваагдаж санаанд оромгүй зөрчилдөөнийг үүсгэж байна. Жишээлбэл Бурхан Багшийн энэрэнгүй сургаалыг дагадаг Бирмын буддистууд муслимын эсрэг дайрч байна. Зарим газар сунни болон шиа хэмээн хуваагдсан муслимуудын зөрчилдөөн, мөн адилхан христийн шашин шүтдэг хэрнээ католик ба протестантчууд зөрчилдөж байна.”

“Бид энд амар тайван сууж байхад дэлхийн хаа нэгтээ хүмүүс нэг нэгнээ егүүтгэж, хүүхдүүд өлсгөлөнгөөр насан эцэслэж байгаа. Бид бүгдээрээ төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн зовлонг амсаж байгаа хэрнээ дээр нь нэмээд нэг нэгнийгээ зовоож байна. Энэ дотоод сэтгэлийн үнэ цэнийг ойлгоогүйн улмаас юм. Бид хамаг амьтан амар амгалантай болоосой гэж залбирдаг боловч тэдийн төлөө бодит алхам хийх нь чухам үр дүнтэй байх болно.”

Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номын айлдвар
Намжал дацангийн шинэ сургуулийг ивээн тэтгэсэн болон дэмжсэн хүмүүс хамтдаа "Билгүүний Зүрхэн" судрыг уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бидний сэтгэл санааны ёс зүйгүй байдлаас шалтгаалж олон зовлон бий болсон юм. Ёс зүйгүй сөрөг муу сэтгэлийг бид сайхан сэтгэлээр арилгах болно. Бид энэрэл хайрын сэтгэл аз жаргалын эх үндэс болохыг ойлгож өөрсдийн дотоод сэтгэлээ өөрчлөх хэрэгтэй. Хүн төрөлхтөн нийгмийн амьтад бөгөөд нэг нэгэндээ шүтэж амьдардаг. Энэ нь амин хувиа хичээснээс сайхан сэтгэлтэй байх нь илүү чухал болохыг харуулж байна. Хэрэв бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй байж чадвал бид олон найз нөхөдтэй, эрүүл бөгөөд урт удаан наслах боломжтой болно. Тиймээс энэрэл хайрын тухай хичээлийг боловсролын системд оруулахын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй.”

“Материаллаг хөгжил нь зөвхөн бие мэдрэхүйн таашаалыг өгөх бөгөөд амар тайван, сайхан сэтгэлийн ач тустай харьцуулбал ахархан таашаал байх болно. Бидний амгалан тайван сэтгэлийг уур хилэн, хүсэл шунал, атаа хорсол эвддэг. Тийм учраас сөрөг сэтгэл хөдлөл хэрхэн бий болдог, түүнийг хэрхэн арилгах талаар ойлголттой болох нь бидэнд ихээхэн тустай. Бид бие махбодийн эрүүл мэндийг сахидагтай адил сэтгэл, оюун санааны эрүүл мэндийг ч сахих шаардлагатай.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа христ болон муслимын шашинтнууд бүтээгч Эзэнд итгэхийг чухалчилдаг бол Энэтхэгийн олон уламжлалд сэтгэл төвлөрөл, билиг оюун, эдгээр нь сэтгэл санаатай хэрхэн холбогддог тал дээр анхаарлаа хандуулж ирсэн болохыг тайлбарлалаа. Мөн тэрээр вьетнамчууд Наландагийн ёсыг дагадаг бурханы шашны уламжлалтай бол италчуудын ихэнх нь христын шашин шүтдэг хэдий ч энд бурханы шашинд татагдан ирсэн нь энэхүү шашин учир шалтгаан хийгээд логик зарчимд үндэслэдэгтэй холбоотой гэсэн юм.

Тэрээр 8 дугаар зуунд Шантаракшита гэгээн Төвөдөд бурханы шашныг таниулахдаа үүний сургаалыг сонсох, санах, бясалгах гурван зарчмаар суралцах ёстойг мөн танилцуулсан талаар ярив. Төв үзлийн гүн ухааныг учир шалтгаан, логик зарчим дээр үндэслэн ойлгож авдаг. Ловон Шантаракшита болон түүний шавь ловон Гамалашила нар сэтгэл хөдлөл, сөрөг нөлөөг нь хэрхэн арилгах арга замыг заажээ.

Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номын айлдвар
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бурханы шашинтнууд бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй ба мөн бие даан дангаар орших нэгээхэн ч зүйл байхгүй гэж үздэг. Бурхан Багш анхдугаар номын хүрдийг эргүүлэхдээ бодьгалын “би” хэмээгч үгүй болохыг тайлбарласан юм. Хоёрдугаар номын хүрдийг айлдахдаа юмсын мөн чанар хоосон болохыг тайлбарласан ба гуравдугаар номын хүрдийг айлдахдаа буддын гүн ухааны сэтгэл төдийтний үзэл онолыг тайлбарласан билээ.”

“Буддын гүн ухаанд олон янзын үзэл онолууд байдаг нь бодьгалын оюун санааны түвшин адил бус байдгаас хамааралтай. Үүнчлэн Төвөдийн бурханы шашинд нинма, гаржүд, сажа, гадамба гэх хуучин болон шинэ орчуулгыг дагасан олон урсгал бий. Бид нэг номлол дээр үндэслэж байгаа боловч урсгал хоорондын явцуу үзэл бий болсон нь харамсалтай. Бид нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах ёстой.”

“Өнөөдөр би Богд Зонховын зохиосон “Мөрийн Гурван Эрхэм” номыг тайлбарлана. Богд Зонхов шинэ, хуучин бүх урсгалын багш нараас эрдэм сурсан юм. Мөн тэрээр Ертөнцийн зургаан чимэг, Хоёр дээд хэмээн алдаршсан Энэтхэгийн их эрдэмтдийн зохиол бүтээлийг гүн түвшинд судалж, сурч мэдсэн зүйлээ дадлага болгосон билээ. Богд Зонхов өөрийн шавь нарыг буддын гүн ухаанд өөртэй нь адил гүн түвшинд, нэгд нэггүй суралцахыг хүсдэг байв.”

“Мөрийн Гурван Эрхэм” номыг Богд Зонхов өөрийн шавь Цахо Агваандагбад номлож бурханы шашны номлолыг хэрхэн бодитоор хэрэгжүүлэхийг заажээ. Богд Зонхов түүнд хандан “Хэрэв чи миний үгийг дагах бол олон төрөл дамжин чамайг би хөтлөх ба гэгээрлийг таниулна. Ингэхийн тулд юуны түрүүнд би чамд дээдийн номыг номлох ёстой.” гэсэн байна.”

Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номын айлдвар
Энэ удаагийн номын айлдварт 4000 гаруй хүмүүс цугласан байв. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэхүү номын дамжлагыг Дагдаг ринбочэ болон Лин ринбочэ, Тижан ринбочэ нараас хүртсэнээ тэмдэглэн хэллээ. Түүний хэлснээр эртний мэргэдүүд бусдын догшин сэтгэлийг засахын тулд эхлээд өөрийн сэтгэлийг ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, саруул билиг оюуныг үзүүлсэн гурван их сургаалын үүднээс номхотгодог байжээ.

Дээрхийн Гэгээнтэн эцэст нь хэрэв гэгээрэлд хүрэхийг үнэхээр хүсч буй бол түүнд хүрэх боломжтой гэлээ. Ингээд зөвхөн өөрөө гэгээрэлд хүрээд зогсохгүй бусдыг ч гэгээрэлд хүргэх боломжтой болохыг мэдсэн хүн тэднийг зовлонгоос гэтэлгэхийн төлөө гэгээрэл өөд тэмүүлдэг болохыг тайлбарласан юм.

Гэгээрэлд хүрэхийн тулд их нигүүлсэнгүй сэтгэлийг төрүүлж, хоосон чанарыг бүрэн гүйцэд ухаарах шаардлагатай. Энэ хоёр үгүй бол орчлон хорвоогоос гэтлэх боломжгүй ажээ.

Дээрхийн Гэгээнтэн:

“Тиймээс шүтэн барилдахуйн онолыг сайтар ойлгохын тулд хичээх хэрэгтэй.” гэв.

Номын айлдварын төгсгөлд тэрээр цугласан бүх хүмүүсийг удирдан бодь сэтгэл төрүүлэх зан үйл үйлдсэн юм.
Үзсэн: 1 318
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц