Энх тайвныг бүтээгч залуучууд ба Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хамтдаа Ал Жазера телевизэд ярилцлага өгөв

18-11-2017, 05:56  |  Хэвлэх

2017 оны 11 дүгээр сар 7

Энэтхэг, ХП, Дарамсала – Тэмцэл өрнөж буй улс орны төлөөлөгч залуучууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай энэ өглөө ахин уулзлаа. Энэ өдрийн уулзалт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ба Өмнөд Суданы төлөөлөгч Алуел Атем, Колумбын төлөөлөгч Паула Поррас нар хамтран Ал Жазера телевизэд цахим сүлжээгээр ярилцлага өгөх үйл явдлаар эхэлсэн юм. Тэд өдөр бүр англи хэлээр гардаг Ал Жазера телевизийн нэвтрүүлэгт оролцов.

Ярилцлагын эхэнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдрийн уулзалт хуучны дотны андууд уулзсан сайхан уулзалт байсан талаар ярьлаа. Энх тайвны төлөө хэрхэн идэвхтэй ажиллах талаар асуусанд хувь хүний дотоод сэтгэлийн амар тайван байдал дэлхийн энх тайванд чухал үүрэгтэй хэмээв. Тэрээр багадаа дотоод сэтгэлийг засах арга замыг номлосон их ном зохиол цээжилсэн бөгөөд энэ үед их залхуу байсан тухайгаа хошигнон ярив. Гэвч хожим том болсон хойноо тэр бүгд хичнээн чухал болохыг олж мэдсэн гэлээ.

Энх тайвныг бүтээгч залуучууд ба Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хамтдаа Ал Жазера телевизэд ярилцлага өгөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энх тайвны залуу манлайлагч нарын хамт Ал Жазера телевизэд ярилцлага өгч байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Энэ цугласан залуучууд нэг бол цагаачлан амьдарч буй, эсвээс дүрвэгсэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй хүмүүс ажээ. Ливаны сэтгүүлч Дээрхийн Гэгээнтнээс анх цагаачлан ирэх үеийн сэтгэгдлийг сонирхосон юм.

“Эхэндээ үнэхээр хүнд байсан. Гэвч бидэнд урт хугацааны турш Энэтхэг улстай нягт холбоотой байх боломж тохиосон юм. Энэтхэгийн ард түмэн болон засгийн газар, мөн бусад улс орны олон найз нөхдийн тус дэмжлэгээр эдүгээ бид нэг нэгэндээ анхаарал хандуулах чадвартай болсон. Хамгийн чухал нь олон мянган жилийн уламжлалтай сэтгэл оюуны мэдлэг боловсролыг бид өнөөг хүртэл хадгалан ирсэн бөгөөд үүнийгээ дэлхийн бусад олон хүмүүст түгээж, ямар чухал болохыг таниулах явдал билээ.”

Алуел нэвтрүүлэгт оролцон өчигдөр Дээрхийн Гэгээнтнээс өөрийн хүсэж байсан хариултаа авсан талаар ярьлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энд цугласан залуучуудын халуун дулаан сэтгэлийг бишрэн магтсан юм. Тэрээр хэдий өтөл насанд хүрсэн ч эдгээр залууст аль чадлаараа туслах ёстой, учир нь эдгээр залуучууд дэлхийн ирээдүй мөн хэмээв.

Энх тайвныг бүтээгч залуучууд ба Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хамтдаа Ал Жазера телевизэд ярилцлага өгөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энх тайвны залуу манлайлагч нарын хамт Ал Жазера телевизэд ярилцлага өгч байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр бусад хүмүүстэй таатай сайхан харьцаа үүсгэхийн эхний алхам нь сайхан инээмсэглэх гэлээ. “Би албархуу байдалд дургүй. Биднийг төрөх, үхэхэд ямар ч албархаг байдал хэрэггүй.” гэсэн юм. Тэрээр мөн хошигнон Хятадын албаны зарим хүмүүс түүнийг чөтгөр хэмээн үздэг талаар ярив. Гэсэн ч Хятадын ард түмнийг хүндэтгэдэг гэдгээ онцлон хэллээ.

Бирм дэх зөрчлийн талаар асуусанд энэ үнэхээр харамсалтай хэрэг гэв. Тэрээр “Би Бирмд үүссэн нөхцөл байдлын талаар анх сонсоод тэдэнд хандан Бурхан Багшийн дүрийг санах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Хэрэв Бурхан Багш тэнд заларсан бол муслимчуудыг хамгаалах байсан.” гэж хэлсэн тухайгаа ярив.
“Тайм сэтгүүлийн нүүрэнд лам хүний зурагтай “Буддын террорист уу?” гэсэн гарчиг бүхий нийтлэлийг олж хараад буддын эсвэл муслимын террорист гэдэг нэршил буруу гэж бодсон юм. Тэд террорист үйл ажил хийж л байгаа бол Бурхан Багш, эсвэл Аллах тэнгэрийн сургаалыг дагахаа зогсоож байна гэсэн үг. Тэд зүгээр л террористууд юм.”

“Нобелийн энх тайвны шагналтнуудын уулзалт дээр би Аун Сан Сү Читэй уулзахдаа энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй гэж хэлсэн. Тэр үнэхээр хүндрэлтэй байгаа талаар ярьсан юм.”

Энх тайвныг бүтээгч залуучууд ба Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хамтдаа Ал Жазера телевизэд ярилцлага өгөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энх тайвны залуу манлайлагч нарын хамт Ал Жазера телевизэд ярилцлага өгч байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.11.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Ямартаа ч халдлагад өртсөн хүмүүст туслаж байгаа хувь хүмүүс болон албан байгууллагат талархал илэрхийлье. Тэдний хийж буй үйл хэрэг энэ дэлхий хэдий адармаатай ч энэрэн нигүүлсэх сэтгэл байсаар байх болно гэдгийг харуулж байна. Үүнийг бид хөгжүүлэх ёстой.”

Өөрийн үеийн залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ гэсэн Паулагийн асуултанд залуучуудын ухаан саруул бөгөөд илүү нийтэч байдаг. Тиймээс залуучууд болон ахмадууд өөр хоорондоо санал бодлоо сайн солилцдог байх хэрэгтэй гэлээ.

Ал Жазера телевизийн нэвтрүүлэг өндөрлөсний дараа Дээрхийн Гэгээнтэн болон энх тайвны залуу манлайлагч нар уулзалтаа үргэлжлүүлэв. Дараа нь хамтдаа үдийн зоог барьснаар энэ удаагийн уулзалт өндөрлөсөн юм. Энэ үер Дээрхийн Гэгээнтэн зурагчид бидний гэдэс цадаж байгаа баяртай мөчийн зургийг авсан бол их сонирхолтой байх байлаа хэмээн хошигнов.
Үзсэн: 128
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц