“Бүх нийтийн хариуцлага ба энэрэнгүй сэтгэл”

21-11-2017, 15:44  |  Хэвлэх

2017 оны 11 дүгээр сар 19

Энэтхэг, Шинэ Дели – Олон өдөр үргэлжилсэн бүрхэг өдрийн дараа өнөөдөр тэнгэр цэлмэг байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Инээмсэглэл санд хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг тус сангийн үүсгэн байгуулагч, тэргүүн Сантану Мишра угтсан юм. Инээмсэглэл сангийн гол зорилго нь ядуу буурай хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдэд мэдлэг боловсрол олгох, тэдний эрүүл мэндэд анхаарах зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тус сангийн үйл ажиллагаа нь жилд 200 гаруй төслийг Энэтхэгийн 25 муж улсад явуулж, 400,000 гаруй ядуу буурай хүүхэд, гэр бүлд тусладаг байна.

“Бүх нийтийн хариуцлага ба энэрэнгүй сэтгэл”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Инээмсэглэл сангийн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдтэй хамт. Энэтхэг, Шинэ Дели. 2017.11.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Түүнийг лоббид орж ирэхэд найм, есөн настай хүүхдүүд инээмсэглэн угтлаа. Тэндээс нэртэй сэтгүүлч Рини Ханна тайзанд урьсан бөгөөд 620 зочидод түүнийг танилцуулав. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг гайхамшигтай хүн хэмээгээд “Энэрэл нигүүлсэхүйн бэлгэ тэмдэг болсон энэ хүн миний уулзаж учирсан олон хүнийг өөрчилсөн билээ” гэв. Мөн тэрээр Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө буддын эгэл лам хэмээн тодорхойлж үргэлж энээмсэглэж, хөхөрч, амьдралын утга учир бол аз жаргалтай амьдрах гэж хэлдэг хэмээн тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн болон цугласан олон зочидод тэргүүн Сантану Мишра Инээмсэглэл сангийн тухай товч танилцуулга хийгээд тэдэнд талархал илэрхийлсэн юм. Хүүхэд залуучууд түүнийг үгийг сайтар сонссоноор Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үзэл санаа өнө мөнхөд үргэлжлэх болно гэсэн юм. Төгсгөлд нь тэрээр Инээмсэглэл сангийн үндсэн зорилго нь ядуу буурай хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийг эрхээр хангаж, тэдний амьжиргааг дээшлүүлэх явдал хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан хүмүүст хандан “Ахан дүүс минь” хэмээн мэндлээд мэдлэг боловсролын салбарт, ялангуяа ядуу буурай хүмүүсийн мэдлэг боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж буй энэ байгуулагт хүрэлцэн ирж үг хэлж байгаадаа туйлын баяртай байна хэмээн мэдэгдлээ.

“Бүх нийтийн хариуцлага ба энэрэнгүй сэтгэл”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Бүх нийтийн хариуцлага ба энэрэнгүй сэтгэл" сэдэвт илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.11.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Би та нарт нэгэн түүх ярья. Хэдэн жилийн өмнө Бомбей хотоос нэгэн гэр бүл надаас адис хүртэхээр ирсэн юм. Би тэдэнд хандан “Адис жинлав энэ байна гээд өгчих зүйл надад алга. Та нарт харин жихэнэ адис жинлав бий. Та нар чинээлэг гэр бүл учир өөрсдийн хөрөнгө мөнгөнөөс Бомбей хотын ядуу буурай хүүхдүүдийн сурч мэдэх үйлсэд зарцуулбал жинхэнэ адис хүртэж байгаа нь тэр юм.” гэж хэлж билээ.

“Нөгөөтэйгүүр нэр хүндтэй нэгэн институтын залуучууд надаас хэрхэн сайн үйлс хийх вэ гэж асуусан юм. Би тэдэнд хандан мөн л ядуу буурай хүүхдүүдэд сурч мэдэх боломж олгох хэрэгтэй гэж зөвлөсөн. Хэнээс ч тусламж авч чадахгүй байгаа хүүхэд залуучуудад онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй гэж зөвлөсөн.”

“Энэтхэг оронд ардчилал, эрх чөлөө, мэдлэг боловсрол өргөн хүрээнд явагдаж байгаа ч баян, ядуугийн асар их ялгаа байсаар байна. Ядуучууд ард хоцорсоор байна.”

“Бүх нийтийн хариуцлага ба энэрэнгүй сэтгэл”
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын "Бүх нийтийн хариуцлага ба энэрэнгүй сэтгэл" сэдэвт илтгэлийг сонсож буй сурагч хүүхдүүд. Энэтхэг, Шинэ Дели. 2017.11.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Хэдэн жилийн өмнө би Өмнөд Африкийн Совето хотын нэгэн гэр бүлд зочилсон юм. Би тэдэнд хандан Өмнөд Африк ардчилалыг олсонд баяр хүргээд хар, цагаан африкчууд адил тэгш эрхтэй болох тэр өдрийн төлөө тэмцэх хэрэгтэй гэж зөвлөв. Гэтэл тэдний нэг нь толгойгоо сэгсрээд “Ийм боломж байхгүй, учир нь хар хүний уураг тархи цагаан хүнийхээс хүчин чадал дорой” гэж билээ. Би машид цочирдож, нэг ч уураг тархи судлаач хүн арьсны өнгөнөөс шалтгаалсан уураг тархины ялгаа байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. Миний нэлээдгүй ятгалгын дараа тэрээр санаа алдан зөвшөөрсөн юм.”

“Төвөдөд ч мөн адил Хятадын хатуу чиг бодлого баримтлагчид төвөд хүмүүсийг хятад хүнээс хүчин чадал дорой мэтээр тайлбарлан ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ нөхцөл бүрэн тохиолдолд төвөдүүд хятад хүмүүстэй адилхан сурч боловсрох чадвартай гэдгээ харуулсан.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа баян, хоосны ялгаанд анхаарал хандуулахдаа гол төлөв чинээлэг хүмүүс ядуу хүмүүсийн сурч мэдэх, боловсролыг хангах тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэж зөвлөлөө. Мөн дээр нь нэмээд ядуу хүмүүс хүнд хөдөлмөр эрхэлдэг тул тэдэнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь чухал байна гэсэн юм. Энэтхэгт ядуу буурай хүмүүсийг “доод кастын” гэж ялгадаг тухай ярьлаа. Тэрээр өөрийн үгийг сонсож буй хүмүүст хандан дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүн бүгд бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлөөрөө адилхан бөгөөд хүн төрөлхтөн гэдгээрээ ч адилхан гэж мэдэгдсэн юм.

“Бүх нийтийн хариуцлага ба энэрэнгүй сэтгэл”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Инээмсэглэл санд "Бүх нийтийн хариуцлага ба энэрэнгүй сэтгэл" сэдэвт илтгэл тавих үеэр. Энэтхэг, Шинэ Дели. 2017.11.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Инээмсэглэл сан нь ядуу буурай хүмүүст хандсан мэдлэг боловсрол олгох талын ажил нэлээдгүй хийсэн бөгөөд үр дүнгээ ч өгсөн байна. Үүнд би үнэхээр талархаж байна. Тиймээс ирэх таван жилийн хугацаанд би та нарын үйлсэд дэмжлэг үзүүлнэ. Мэдээгээр олон улс оронд хүүхдүүд хаягдаж, өлсгөлөнд нэрвэгдэж байгааг хараад миний өр эмтэрдэг. Учир нь би тэдэнд дорвитой нэмэр болж чадахгүй байна. Та бүхний үйл хэрэгт тус нэмэр болох нь тэдний төлөө хийж буй миний чадах зүйл билээ.”

“Мөн Энэтхэг орон миний хувьд онцгой орон тул би энд чухал үр дүнтэй ажил хийх ёстой. Сүүлийн 59 жил энд амьдарснаас гадна миний оюун санаа эртний Наландагийн үзэл онолоор тэтгэгдсэн юм. Учир шалтгааны зарчим дээр үндэслэдэг Наландагийн уламжлалд суралцсандаа би сэтгэл хангалуун байдаг. Энэхүү уламжлалыг 8 зууны үед Наландагийн гарамгай мастер Шантаракшита гэгээн Төвөдөд дэлгэрүүлсэн бөгөөд өнөөг хүртэл бид үүнд гүн нарийн суралцаж, хадгалан ирсэн юм.”

“Энэхүү уламжлалаас сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах зөв бөгөөд бодит арга замыг сурсан билээ. Буддын гүн ухаанд гүнзгий суралцдаг манай томоохон хийдийн эрдэмтэн лам нарыг англи, хинди хэл сайтар эзэмшиж, энэхүү мэдлэг боловсролыг өргөн хүрээнд дэлгэрүүлэх ажилд шаргуу оролцуулж байна.”

“Бүх нийтийн хариуцлага ба энэрэнгүй сэтгэл”
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас сурагч хүүхдүүд асуулт асуулаа. Энэтхэг, Шинэ Дели. 2017.11.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа өнөөгийн боловсролын тогтолцоо нь зөвхөн материаллаг зорилгод төвлөрсөн бөгөөд дотоод сэтгэлийн талаар орхигдуулсан болохыг дурдлаа. Ямартаа ч Энэтхэг орон нь оюун санаа хэрхэн ажилдаг ба сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгадаг арга замыг нарийн заасан эртний мэдлэг боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулж, сэтгэлийн амар амгаланг бий болгож чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

“Надад холын бодол бий. Гэвч үүнийг хэрэгжүүлэхэд би ганцдана. Тиймээс танай сан адил мэдлэг боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага нь миний зорилгодоо хүрэхэд тууштай нэмэр болж чадах юм. Цаг хугацаа явсаар байна. Өнгөрсөн цаг үе нэгэнт өнгөрсөн бөгөөд бид өнгөрснийг засаж залруулж чадахгүй. Бид үүнээс зөвхөн суралцана. Харин ирээдүйг бид өөрчилж чадна. Хэрэв бид яг одооноос эхлэн дорвитой алхам хийж чадвал энэ зууныг өнгөрсөн зуунаас илүү амар тайван, энэрэнгүй, аз жаргалтай эрин зуун болгож чадна гэдэгт би итгэлтэй байна.”

Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уур хилэнг хэрхэн арилгах талаар ярихдаа сөрөг сэтгэл хөдлөл хичнээн хор уршигтай болохыг тайлбарласан юм.

Хэзээ нэгэн цагт бид бүгдээрээ адилхан болох уу гэсэн асуултанд:

“Бид хэзээ ч зуун хувь адилхан болох боломжгүй, учир нь бид генийн хувьд адилгүй, зан төлөв ч адилгүй билээ. Гэвч бидэнд нийтлэг чанар бишгүй их бий. Бид бүгдээрээ эхээс төрсөн нь адилхан бөгөөд эхийн хайр энэрлээр тэтгэгдэж өссөн ба энэ нь бидэнд адилхан энэрэл хайрын үндсийг бий болгосон.” гэж хариулсан юм.

“Бүх нийтийн хариуцлага ба энэрэнгүй сэтгэл”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Инээмсэглэл сангийн хөтөлбөрт хамрагдсан сурагч хүүхдүүдтэй хамт зургаа татууллаа. Энэтхэг, Шинэ Дели. 2017.11.19. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Хэнээс урам зориг авдаг талаар асуусанд тэрээр сөрөг сэтгэл хөдлөлөө даван туулсан Бурхан Багш болон хутагт Нагаржуна тэргүүтнийг нэрлэлээ.

Дээрхийн Гэгээнтэн “Хэрэв оюун ухаан тань амгалан байвал асуудлыг амархан давж чадна. Жинхэнэ өөрчлөлт дан ганц залбирлын үр дүнд бий болдог бус, саруул оюун ухаанаа дайчилж, бодит алхам хийсний үр дүнд бий болдог.” хэмээгээд яриагаа өндөрлөлөө.

Талархалын үг хэлж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Инээмсэглэл сангийн хүмүүс болон Дели хотын долоон сургуулийн сурагч хүүхдүүдтэй хамт зургаа татуулсан юм.

Маргааш тэрээр Одиса мужийн Бхубанесвар хотыг зорино.
Үзсэн: 2 667
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц