Видяалока дахь уулзалт

18-12-2017, 03:27  |  Хэвлэх

2017 оны 12 дугаар сар 8

Энэтхэг, Мумбай, Махараштра – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чандигараар дамжин Дарамсала хотоос Мумбай хотод хүрэлцэн ирлээ. Цаг агаар дулаан боловч бүрхэг энэ өглөө тэрээр “Мэдлэг боловсрол – Эрх чөлөө” уриа бүхий Сомаяа Видяавихарын сургуулийн байранд зочилсон юм. Түүнийг тус сургуулийг үүсгэн байгуулагчийн ач хүү Самир Сомайяа эхнэрийн хамт угтлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүний өвөг эцгийг сайн таних ажээ.

Дээрхийн Гэгээнтэн эхлээд түүнийг хүлээн зогсох сурагч хүүхдүүдтэй мэндлэв.

Видяалока дахь уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сурагч хүүхдүүдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2017.12.08. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Өглөөний мэнд. Та нар бүгдээрээ сайн уу? Урд шөнө хэр сайн унтсан бэ? Би өдөрт есөн цаг унтаж, үүрээр 3 цагт сэрэн бясалгалаа эхэлдэг. Бясалгал маань миний оюун санааг тунгалаг байлгаж, юмсын мөн чанарыг илүү сайн танихад тусладаг. Мөн сэтгэл хөдлөлийн тухай бясалгадаг юм. Бид яагаад уурладаг, үүний эсрэг энэрэнгүй сэтгэлийн мөн чанар болон түүний давуу тал зэргийг бясалгадаг. Би амьдралдаа нэлээдгүй их бэрхшээлтэй учирсан боловч сэтгэл санаагаа дадлагжуулсны үр дүнд тэдгээрийг даван туулж чадсан юм. Сэтгэл санааны амгалан тайван байдал нь бидний биеийн болоод сэтгэлийн эрүүл мэндэд адилхан тустай болохыг би олж мэдсэн.”

Сомаяагийн хурлын танхимд 350 гаруй залуучууд түүнийг хүлээн байлаа. Тэрээр индэр дээр суудалдаа суугаад яриагаа эхлэв.

“Би энд эргэн ирсэндээ баяртай байна. Би олон жилийн өмнөөс Сомаяагийн гэр бүлтэй дотно болсон юм.”

Видяалока дахь уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомаяа кампуст илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2017.12.08. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Хүн төрөлхтний чухал үнэтэй зүйл бол бидний уураг тархи юм. Бид өөр хоорондоо ярилцаж, юмсын далд чанарыг нягтлах судлах чадвартай. Бурхан Багш энэ чадварыг бидэнд таниулан номлосон билээ. Тэрээр бурханы шашныг үндэслэснээс гадна би түүнийг аугаа их сэтгэгч, гүн ухаантан, мөн аугаа их шинжлэх ухаантан байсан гэж дүгнэдэг. Бурхан Багш өөрийн шавь нарт “Шижир алтыг танихын тулд шатааж, тасалж үздэгтэй адил миний сургаалыг олон талаас нь нягталж, судлах хэрэгтэй. Судалгаа хийсний дараа миний сургаалыг дагаарай. Дан ганц сүсэг бишрэлээр бүү дага” гэж айлдсан юм.”

“Наландагийн их мастерүүд болох хутагт Нагаржуна, ловон Чандракирти, Буддапалита нар Бурхан Багшийн энэхүү сургаалыг дагаж түүний олон ном сургаалд судалгаа хийсэн байна. Мөн ловон Дигнага, Дармакирти, Шантаракшита нар түүний учир шалтгааны ухааны номлолд өргөн судалгаа хийж, мөн нэлээдгүй олон ном зохиол туурвисан юм.”

“Би эдгээр эрдэмтдийн ном зохиолд долоон настайгаасаа суралцаж эхэлсэн. Гэвч би 13 настайдаа тэдний ном сургаал бидний сэтгэл оюуныг жолоодож, цэцэн тунгалаг байлгахад тун их ач холбогдолтой болохыг олж мэдсэн билээ.

Видяалока дахь уулзалт
Залуучууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2017.12.08. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Бид анх Энэтхэгт ирэх үедээ өөрсдийн соёл уламжлал, мэдлэг боловсролоо хадгалан хамгаалах тал дээр маш их анхаарч байлаа. Би ноён Неру, Ражендра Прасад, Радхакришнан нарын дэмжлэгийг авсан бөгөөд Энэтхэгийн засгийн газраас сүм хийдийн сургалтанд онцгой дэмжлэг үзүүлсэн юм.”

“1973 онд би анх удаа Европт хөл тавьсан бөгөөд 1979 онд ОХУ болон АНУ-д анх удаа очиж байлаа. Тухайн үедээ шинжлэх ухааны олон эрдэмтэд, олон ард иргэдтэй уулзсан юм. Тэдгээр хүмүүс бие махбодийн хувьд хичнээн ая тухай амьдарч байсан ч сэтгэл санааны түвшинд стресс, айдастай байсан нь миний гайхшралыг төрүүлж байлаа. Хэн ч зовлон бэрхшээлийг хүсдэггүй боловч бидэнд тохиож буй ихэнх зовлонг бид өөрсдөө бий болгосон. Сөрөг сэтгэл хөдлөл нь бидний дотоод сэтгэлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, биеийн эрүүл мэндийг сүйтгээд зогсохгүй бидний гэр бүл, улс нийгмийг маань ч хямралд автуулж байна.”

“Нийгмийн хүмүүсийн хувьд бидэнд найз нөхөд хэрэгтэй. Найз нөхдийн холбоо нь итгэл сэтгэл дээр үндэслэх бөгөөд бусаддаа анхаарал хандуулах, нигүүлсэн туслах сайхан сэтгэлийн үр дүнд бий болдог юм. Итгэл сэтгэлийг бид худалдан авч, эсвэл хүчээр булаан авах боломжгүй. Итгэлцэл нь сайхан сэтгэлээс үүдэлтэй боловч өнөөгийн материаллаг зорилго бүхий боловсролын систем үүнийг хөгжүүлж чадахгүй нь тодорхой байна. Орчин үеийн боловсрол бидэнд сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн арилгах арга замыг заахгүй байна. Тиймээс би эртний Энэтхэгийн Наландагаас өвлөн авч үлдсэн бидний мэдлэг боловсрол өнөөгийн адармаатай энэ дэлхийд сайн хүн бий болгоход үнэтэй хувь нэмэр болж чадах юм байна гэж бодож эхэлсэн билээ.”

Видяалока дахь уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сомаяа кампуст илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2017.12.08. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Саяхан болж өнгөрсөн нэгэн уулзалтанд би Бурхан Багш болон Махатма Ганди нар адилхан энэтхэг өв соёлоор хүмүүжсэн гэдийг тэмдэглэн хэлсэн. Өдгөө бидэнд ч эртний Энэтхэгийн соёл уламжлалд суралцаж, үр шимийг нь хүртэх боломж бүрэн бий.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа хэдийгээр энх тайвны талаар маш их ярьж байгаа боловч цөмийн зэвсэг оршсоор буй хүчирхийллийн ертөнцөд бид амьдарч байна гэсэн юм. Тэрээр зэр зэвсгээс татгалзахын тулд зөвхөн залбираад суулгүй үүний төлөө хөтөлбөр гаргаж тууштай тэмцэх хэрэгтэй гэлээ. Энэ жилийн Нобелийн шагналыг цөмийн зэвсгийг устгах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж олгох болсонд ихэд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдлээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама энэ чиглэлд ихээхэн хүчин зүтгэл гаргасан тухай тэмдэглэн хэлэв.

Цайны завсарлагын дараа асуулт хариулт явагдах үед Дээрхийн Гэгээнтэн бидний төрөх үеэс олж авсан энэрэн нигүүлсэхүйн үндэс бидний сэтгэлд байдаг талаар ярив. Хэдийгээр энэ нь хэмжээтэй, мөн ялган үзэхтэй холбоотой байдаг ч учир шалтгааны талаас нь бусдыг хайрлах, ялангуяа бусдыг ахан дүүс минь гэж харах чадварыг хөгжүүлснээр энэхүү энэрэнгүй үндсийг улам бүр өргөжүүлэх боломжтой гэдгийг тайлбарлалаа. Тэрээр “Бодьсадвын явдалд орохуй” номыг энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх хамгийн сайн увидсыг номлосон сургаал хэмээн онцлон хэлэв.

Видяалока дахь уулзалт
Залуучууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуулаа. Энэтхэг, Мумбай. 2017.12.08. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа дараа төрлийн тухай тайлбарлав. Бидний оюун ухамсарт эхлэл гэж үгүй тул үүнтэй нягт холбоотой байдаг төрөлд ч эхлэл үгүй хэмээв. Тэрээр урд насаа санадаг энэтхэг хоёр охин, төвөдийн хоёр хүүхэдтэй уулзаж байснаа яриад мөн өөрөө ч багадаа урд насаа санадаг байсан тухайгаа дурсан ярьлаа.

Мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бурхан Багшийг Кракучанда, Канакамуни, Гашяаба бурхадын дараа буюу энэ галавт залрах 1000 бурханы дөрөв дэх бурхан гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэрээр Бурхан Багш гэгээрлийн хутагт хүрсэн даруйдаа:

“Би гайхамшигт Дээдийн номыг олж авав. Гэвч үүнийг номлох аваас хэн бээр ч ойлгохгүй тул аглагт чимээгүй суумуй” гэж айлдсан гэдгийг дурдав.
Ямартаа ч 49 хоногийн дараа Бурхан Багш Саранат хотод анхны таван шавьдаа ном айлдсан байна. Бурхан Багш эхний сургаалдаа өөрийн бүх номлолын үндэс болох Хутагтын дөрвөн үнэн сургаалаа айлджээ.

Видяалока дахь уулзалт
Уулзалт явагдаж буй байдал. Энэтхэг, Мумбай. 2017.12.08. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн түүний үгийг сонсож буй хүмүүст хандан Бурхан Багшийн сургаалыг үнэхээр ойлгохыг хүсэж байгаа бол хутагт Нагаржунайн гайхамшигт зохиол, санскрит ба англи хэлээр орчуулагдсан “Билгүүний үндэс” номыг үзэж судлахыг хүслээ.

Мөн тэрээр Бурхан Багшийн анхны сургаал нь Хутагтын дөрвөн үнэний сургаал байсан бол хоёрдугаар сургаал нь билиг барамидын сургаал байсан ба үүнд гэгээрлийн тухай илүү гүнзгий тайлбарласан гэв. Харин гурав дугаар сургаалыг дагаж буддын гүн ухааны сэтгэл төдийтний үзэл онол дэлгэрсэн байна. Хоёр дугаар сургаалын үед гадаад юмс үзэгдлийг нарийн тайлбарласан бол гурав дугаар сургаалын үед дотоод сэтгэлийн мөн чанарыг гүнзгий тайлбарласан ажээ. Энэхүү сүүлийн сургаал нь дандрын ёсны Их мутарлаг болон Их төгсгөлийн сургаалын үндэс болдог байна.

Видяалока дахь уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдийн зоог барихаар зохион байгуулагч нарын хамт явж байгаа нь. Энэтхэг, Мумбай. 2017.12.08. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Тэрээр төгсгөлд нь орчин үеийн энэтхэг хүмүүс эртний Энэтхэгийн эдгээр мэдлэг боловсролыг сэргээх тал дээр илүү анхаарах хэрэгтэй хэмээн уриалсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Чанакяа ордонд хуралд оролцсон 350 хүмүүсийн хамт Энэтхэгийн үндэсний уламжлалт үдийн зоог барьсаны дараа буцав. Харин залуучууд сая сонссон Дээрхийн Гэгээнтний айлдварын талаар бүлэг бүлгээр хуваагдан хэлэлцэж, төвөдийн эрдэмтэн гэвш нараас лавлаж байлаа.
Үзсэн: 351
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц