Бясалгал, шинжлэх ухааны төвийн нээлт

2-01-2018, 04:37  |  Хэвлэх

2017оны 12 дугаар сар 14

Энэтхэг, Карнатака, Мундгод - Брайбун Лосалин дацангийн 11 акр эзэмшил газрын дотор баригдсан Бясалгал, шинжлэх ухааны шинэ төвийн гол барилгууд улаан латерит баганын эгц өмнө баригджээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Брайбун хийдийн цогчин дуганаас хөдлөхөд төвөд сүсэгтнүүд зам дагуу эгнэн зогсож, гар даллан мэндчилж байв.

Дээрхийн Гэгээнтэн тууз хайчлан төвийг нээсний дараа уншлага уншиж, арвай будаа цацлаа. Тэрээр дотогш орж барилгын гэрэл ассаны дараа тус төвийн шинэ цахим хуудсыг нээх эхний товчлуурыг мөн дарав.

Бясалгал, шинжлэх ухааны төвийн нээлт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бясалгал, шинжлэх ухааны төвийн шинэ цахим хуудсыг нээх товчлуурыг дарж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.14. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дараа нь Далай Лам шинжлэх ухааны үзэсгэлэнтэй танилцлаа. Үзэсгэлэнгийн үзүүлбэр бүрт шинжлэх ухааны суурь зарчим, тухайлбал татах хүч, электрон соронзон орон, гэрэл оптикийн хууль зэргийн тайлбарыг төвөд хэлээр бичиж хадсан байв. Тухайн үзүүлбэрийг тайлбарлахаар лам нар мөн зогссон байлаа.

Амфитеатр хэлбэрээр зассан суудалд 400 эмэгтэй, эрэгтэй лам хувраг, багш нар, ажилтнууд болон дэмжигч нар хуран цуглажээ. Дээрхийн Гэгээнтэн болон бусад хүндэт зочидтой гэвш Еши Галсан мэндчиллээ. Гэвш Лувсан Цэрин өөр газар багшилж байгаа учраас төвийг танилцуулах үүрэг шинжлэх ухааны төслийн удирдагчдын нэг гэлэн Түвдэн Цэринд оногдсон байна. Тэрээр Брайбун хийд эртний Энэтхэгийн арван их, бага ухааны сонгодог мэдлэгийг хэрхэн хадгалж хамгаалж байгаа талаар тайлбарлан ярьсан юм.

2009 оноос орчин үеийн шинжлэх ухааны хичээл сургалтын хөтөлбөрт оржээ. Тоо болон англи хэл нь шинжлэх ухааныг ойлгох нөхцөл учраас тэдгээрт суралцах боломжийг бий болгосон байна. Үр дүнд нь гэвш Лувсан Тэнзингийн санаачлагаар 400 гаруй сурагч Емори их сургууль, Брайбун хийд, Дарамсала дахь Төвөдийн уран зохиол болон архивын номын сангаас хэрэгжүүлсэн гайхалтай хөтөлбөр болох Эмори-Төвдийн Шинжлэх Ухааны санаачлагад оролцон, дээрх хичээлүүдийг судалж байгаа аж.

Брайбун Лосалин хийдийн хамба Дээрхийн Гэгээнтэн болон бусад зочдод мэндчилгээ дэвшүүлэв. Дээрхийн Гэгээнтэн ихээхэн урам зориг өгсөн учраас төвөд хийдүүд орчин үеийн шинжлэх ухааныг сонирхох болсон тухай тэр ярилаа. 2016 оноос Брайбун, Сэра, Гандан гэсэн 3 том хийдийн албан ёсны сургалтын хөтөлбөрт шинжлэх ухааны хичээлүүд орох болсон байна. Хүний аз жаргалын үнэт зүйлс болсон хайр, энэрлийн ач холбогдлыг сэтгэлдээ санахын хамт орчин үеийн шинжлэх ухааныг таньж мэдсэнээр Брайбун Лосалин хийдийнхэн Дээрхийн Гэгээнтний мөрөөдлийг биелүүлэхэд бага ч атугай хувь нэмрээ оруулж байгаа хэмээн тэрээр хэллээ. Хамба лам Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан наслахыг, түүний хүсэл мөрөөдөл биелэхийг хүсэн ерөөв.

Бясалгал, шинжлэх ухааны төвийн нээлт
Брайбун Лосалин хийдийн хамба лам, гэвш Лувсан Еши үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.14. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Эртний Энэтхэгээс улбаатай шинжлэх ухаан хийгээд гүн ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай харьцуулан судлах боломжийг бүрдүүлсэн Бясалгал, шинжлэх ухааны төв байгуулсан Брайбун Лосалин хийдэд гүнээ талархаж буйгаа Далай Лам илэрхийлэв.

“Энэ бол богино хугацааны санаачлага бус, харин урт удаан настай төсөл мөн. Энэ үнэтэй үйл хэргийг дэмжсэн Эмори их сургууль болон бусад бүх хүнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.”

“Бидний эх дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн бүгд аз жаргалыг хүсч, зовлонг үл хүснэ. Гэсэн хэдий ч хүмүүс бие биенээ хөнөөж, зарим нь өлсгөлөнгөөр үхэж үрэгдэж байгаа мэдээг бид байнга сонсож байна. Бид хийж чадах зүйлээ хариуцлагатайгаар хийх цаг иржээ.”

“Дэлхийн олон оронд боловсролын салбарт ахиц дэвшил гарч байгаа ч, ихэнхдээ материаллаг хөгжилд чиглэгдсэн, дотоод амар амгалангийн эх болох хайр, нигүүлслийг үл тоомсорлож байгаа нь зохимжгүй юм. Өнөөдөр ‘бид’ ба ‘тэд’ гэж ангилахдаа, мөн бусад таагүй үйл хэрэгтээ шашныг хүртэл ашиглах боллоо.”

“20 дугаар зууны эхэн үед энх тайвны тухай багахан ярьдаг байжээ. Харин олон удаагийн дайн дажны дараа, үй түмээр устгах зэр зэвсэг үйлдвэрлэсний дараа буюу өнгөрсөн зууны төгсгөл үеэс хүмүүсийн хандлага өөрчлөгдөж ирсэн юм. Байнга өөр хоорондоо тэмцэлдэх шаардлагагүй гэдгийг хүмүүс ойлгох болсон. Даян дэлхийд энх тайван тогтоохыг хүмүүс эрмэлзэх болсон байна. Жишээ нь Европт түүхэндээ дайсагналцаж ирсэн Франц, Герман зэрэг улсууд нийтийн эрх ашгийн төлөө Европын Холбоог үүсгэн байгуулсан билээ.”

Бясалгал, шинжлэх ухааны төвийн нээлт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам лам хувраг нарт яриа хийж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.14. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Зэр зэвсгийн хүчээр энх тайвныг тогтоох боломжгүйг улам олон хүн ойлгох болсон. Сэтгэлийн амар амгалан дээр суурилсан шинэ хандлага бидэнд хэрэгтэй байна. Тиймээс дотоод амар амгаланг бусниулагч биеэ тоох, уурлах, атаархах сэтгэлийг таньж, тэдгээртэй тэмцэх арга замыг олж хэрэгжүүлэх шаардлагатай. Бид эрүүл саруул явахын тулд бие бялдрын эрүүл ахуйг сахьдаг лугаа сэтгэлийн эрүүл ахуйг сахих хэрэгтэй байна. Сэтгэлийн амар амгаланг бий болгохын тулд сүм хийд барих бус, харин сэтгэлтэйгээ тулж ажиллах шаардлагатай.”

“Иуд-Христийн шашинд бүтээгч Бурханд итгэх итгэл нь олон хүнд ач тусаа өгдөг ч, сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийг бага анхаардаг. Бидний аз жаргалтай байх эсэх нь биднээс өөрсдөөс маань хамаарна. Уур хилэн, өөрт хамаатуулах, бодит байдлын ташаа ойлголтоос ангижрахын тулд сэтгэлээ номхотгохыг Бурхан Багш сургасан юм.”

“Аливаа юмс мөн чанартаа оршдог гэсэн бодол нь сэтгэлийн бохирдол, цаашлаад сөрөг үйл хөдлөлд биднийг хөтөлдөг. Эртний Энэтхэгийн мэдлэг ухаан дотроос энгийн төвлөрөл хийгээд юмсын мөн чанарыг таних ухааныг бид олж харж чадах бөгөөд үүн дээр шашны аливаа номлол үгүйгээр сэтгэлийн талаар хэлэлцэх боломжтой. Өнөөгийн Энэтхэгийн эрдэмтэд бидний ийм төрлийн хэлэлцүүлэгт оролцоно гэдэгт итгэж байгаа ч, орчин үеийн энэтхэг залуусын ихэнх нь дотоод сэтгэлийн хөгжлөөс илүү материаллаг хөгжилд санаа тавьж байна.”

Бясалгал, шинжлэх ухааны төвийн нээлт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 400 гаруй лам хувраг сонслоо. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.14. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Трисон Дэцэн, Шантаракшита, Гүрү Бадмасамбавагийн ач буянаар төвөдүүд бид учир шалтгааны ухаанд тулгуурласан агуу Наландагийн уламжлалыг хадгалан үлдэж чадсан билээ.”

Эрдэмтэд тархины үйл ажиллагааны талаар улам нарийн судалгаа хийж байгаа талаар Дээрхийн Гэгээнтэн ярилаа. Тэд эхлээд мэдрэхүйгээр дамжин илрэх ухамсар дээр анхаарлаа хандуулж байсан бол одоо оюун ухааны ухамсрыг сонирхох болсон байна. Жишээ нь олон эрдэмтэн тархины уян хатан чанарт бясалгал нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс энэхүү шинэ төв нь шинжлэх ухаанд анхаарал хандуулахын зэрэгцээ бясалгалд ч мөн адил анхаарлаа хандуулж байгаад сэтгэл ханамжтай буйгаа тэрээр илэрхийлэв.

Шинжлэх ухаан юуг оршин буйг нотолсон, юуг хараахан нотолж чадаагүй байгаа гэдгийг ялгаж харахын чухлыг Дээрхийн Гэгээнтэн анхаарууллаа. Ил харагдаагүй бол үл оршино гэж үзэх нь хангалтгүй. Бурхан Багшийн сургаалийг дагадаг хэн боловч сохроор шүтэн бишрэх бус, харин учир шалтгаанд суурилсан эрүүл ухаанаар шүтдэг 21 дүгээр зууны буддистууд байхыг тэр уриаллаа.

Нэгэнтээ Мао Зэдун өөрийгөө шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, шашин бол хор хэмээн хэлж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурслаа. Хэрвээ Мао амьд сэрүүн байсан бол Наландагийн уламжлалыг арай өөрөөр бодох талаар түүнийг сэнхрүүлэх байсан гэж боддог хэмээн хошигнон хэлэв.

Бясалгал, шинжлэх ухааны төвийн нээлт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварын үеэр. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.14. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Лосалин хийдийн менежер арга хэмжээний төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад хүндэт зочдод талархал илэрхийллээ. Тус төв бусад сүм хийдийн лам хуврагуудад нээлттэй бөгөөд Эмори-Төвдийн Шинжлэх Ухааны санаачлага, эмэгтэй хуврагуудад зориулсан Эмори-Төвдийн Шинжлэх Ухааны санаачлага зэрэг хөтөлбөрт хамрагдах боломжтойг тэр хэллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Потала ордондоо эргэн залрах болтугай гэсэн ерөөлөөр үйл ажиллагааг өндөрлүүллээ.
Үзсэн: 1 082

Холбоотой мэдээ:
  • Брайбун Лосалин дацангийн Шинжлэх ухаан, бясалгалын төвийн нээлтэнд оролцлоо
  • "Төвөд - Емори" шинжлэх ухааны хурал. (3 дахь өдөр) Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун хийд. 2016.12.20.
  • "Төвөд - Емори" шинжлэх ухааны хурал. (2 дах өдөр) Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун хийд. 2016.12.19.
  • "Төвөд - Емори" шинжлэх ухааны хурал. (1 дэх өдөр) Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун хийд. 2016.12.18.
  • Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын 81 насны ойн баярын фото сурвалжлага. Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун хийд. 2016.07.06.
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц