Энэтхэгчүүдэд зориулан айлдаж буй номын айлдварын хоёр дахь өдөр

20-02-2018, 05:41  |  Хэвлэх

2018 оны 1 дүгээр сар 6

Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Энэ өглөө мөн адил хүйтэн байсан боловч түмэн олон хуран цуглах үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн сүмээс машинаар морилон ирлээ. Тэрээр замдаа цугласан олны зүг гар даллан мэндэлж, сэнтийндээ залрахын өмнө сүсэгтэн олонд мэхийн ёслов. Наланда Шикша төвийн хэсэг хүмүүс Мангала судрыг пали хэлээр уншсаны дараа сургуулийн сурагч хүүхдүүд Билгүүний Зүрхэн судрыг санскрит хэлээр уншлаа.

Наланда Шикша төвийн зохион байгуулж буй энэ удаагийн номын айлдварт нийтдээ 2000 гаруй гишүүд нь оролцож байгаа ажээ. Тэд Дели, Чандигар, Жамму мужаас 300 коллежийн оюутан, Санкисагийн буддын төвөөс 200, орон нутгийн 600 оюутан, мөн Жамму Кашмер, Химачал Прадеш, Уттар Прадеш, Гоа, Андра Прадеш, Тамил Надду, Карнатака, Сикким, Одиса зэрэг мужуудаас гишүүд цугласан байна. Тэдгээр хүмүүст зориулан хинди хэлээр уг номын айлдвар орчуулагдан явж байгаа ажээ.

Энэтхэгчүүдэд зориулан айлдаж буй номын айлдварын хоёр дахь өдөр
Хинди хэлний орчуулагч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг орчуулж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.06. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Мөн 69 орноос хүрэлцэн ирсэн 3000 гаруй гадаадын иргэд уг номын айлдварт хамрагдав. Эдгээр хүмүүст зориулан богино долгионоор англи, орос, франц, хятад, солонгос, вьетнам, япон, испани хэлээр орчуулсан бөгөөд мөн төвөдийн амду, хам аялагаар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг хөрвүүлж байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын эхэнд хутагт Нагаржунайн айлдсан “Билгүүний Үндэс” номын мөргөлийн шүлэг, мөн хутагт Майдарын айлдсан “Илт Онохуйн Чимэг” номын мөргөлийн шүлгийг уншив.

“Бидний зарим нь алс холоос энд зорин ирсний гол зорилго нь бид бүгдээрээ аз жаргалтай байж, зовлонгоос салахыг хүссэний учир юм. Хорхой шавьж хүртэл үүнийг л хүсдэг. Гэтэл бид үүнийг ойлгохыг хүсдэггүй, зөвхөн өөрийгөө л боддог. Бид амин хувиа хичээсний хор уршиг, бусдын төлөө гэх сайхан сэтгэлийн ач тусыг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй гэж батласан. Шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран бусдын хайр халамжийг та таатай сайхнаар хүлээн авдагтай адил бусад хүмүүс ч таны эелдэг сайхан сэтгэлийг талархан хүлээж авах нь тодорхой.”

“Хүмүүс уур хилэн, үзэн ядалтанд амархан автаж байна. Үүний оронд бид энэрэл хайр, тэвчээр, сэтгэл хангалуун байдлыг бий болгох хэрэгтэй. Эртний Энэтхэгийн их мэргэд сэтгэлийн амар амгаланг олох арга замыг заахын зэрэгцээ сэтгэлийн амар амгаланг юу бусниулдаг болохыг ч тайлбарлан таниулсан юм. Та хичнээн тав тухтай орчинд амьдарч байсан ч таны сэтгэл санаа тухгүй бол эргэн тойрны сайхан эд зүйлүүд таныг аз жаргалтай болгож чадахгүй. Нөгөөтэйгүүр таны сэтгэл санаа аз жаргалаар дүүрэн бол тав тухгүй орчинд ч та амар тайван байж чадна. Хамгийн чухал зорилго бол бидний дотоод сэтгэлийн амар амгалан юм.”

Энэтхэгчүүдэд зориулан айлдаж буй номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгчүүдэд зориулан номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.06. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь айлдахдаа Бурхан Багшийг эртний Энэтхэгийн мэдлэг уламжлалын үр дүнд бий болсон гэлээ. Тэрээр бидний асуудал бэрхшээлүүд сөрөг сэтгэл хөдлөл болох уур хилэн зэргээс үүдэлтэй болохыг таниулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн мөн юмс үзэгдэл өөрийн мөн чанараар оршиж буй мэт боловч түүнийг нягталж судлахын хэрээр уг мөн чанар нь олдохгүй болдог. Учир нь тэд бүгд бусадтай харилцан шүтэлцэж оршдог болохыг тайлбарлаа.

Тэрээр номын айлдвараа цааш нь үргэлжлүүлэхдээ шүтэн барилдахуйн талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Шүтэн барилдахуй гэдэг нь юмс үзэгдэл нөхцөл, шалтгаан зэрэг олон зүйлд шүтэж, тулгуурлаж бий болдог байна. Тэрээр жимсны үр хэрхэн ургаж, эцэстээ жимс болохыг хүртэл олон янзын нөхцөл шалтгаан шаарддаг болохыг жишээ болгон тайлбарлав.

Энэтхэгчүүдэд зориулан айлдаж буй номын айлдварын хоёр дахь өдөр
Номын айлдварт нийт 50,000 гаруй хүмүүс хамрагдав. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.06. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Номын айлдварын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш бодь сэтгэл үүсгэх зан үйл үйлдэхийн зэрэгцээ зарим нэгэн тарнийн аман эшийг хүртээнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн “Энэтхэгийн буддын сургаал дахь шинжлэх ухаан, гүн ухаан” номын нээлтэнд Бихар мужын ерөнхий сайд Нитиш Кумар оролцоно гэдгийг ч мэдэгдэв.
Үзсэн: 1 383
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц