Айлдварын 3 дахь өдөр ба “Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан” номын эхний боть хэвлэгдэн гарав

24-02-2018, 04:07  |  Хэвлэх

2018 оны 1 дүгээр сарын 7

Энэтхэг, Бихар, Бодгаяа – Наланда Шикша байгууллагын хүсэлтээр 3 дахь өдрөө ном айлдаж байгаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Калачакра Майдан руу хөлгийн жолоог залахад хүйтэн зэврүүн манан хөөрч, нар ээж эхэллээ. Пали хэл дээр Мангала судрыг уншсаны дараа Майдар сургуулийн сурагчид санскрит хэлээр “Наландагийн 17 их бандидагийн соёрхлыг” уншив. Энэхүү соёрхлоос үүдэн их бандида нар ямар агуу хүмүүс байсан, Бурхан Будда сургаалиа учир шалтгааны ухаан дээр үндэслэн айлдсан нь хэрхэн чухал болох тухай Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.

Айлдварын 3 дахь өдөр ба “Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан” номын эхний боть хэвлэгдэн гарав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварынхаа 3 дахь өдөр Калачакра Майданд хүрэлцэн ирэх үед. Энэтхэг, Бихар, Бодгаяа. 2018.1.7. Гэрэл зургийг Лувсан Цэрэн
“Эдгээр агуу их багш нарын бүтээл туурвилыг өнөөдөр үзэх боломжтой байгаа нь ямар их гайхамшигтай хэрэг вэ? Тэдгээрийг уншиж судалж, сурах бичиг болгон хэрэглэж, тэнд байгаа мэдлэгийг бусадтай хуваалцах боломж бидэнд байна гэдэг бол их хувь тавилан юм.”

“Өнөөдөр би бодь сэтгэл үүсгэх зан үйл хийхийг хүсч байна. Хайр, нигүүлслийн сургаалиас гадна Бурхан Багш хүч үл хэрэглэх тухай сургаалиа мөн айлдсаныг өнөө үед тунгаан бодох нь зүйтэй. Хүч үл хэрэглэхийн давуу тал хийгээд хүчирхийллийн сөрөг талын талаар бид бодох ёстой. Үүний нэгэн адил бусдад туслах хийгээд амин хувиа хичээх үзлийг харьцуулан тунгаах шаардлагатай байна. Бодь сэтгэл бол хамаг амьтанд туслах хүслийг төлөвшүүлэн түгээх гэсэн үг бөгөөд энэ хүслийг төрүүлэхэд энэ ариун дагшин газар хамгийн тохиромжтой нь билээ.”

Агуу их явдлын болоод гүн үзлийн дамжлагыг үндэслэгч Майдар, Манзушири тэргүүтэй найман бодьсадва нарын хүрээлэл дунд байх Бурхан Багшийг төсөөлөн бодохыг Дээрхийн Гэгээнтэн хуран цугласан олноос хүслээ. Тэрээр мөн Нагаржуна гэгээн, Сараха гэгээн, 84 махасидха, махашяпа, Бурхан Багшийн дараа заларсан 7 их гэгээнийг дурдав. Нинма урсгалаас Шантаракшита гэгээн, Гүрү Бадмасамбава, Трисон Дэцэн болон Бадмасамбавагийн 25 шавийг, гаржүд урсгалаас агуу орчуулагч Марпа, Мял богд болон Гамподаг, сажа урсгалаас Вирупагийн дараа заларсан 5 их багшийг, сажа, нгорпа болон царпа урсгалыг дэмжигчдийг, гаадамба урсгалаас Атиша гэгээн болон Бромдон гэгээнийг, Богд Зонхов болон түүний шавь Жамбалжамц, Срай ба Вэнса дамжлагын хуврагууд зэрэг хамаг амьтны тусын тулд гэгээрэлд хүрэх хүсэл эрмэлзлийн бодит баталгаа болсон бүхнийг төсөөлөн бодохыг Дээрхийн Гэгээнтэн хүслээ.

Айлдварын 3 дахь өдөр ба “Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан” номын эхний боть хэвлэгдэн гарав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч буй сүсэгтэн олон. Энэтхэг, Бихар, Бодгаяа, 2018.1.7. Гэрэл зургийг Лувсан Цэрэн
Дээрхийн Гэгээнтэн эхлээд долоон бадаг залбиралыг, дараа нь бодь сэтгэл үүсгэх уншлагыг уншлаа.

Бурхан, ном, хувраг гуравт
Бодийн хутаг хүртэл би бээр аврал одуулмуй
Өөрийн үйлдсэн өглөг тэргүүтний чуулганаар
Хамаг амьтны тусын тулд би бурхан болох болтугай


Будда Шагжамуни, Жанрайсиг бурхан, Манзушир бурхан, Арьяа Дарь Эхийн тарнийн дамжлагыг аман эшийг өгснөөр Дээрхийн Гэгээнтэн ёслолын арга хэмжээг өндөрлүүллээ.

Айлдварын 3 дахь өдөр ба “Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан” номын эхний боть хэвлэгдэн гарав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 3 дахь өдрийн айлдварын үеэр. Энэтхэг, Бихар, Бодгаяа, 2018.1.7. Гэрэл зургийг Лувсан Цэрэн
Дээрхийн Гэгээнтэн айлдвараа үргэлжлүүлэн “Мухгийн харанхуй гэж юу вэ?” гэсэн асуулт тавьлаа. Энэ нь юмс үзэгдлийн мөн чанарын талаарх ташаа ойлголт бөгөөд уг ойлголт нь аливаа золгүй явдал бүхний үндэс болдог. Хурц оюун ухаант шавь нар учир шалтгааны ухаан дээр үндэслэн өөрийн итгэл үнэмшлийг олж чадна гэдгийг тэрээр тэмдэглэн хэлээд, Наландагийн 17 их бандидагийн соёрхлоос эш татав.

Үүний дараа хэсэг хугацаанд завсарлаж Бихар мужийн тэргүүн сайд Шри Нитиш Кумарыг морилон ирэхийг хүлээлээ. Тэргүүн сайд “Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан” номын англи орчуулгын эхний ботийг хэвлэн гаргасны нээлтийн арга хэмжээнд оролцох ёстой байв. Төдөлгүй Шри Нитиш Кумар морилон ирж, индэрт гаран Дээрхийн Гэгээнтэнтэй нэгдлээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын офисыг төлөөлж Тэнзин Таклха тэргүүн сайдыг угтаад, номын эхний боть болох “Физик ертөнц” номыг танилцуулахыг цуврал бүтээлийн ерөнхий редактор Др. Түвдэн Жинбагаас хүсэв.

Айлдварын 3 дахь өдөр ба “Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан” номын эхний боть хэвлэгдэн гарав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бихар мужийн тэргүүн сайд Нитиш Кумартай мэндчилж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодгаяа, 2018.1.7. Гэрэл зургийг Лувсан Цэрэн
“Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан” төслийг Дээрхийн Гэгээнтэн болон тэргүүн сайдын өмнө танилцуулах нэр хүндтэй үүрэг оногдсонд талархаж буйгаа др. Жинба илэрхийлээд,

"Энэ төслийн санаачлагыг Дээрхийн Гэгээнтэн өөрийн биеэр дэвшүүлсэн бөгөөд эрдэмтдийн багийн он удаан жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд цуврал хэвлэгдэн гарахад Дээрхийн Гэгээнтний байнгын анхаарал халамж чухал үүрэг гүйцэтгэсэн. Цувралд бодит ертөнцийн мөн чанарын тухай буддын сонгодог шинжлэх ухаан ба гүн ухааны ололтуудыг оруулахдаа орчин үеийн уншигчдад ойлгомжтой байх бичлэгийг сонгосон. 4 боть ном гарахаас эхний боть буюу физик ертөнийн тухай боть хэвлэгдэн гарсныг өнөөдөр албан ёсоор танилцуулж байна.”

“Энэхүү цувралыг гаргаж байгаа нь түүхийн том дэвшил билээ. Нэгдүгээрт, Энэтхэгийн буддын агуу сэтгэгчдид аливаад шинжлэх ухаанч арга барилаар хандаж байсан явдал нь юуны өмнө буддын сэтгэлгээний түүхэн дэх гарамгай ололт байсан юм. Дээрхийн Гэгээнтний ач буянаар өнөөгийн уншигчид Энэтхэгийн буддын сэтгэгчдийн үзэл санаатай шинжлэх ухааны үүднээс танилцах боломж анх удаа буй боллоо.”

“Хоёрдугаарт, энэхүү цуврал нь хүн төрөлхтний үзэл санааны түүхэнд онцгой хуудсыг нэмэх болно. Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний үзэл санааны, ялангуяа шинжлэх ухааны түүхийг Европ төвтэйгээр бичиж ирсэн бөгөөд Өрнөдөөс ангид орших соёл иргэншлийн агуу өвд маш бага анхаарал хандуулж ирсэн нь нууц биш ээ. Гэвч шинжлэх ухаанч сэтгэлгээний нарийн уламжлал эртний Энэтхэгт цэцэглэн хөгжиж байсныг эдгээр боть ном батлан харуулах болно. Энэтхэгийн агуу сургуулиуд хүний сэтгэл, оюун ухааны үйл ажиллагааг танин ойлгох арга замыг нээж, улмаар сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлөө хянах, дадуулах бясалгалын арга техникийг хөгжүүлж байжээ.”

Айлдварын 3 дахь өдөр ба “Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан” номын эхний боть хэвлэгдэн гарав
Др. Түвдэн Жинба “Боть 1: Физик ертөнц” номыг танилцуулж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодгаяа, 2018.1.7. Гэрэл зургийг Лувсан Цэрэн
“Гуравдугаарт, энэхүү цувралд орох эх сурвалжийг Төвдийн хоёр том судар бичиг болох Ганжуур, Данжуураас түүвэрлэн авсан бөгөөд Энэтхэгийн үнэт уламжлалыг бид хадгалан авч үлдсэний хувьд төвдийн ард түмнээс энэтхэгийн ард түмэн хийгээд дэлхий дахинд барьж байгаа бэлэг болгон энэхүү цувралыг бүтээж байгаа юм.”

Бихар мужид өнө эрт үед Энэтхэгийн алдарт Наланда, Викрамашила, Одантапури зэрэг шашны агуу хийд, сургууль цэцэглэн хөгжиж байсан учраас энэхүү түүхэн цувралын нээлтийг хийхэд Бодгаяа хот хамгийн тохиромжтой нь эргэлзээгүй” хэмээлээ.

Др. Жинба албан ёсоор номонд хүрэхийг Бихар мужийн тэргүүн сайд болон Дээрхийн Гэгээнтнээс хүсэв. Энэ ёслол нь багш шавийн барилдлага бүхий Энэтхэг ба Төвдийн харилцаа хийгээд эрдэм мэдлэгийн хамтын өв сангийн бэлэгдлийг илэрхийлж байгаа ажээ. Өнөөгийн Энэтхэгийн залуу үеийнхэнд Энэтхэгийн сонгодог уламжлалт мэдлэгийг шинээр түгээн дэлгэрүүлэх үүргийн талаар Дээрхийн Гэгээнтэн сүүлийн үед ихээхэн ярих болсон тухай тэрээр мөн тэмдэглэн хэллээ. Эцэст нь тэр номыг англи хэлнээ хөрвүүлсэн др. Иан Коглан болон АНУ-ын “Wisdom Publications” , Энэтхэгийн “Simon & Schuster” хэвлэлийн газруудад талархал илэрхийлсэн байна.

Айлдварын 3 дахь өдөр ба “Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан” номын эхний боть хэвлэгдэн гарав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Бихар мужийн тэргүүн сайд Нитиш Кумар нар “Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан , Боть 1: Физик ертөнц” номыг танилцуулах нээлтийн ажиллагаан дээр. Энэтхэг, Бихар, Бодгаяа, 2018.1.7. Гэрэл зургийг Лувсан Цэрэн
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын офисыг төлөөлөн Тэнзин Таклха номыг олон түмэнд танилцуулахыг Далай Лам болон тэргүүн сайдаас мөн хүслээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжихэд хувь нэмрээ оруулсан бүх хүнд тэрээр талархал илэрхийлэв. Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн судалгааны багийн ахлагч, Намжал хийдийн хамба лам Тромток ринбучи, зөвлөх болон редакторын үүрэг үйцэтгэсэн Сера Ме сургуулийн гэвш Янтен ринбучи, Гандан Шарзэ хийдийн хамба лам, гэвш Жанчүв Сэнгэ, Гандан Жанзэ сургуулийн гэвш Чиса Друнчин ринбучи, Брайбун Гоман дацангийн гэвш Лувсан Хаймчок, арга хэмжээнд хараахан ирж оролцож амжаагүй Дрепун Лослин дацангийн гэвш Агваан Санжай нарт тэрээр онцгойлон баяр хүргэлээ.

Шри Нитиш Кумар хурсан олонд хандан хинди хэлээр мэндчилгээ дэвшүүлэхдээ Дээрхийн Гэгээнтний хамт энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын баяртай буйгаа илэрхийллээ. Тэрээр өнгөрсөн жил мөн Дүйнхорын вангийн үеэр Бодгаяад ирж байснаа дурсан санав. Энэхүү цуврал номоор дамжуулан өргөн олон өөрийн төрөлх хэлээр Наландагийн уламжлалын үзэл санаатай танилцах боломжтой болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэргүүн сайд уламжлалаа. Бурхан Буддагийн гэгээрсэн газар, Наланда, Викрамашила болон саяхан туурийг нь шинээр олж илрүүлсэн Телхара зэрэг агуу хийд, сургуулиуд хэзээ нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан энэ ариун дагшин газарт анхны англи хэл дээрх ботийг нээж байгаа нь зүй ёсны хэрэг гэж үзэж буйгаа тэргүүн сайд мөн хэллээ. Энэхүү арга хэмжээнд урьж оролцуулсан Дээрхийн Гэгээнтэнд тэрээр талархал илэрхийлэв.

Айлдварын 3 дахь өдөр ба “Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан” номын эхний боть хэвлэгдэн гарав
Бихар мужийн тэргүүн сайд Нитиш Кумар мэндчилгээ дэвшүүлж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодгаяа, 2018.1.7. Гэрэл зургийг Лувсан Цэрэн
“Миний анд тэргүүн сайд бол аливаад сэтгэлээсээ ханддаг хүн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. “Өнөөдөр энд энэхүү номын нээлтийг хийж байгаа нь бид бүгдийн хувьд онцгой үйл явдал болж байна. Тэргүүн сайд Патнад буддын дурсгалын цэцэрлэг байгуулж, өөрийн үзэл санааны бат чигийг илэрхийлсэн. Тэргүүн сайд болон би Бурхан Багшийн эрин үеэс эхтэй үйлийн үрийн барилдлагатай байсан байх гэж бодож байна.”

“Бид анх цагаачлахаар Энэтхэгт ирэх үедээ маш их асуудалтай тулгарч байлаа. Гэхдээ Төвдөд бага балчир ахуйдаа бидний судалж байсан сэтгэл зүй, гүн ухаан, учир шалтгааны ухаан бидэнд үр өгөөжөө өгсөн ба өнөөгийн нийгэмд ч үр өгөөжөө өгөх нь ойлгомжтой болсон юм. Бидний судар бичигт хадгалагдан үлдсэн сэтгэлийн шинжлэх ухаан, гүн ухаан, учир шалтгааны ухааныг шашнаас ангид хэлбэрээр сургалтын хөтөлбөрт оруулах боломжтой мэт надад санагддаг. Сэтгэлээ илүү сайн ойлгосноор бид сэтгэлийн сөрөг хандлага хийгээд оюун санааны зовиураас салж чадах бөгөөд үүнийг харин мөнгө, эсвэл зэр зэвсгийн хүчээр хийх боломжгүй.”

“Хэрвээ буддын бүтээл туурвилыг шинжлэх ухаан, гүн ухаан, учир шалтгааны ухааны үүднээс авч үзвэл тэдгээр ухаан мэдлэг хүн бүрт хүртээлтэй болж, харин шашны хэсэг нь буддистуудад хамаатай хэвээр үлдэнэ. Тэдгээр үнэ цэнэтэй мэдлэгийг бид орчин үеийн боловсролын тогтолцоонд тусгаж чадна гэдэгт би итгэлтэй байдаг. Эмх замбараагүй өнөөгийн дэлхий дахинд хүмүүсийн ухаан санаа самуурсан энэ үед бидний хийж байгаа зүйл бол буддизмыг сурталчилж байгаа бус, харин хүн төрөлхтний сайн сайхны төлөө буддистууд хэрхэн хувь нэмрээ оруулж болох арга замыг хайж байгаа явдал юм.”

Айлдварын 3 дахь өдөр ба “Энэтхэгийн буддын сонгодог бүтээл дэх шинжлэх ухаан ба гүн ухаан” номын эхний боть хэвлэгдэн гарав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын судалгаа, бүтээхэд хувь нэмрээ оруулсан гэвш нарт талархал илэрхийлж байгаа нь Энэтхэг, Бихар, Бодгаяа, 2018.1.7. Гэрэл зургийг Лувсан Цэрэн
Эх сурвалжаас хэрэгтэй материалыг цуглуулж, судалгаа шинжилгээ хийх ажилд оролцсон гэвш нар, бусад хэлнээ орчуулахад хувь нэмрээ оруусан бүх орчуулагч нарт би талархал илэрхийлэхийг хүсч байна. Наландагийн уламжлалыг хадгалан үлдэж чадсанаараа төвдүүд бид бахархдаг бөгөөд одоо харин эх нутагт нь болон бусад газарт түгээн дэлгэрүүлэх боломж бидэнд байна.”

Дээрхийн Гэгээнтэн тэргүүн сайдад Наландагийн 17 их бандида нарын хүрээлэлд байгаа Бурхан Багшийн хөрөг танка зургийг бэлэглэснээр арга хэмжээ өндөрлөлөө.
Үзсэн: 1 319
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц