Цагаан сарын дүйчэн өдрийг тэмдэглэн номын айлдвар айлдав

10-03-2018, 14:31  |  Хэвлэх

2018 оны 3 дугаар сар 2

Энэтхэг, ХП, Дарамсала – Зүглаг Хан дуганы өмнөх талбайд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсохоор төвөдийн болон гадаадын олон хүмүүс цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг сэнтийндээ залрахыг хүртэл лам нар хүндэтгэлийн шүхэр барихын зэрэгцээ унзадууд мэгзэм уншин угтав. Түүнийг сэнтийндээ заларсны дараа Билгүүний Зүрхэн судрыг уншиж, энэ зуур хурсан олонд цай, брээс түгээв.

Цагаан сарын дүйчэн өдрийг тэмдэглэн номын айлдвар айлдав
Лам нар номын айлдварт хүрэлцэн ирсэн хүмүүст цай, брээс тарааж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Өнөөдөр Бурхан Багшийн дүйчэн өдрүүдийн нэг бөгөөд энэхүү өдрийг тэмдэглэн одоогоос 600 гаруй жилийн өмнөөс Лхас хотод их ерөөл хурдаг уламжлал тогтсон юм. Энэ өдрийн учир нь Бурхан Багш хаврын эхэн сарын шинийн нэгний өдрөөс арван тавны өдрийг хүртэл бусад шашны номлогч нарыг рид хувилгаан үзүүлж ялан дийлсэн өдрүүд юм.”

“Хүн төрөлхтөн хийгээд хамаг амьтад аз жаргалтай байхыг хүсэх ба тэрхүү аз жаргалын үндэс нь бидний оюун санаанд байдаг зүйл билээ. Гэгээрэлд хүрэхэд тодорхой хугацаа шаардагдах боловч яг одооноос эхлэн бид анхаарал хандуулж чадвал аз жаргалтай болох боломж бидэнд бүрэн бий. Адгуус амьтад хүртэл онцын аюул үгүй бол амар тайван байж чаддаг шүү дээ. Уур хилэн, хардалт гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл биднийг зовлон шаналалд автуулдаг. Эртний Энэтхэгийн уламжлалд ердийн таатай мэдрэмжээс илүүтэй сэтгэлийн нарийн түвшний аз жаргал чухал гэж үзсээр ирсэн юм.”

“Бид юмс үзэгдлийг өөрийн талаасаа үнэхээр байна гэж үздэг тул таатай зүйлд шунаж, таагүй зүйлд уурладаг. Америкийн сэтгэл судлалын эрдэмтэн Аарон Бек надад тайлбарлахдаа хэн нэгэнд уурлаж буй хүн тухайн хүнийг бүхэлдээ муухайгаар хардаг, гэвч үүний 90 хувь нь зөвхөн өөрийн төсөөлөл байдаг гэсэн юм.”

Цагаан сарын дүйчэн өдрийг тэмдэглэн номын айлдвар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтэд ном айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа Бурхан Багш гэгээрэлд хүрсний дараа түүний олж мэдсэн гайхамшигт зүйлийг ойлгож ухаарах хүн нэгээхэн ч үгүй байсан тул ном номлолгүй аглагт чимээгүй суусан тухай өгүүлэв. Төдөлгүй Бурхан Багш зовлон хийгээд зовлонгоос гэтлэх арга замыг заасан Хутагтын Дөрвөн үнэний сургаалаа айлдсан талаар ярьлаа.

“Юмс үзэгдлийг өөрийн мөн чанараар оршиж буй хэмээх буруу үзлийг учир шалтгааны арга ухааныг ашиглан арилгана гэж Бурхан Багш айлдсан тул үүнд бид суралцах хэрэгтэй.”

“Хүн төрөлхтний үндсэн чанар нь энэрэнгүй бөгөөд энэ нь эхийн хайр дээр үндэслэдэг аж. Хэрэв эхийн хайраар тэтгэгдэхгүй бол бид амьд үлдэх боломжгүй. Гэсэн хэдий ч манай дэлхийд дайн тулаан явагдсаар байгаа нь хүмүүс уур хилэн, шуналд автсаны илрэл юм. Бүх нийтийн үнэ цэнэ дээр суурилсан иргэний ёс суртахууны талаарх мэдлэг нь өөрсдийн алдааг арилгахад туслаж чадна.”

Цагаан сарын дүйчэн өдрийг тэмдэглэн номын айлдвар айлдав
Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бид Бурхан Багшийг хэн болохыг сайн таних хэрэгтэй. Энэ нь түүний бие лагшингийн онцлог гэхээсээ илүү түүний айлдвар сургаалыг сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг юм. Түүний айлдвар сургаалыг хэдий чинээ таних тусам ямар их шинжлэх ухаанч ном сургаал айлдсаныг нь талархан хүлээн авах болно.”

“Бурхан Багш адил бус сургаал номлолыг адил бус олон хүнд, адил бус цаг үед номлосон юм. Тэрээр анх Хутагтын Дөрвөн үнэний сургаалыг номлосон. Түүний дараагийн сургаал нь хоосон чанарын тухай байсан бол гуравдугаар хэсэгт тэрээр бурханы мөн чанарын тухай айлдсан билээ. Анхны Хутагтын Дөрвөн Үнэний сургаалын үед “би үгүйн” онолыг тайлбарласан бол хоёрдугаар хэсэг дэх хоосон чанарын сургаалын үед үүнийг улам гүнзгий түвшинд тайлбарласан байна.”

“Бурхан Багш ерөнхийдөө учир шалтгааны зарчим дээр суурилсан сэтгэлийг засах арга замыг номлосон юм. Юмс үзэгдлийг бид буруугаар хүлээн авсны улмаас бидэнд сэтгэлийн зовлон шаналал бий болдог. Биеийн эрүүл мэндийг сахихын тулд нэлээдгүй олон зүйлийг мэддэг байх хэрэгтэй. Үүнтэй адил бид сэтгэлийн эрүүл мэндийг сахихын тулд үүнд яг одооноос эхлэн суралцах хэрэгтэй.”

Энэ өдрүүдэд Арьяадева гэгээний шавь, Ашвагоша гэгээний бичсэн Бурхан Багшийн урд дүрүүдийн талаар өгүүлсэн түүхийг тайлбарлан номлодог уламжлалын дагуу тэрээр Бурхан Багшийн өмнөх нэгэн дүрийн талаар уншиж, товч тайлбарлав.

Цагаан сарын дүйчэн өдрийг тэмдэглэн номын айлдвар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Богд Зонховын айлдсан "Шүтэн барилдахуйн магтаал" номыг тайлбарлан айлдав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал”-ыг номлов. Тэрээр “Шүтэн барилдахуйн магтаал”-ыг анх Хүннү лама Ригзиндамба багшаараа заалган хөтлүүлсэн байна. “Шүтэн барилдахуйн магтаал” ном нь шүтэн барилдахуйн онолыг тайлбарлан айлдсан Бурхан Багшид мөргөх мөргөлийн шүлгээр эхэлдэг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уг номыг унших үедээ тодорхой хэсгүүдэд зогсон тайлбарлаж байлаа. Шүтэн барилдахуйн онолыг ойлгосноор мунхагийг буюу юмс үзэгдэлийн уг хийгээд үрийн шүтэн барилдлага, мөн бас юмс үзэгдлийн мөн чанарын шүтэн барилдлагыг үл ухаарагч мунхагийг арилгах боломжтой болохыг тайлбарлав. Тэрээр “шүтэн барилдлаж гарахуй” хэмээх үгийг тус бүрчилэн тайлбарлахдаа “шүтэх” хэмээхээр юмс үзэгдлийн мөн чанарыг хэтрүүлэн үнэлэхийг, “ барилдаж гарахуй” гэдгээр үгүйсгэхийн туйлшралыг арилгана гэв.

“Учир шалтгааны ухааны судлал эртний Энэтхэгт хүчтэй дэлгэрсэн нь Төвөдөд ч мөн адил дэлгэрсэн билээ. Эртний Энэтхэгийн их хөлгөн судрууд төвөд хэлэнд орчуулагдсанаар төвөд хэл улам боловсронгуй болж өнөө цагт буддын гүн ухааныг хамгийн нарийн тодорхойлж чадах хэл болоод байна. Дэлхийн үнэт өв болсон буддын гүн ухааныг Төвөдүүд бид хадгалан ирсэн тул үүндээ бид сэтгэл хангалуун байдаг.”

Цагаан сарын дүйчэн өдрийг тэмдэглэн номын айлдвар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын төгсгөлд лам хуврагуудын хамт ерөөлийн уншлага уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Улс төрийн шалтгаанаар бид хуваагдан задарч байсан ч Ганжуур, Данжуурын дор эвсэн нэгдэж байлаа. Бурханы шашны Ганжуур, Данжуурын хөлгөн судрууд Төвөдийн гурван мужид адилхан тахигдаж, мөн Ладак, Монголд ч хүчтэй дэлгэрсэн юм. Хэдийгээр би өргөн мэдлэгтэй биш ч гэлээ Ганжуур, Данжуурын их судруудад дэлхий нийтээр өргөн хэрэглэгдэх олон арга ухаан агуулагдаж буй гэдгийг байнга мэдэгддэг. Жишээлбэл квантын физикийн онолоор юмс үзэгдэл өөрийн талаасаа орших боломжгүй гэдэг нь буддын гүн ухааны сэтгэл төдийтний үзэлтэй адилхан болж байна. Гол ялгаа нь бид эдгээрийг судалснаар дотоод сэтгэлээ өөрчлөх зорилготой бол орчин үеийн шинжлэх ухаанд энэ үгүй байж болох юм.”

“Энэхүү номын төгсгөлд Богд Зонхов сурч мэдсэн зүйлээ хэрхэн дадал болгох талаар номлосонтой адил бид ч сурсан зүйлээ оюун ухаандаа дадуулах хэрэгтэй. Бид сурч мэдэх, түүнийгээ дадлага болгож чадвал бидний сүсэг бишрэл учир шалтгаан дээр суурилсан жинхэнэ сүсэг бишрэл болж чадна. Хуучин цагт зөвхөн хурлын зан үйл хйидэг байсан Намжал дацан, Жүдод болон Жүд Мад дацангууд, мөн эмэгтэйчүүдийн хийдүүдэд би буддын гүн ухаанд суралцах хэрэгтэй гэж хүсэлт тавьсаны дагуу тэд гүн ухаанд суралцаж эхэлснээр эдүгээ нэлээдгүй үр дүн гараад байна. Энэ нь шинэ үеийн хүмүүст маш таатай жишээ болж байна.”

Номын айлдварын төгсгөлд унзад лам нар уншлага удирдан уншиж, Дээрхийн Гэгээнтэн болон олон лам хуврагууд ерөөлийн хурал уншсанаар энэ өдрийн номын үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ордны зүг явган морилох зуураа олон хүмүүстэй уулзаж, тэдний зүг инээмсэглэн явж байлаа.
Үзсэн: 1 500
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц