Жаммугийн Төв Сургуулийн анхдугаар их хурал

22-03-2018, 08:18  |  Хэвлэх

2018 оны 3 дугаар сар 18

Энэтхэг, Жамму Кашмер – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр машинаар Жаммуд хүрэлцэн ирэв. Энэ өглөө тэрээр хуваарьт ажлаа эхлэхийн өмнө Ладак болон Занскар нутгийн иргэдтэй богино уулзалт хийлээ. Тэрээр тэдгээр хүмүүсийг хуучин анд нөхдүүд хэмээгээд Төвөдийн олон эрдэмтэд, орчуулагч нар энэ нутгаар дамжин Энэтхэг орныг зорьдог байсан талаар ярьсан юм. Хожим орчуулагч Ринчин Санбугийн үед Адиша гэгээн Төвөдөд морилохдоо энэ нутгаар дамжин өнгөрсөн байна.

Жаммугийн Төв Сургуулийн анхдугаар их хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладак болон Занскарын иргэдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмер. 2018.03.18. Гэрэл зургийг Жерреми Рассел
“Хэдийгээр та нар буддын уламжлалыг 1000 гаруй жилийн хугацаанд хадгалан ирж чадсан боловч өдгөө та нар 21-р зууны буддист болох хэрэгтэй. Энэ нь та бүхнээс буддын гүн ухаанд урьдахаас илүү суралцах хэрэгтэй гэдгийг шаардаж байгаа юм. Дан ганц маань уншиж, ерөөл тавих нь хангалттай биш ээ. Бурхан Багш шавь нартаа аливаа зүйлийг шууд хүлээн авахыг бүү яар, миний сургаалыг ч сайтар нягталж, судалж үзсэний дараа дагах хэрэгтэй гэж айлдсаныг байнга санах хэрэгтэй.”

“Хэрэв та сургаал номыг нь хүндэтгэлтэйгээр дагаж чадвал дэлхийн томоохон бүх шашин бид бүгдийн итгэл найдварын эх үндэс болж чадна. Тийм ч учраас би бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг юм. Энэтхэг орон нь бүх шашин хоорондоо эв найрамдалтай оршиж болдгийн бодит жишээ бөгөөд ялангуяа Жамму Кашмер дахь та нар ч энэхүү уламжлалыг дээдэлж буйд би туйлын баяртай байгаад зогсохгүй цаашид энэхүү уламжлалаа алдахгүй байхыг хүсье.”

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жаммугийн Төв сургуулийн анхдугаар их хуралд хүндэт, гол зочиноор уригдан оролцохоор машинаар хэсэг зуур явлаа. Түүнийг хүрэлцэн ирэхэд тус сургуулийн дэд захирал профессор Ашок Аима угтсан юм. Дараа нь хурлын их танхимд ороход хүндэт зочид болон зарим гишүүд академийн хувцас өмссөн байх бөгөөд бусад олон зочид уг хуралд оролцохоор цугласан байлаа. Хурлын үйл ажиллагаа үндэсний болон сургуулийн сүлд дуугаар эхэлж, дараа нь дэд захирал үг хэлэхдээ тус сургууль анх 2011 оны 8 дугаар сард байгуулагдсанаас хойш ямар ямар амжилт гаргасан талаар товч танилцууллаа.

Жаммугийн Төв Сургуулийн анхдугаар их хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуралд оролцохын өмнө тус сургуулийн академийн өмсгөл өмсөж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмер. 2018.03.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Докторын эрдмийн зэрэг хамгаалсан залуучууд индэр дээр гарч эрдмийн хэргэм зэргэмээ гардан авсаны дараа бусад төгсөгчид дараалан хэргэм зэргээ гардаж авав.

Дараа нь хүндэт докторын зэрэг гардуулах ёслол эхэлсэн юм. Эхний шагналыг доктор Житендра Сингх хүртлээ. Тэрээр Жамму нутгийн хүү бөгөөд өдгөө Зүүн Хойд бүс нутгийн хөгжлийн яамны сайд, Атомын энергийн газар ба Сансар судлалын төвийн гишүүнээр ажиллаж байгаа ажээ. Тэрээр үг хэлэхдээ сүүлийн үед энэ мэт хүндэт докторын шагналаас татгалзаад байсан боловч энэ удаагийн шагналыг хүлээн авсан нь Жамму нутаг болон тус сургуультай нарийн холбоотой байсных гэлээ. Мөн тэрээр энэ сургууль Сансар судлалын төвийн салбар болох боломжтой болохыг мэдэгдсэн юм.

Дараа нь хүндэт докторын шагналыг Армийн дарга асан, генерал Нирмал Чандер Виж хүртлээ. Тэрээр үг хэлэхдээ залуучуудад хандан та бүхэн Энэтхэгийн ирээдүй бөгөөд Жамму нутгийн ирээдүй ямар байх нь та бүхнээс шалтгаална гэсэн юм.

Жаммугийн Төв Сургуулийн анхдугаар их хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жаммугийн Төв сургуулийн Мерит сертификат гардан авч байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмер. 2018.03.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус сургуулийн алтан медал болон Мерит сертификатыг гардан авсан юм. Тэрээр суудалдаа сууж үг хэлэхийг хүслээ.

“Ахан дүүс нар минь, ялангуяа өнөөдөр эрдмийн цол зэргээ гардан авч буй залуу дүү нар минь! Та нар Энэтхэг орны, манай гариг дэлхийн ирээдүй билээ. Би өнгөрсөн зуун буюу бидний XX зуун хийгээд өнөөгийн эрин зуун буюу залуучууд та нарын XXI зууныг ерөнхийд нь ялгаж үздэг. XX зуун хүчирхийллийн үе байлаа. Хэрэв өнгөрсөн зууны хүчирхийлэл, цөмийн зэвсэг манай гариг дэлхий дээр сайн зүйлийг авчирсан уу хэмээн асуувал “үгүй” л гэж хариулах болно. Зарим тооцоогоор 200 сая хүн өнгөрсөн зууны хүчирхийлэлд өртөн амь насаа алджээ.”

“XXI зуунд Энэтхэг орон энх тайвны бүс нутгийг бүрдүүлэх хэрэгтэй ба үүнд хүрэхийн тулд мөргөл залбирал бус бодит үр дүнтэй алхам хийх хэрэгтэй. Энэ цаг үеийг бид яриа хэлэлцээрийн эрин үе болгох хэрэгтэй байна. Бид үргэлж өөрсдийн ялгаанаас үүдэлтэй олон асуудалтай нүүр тулж байдаг. Тэдгээр олон асуудлыг хүчирхийллийн замаар шийдэхийг хүсвэл үүнийгээ дагаад олон хүчирхийлэл бий болох нь дамжиггүй. Үүнийг бид Иракийн жишээнээс харах боломжтой. Би ерөнхийлөгч асан Жорж Бушийг эелдэг хүн гэдгийг мэднэ. 9 сарын 11-ны халдлагын дараа би түүнд харамслын захидал илгээхдээ энэ үйл явдалд үзүүлэх ямар нэгэн хариу нь хүчирхийллийн бус байгаасай хэмээн хүсэж буйгаа мэдэгдсэн билээ. Хэдий тэрээр Ирак оронд ардчилалыг авчрах зөв сэдэлтэй байсан ч үүндээ хүрэхийн тулд дайныг эхлүүлсэн нь Арабын ертөнц даяар сөргөөр нөлөөлсөн юм.”

Жаммугийн Төв Сургуулийн анхдугаар их хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жаммугийн Төв сургуулийн анхдугаар чуулганд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмер. 2018.03.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бид гагцхүү бусдын эрх ашиг, бусдын үзэл бодлыг хүндэтгэх дээр үндэслэн харилцан ярилцах замаар дэлхийн энх тайвныг бий болгоно. Харин хүчирхийлэл, зэр зэвсгийг урьтал болговол эдүгээ XXI зууны цөмийн зэвсгийн хөгжил нь хэдэн зууныг дамнасан асар их гай гамшиг авчирч болохоор болжээ.”

“Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүс бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэдний хэн нь ч өөрсдийгөө зовлонд унагахгүй ба өөрсдийн амьдралыг ямар нэгэн эрсдэлд оруулахыг хүсэхгүй. Бид хүн төрөлхтний үндсэн чанар юу болохыг сайн ойлгох хэрэгтэй байна. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй хэмээн тодорхойлсон юм. Хүүхэд хэлд орохоосоо өмнө бусдыг хорлодог, зовоодог хүнээс бусдад тусалдаг хүнийг илүүд үзэж чаддах болохыг тэд нотлосон байна. Мөн нөгөөтэйгүүр шинжлэх ухааны эрдэмтдийн ололтоор уур хилэн болон айдас хүйдэс бидний дархлааны системийг устгаж, харин амар тайван, сайхан сэтгэл бидний эрүүл мэндэд тустай болох нь батлагдсан байна. Хүн төрөлхтний үндсэн чанар энэрэнгүй гэдэг нь бидэнд итгэл найдварыг өгч буй билээ.”

“Орчин үеийн боловсролын систем материаллаг зорилго дээр гол анхаарлаа хандуулж, хүний үнэ цэнэ дээр өчүүхэн анхаарч байна. Өнгөрсөн үед хүний үнэ цэнийг ойлгуулах ажил шашны институтын үйл хэрэг байлаа. Харин өдгөө дан ганц уураг тархины хөгжил бус сайхан сэтгэлийг хөгжүүлэх боловсролын институт энэ үйл хэргийг үргэлжлүүлэн авч явах цаг нь болжээ. Энэтхэг орон нь шашин бүхэнд хүндэтгэлтэй ханддаг өнө эртний их уламжлалтай. Үүний нэг жишээ нь Жамму Кашмерийн энэ нутагт хиндү, муслим, христ, буддын шашинтнууд хаяа дэрлэн олон зуун жилээр хамтдаа амьдарч буй явдал юм. Хэдэн мянган жилийн тэртээгээс өвлөгдсөн хүчирхийллийн бус арга зам, энэрэнгүй үзэл нь Энэтхэг орны “иргэний” гэх хандлагыг улам хөгжүүлж Энэтхэгийн үнэт соёл болгож чадсан юм. Дэлхийн 1 тэрбум хүн өөрсдийгөө шашин шүтлэггүй гэж тодорхойлсон энэ цаг үед Энэтхэгийн “иргэний” хэмээх ойлголт маш чухал болоод байна.”

Жаммугийн Төв Сургуулийн анхдугаар их хурал
Хуралд оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмер. 2018.03.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Би өөрийгөө эртний Энэтхэгийн сургалтанд хамрагдсан шавь гэж боддог. Учир нь 8-р зуунд Төвөдийн хаан тухайн үедээ Наландагийн тэргүүлэх мастер байсан Шантаракшита гэгээнийг Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлэх зорилгоор урин залсан юм. Түүний заасан логик хийгээд учир шалтгааны арга ухаан нь бидний оюун санааг улам хурц болгох нандин увидсыг бидэнд үлдээсэн билээ. Бурхан Багш өөрөө ч учир шалтгааны арга ухааныг номлож, үүнийг дээдэлсэн юм. Би орчин үеийн боловсрол эзэмшээгүй ч орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж ярилцахдаа өөрийн байр суурийг хадгалж чаддаг ба тэдний хэлэх гэж буй зүйлд ямар зөрчил байгааг ч амархан харж чаддаг.”

“Орчин үеийн боловсрол өндөр түвшинд хөгжсөн боловч энэ нь дангаараа хүчирхийллийг арилгах, энх тайван, амар амгаланг авчирах тал дээр учир дутагдалтай байна. Өрсөлдөөн болон үүнээс үүдэлтэй уур хилэн гэх мэт зүйлүүд бидэнд амар тайван байдлыг авчирч чадахгүй. Бид сэтгэл зүрхээрээ амар тайван байхыг хүсч байна. Хэрэв бид эртний Энэтхэгийн мэдлэгийг орчин цагийн боловсролтой холбож чадах аваас энэ л үр дүнгээ өгсөн арга болно гэдэгт би итгэл дүүрэн байдаг. Бид биеийн эрүүл мэндийг анхаардагтай адил сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийг ч анхаарах нь зүйтэй. Эртний эрдэмтэд сэтгэл төвлөрөл болон нягтлан судлах арга замаар сэтгэл хөдлөлөө удирдах боломжтойг бидэнд зааж үлдээсэн юм.”

“21-р зууны иргэд та нар эртний Энтхэгийн мэдлэгийг орчин цагийн боловсролтой холбож чадвал илүү сайхан дэлхийг бүрдүүлэх үйл хэрэгт чинхүү үнэтэй хувь нэмэр оруулж буй явдал юм.”

Жаммугийн Төв Сургуулийн анхдугаар их хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жаммугийн Төв сургуулийн анхдугаар чуулганд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмер. 2018.03.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Эрдэм номд амжилттай суралцсан та бүхэнд би чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Одоо та нарын жинхэнэ амьдрал эхлэнэ. Амьдрал тийм ч амар зүйл биш ээ. Гэвч та нар үнэн бөгөөд шудрага байж чадвал амьдрал тань тодорхой болж өөрийн саруул оюун ухаанаа зөвөөр ашиглан эх орондоо эерэг хувь нэмэр оруулж чадна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хурлын танхимаас гарах үед олон хүн түүнтэй уулзахыг хүсч байлаа. Тэндээсээ Дээрхийн Гэгээнтэн онгоцны буудал явж Дели хотын зүг нисэх бөгөөд маргааш өглөө эрт тэрээр Варанас хотруу ниснэ.
Үзсэн: 2 390
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц