Аз жаргалтай, бухимдалгүй амьдрал

14-05-2018, 04:16  |  Хэвлэх

2018 оны 4 дүгээр сар 24

Энэтхэг, Шинэ Дели – Шинэ Дели хотын Хауз Хас дахь Энэтхэгийн Технологийн Институтын саруул уужим талбайд Дээрхий Гэгээнтэн Далай Ламыг “Велосити 48” сангийн үүсгэн байгуулагч хатагтай Парул Рай болон жүжигчин Тиска Чопра нар хүлээн авлаа. Тэд Дээрхийн Гэгээнтнийг хүлээж буй 1500 хүнтэй танхимд хамтдаа орцгоов.

Тайзан дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон түүнийг урьсан хүмүүс арга хэмжээг нээж уламжлал ёсоор зул өргөлөө. Зохион байгуулагч Садна Шривастав, Энэтхэгийн Технологийн Институтын захирал Рамгопал Рао болон уг институтын удирах зөвлөлийн тэргүүн Санжий Жайн нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг албан ёсоор цагаан хадаг болон цэцэгсийн баглаатай угтаж авав.

Хатагтай Парул Рай “Нэр хүндтэй энэ эрхэм хүнийг хүмүүстэй уулзуулж, сургаал номыг нь сонсгох миний мөрөөдөл байсан” гээд урилгыг хүлээн авсан явдалд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийллээ. Мөн тэрээр энэхүү тайзан дээр хүлээн авагчид нь бүгд эмэгтэйчүүд байгаа нь тусгайлан төлөвлөсөн гэхээсээ илүү санамсаргүй тохиолдол байсан шүү гэдгээ нөхөрсөгөөр тайлбарлав.

Аз жаргалтай, бухимдалгүй амьдрал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон арга хэмжээг зохиог байгуулагч нар Энэтхэгийн Технологийн Институтын хурлын танхимд арга хэмжээг нээж уламжлал ёсоор зул өргөж байна. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.24. Фото зургийг Тэнзин Чойжор
Хүндэтгэлийн үгэндээ Тиска Чопра “Нью Йорк Таймс дэлхийн хамгийн алдартай хүнээр тодруулсан Дээрхийн Гэгээнтэй Энэтхэгийн Технологийн Институтэд ярилцаж буйдаа итгэж ядан байна” гэдгээ илэрхийллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс асуух хэдэн асуулт байна гээд “Аз жаргалтай байх нь бидний зорилго мөн үү?”, “Энэрэн нигүүлсэхүй сэтгэлд суралцдаг уу?” “Сайн сайхан амьдрал гэж юу вэ?” гэсэн асуултууд тавилаа.

Хатагтай Шривастав үг хэлэхийг урьсан ёсоор Дээрхийн Гэгээнтэн сургаалиа эхэлсэн юм.

“Эрхэм хүндэт ахан дүүс минь! Миний зарим найзууд, тэдгээрийн дотроос нэн ялангуяа Ирландын ерөнхийлөгч асан Мари Робинсон энэрэн нигүүлсэхүйд илүү их хувь нэмэр оруулахын тулд эмэгтэйчүүд манлайлах хэрэгтэй гэж хэлдгээр минь намайг “Эмэгтэйчүүдийн эрхийг чухалчлагч Далай Лам” гэж дууддаг юм. Мэргэжилтнүүд бусдын зовлон шаналалд эмэгтэй хүмүүс илүү мэдрэмжтэй бөгөөд хурдан хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг судалгаагаар харуулсан байна. Бид бүгд эхээс төрсөн бөгөөд бидний дийлэнх нь эх хүний хайр энэрлийн ачаар хүн болсон билээ.”

“Хүн төрөлхтний түүхэнд бусдыг алж хөнөөгч дайчид нь эрэгтэйчүүд голдуу байсан. Нядлагчид эрэгтэй хүмүүс байсан. Хайр, энэрэн нигүүлсэхүйн төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй үед эмэгтэй хүмүүс онцгой үүрэгтэй гэдэгт би итгэдэг.”

Аз жаргалтай, бухимдалгүй амьдрал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Технологийн Институтын хурлын танхимд “Аз жаргалтай, бухимдалгүй амьдрал” сэдэвт илтгэл тавив. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.24. Фото зургийг Тэнзин Чойжор
“Бухимдалгүй, аз жаргалтай амьдралын тухай асуусанчлан таатай болон таагүй зүйлсийг мэдрэгч амьтан бүхэн аз жаргалтай байх хүсэл тэмүүлэлтэй байдаг. Бидэнтэй адил оюун тархигүй учир шувуу, өт хорхой, загас зэрэг амьтдын аз жаргалын түвшин адилгүй. Тэдний амьдрал нь бүхэлдээ мэдрэмж дээр тулгуурладаг. Энэ нь тэдний оршин тогтнохын үндэс болдог тул зарим амьтад хүнээс илүү хурц мэдрэмжтэй байдаг юм.”

“Нөгөө талаас бид илүү нарийн хэл яриа, бодолтой хэдий ч заримдаа тархи маань биднийг төвөгтэй байдал бий болохоос урьдчилан хамгаалж чаддаггүй. Ирээдүйн тухай хэтэрхий их найдлага тавих, өнгөрсөнтэй зууралдаж түүндээ төөрч будилах зэрэг нь бидэнд бухимдал, сэтгэлийн зовиур авчирдаг.”

“Хүний үндсэн чанар нь энэрэн нигүүлсэхүй бөгөөд энэ нь бидний амьдралын эхлэл ч болдог. Хайр, энэрэлгүйгээр бид амьд үлдэх боломжгүй. Тиймээс бид өөрсдийн төрөлх ухамсараа зөөлөн дулаан сэтгэлтэй хослуулах хэрэгтэй. Өрөвч зөөлөн сэтгэл нь бидэнд сэтгэлийн хат, өөртөө итгэх итгэлийг бий болгож, цаашлаад биднийг зөв шударга болгох тул итгэл, нөхөрсөг байдал ч бий болдог.”

“Бидний оршин үлдэж чадах эсэх нь аз жаргалын эх ундарга болсон бусад хүмүүсээс л хамаарна. Хэрэв би энэ цэцэг рүү инээмсэглэвэл энэ ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй. Харин би өөр хэн нэгэн хүн рүү инээмсэглэх аваас тэр хүн хариу инээмсэглэх болно. Бусдад анхаарал хандуулсан зөөлөн дулаан сэтгэлгүйгээр бид аз жаргалтай байж чадахгүй.”

Аз жаргалтай, бухимдалгүй амьдрал
Энэтхэгийн Технологийн Институтын хурлын зааланд 1500 гаруй хүн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсов. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.24. Фото зургийг Тэнзин Чойжор
“Өмнө хэлсэнчилэн бидэнд гайхалтай ухамсар, хосгүй тархи бий. Гэвч энэ нь уур хилэн, утгагүй өрсөлдөөн, атаач занд хөтлөгдөх аваас бид айдас, сэтгэлийн зовиурт л эзлэгдэнэ. Амин хувиа хичээх үзэлд баригдсанаар холыг харах болон ёс суртахууны зарчмууд дутагддаг. Харин ухамсарт тархи, оюунаа энэрэн нигүүлсэхүй сэтгэлтэй хослуулж чадвал өрөөл бусдын эрхийг хүндэлж, тэдэнд чин сэтгэлээсээ аз жаргал хүсэж, дахин төвөг удахаа болино.”

“Бидний оюун санааг үүл мэт халхалж, ухамсараа ашиглах боломжгүй болгодог сөрөг сэтгэл хөдлөлүүд нь биднийг цэгц шулуун бодох, бодит байдлыг харах боломжгүйд хүргэдэг. Ингэхгүйн тулд бид оюун санаагаа тайван, цэвэр тунгалаг, хэт нэг талыг барьсан өрөөсгөл хандлагагүй болгох ёстой. Бид өөрт тохиолдож буй зүйлсийг бүрэн бүтнээр нь, олон өнцгөөс харах хэрэгтэй. Ингэж чадах аваас илүү аз жаргалтай, сэтгэлийн зовлонд бага автах болно.”

Дараа нь Дээрхий Гэгээнтэн Энэтхэгийн 1000 гаруй жилийн настай шашнаас ангид иргэний үзэлд, мөн түүнчлэн бүх шашнууд болон шашингүй үзэлтнүүдэд ч хүндэтгэлтэй ханддагаа илэрхийллээ.

“Бүхий л шашин хайр энэрэл, энэрэн нигүүлсэхүй, энх тайван байдал, аз жаргал, сэтгэл ханамжийг бий болгохыг чухалчилдаг. Гэсэн хэдий ч дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум гаруй хүний нэг тэрбум нь ямар нэгэн шашны итгэл үнэмшилгүй тул шашнуудын энэхүү номлол хүн бүхний уриа дуудлага болж чадахгүй ээ. Ингэхийн тулд иргэний ёс суртахууныг чухалчлах шаардлагатай.”

Аз жаргалтай, бухимдалгүй амьдрал
Энэтхэгийн Технологийн Институтын хурлын танхимд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Аз жаргалтай, бухимдалгүй амьдрал” сэдэвт илтгэл тавих үеэр. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.24. Фото зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрдөг шашнуудын талаар тайлбарлан ярьсан юм.

Бүтээгч Эзэн тэнгэрийг шүтдэг шашны уламжлалууд болох жудаизм, христийн, исламын шашнууд болон хиндиузмын зарим гол урсгалууд хайр энэрэлээр дүүрэн бүтээгч Эзэнд итгэдэг. Эдгээр шашны сүсэгтнүүд Бүтээгчийн хайр, нигүүлсэнгүй сэтгэлээр бий болсон бусад бүтээлүүдээс хамааралтай байх хэрэгтэй гэдэгт итгэдэг. Энэ итгэл нь маш хүчтэй итгэл болохыг тайлбарлалаа.

Тэрээр бүтээгч Эзэн-ийг хүлээн зөвшөөрдөггүй шашны талаар тайлбарлахдаа самхягийн нэгэн урсгал, жейн болон буддын шашнууд амьдралд эхлэл үгүй гэдэгт итгэдэг тул дахин төрөл, үйлийн үр бий гэж үздэгийг ярьсан юм. Гэсэн хэдий ч жейн болон самхя нар атман буюу бусдаас үл хамаарах “би”-г бий гэж үздэг бол буддизм нь “би үгүй”-г номлодог, бие даасан “би” гэж байхгүй, “би” хэмээгч нь бие болон оюун ухааны хослол дээр нэрийтгэл төдийд оршдог гэж үздэг хэмээв.

“Би үгүй”-н тухай сургаал нь бидэнд сөрөг сэтгэл хөдлөлтэйгээ тэмцэхэд тусалдаг. Миний Америк найз, танин мэдэхүйн сэтгэлзүйч Аарон Бек уур уцаараасаа болоод асуудалтай байдаг хүмүүстэй харьцдаг бөгөөд хүмүүс ууртай үедээ тэдний сэтгэл, оюуны төсөөлөлийн 90 хувь нь сөрөг байдаг тухай ярьж билээ. Энэ нь Нагаржунайн сэтгэлийн хуурмаг чанарын тухай сургаалтай яг тохирч байгаа юм. Нагаржуна гэгээний сургаалыг дагагч шавийн хувьд би түүний сэтгэл хөдлөлийн хүчийг сариниулагч тусгаар оршигч зүйл нэгээхэн ч үгүй тухай сургаалыг өөрийн туршлагаараа мэдэрсэн билээ. Энэ бол амар амгалан, аз жаргалыг бий болгох нэгэн арга мөн.”

Аз жаргалтай, бухимдалгүй амьдрал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Технологийн Институтын хурлын танхимд “Аз жаргалтай, бухимдалгүй амьдрал” сэдэвт сургаал айлдаж байна. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.24. Фото зургийг Тэнзин Чойжор
“Үүнтэй мөн адил “Бодьсадвын явдалд орохуй” бүтээлдээ Шантидэва гэгээн “би” төвтэй хандлага нь уур гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн бий болгодог болон уур хилэнг энэрэх нигүүлсэх сэтгэл, халуун дулаан сэтгэлээр номхотгож болох тухай тайлбарласан байдаг. Тиймээс бидний хийх ёстой зүйл бол үймсэн сэтгэлээ номхотгохыг оролдож, зөөлөн дулаан сэтгэлийг хөгжүүлсний эцэст сэтгэлийн амар амгаланд хүрэх явдал юм. Дараа нь бид өөрсдийн туршлагаа ахан дүүстэйгээ хуваалцах хэрэгтэй.”

Энэтхэгийн Технологийн Институтын хатагтай Ниврути Рай асуулт, хариултыг хөтлөн явууллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүн төрөлхтөн өөрчлөлт хийж чадна гэдгийг онцлон мэдэгдэв. Жишээлбэл уур, уцаарт ямар нэгэн үнэ цэнэ бий эсэхийг нягтлан шалгаснаар уур нь ямагт тусгүй гэдгийг ойлгож чадна. Энэрэн нигүүлсэхүй нь олон янзын үймсэн сэтгэлийн ерөндөг болдог. Уур хийгээд энэрэн нигүүлсэхүй хоёр эсрэг тэсрэг учир нэгийг нь ихэсгэхэд нөгөөх нь буурна. Дээрхий Гэгээнтэн эдгээр зүйлсийг эргэцүүлж, итгэл үнэмшилд хүрч, түүнтэй гүн гүнзгий танилцахыг ихэд онцгойлон чухалчиллаа.

Хэн нэгэн дотны хүн нь өнгөрсөн үед хэрхэн хүчирхэг байдлаа хадгалж чадах тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн энэ тохилдолд илүү бодитой байхыг зөвлөлөө. Бидний биед эхлэл болон төгсгөл бий. Төрөх, үхэх хоёр амьдралын салшгүй хэсэг хэмээв.

“Миний багш насан эцэслэхэд надад тулж түшиж байсан тулгуур чулуугаа алдах мэт сэтгэгдэл төрж байлаа. Гэсэн ч уйтгарлахын оронд түүний хүслийг гүйцээхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэйг би ухаарсан юм.”

Хэн нэгэн аль нэг сургаалыг дагахаа шийдээгүй бол яарч сандралгүйгээр анхааралтай бодож, тунгаан өөрийн саруул ухаанаа юуны түрүүнд ашиглахыг чухалчлан захилаа. Сайн итгэлтэй найз, нөхдөөсөө зөвлөгөө хүс. Ийм арга замаар шийдэлд хүрсэн бол зоригтой шийдмэг байхыг зөвлөв.

Дээрхийн Гэгээнтэн гэм зэмгүй, сайн хүмүүс яагаад зовдог тухай асуултад тэдэнд туслах боломжтой хүмүүс туслахгүй, тэгэх ёс суртахуун дутагдсанаас болж байна гэж хариуллаа.

Аз жаргалтай, бухимдалгүй амьдрал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Технологийн Институтын хурлын танхимд “Аз жаргалтай, бухимдалгүй амьдрал” сэдэвт сургаал айлдаж байна. Энэтхэг, Шинэ Дели. 2018.04.24. Фото зургийг Тэнзин Чойжор
Хүмүүсийн нэг нь бид уг чанартаа өөрийгөө энхрийлэн үзэлгүй биз дээ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө энхрийлж, өөрийгөө халамжлах нь байдаг л зүйл, гэвч үүнийгээ мунхагаар бус ухаалгаар хийхийг зөвлөлөө. Бид бүхэн өрөөл бусдаас хамаардаг атлаа зөвхөн өөрийгөө бодох нь бодит бус, тиймээс өөрийн хүслээ гүйцээхийн тулд бусдын хүсэл сонирхолыг бодох нь ухамсартай арга зам болно гэж хариулав.

Уулзалтын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн түүний сургаалыг сонсохоор хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлэв. Тэрээр хүмүүст хандан юу сонссон тухайгаа эргэцүүлэн бодож, ойлгосон зүйлсээ аль чадлаараа хэрэгжүүлэхийг хүссэн юм.
Үзсэн: 2 129
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц