Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

19-05-2018, 06:40  |  Хэвлэх

2018 оны 5 дугаар сар 14

Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Энэтхэг дэх Төвөдийн 37 суурин, мөн Непал, Бельги, АНУ-аас хүрэлцэн ирсэн Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нартай уулзахаар хүрэлцэн ирж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.14. Гэрэл зургийг Тэнзин Дамчой
“Бид сүүлийн 60 жилийн хугацаанд цагаачлан амьдарч байна. Энэ хугацаанд дэлхийн олон улс үндэстнүүд Төвөдийн бурханы шашны уламжлалыг талархан хүлээн авч эхэллээ. Өдгөө шинжлэх ухааны эрдэмтэд ч хүчтэй сонирхож байна. Цагаачлагч бидний хувьд Төвөдийн үнэт зүйлс болох өөрсдийн шашин, соёл, уламжлал, хэл, бичиг зэргээ дэлхий дахинд амжилттайгаар танилцуулж чадсан юм.”

“Олон хүмүүс надад төвөдүүд биднийг энэрэнгүй, сайхан зантай, дотно дулаан инээмсэглэдэг хэмээн магтаж байна. Бид өөрсдийн эерэг талаа дэлхий нийтэд харуулж чадлаа.”

“Биднийг анх дүрвэн гарахад 80,000 гаруй иргэд даган дүрвэсэн билээ. Анх Энэтхэгт ирсэн даруйдаа ардчилалын зарчмаар цагаачлал дахь өөрсдийн засаг захиргаагаа бүрдүүлж билээ. Тухайн үед Энэтхэгийн ерөнхий сайд асан Жавахарлал Неру бидний хүүхдүүдийг төвөдийн хэл соёл болон орчин үеийн мэдлэг боловсролд суралцах боломж олгож Төвөдийн сургуулиудыг байгуулж өгсөн юм.”

Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.14. Гэрэл зургийг Тэнзин Дамчой
Энэ үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цагаачлал дахь Төвөдийн ард иргэдийн сонгуулиар сонгогдсон шинэ удирдлагад өөрийн улс төрийн эрх мэдлээ бүрэн шилжүүлсэндээ сэтгэл хангалуун явдгаа тэмдэглэн хэлсэн юм. Гэсэн хэдий ч тэрээр Төвөдийн шашин, соёл, Төвөдийн унаган байгалыг хамгаалах үүрэг хүлээн ажиллаж байгаа тухайгаа дурдлаа. Төвөдийн эрүүл экологи нь дан ганц төвөдүүдийн бус, Төвөдийн өндөрлөгөөс эхтэй ус мөрөнөөс ундаалан буй Азийн сая сая иргэд анхаарлаа хандуулах асуудал мөн гэлээ.

Эмэгтэйчүүдийн үүргийн тухай онцгойлон ярихдаа тэрээр:

“Бурханы шашинтан бид эх болсон хамаг амьтдын төлөө залбирдаг боловч бодит байдал дээр эх дэлхийн зөвхөн хүн төрөлхтөнтэй бид харилцан ойлголцож, энэрэн нигүүлсэхүй, энх тайвныг хамтдаа бий болгож чадна. Эрдэмтдийн судалгаагаар эмэгтэйчүүд бусдын зовлонг эрэгтэйчүүдээс илүү их мэдэрдэг болох нь тогтоогдсон байна.”

“Би амьдралдаа эхийнхээ ууртай царайг хэзээ ч харж байгаагүй. Ээж маань хүн бүхэнд үнэхээр дотно ханддаг нэгэн байлаа. Тэрээр бусдын өвчин зовлонг хараад нүд нь нулимсаар дүүрч, энэрэнгүй сэтгэл хүчтэй төрж байгаагийн шинж тэмдгийг би сайн санаж байна. Надад энэрэнгүй сэтгэлийг заасан анхны багш минь миний эх байсантай адил бид бүгдээрээ энэрэнгүй сайхан сэтгэлд хамгийн анх өөрийн гэртээ суралцаж эхэлдэг гэдэгт би итгэлтэй байна.”

Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нарын хамт. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.14. Гэрэл зургийг Тэнзин Дамчой
“Цагаач бидний өнөөгийн нөхцөл байдал хүнд боловч та бүхэн Төвөдийн шашин соёл, уламжлал зан заншлаа хадгалан авч үлдэхийн төлөө өөрсдийн аль чадах бүхнээ хийсэн. Төвөдүүд бид Жанрайсиг бурхантай онцгой холбоотой ард түмэн юм. Бид Жанрайсиг бурханы ач ивээлд багтах буян хураасан бөгөөд тэрхүү буян нь дан ганц дараа төрөл бус, бид олон төрөл дамжин Жанрайсиг бурханы адис жинлавыг хүртэх болно. Бид Төвөд эх орондоо буй ард түмнээ хэзээ ч мартаж болохгүй. Бид дэлхий ертөнцөд тэднийг төлөөлж буй билээ.”
Үзсэн: 745
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц